Засаг задрах гэж би, чигээ дуудалцан бужигнах үйл явцын өрнөлийн эрчийг шатахууны үнийн өсөлт улам чангаруулав. Баасан гаригийн орой сэм шийдсэн эл шийдвэр жирийн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэн, эрх баригчдыг барьц алдуулсан халуун сэдэв болгосныг өчигдрийн үйл явдлууд илтгэж байна. Улс төрийн намууд энэ сэдвийг шүүрэн авч бүлэг дотроо хэлэлцэв. Гэхдээ тэд ямар нэгэн гарц хайхаасаа илүү буруутныг олох гэсэн аянд мордлоо. Энэ зуур үнээ нэмэлгүй хүлээзнэж байсан хоёр компани бусдынхаа эгнээнд нэгдэхээ мэдэгдэв.
Үе үе шатахууны үнэ өснө гэсэн айдаст автахгүй, өглөө босоод ирэхэд өдөр тутмын хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй байх нь жирийн иргэдийн хувьд хамгийн чухал нь. Бид шатахууны үнэ өссөн жимээр сурвалжиллаа.
ЭБЭХЯ: АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙН ӨСӨЛТӨӨС БОЛООД ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЧИХЛЭЭ
ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсантай уулзлаа.
-Шатахууны үнэ огцом нэмэгдсэний буруутны нэгээр танай яамыг нэрлэцгээж байгааг та дуулсан байх. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Өнгөрсөн оны нэгдүгээр сард тонн АИ-92 бензиний үнэ 832 ам.доллар байсан бол одоо 1310 ам.доллар болсон байна. Долоодугаар сард шатахууны үнэ 60 төгрөгөөр нэмэгдэх үед ам.долларын ханш 1250 төгрөг байсан. Гэтэл тавхан сарын дотор ам.долларын ханш 230 төгрөгөөр нэмэгдсэн байгааг юу гэж ойлгох вэ? Бид Монголбанкинд хэлсэн, ам.долларын ханшаа буулгаач гэж. Гэтэл тэд ченжүүдтэй нийлж тоглодог болсон юм шиг байна. Оросоос сар бүрийн 25- 30-ны хооронд үнийн саналаа бидэнд ирүүлдэг. Гэтэл яг энэ үед Монголбанк ам.долларын ханшийг 50-70 төгрөгөөр өсгөж буй нь сүүлийн дөрвөн сард ажиглагдлаа.
-Ямартай ч шатахууны үнэ нэмэгдлээ. Бүр огцом өслөө. Үүнийг бууруулахын тулд танай яамнаас ямар арга хэмжээ авах вэ?
-Үнэ нэмэгдэх шалтгаан байсангүй шүү дээ. Дотоодын хэрэгцээ хэвийн, бидний хараагаад байдаг импортлогчид нийлүүлэлтээ багасгаагүй, үнээ ч өсгөөгүй. Гэтэл ганцхан ам.долларын үнийн өсөлтөөс болж ийм байдалд хүрлээ. Бидэнд шатахууны үнийг бууруулах ганцхан арга үлдсэн нь НӨАТ-ын арван хувийг тэглэх юм. Хэрвээ үүнийг тэглэвэл литр шатахууны үнэ 130-160 төгрөгөөр буурна. Ам.долларын ханш өсөөд л байвал энэ аргыг хэрэглэхээс өөр замгүй.
-Ам.долларын ханш хэд хүрсэн тохиолдолд энэ аргыг хэрэглэх юм бэ?
-Ам.долларын ханш 1500 төгрөгөөс дээшилбэл НӨАТ-ыг тэглэх байх. Одоо энэ тухай судлах хэрэгтэй.
Монголбанк: ШАТАХУУНЫ ҮНЭ АМ.ДОЛЛАРЫН ХАНШААС БОЛЖ НЭМЭГДЭЭГҮЙ
Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
-Литр шатахууны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдэх болсон гол шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлтөөс болсон гэж үзэх хүмүүс их байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Ам.долларын ханш өчигдрийн байдлаар 1432 төгрөг байна. Хоёр жилийн өмнө 1450 төгрөг байсан. Тэгэхээр ам.долларын ханш урт хугацаанд тогтвортой байсан гэсэн үг. Энэ зуур зах зээлээсээ хамаараад богино хугацаанд өсөх, буурах тохиолдол гарч ирсэн. Гэтэл хоёр жилийн хугацаанд ам.долларын ханш байрандаа байхад шатахууны үнэ 60-70 хувиар өссөн байгаагийн учрыг би ойлгохгүй байна. Харин ч шатахууны үнэ өнгөрсөн баасан гаригт литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдэхэд ченжийн захад ам.долларын үнэ 60 төгрөгөөр л өссөн. Одоо эргээд буурсан байна. Тэгэхээр ам.долларын ханшаас болж шатахууны үнэ нэмэгдсэн үү, эсвэл шатахууны үнэ нэмэгдсэнээс болж ам.долларын үнэ нэмэгдсэн үү гэдэг асуулт гарна. Харин Монголбанкны зүгээс шатахууны үнэ өссөн нь ам.долларын ханшаас болоогүй гэдгийг баттай хэлнэ.
