Сонгуулийн тухай хууль энэ долоо хоногт батлагдах бололтой. Гэхдээ үүнд бүрэн дүүрэн итгэх аргагүй ажээ. Хэрвээ Ардын нам, Ардчилсан нам хоёр зарим зүйл дээр санал зөрөлдсөн хэвээрээ байвал шинэ оны өмнө амжиж батлагдахгүй байх магадлалтай. Хэдийгээр Байнгын хороон дээрээ шийдсэн гэх ч тэд одоо пропорциональ, можаритори тогтолцооныхоо 48:28 гэсэн тоон харьцаа нэгдсэн хуралдаан дээр яах бол. Нам, эвсэл нэг мандаттай тойрогт нэг нэр дэвшүүлнэ гэж хуулийн төсөлд тусгажээ. Нөгөөтэйгүүр 28 гишүүн нь нам, эвслийн нэрээр УИХ-д нэр дэвших юм. Өөрөөр хэлбэл пропорционалиар сонгуульд орно гэсэн үг. 48 нь бидний ярьж заншснаар жалга дов бүрд буюу можаритори тогтолцоогоор “тоглох” боллоо.
Мөн бие даагч нар тойрог бүр дээр үзэлцэнэ. Бие дааж нэрээ дэвшүүлэгч нь дэмжигч, сонгогчдынхоо дэмжлэгийг авахын тулд тухайн тойрогт хамрагдах аймаг, дүүргийн сонгогчдын төлөөллөөс “мандат” олж авах учиртай. Түүнээс биш хаа хамаагүй газраас “намайг нэр дэвшигчид тооцоод өгөөч” гээд гуйж явахгүй. Гэхдээ өнөөгийн гол маргаан нь пропорционалиар явуулах тойрог дээр өрнөөд байгаа юм. Ардын нам, Ардчилсан нам хоёрын байр суурь үндсэндээ ойролцоо боловч намуудын нэрээр сонгуульд орох нь Үндсэн хуультай харшилна гэх хүн цөөнгүй. Үндсэн хуулиар бол тодорхой хүний нэрээр сонгуульд оролцох заалттай. Энгийнээр хэлбэл нам, эвсэл нь нэр дэвшигчээ тодруулаад сонгуулийн тойрог буюу сонгогчдод санал болгоно. Урьд нь ч ингэж л сонгуулиа явуулж ирсэн. Гэвч ихээхэн дутагдал, зөрчилтэй тулгарч байлаа. Улс төрчид дөрвөн жилийн турш тойрогтоо “Азаргалж”, сүүлдээ “өмчлөөд” авчихдаг. Санал худалдан авах нь түгээмэл зүйл болсон. Өнгөрсөн сонгуулиуд ийм үзэгдлээр дүүрэн байлаа. Нүүрсийг Хятад руу өдөр шөнөгүй зөөж хөлжсөн Чойжилсүрэн гишүүн гэхэд л өөрийн биеэр хүмүүст мөнгөө тараагаад явж байв. Гэвч түүнтэй хуулийн хариуцлага тооцолгүй өдий хүрчээ. Ер нь 2008 оны сонгууль ийнхүү луйвар болсныг С.Баяраас авахуулаад олон хүн өнөөдөр хүлээн зөвшөөрч байгаа. Долоон сарын 1-ний хэрэг үүнээс үүсэлтэй. Энэ талаар маргах тэнэг амьтан одоо даанч үгүй болов уу.
Харин 2012 оны сонгууль яаж явагдах нь өнөөгийн маргалдаад байгаа хуулиас ихээхэн хамаарна. Сонгуулийн тухай хуулийн хамгийн сүүлд шинэчлэн найруулсан хувилбарыг олж үзэх гэсэн хүн олон байлаа. Гэтэл тэр нь чанд нууцлагджээ. Төрийн ордон дотроос үүнийг авч гарч болдоггүй юм гэнэ. Хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслөөр улс төрчид ингэж төмөр нүүрээ харуулдаг аж. Уг нь сонгуулийн тухай хуулийн төсөл нь нийтэд ил тод, чөлөөтэй хэлэлцэгдэж баймаар. Учир нь энэ бол хүн бүрийн эрх ашигт хамааралтай хууль шүү дээ. Гэтэл үүнийг нь нэлээд сайн хөөцөлдөж байж олж үзсэн хүнд бол нууцад халдсан гэх ял зэм тулгахгүй бололтой. Сонин байгаа биз. Тэрхүү төсөлд “Сонгуульд нэр дэвшүүлэхдээ тухайн хүн УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай эсэх, эх орон, ард түмнийхээ тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзлэлтэй эсэх, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадвартай эсэхийг харгалзан үзнэ” гэжээ. Үнэндээ тийм шүү. Гэхдээ ингэж сайхан лоозогнож байгаад хашрууд гараад л ирдэг. УИХ-д суумагцаа тэд тэс өөр болоод хувирчихдаг дүр төрх өнөөдөр манай улс төрийн амьдрал дахь түгээмэл хэв шинж болжээ. Энэ нь нөгөө л можариторийн гай гэх.
