Бизнесээс улс төрд орж ирсэн төрийн түшээдийн тухай Shuud.mn мэдээллийн сайт цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад манай сайт “Нарантуул” худалдааны төвөөр овоглож олноо танигдсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг онцолж байна. УИХ-ын 2008 оны сонгуулиар Завхан аймагт нэр дэвшин, парламентад суусан эл эрхэм чөмгөө дундартал ажиллаж байж өдий зэрэгт хүрснээ хэнээс ч нуудаггүй нэгэн. Мөнгөний машин гэх хоч зүүсэн түүний мэдэлд ”Нарантуул Шилтгээн” ХХК, “Амко” ХХК, “Нарантуул Трейд” ХХК, “Нарантуул Шейл Ойл” ХХК, Орос-Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр, гурилын үйлдвэр, хоёр ч орд газар гээд үл хөдлөх хөрөнгийн жагсаалт нь хөвөрнө.Дэнжийн мянгийг 49 сая төгрөгөөр хувьчлан авч байв
Оюутан ахуй цагаасаа хар зах буюу Дэнжийн мянгад панз үсэргэж явсан өдгөөгийн эрхэм гишүүн 1983 онд Их сургуулийг инженер мэргэжлээр төгсч улмаар Орон сууц нийтийн аж ахуйн усны газраас ажлын гараагаа эхэлжээ. Завсарчнаас инженер, хотын захиргааны орон сууц хуваарилалтын тасгийн мэргэжилтэн хүртэл дэвшихдээ байрны бизнес эрхэлж чамлааргүй хөрөнгө хураасан нь өдгөөгийн “Нарантуул” захын босс болоход нэлээд түлхэц болсон гэж учир мэдэх хүмүүс хэлдэг.
Тэр үед ч хойд хөршийн ах нар нутаг буцаж орон сууцыг нь Монголын төрийн өмчид бүртгэж аван хуваарилалт хийхэд тэрбээр гар бие оролцож явжээ. 1992 онд Засгийн газраас өмч хувьчлалын комисс байгуулагдаж 1993-1994 онд Дэнжийн мянга барааны зах хувьчлагдах сураг сонсогдож эхэлжээ. Ш.Сайхансамбуу тэрхүү мэдээллийн мөрөөр бараан захыг хувьчлах төсөл бичиж нийт 11 компанитай тендерт өрсөлдөн тунаж үлдэн 49 сая төгрөгөөр Дэнжийн мянгийг өөрийн мэдэлд авч, “саалийн үнээ” болгосон түүхтэй.
Тухайн үед захын ойролцоох нутаг дэвсгэр дахь оршин суугчид нь “Замын бөглөрлийг шийд, захаа нүүлгэ” гэсэн шаардлага тавьсан тул тэрбээр одоогийн “Нарантуул” худалдааны төвийнхөө төслийг боловсруулж 16 га газрын зөвшөөрлийг хотын захиргаанаас авчээ.
Тэрхүү газартаа 100 сая төгрөгөөр бетонон хашаа босгож шинэ захаа барьж эхэлсэн бөгөөд 1999 оны наймдугаар сард бүрэн ашиглалтад оруулсан байна.
Өдгөө “Наран туул” худалдааны төвөөр өдөрт 100 гаруй мянган иргэн үйлчлүүлдэг бол тогтмол худалдаа эрхэлдэг 5000 гаруй түрээслэгчтэй. Зөвхөн бие засах газраасаа өдөрт нэг сая төгрөг олдог гэсэн мэдээлэл бий. Гэхдээ яг сард хэчнээн төгрөгийн ашиг орлого олдгоо Ш.Сайхансамбуу гишүүн тэр бүр олонд дэлгэдэггүй.
