Сайн үйлсийн аяныг дэмжсэн эмч нарын “Санцо” нэгдлийн эмч нартай хамт Толгойтыг зорьж иргэн Б. Санжидхорлоогийнд очиж биеийн байдлыг нь сурвалжлан мэдээлж байсан нь оны өмнөхөн. Харин тэдэнтэй хамт эмч биш нэгэн хүн эхнэрийн хамт явсан нь “Глоб”-ын Ж.Мэндбаяр байлаа. Тухайн сурвалжлагдаа түүнээс яриа авч нийтэлсэн боловч тэрхэн товчхон ярилцлагын өнгө аяс болон “Бид нэгэндээ хайртай баймаар байна” гэсэн үг түүнтэй дахин ярилцах сэдлийг төрүүлснийг нуух юун.
Тиймээс бид түүнтэй ярилцсан юм.
-Санцо нэгдлийн эмч нар Б.Санжидхорлоогийнд дахиад очсон уу?
-Очсон. Түүнээс хойш хоёр ч удаа очсон. Манай эмч нар байнга очиж биеийн байдлыг нь хянаж байгаа. Өчигдөр Х.Баянмөнх эмч очиж боолт хийсэн. Харин маргааш Баярмаа эмч Сараа эмч 2 очно.
-Эмнэлэгт хэвтүүлнэ гэж байсан юу болсон бэ?
-Донж хаусын хамт олон тэдний байшинг засаж өгөх зуураа түүнийг хувийн эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Маш сайн залуус. Уг нь Д.Баярмаа доктор тэндээс нь гуравдугаар эмнэлэг рүү шилжүүлж хэвтүүлээд оношийг нь дахин тодруулж баталгаажуулах зуураа асаргаа сувилгааг нь хийлгээд, хүүд ээжийгээ хэрхэн асарч сувилахыг зааж өгнө гэж байсан юм. Гэтэл Б.Санжидхорлоо өөрөө эндээ хэвтэж байгаад байшингаа ашиглалтад орохоор гэртээ харьж хэд хоноод дахин хэвтмээр байна гэсэн. Тиймээс эмч нар ярилцаад шинэ байшиндаа орох гэж яарч байгааг нь ойлгоод сэтгэл санаанд нь сайнаар нөлөөлөх байх гээд зөвшөөрсөн.
-Цооролт нь яаж байна. Мэс засал хэзээ хийх вэ?
-Д.Баянмөнх доктор анхны үзлэгээрээ тэр цооролтод нөхөн сэргээх мэс засал хийж болно. Би хийж өгнө гэж хэлсэн. Гэхдээ эхний боолтын дараа заавал мэс хүргэх гэж яараад яахав. Энэ боолтоор эдгэрэх боломж харагдаж байна гэсэн юм. Түүнээс хойш 4 удаа боолт хийсэн. Одоо цооролт нь их сайхан болж байна лээ. Ингээд эдгэчихвэл аштай юу даа.
-Боолт хийсэн материалууд нь Монголд байдаггүй гэсэн үү?
-Тиймээ. Барууны орнуудад хэрэглэдэг боолтын материалууд. Мөнгөжүүлсэн бинт маягийн юм тавиад дээрээс нь арьс шиг наалт тавьчхаж байсан. Тэгээд 3-4 хоног боолтыг авахгүй болохоор өдөр бүр боох шаардлагагүй, шарханд маш сайн юм байна лээ. Д.Баянмөнх өөрөө Швейцараас цөөнийг авчирсан нь ингээд дуусаж байгаа учраас дахиад захисан гэсэн. Жаахан үнэтэй л байгаа байх. Гэхдээ олон удаагийн боолтын зардал, ажил, цаг хугацаа, явдал чирэгдэл хэмнэчихээр дүндээ дүн биз дээ. Дээрээс нь маш түргэн эдгээж, аниулж байна лээ.
-Авахыг хүссэн хүн олон байгаа байх. Монголд оруулж ирэх боломжтой юу?
-Энэ материалыг оруулж ирэх талаар бид албан ёсны юм бодож байгаа. Болох байх.
-Таныг эмч нартай хамт ингээд явж байх юм гэж бодоогүй шүү?