Ардын намын лидерүүдийн тоонд багтаж яваа С.Баяр, Д.Лүндээжанцан нар энэ бүхнийг тооцоод гурван жил орчмын өмнө сонгуулийг 100 хувь пропорционалиар буюу намуудыг сонгох замаар УИХ-ыг бүрдүүлэх төсөл дээр санал нэгдэж байсан юм. Гэвч удалгүй холимог руу урваж орхисон. Одоо тэд ядаж можариторийн 48 дээр ялах юмсан, пропорционалиар бол амжилт муутай гээд тархиа гашилгаж сууна. Оюу толгойн гэрээг луйвраар хийсэн, долдугаар сарын 1-ний хэргийг нэг тийш болгож чадаагүй, Таван толгойн гэрээ нь холион бантан хэвээрээ байгаа зэрэг олон шалтгаанаас болоод Ардын намын нэр хүнд унасан тул тус намынхан ийнхүү сандарч буй ажээ. Ядахад яр гэгчээр энэ намаас Н.Энхбаяр нь нүүр буруулж, МАХН-ыг байгуулаад тэднийг олигархиуд хэмээн дуудаад салдаггүй. Тэгвэл Ардчилсан нам нь С.Баярын ятгалгаар стандарт бус Засгийн газрыг байгуулалцсан. Үүнийхээ горыг одоо амсаж байна. Ардын намын уналтын тоосонд дарагдан нэр нүүрээ барах шиг боллоо. Рейтингээр тийм ч сайнгүй явна. Дөнгөж 15 орчим хувийн рейтингтэй гэж байна. Тиймээс ирэх сонгуульд ялахын тулд сонгуулийн хуулийн маргааны зарим зүйл дээр буулт хийсээр байгаа. Одоо ч сэм сэмхэн тохиролцож байна.
Пропорциональ дээр намууд хүмүүсээ чансаагаар нь дугаарлаад зоож өгөх юм гэнэ. Намын нэрийн ард нэр дэвшигч бичигдэнэ. Нэр дэвшигчийг бичихгүй байвал намын нэрээр “чөтгөр” ч гарч ирж мэдэх тул үүнээс өөр замгүй. Гэтэл зарим гишүүд үүний эсрэг байгаа нь хачирхалтай. Нэг хэсэг нь бас 48- ыг гаргаж ирэх можаритори дээр унасан “бөх”-ийг намын нэрээр дахиж сойх ухааны юм яриад явж байна. Ш.Сайхансамбуу зэрэг хүмүүс “Өвдөг шороодсон бөхийг дахиж барилдуулж болохгүй” гээд тун дургүй байгаа. Тийм л дээ. Энэ бол утгагүй юм. Гэхдээ жалгын мухарт очоод цөөн хэдэн хүнд гологдсон нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийт сонгогчдын өмнө гаргаад ирж болох л юм. Нарийн яривал 48-ыг тодруулах “жалга”-ын тойрог гэдэг нь нийт сонгогчдын цөөнхийн цөөнх юм л даа. Ц.Нямдоржоор жишээлэхэд, мань эрийг Увсынхан хууль засдаг, олон хаусаа нуусан, хүн буудах хууль санаачилсан энээ тэрээ гээд голвол яах вэ. Тэр улсынхаа дэвжээнд “зодоглох” хүсэлтэй бол Ардын нам нь түүнийг санал болгож л таарна. Харин нийт сонгогчид хэр зэрэг тоож харахыг бүү мэд. Аягүй бол Увсынхан шиг нь өшиглөөд хаях биз.
Энэ мэтээр пропорционалиар явагдах сонгуулийн тойргийн асуудал УИХ-ын гишүүдийг хэдэн хэсэгт талцуулж буй ажээ. Ардын намын С.Баяр, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж зэрэг парламентад буг болсон нөхөд “жалгын” тойргоос буюу можаритори системээр гарч ирэх магадлал бараг байхгүй гэж зарим ажиглагчид хэлж байна. Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, С.Ламбаа Л.Гансүх, С.Баярцогт мэтийн хүмүүс ч найдлагагүй бололтой. Тиймээс тэд “жалгандаа” унаад пропорциональ руу зүтгэх аргыг сүүлдээ сэдэж байх шиг байна. Гэлээ гээд яалт ч үгүй энэ том шалгуурт тэдгээр буг бологсдод гарц, гишгүүр олдохгүйн зовлон нүүрлэж, бас л бүдрэх байх. Ер нь тэгээд Монголын парламент шинэ цусаар сэлгээ хийх цаг ч болсон биз ээ. Тэдний иймэрхүү үл гүйцэлдэх санаа буюу “унасан бөх дахиж зодоглох” тоглоомын дүрэм гэгчийг харин Ардын намын дарга нь ойшоож үзэхгүй, эсрэг байр суурьтай байгаа бололтой.
Хэрвээ дээрх нөхдийн сэмхэн хийх гээд байгаа тэрхүү тохиролцоогоор сонгуульд орвол өнөөх Үндсэн хуулийн маргаан үүсч болох талтайг өмнө өгүүлсэн. Хачирхалтай нь бас нэг гэм энд байна. Энэ хоёр намын эрхшээлд орсон Үндсэн хуулийн цэц иймэрхүү маргааныг шийдэх боломжтой билүү. Үгүй л болов уу. Хоёр нам Үндсэн хуулийн цэцийг олон сарын турш даргагүй байлгаад байгаа шүү дээ. Хуучин дарга Ж.Бямбадорж нь Хүний эрхийн комиссыг толгойлох болсоор бараг жил тойрох гэж байна. Үндсэн хуулийн цэц ийнхүү одоо болтол даргаа сонгоогүй нь хэнд ашигтай болж буй хэрэг вэ. Аягүй бол эрхмүүд маань сонгуулийн тухай хуулийн эцсийн тохиролцоондоо ийм нэг гайхалтай нүх үлдээсэн юм биш биз. Ингэж хардах үндэслэл байна, найзууд аа.
Б.Отгонбаяр

Холбоотой мэдээ
Comments are closed.