Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал хугацаанд мөнгө тараахгүй (35.15.1), төрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил үйлчилгээ явуулахгүй (35.18.3), сонгогчдын санал татаж магадгүй тул цалин хөлс, тэтгэлэг өгөхгүй (35.18.10) гэсэн заалтуудыг шинээр батлагдсан Сонгуулийн тухай хууль дээрээс олж уншлаа. Харин улсын ба орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа спортын наадам, уралдаан, урлагийн тоглолт, түүнтэй холбоотой цайллага дайллага бол энд хамаагүй, мөнгө цалин л хамаарна (35.15.2) гэсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн өмнөхөн ирэх жилийн улсын Төсвийн тухай хуулийг эрхэм гишүүд баталсан. Тэр хуулинд болохоор ирэх жил он гармагц иргэн бүрт нэг сая төгрөгийг олгоно. Олгохдоо ингэж ингэж хандаарай гээд байгаагүй билүү. Мөн төсвийн байгууллагын тэр тусмаа багш нарын цалинг бүр дөрвөн сараас нэмэхээр боллоо гэсэн байх аа. Өгнө өгөхгүй гэсэн хоёр хуулийнхаа алиныг барьж явах юм бол?. Сонгууль ид бужигнаж байх үеэр эрх баригч намаас “Өмнөх сонгуулийн амлалтаа гүйцээж явна” гээд бэлэн мөнгө тарааж, цалин нэмж болох юм уу. Энэ нь сонгогчдын санал татахад нөлөөлдөггүй юм гэхэд угаасаа сонгуультай холбоотой мөнгө биз дээ. Хуулинд зааснаар өмнөх сонгуулийн амлалтаа бол зөвхөн тайлагнаж, мэдээллийн хэрэгслээр дамжуулна гэсэн болохоос (35.19) тараана, түгээнэ гэсэн үг алга. Тэгэхээр эрх баригчид өмнө амласан мөнгөө өгөх нь байтугай “Иргэн бүрт 1,5 сая төгрөг өгч чадаагүй” гэж тайландаа заавал бичиж сонгуульд өрсөлдөх нь. Гэхдээ шинэ он гартал басчиг долоо хоногийн зай байна шүү. Энэ хооронд амжих болов уу?
Ж.ГАНГАА
Холбоотой мэдээ
Comments are closed.