-Манай найзууд л даа мундаг эмч нар. Бүгдээрээ гадаадад боловсорсон докторууд. Бид нар ярилцаж суугаад ядарсан, зүдэрсэн боломж муутай хүмүүст туслая. Боломжоороо эмчлээд өгье, шаардлагатай бол мэс засал хийе, өөр ямар боломжит туслалцаа байж болох уу туслая гэж шийдээд эмч нарын сайн санааны нэгдэл байгуулсан юм. Үйл ажиллагаагаа зохион байгуулах, зардлаа босгох нэг нөхөр байх ёстой доо. Тэр нь би юм.
-Та нартай явсан сурвалжлагын комментоос харахад танай зорилго, үйл ажиллагааг олон нийт маш таатайгаар хүлээж авсан?
-Байнга хандив өгөөч, ийшээ явж эмчлүүлнэ, тийшээ явж хагалгаа хийлгэнэ гээд л байхын. Явж эмчлүүлж, хагалуулж ирчхээд удалгүй өөд болчхож байгаа харамсалтай жишээ бид олныг мэднэ. Өөд болоогүй ч хүндэрч орж ирээд яг ямар хагалгаа хийлгэсэн бэ гэхээр хэлж мэдэхгүй сууж байдаг гэсэн. Дэлхийтэй ярьдаг монгол эмч докторууд байна. Дэлхийд байдаг оношилгооны багажууд нь байна. Гэр орон, ах дүүс, бүх зүйл нь энд байна. Юу дутлаа гэж сургаар хаа хамаагүй яваад байдаг юм бол доо гэж хааяа бодогддог. Монголдоо хийх боломжтой хагалгаагаа Монголдоо хийлгэх хэрэгтэй шүү дээ. Асаргаа сувилгаа, сэтгэл санаа, зардал мөнгөнөөс эхлүүлээд хүндрэлтэй зүйл олон байгаа. Эндээ эмчлүүлэх боломж байхад, яагаад заавал бусдынхаа халаасыг тэмтрэн тэмтрэн гадаад явах ёстой гэж. Тэгэхээр найзууд маань ядарсан хүмүүст тусалж, чадах зүйлээ үнэгүй, шаардлагатай бол зөвхөн зардлаар нь эмчилгээ, мэс засал хийнэ гэж нэгдсэн байгаа. Мэдээж байнга биш. Манай эмч нар бүгд тус тусдаа ажилтай хүмүүс учраас зав чөлөөгөөрөө чадахаараа тусална.
-Танай нэгдлийн нэр Санцо гэсэн. Товчилсон нэр юм уу?
-Үгүй ээ. Бурхны номонд байдаг рашаан гэсэн үг юм гэсэн. Би багшаасаа асуусан юм. Рашаан шиг ариун тунгалаг сэтгэлээр бусдад тусална. Рашаан шиг анагаана гэсэн утгаар ийм нэр хайрлалаа.
-Өмнө товчхон ярилцлага авахад таны хэлсэн “Бид нэгэндээ хайртай баймаар байна” гэсэн үг чинь танаас дахин ярилцлага авахад хүргэлээ л дээ?
-Би хэлсэн юм бишээ. Сая сая хүн байдаг ч цаг цагт нэг л нь амьдралыг утгатай болгодог гэж хэн нэгний хэлснийг би уншиж байсан. О.Дашбалбар агсны “Амьддаа бие биеэ хайрла” гэсэн үг бас байна. Үүнийг дагавал амьдралыг утгатай болгоно гэдэгт би гүн итгэдэг болсон. Энэ үгийг үеийн үед хэн нэг нь тодруулж сануулж байх хэрэгтэй юм шиг санагддаг юм. Энэ цагт би л хэлчихье. Миний үзэж өнгөрүүлсэн, давж туулсан амьдрал үүнийг шаардсан байх.
-Таныг суллагдаад удаагүй байхад манай сайтаас ярилцлага авч байсан. Хамгийн олон тооны коммент ирсэн маш сонирхолтой ярилцлага. Бас “Танайд хоноё” нэвтрүүлгийг би үзсэн. Ер нь бол таны амьдралын түүхийг олон нийт мэднэ л дээ. Гэхдээ л тантай ярилцах их сонин юм аа.
-Юу нь сонин байна?
-Асуугаасай гэж хүлээж байсан юм шиг хариулах юм?
