Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Өнгөрсөн 12 дугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, оны эхнээс 1.9 хувиар өсчээ. Инфляци буурахад мах, махан бүтээгдэхүүний хямдрал ихээхэн нөлөөлснийг албаны хүмүүс мэдээллээ. Харин 12 дугаар сард оны эхнээс 1.9 хувиар өсөхөд 23.1 хувь нь боловсролын үйлчилгээний бүлэг, 5.5 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 3.2 хувь нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж.
Mөнгөний нийлүүлэлт 5.5 хувиар буурчээ
Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 10.1 их наяд төг болж, өмнөх сарынхаас 241.1 тэрбум төг буюу 2.5 хувиар өсч, өмнөх оныхоос 585.6 тэрбум төг буюу 5.5 хувиар буурчээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 706.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.9 тэрбум төг буюу 0.5 хувь, өмнөх оныхоос 103.0 тэрбум төг буюу 12.7 хувиар буурчээ.
Чанаргүй зээлийн хэмжээ 199.3 тэрбум төг буюу 31.8 хувиар өсчээ
Өнгөрсөн оны эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.7 их наяд төг болж, өмнөх сарынхаас 193.5 тэрбум төг буюу 1.6 хувь, өмнөх оныхоос 806.8 тэрбум төг буюу 6.5 хувиар буурчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны эцэст 861.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 38.3 тэрбум төг буюу 4.3 хувиар буурч, өмнөх оныхоос 591.7 тэрбум төг буюу 3.2 дахин өсчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2015 оны эцэст 824.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 24.9 тэрбум төг буюу 2.9 хувиар буурч, өмнөх оныхоос 199.3 тэрбум төг буюу 31.8 хувиар өссөн байна.
Өнгөрсөн онд дэлхийн 147 оронтой худалдаа хийжээ
Монгол Улс өнгөрсөн 2015 онд дэлхийн 147 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8466.6 сая ам.доллар, үүнээс экспорт 4669.5 сая ам.доллар, импорт 3797.2 сая ам.долларт хүрчээ. Энэ нь дээрх үзүүүлэлтүүд 19.1-27.5 хувиар буурсан гэсэн үг юм. Экспортын бууралтад нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн экспорт нөлөөлсөн бол импортын бууралтад хилээр оруулж ирсэн бензин, суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн тоо буурсан нь голлон нөлөөлжээ. Гадаад худалдааны тэнцэл 2015 онд 872.3 сая ам долларын ашигтай гарч өмнөх оныхоос 334.6 сая ам.доллар буюу 62.2 хувиар өсчээ. Энэ оны 12 дугаар сард экспорт 426.6 сая ам.долл, импорт 302.5 сая ам.долл болж, өмнөх сарынхаас экспорт 110.4 сая ам.долл буюу 34.9 хувиар өсч, импорт 28.8 сая ам.долл буюу 8.7 хувиар буурсан байна.
Өнгөрсөн онд 625.6 мянган том мал зүй бусаар хорогджээ
Улсын хэмжээгээр 2015 оны эцэст 56.0 сая толгой мал, үүний дотор 3.3 сая адуу, 3.8 сая үхэр, 368.0 мян.тэмээ, 24.9 сая хонь, 23.6 сая ямаа тоологджээ. Малын нийт тоо өмнөх оныхоос 4.0 сая буюу 7.7 хувиар өссөний дотор адуу 299.6 мянга буюу 10.0 хувь, үхэр 366.6 мянга буюу 10.7 хувь, тэмээ 18.7 мянга буюу 5.4 хувь, хонь 1.7 сая буюу 7.4 хувь, ямаа 1.6 сая буюу 7.2 хувиар өсчээ.
Оны эхэнд тоологдсон нийт малын 1.2 хувь буюу 625.6 мянган том мал 2015 онд зүй бусаар хорогджээ.
Үр тариа 216.3 мян.т, төмс 163.8 мян.т, хүнсний ногоо 72.3 мян.тонныг хураан авч, 1028.7 мян.т хадлан, 39.9 мян.т гар тэжээл бэлтгэсэн байна. Өмнөх оныхоос үр тариа 302.5 мян.т буюу 58.3 хувь, хадлан 150.0 мян.т буюу 12.7 хувь, хүнсний ногоо 32.4 мян.т буюу 31.0 хувь, гар тэжээл 0.4 мян.т буюу 0.9 хувиар буурч, төмс 2.3 мян.т буюу 1.4 хувиар өссөн байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.