“Нарантуул” зочид буудлаа 4.5 сая ам.доллараар босгожээ
Шинэ худалдааны төвөө ашиглалтад оруулснаас хойш чамгүй хөрөнгөжсөн эл эрхэм “Нарантуул” зочид буудлыг барих санаачлага гаргажээ. Нийтдээ 4.5 сая ам. доллар зарцуулж зочид буудлаа сүндэрлүүлжээ. Түүнчлэн гадаадын хоёр дотны найзтайгаа хувь нийлүүлэн Орос, Финландыг холбосон модны бизнесийнхээ гарааг эхэлсэн байна. Арав гаруй жил Орос, Финландыг холбож модны бизнесээс хангалттай мөнгө олсон бөгөөд тэрхүү хөрөнгөөрөө Шанхайд бүрэн автомачлагдсан шилний үйлдвэрийг 45 сая еврогоор босгожээ. Шилнийхээ найрлагын технологийгл гэхэд 20 сая еврогоор худалдаж авсан аж. Уг үйлдвэрт 40 нь хүн ажилладаг, шил нь экспортонд гаргавал тав нугарч зарагдах магадлалтай гэнэ. Гэхдээ өмнөд хөршийн зах зээлд зарах гэрээтэй байгуулсан аж. Ер нь цаашдаа ч гадаадад хөрөнгө оруулах бодолтой байгаа энэ эрд мөнгө тийм ч чухал биш болсныг ярианаас нь төвөггүй ойлгож болно. Түүний бодлоор баян хүн үл хөдлөх хөрөнгөтэй, толгойдоо баялагтай байх ёстой гэнэ.
Гурилын үйлдвэртээ 2.5 тэрбумыг зарцуулсан байна
Сонгогдсон тойрогтоо 2.5 тэрбум төгрөг “цацаад” байгаа нь тус аймгаас сонгогдсон гишүүдээс хамгийн их хөрөнгийг нутагтаа хаясан гэсэн мэдээлэл нэг хэсэг хэвлэлийн хуудсыг чимэж байв. Гэтэл эрхэм гишүүн өөрийн эзэмшлийн гурилын үйлдвэрээ байгуулахад дээрх 2.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Завхан аймаг нь Улаанбаатар хотоос 1000 гаруй км-ээр алслагдмал бөгөөд бизнесмэн гишүүний хөрөнгөөр томоохон гурилын үйлдвэртэй болсон нь замын зардал шингээгүй, хямд үнэтэй гурил идэх бололцоо бүрдсэн гэж зарим нутгийн иргэд үздэг байна. Сонгогдсон тойрогтоо ашиг орлогоо нэмэгдүүлэхээр байгуулсан “Нарантуул Шим” компанийн “Өгөөмөр” гурилын үйлдвэр нь Герман, Хятадын хамтарсан сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон бөгөөд хоногт 40 тонн гурил, 10 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай, 35-40 хүнийг ажиллуулдаг гэх. Түүний эрхэлдэг бизнесээс хамгийн их дуулиан татсан нь “SS” клуб. Энэхүү клубээр гурван жилийн өмнө үйлчлүүлсэн Худалдаа хөгжлийн банк, “Сүү” компанийн 130 гаруй ажилчин хоолондоо хордсон хэрэг мандаж байв. Уг хэрэг гурван жил дамнан хууль хяналтын байгууллагад шалгагдаж өнгөрөгч намар гэм буруутай хүсүүст нь ял оноосон юм. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр “SS” клубын захирал н.Бүжидмаад зургаа, менежер Б.Гэрэлмаад 5.6 жилийн хорих ял ногдуулсан билээ. Энэхүү ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тус бүр гурван жил нь хасагдаж, 2,6-3 жилийн ялыг биеэр эдлэх болсон юм. Мөн шүүхээс хохирогч болох Худалдаа хөгжлийн банк болон “Сүү” компанийн ажилчдад “SS” клубынхан 15-25 сая төгрөг төлөхийг үүрэг болгосон байна. Хэл ам дагуулсан “SS” клубээ тэрбээр төрсөн охиныхоо мэдэлд шилжүүлсэн гэнэ лээ.
Н.Түвшин
Хөрөнгө орлогын мэдүүлэг
Холбоотой мэдээ
Comments are closed.