-Тийм байна уу? Хэлэх юмсан гэсэн үгс энэ цээжин дотор багтаж ядаж байдаг болохоор боломж олдсоных гээл уралдаад, шахалдаад гардаг байх л даа /инээв/. Ер нь бол хэн нэгний түүхийг бүгд мэдэх бас бүгд намайг сонсох албагүй л дээ. Гэхдээ хэн нэг нь өөрийгөө золиослон гэрэл гаргаж зам заадаг. Бусад нь тэр замаар явдаг л байхгүй юу. Шоронд байхдаа өгсөн ярилцлага сонинд хэдэн дугаар дамнаж нийтлэгдсэнийг дүү маань эмхтгээд нэг ном гаргасан байсан. Хоёр удаа мянга мянган хувь хэвлэгдсэн. Гар дамжаад бүүр навсайсан яваа нэг номтойгоо айлд таарсан. Миний амьдрал бусдад сургамж болоосой л гэж би боддог юм.
-Танаас анх ярилцлага авсан манай сэтгүүлчид өгсөн ном тань бас навсайсан манайхны гар дамжаад л явж байгаа. Над дээр арай л ирээгүй байна. “Нүцгэн үнэн” мөн биз дээ?
-Хар ном байгаа биз дээ. Тэр номыг уншаарай.
-Тийм байна лээ. Хар цагаанаар нүүрлэсэн ном харагдсан. Заавал уншина аа.
-Тэгээрэй.
-Одоо Б.Санжидхорлоогийн маань байдал ямар байна.
-Анх очиход ямар байлаа чи мэдэж байгаа ш дээ. Нөхөр нь хаяад явчихсан, ядаж байхад цахилгааныг нь тасалчихсан. Бие нь тэр чигтээ хөшөөд, хэвтэрийн үнэр орчихсон, хүү охин хоёр нь яаж асарч, яаж угааж цэвэрлэхээ ч мэдэхгүй байсан. Сүүж нь цоороод ясандаа хүрэх дөхсөн, цооролтынх нь эргэн тойрны арьс мах үхжээд, мөөгөнцөр үүсчихсэн. Өөрөө дуу нь гарахгүй, бас муухай ааштай байсан. Өөрөөр хэлбэл, 20 хүрэхгүй хоногийн өмнө ийм байсан. Одоо бол байдал маш сайн байгаа. Эх нялхсын эмч нар хүртэл очиж биеийг нь сайхан угаагаад цэвэрлээд өгсөн. Д.Баярмаа доктор хөдөлгөөн хийх асаргааг нь заагаад өгсөн. Х.Баянмөнх доктор цооролтыг нь эмчилж байна. Цахилгааныг нь тасалсан байсан. Буцаагаад залгасан байна лээ. Нөхөр нь буцаад ирсэн. Өчигдөр Х.Баянмөнх доктор боолтоо хийх гээд очсон чинь нөхөр нь сахиж байна гэсэн. Эр хүн алдаж болно, эргээд засрах нь чухал шүү дээ. Бүр овоо доо тэр залуу. Би бүр сонсоод хамар шархирч байна лээ. Одоо тэр эмэгтэйн сэтгэл санаа ямар сайхан байгаа бол. Өөрөө бүр эдгэх итгэл төрсөн гэж Х.Баянмөнх докторт хэлсэн байна лээ. Цооролт нь овоо аниад байна гэнэ. Одоо байдал 100 хувь эргэсэн. Гол нь амьдралд итгэх итгэл түүнд төрсөн. Энэ олон түмний, энэ олон эмч нарын тэр сайхан сэтгэл дэм гэдэг чинь тэр чигтээ сайн энерги болж энэ эмэгтэй дээр бууж байна. Ингээд л юм юм сайхан эргээд ирэхээр амьдрал дорхноо тэгшрээд ирдэг. Нэг эм нь тасарчихсан, олдохгүй байна гэж өөрөө над руу ярьсан. Өө бүр их цовоо сайхан ярьж байна лээ. Бүр өөрөө өөртөө санаа тавиад эхэлсэн. Өөртөө итгэнэ гэдэг чинь хамгийн чухал шүү дээ. Б.Санжидхорлоо маань энэ цагаан сараар тэргэн дээр суугаад нөхөр хүүхдүүдтэйгээ хамт сайхан шинэлэх боломжтой болсон. Монголчууд нэгэндээ хайртай байж чадаж байна.
Т.Болормаа
22 Comments