-“Пукет 2014” элсний наадмын эргэн тойрон дахь мэдээллээс хүргэж байна-
Наадмын нээлтээс өмнөх найман медаль
Азийн элсний спортын 4-р наадам 2004 онд далайн цунами шуурганд өртөн, үлэмж хохирол амссан Тайландын Пукет аралд өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолоос өмнө самбо, жюү жицү бөхийн төрөлд 6 алт, 2 хүрэл медаль хүртэж, эх газрын монголчууд далайн хөвөөнөө багийн дүнгээр тэргүүлж байна.
Азийн наадмын аварга Даваадоржийн Төмөрхүлэг /68кг/ алтан медалийн салхийг хагалж, араас нь Г.Түвшинжрагал /82 кг/, Б.Сайнбуян /72 кг/, Т.Баттөгс /64кг/ нар шагналын дээд тавцанд гишгэсэн бол Б.Батгал, Б.Буяндэлгэр нар хэвтээ барилдаант жюү жицү бөхөөр босоо байлаа.
Харин араб шүүгчийн алдаанаас болж тоглогч-дасгалжуулагч О.Болд-Эрдэнийн медалийн өнгө шар биш, хүрэн болон хувирч, мөн самбочид холимог багийн төрөлд Туркменистанд 2:3 харьцаатай хожигдсоноор 3-р байрт шалгарч, Монголын медалийн тоог нэмэхэд хувь нэмрээ орууллаа.
Гарааны хоёр өдөр гавьяа байгуулсан самбочид эндээс шууд Японыг зорьж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Холбооны шинэ ерөнхийлөгч Д.Гэрэл ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батхишиг, ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан нар наран улсын Нарита хотхонд болох тэмцээнээс “арвин ургац” хураахаар зэхэж байна.
Сагсчид амжилтаа давтахын төлөө
Манай сагсан бөмбөг, элсний чөлөөт бөх, муйтай, петанк /төмөр бөмбөг/, кураш бөхийн тамирчид Пукет хотноо буулаа. “Хай-Ян-2012” Азийн элсний 3-р наадмын хүрэл медальт эрэгтэй сагсан бөмбөгчид Тайланд, Бутан, БНХАУ, Энэтхэг, Лоасын багтай нэг хэсэгт таарсан бол эмэгтэй сагсчид БНХАУ, Филппин, Энэтхэгтэй тоглох сугалаа гарчээ.
Монголын далбай Пукетэд намирав
Монголыг баг нээлт болох “Сэпархим” талбайд Туркменистан, Макаогийн багтай хамт төрийн далбаагаа өргөх ёслол хийв. Баг тамирчдын ахлагч, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар Пукеь хотын орлогч дарга С.Сентрован нар хүрэлцэн ирж баяр хүргэлээ.
“Пукет-2014” элсний наадамд Монголын баг спортын 8 төрөлд 34 тамирчин хүч сорино.
Ж.ОТГОНЦАГААН
Холбоотой мэдээ
-
Zochin (November 16, 2014 1:01:08 pm )
Tamirchiddaa amjilt huseye..
1 Comment