Нэрэлхүү Монгол оо гэж. Гэхдээ баян гэдэг үгэнд бид ямар дуртай гээч. Нударган баян, хурган баян, сэтгэлээрээ баян, сэтгэлгээгээрээ баян гээд л бие биенээ дуудна. Амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн бэлгэшээдэг болоод ч тэрүү газар усны нэрийг хүртэл баян, тансагаар нэрлэх нь бий. Баянхошуу, Баянхонгор, Баруун баян уул гэх мэт. Хэлж ярьдаг, бэлгэшээж бэлгэддэгээрээ бол өдийд Арабын шехүүд шиг алтаар тоглож, эрдэнээр бөөлжиж байгаа л даа.
Баян юм аа баян юм
Уул нурууд нь алт, нүүрс зэсээр дүүрчихээд гадагшаа л гаргахгүй бол багтахгүй юм шиг экспортлоно. Баян юм аа баян юм. Ус нуурууд нь хэзээ ч дундарч ширгэхгүй юм шиг алтаа угаана, мөнгөн усаар бохирдуулна. Баян юм аа баян юм. Мал сүргээ идээд барахгүй юм шиг харийн оронд хямд үнээр зарчихна. Баян юм аа баян юм. Мах сүүгээ өөрсдөө өндөр үнээр авч хэрэглэнэ. Тэгэхгүй бол зиндаа доогуур болчихно. Баян юм аа баян юм. Зовж олсон хэдэн төгрөгөөрөө бүдүүн яндантай спорт машин авч унана. Баян юм аа баян юм. Зүгээр байхгүй нэгнийгээ хараад онгирч хаазлаад хамаг шатахуунаа дуусгаж агаараа бохирдуулна. Баян юм аа баян юм. Хотоор дүүрэн багтахгүй шахам машинтай юм чинь эргэлзэх юмгүй шатахууныхаа үнийг нэмнэ. Баян юм аа баян юм.Үнийг нь хараад инээгээд өнгөрөх жийптэнгүүд ашгүй замын түгжрэл багсах нь гэж баярлана. Баян юм аа баян юм. Автобусний кондуктор нь бүхэл мөнгө харахаар уурлана. Баян юм аа баян юм. Таксинд суухаар тааваараа үнээ хэлнэ. Баян юм аа баян юм.
Ядуу, ядуу
Улс төрчид нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө сая саяар нь бэлэн мөнгө тараана гэж оодроод л. Оюутолгой, Тавантолгой, байхад таны толгой хэрэггүй хэмээн гэдсээ илээд, гэртээ хэвтэж бай гээд л. Зурагтаар баахан өөрсдийгөө рекламдаад л. Хонь, ямаандаа цалин өгөөд л. Сая сая төгрөг тарааж, шатахууныхаа үнийг тэнгэрт хадаагаад л. Ардуудын өмнөөс зарим нь мөнгөжөөд л. “Ард түмэн ядуу, ядуу” гэж ядуугаа гайхаад л. Хууль санаачлагчид нь даатгал нэртэй татварын хууль баталж жолооч нараа шулаад л. Авдаг цалин нь амьдралд нь хүрэхгүй мөртлөө аймаар баян юмаа, манай монголчууд. Энэ бүгдийг бодохоор Бэгзийн Явуухулан шиг “Би хаана төрөө вэ” гэж дуу алдмаар л санагдах юм. Ядуу ч юм шиг, баян ч юм шиг нийгэмд ядуу ч юм шиг, баян ч юм шиг амьдрах ямар байна даа, монголчууд аа. Нэг зүйлийг сануулахад нэрэлхээд нэрээ идэхгүй гэдэг шүү дээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 11, 2012 6:31:53 pm )
Saihan bichsen baina!
1 Comment