-Тэгэхээр ам.долларын ханш 1430-тай байгаа нь бодитой ханш гэж үзэж байна уу. Төгрөгийн ханш өнгөрсөн дөрөвдүгээр сараас буурч эхэлсний шалтгаан нь юу вэ?
-Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн жилийн турш алдагдалтай явж байна шүү гэдгийг бид байнга сануулж ирсэн. Үүнээс болоод төгрөгийн ханш суларч байгаа нь зүй тогтлоороо явж байгаа хэрэг. Монголбанк ам.долларт биш, ханшийн хэлбэлзэлд анхаарлаа хандуулна. Ханш үнэхээр огцом хөдөлж байвал бидэнд үүнийг саармагжуулах нөөц хангалттай бий. Бид тухай бүрт нь интервенц хийж байгаа. Харин ам.долларын одоогийн ханшийг бид бодитой гэж үзнэ.
ШӨХТГ: ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ ТӨЧНӨӨН ТӨГРӨГӨӨР ӨСНӨ ГЭЖ ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль хяналт зохицуулалтын газрын мэргэжилтэн М.Мөнхбаяраас энэ тухай тодрууллаа.
-Нефть импортлогч компаниуд шатахууны үнийг нэмчихлээ. Танай байгууллагын зүгээс эдгээр монополь компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?
-Манай байгууллагаас үнэ дээр ажиллах эрх зүйн чадамж байхгүй. Өрсөлдөөний тухай хуулиар бол ШӨХТГ зөвхөн монополь буюу өрсөлдөөнгүй салбарт үнийн зохицуулалт хийдэг. Нефтийн салбар бол харьцангуй өрсөлдөөнтэй зах зээл. Өрсөлдөөнт зах зээл учраас ШӨХТГаас үүн дээр зохицуулалт хийх боломж байхгүй. ШӨХТГ-аас хэдхэн тохиолдолд зохицуулдаг. Зүй ёсны монополь аж ахуйн нэгжүүд дээр үнийг нэмэгдүүлэхэд зөвшөөрөл олгож байгаа. Нөгөө талаас Өрсөлдөөний тухай хуулийн 11-т зааснаар аж ахуйн нэгжүүд үнээ үгсэн хуйвалдаж нэмсэн тохиолдолд хууль зөрчсөн гэж үздэг. Үүнээс өөр тохиолдолд манайх оролцохгүй.
-Шатахууны үнэ 230-260 төгрөгөөр нэмэгдэхэд таксины үнэ хэрхэн нэмэгдэх вэ. Танайх энэ талаар судалдаг байх, тийм үү?
-Өргөн хэрэглээний үнэд байнга судалгаа хийдэг. Шатахууны үнэ 260-280 төгрөгөөр нэмэгдэхэд бараа, бүтээгдэхүүний үнэ төчнөөн төгрөгөөр нэмэгдэнэ гэж хэлэх боломж алга. Ер нь зах зээлийн үнэ, төлөвт манайхаас байнга судалгаа шинжилгээ хийдэг. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдлээ гээд зохицуулах боломж хомс юм л даа. Түүнээс биш хэн нэгэн дээр очоод та талхаа төдөн төгрөгөөр л зар, үүнээс хэтэрч болохгүй гэж хэлэх үндэслэл байхгүй.
ИРГЭД: ТӨРД Ч, КОМПАНИУДАД Ч МӨС ЧАНАР ДУТАГДААД БАЙНА УУ Л ГЭЖ БОДОЖ БАЙНА
-Шатахууны үнэ нэмснийг та хэрхэн үзэж байна вэ?
Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн Д.Энхбаатар:
-Яагаад шатахууны үнэ нэмэгдсэнийг мэдэхгүй. Гэхдээ зохиомлоор нэмсэн гэж ойлгож байгаа. Оны өмнө их хэмжээгээр оруулж ирсэн шатахуунаа өндөр үнээр худалдаж, үүнийг нь дагаад өргөн хэрэглээний барааны үнэ бүгд өслөө. Ер нь багш нарын цалин нэмэх шийдвэр, ахмад настнуудад нэг сая төгрөг өгөх тухай яриаг угтуулан бизнес эрхлэгчдийн хийж байгаа ажил болов уу л гэж бодож байна.
Баянгол дүүргийн XI хорооны иргэн А.Цэцэгээ:
-Энэ явдал ард түмэнд маш хүндээр тусна. Шатахууны үнэ нэмэгдэхээр тээвэрлэлтийн өртөг өсөж, улмаар бүх юмны үнэ нэмэгдэж байна. Монголдоо газрын тос олборлоод түүхийгээр нь экспортлох буруу шүү дээ. Үйлдвэр байгуулаад ядаж дотоодын хэрэгцээгээ хангах учиртай. “Дээрээ гүйдлээ олохгүй бол дороо суудлаа олохгүй” гэгчээр АН-ынхан Засгийн газраас гарсныг далимдуулан хэдэн компани хувийн явцуу эрх ашгийн үүднээс үнээ нэмчихэв үү гэж би дүгнэж байна. Компаниуд өөрийн эрх ашгаас гадна ард түмнээ бодож, эдийн засгаа дэмжих ёстой. Эцсийн эцэст үнийн өсөлт ард түмний нуруун дээр л үүрэгддэг. Ер нь төрд ч, компаниудад ч ажиллаж байгаа хүмүүст хүний мөс чанар дутагдаад байна уу л гэж бодож байна.
Сүхбаатар дүүргийн XIV хорооны иргэн С.Пүрэвсүрэн:
-Шатахууны үнэ нэмснийг буруу гэж бодож байна. Хувиараа бизнес хийдэг бид ч яахав. Өдөр хоногийнхоо мөнгийг олоод л байна. Гэтэл тэгж чадахгүй яваа олон хүн бий. Багш нарын цалин нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ ингээд өсчихлөө. Таксины км-ийн үнэ 800 төгрөг болчихож. 32-ын тойргоос Уртцагаан руу 2000 төгрөгөөр ирдэг байсан бол сая 2700 төгрөг төлж ирлээ.
Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн С.Батбаяр:
-Шатахууны үнэ нэмэхгүй гэж төрөөс амлаж байсан нь биелсэнгүй. Гэхдээ бүгд биш зарим шатахуун түгээх станц нэмсэн нь сонин санагдаж байна. “Гаднаас нийлүүлэгч үнээ нэмсэн” гэсэн ганц тайлбараар манайхан ам хаадаг. Цалин нэмээгүй байхад ингэж юмны үнэ өсгөж байгаа нь иргэдийн амьдралыг улам уруудуулж байна.
“ПЕТРОВИС” КОМПАНИ ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ ӨЧИГДРӨӨС НЭМЭВ
“Петровис” компанийн шатахуун түгээх газрууд өчигдөр өдрийн 12.00 цагаас эхлэн нэмэгдсэн үнээр А-80, АИ-92 бензин, дизель түлшээ борлуулж эхэллээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Ам.долларын ханш өссөөр байгаа нь бидний гадаадаас худалдан авдаг нефтийн бүтээгдэхүүний үнийг өндөрт аваачлаа. Өмнө нь ЭБЭХЯ-ны зүгээс үнээ өсгөхөө түр азнаач гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл энэ хугацаанд манай нөөц багассан учраас бид литр шатахууны үнийг 200-230 төгрөгөөр нэмэхээс аргагүйд хүрлээ” хэмээв. Тиймээс тус компани литр А-80 бензинийг 1515, АИ- 92-ийг 1820, дизель түлшийг 1885 төгрөгөөр борлуулж эхэллээ. Мөн “Ам.долларын ханш өсөөд байвал бид тэр хэмжээгээр үнээ нэмэхээс аргагүй байдалд хүрнэ. Өнөө маргаашдаа амжиж ам.долларын ханш буурахгүй бол бид үнээ буулгах аргагүй” хэмээн М.Халиунболд ярьсан юм.
ҮНИЙН ӨСӨЛТИЙН ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр бензин шатахууны үнийн өсөлт, махны бодит үнэ, нөөцийн бүрдүүлэлт зэргийн талаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нараас тодруулга авсан.
Д.Амарсайхан “Сүүлийн гурван сар дараалан нефтийн бүтээгдэхүүний үнэ огт өсөөгүй. Энэ нь Засгийн газраас онцгой албан татварын зохицуулалтыг тухай бүрт нь авч ирсэнтэй холбоотой. Харин энэ удаа үнийг өсгөсөн шалтгаанаа зарим импортлогч аж ахуйн нэгж ам.долларын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байгаагаа Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулсан” хэмээв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд “Үнэ ханш дээр тоглож, улс төрийн ашиг хайсан дэндүү увайгүй явуулга гарч байна. Үнэ өссөн бодит шалтаг, шалтгааныг тогтоож, алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно” гэлээ. Энэ дагуу бензин шатахууны үнийн өсөлт, махны нөөцийн бүрдүүлэлтийн бодит байдлыг шалгах хоёр Ажлын хэсгийг байгуулжээ
Холбоотой мэдээ
Comments are closed.