Нийслэлийн Иргэдийн Төлөелөгчдийн Хурлаар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” баталсан. Уг журмын талаар өчигдөр Нийслэлийн Хуулийн болон Барилга хот байгуулалтын хэлтэс, Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс танилцууллаа. Уг журамд гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон газруудад оршин суух иргэдийн 70 хувь нь зөвшөөрсөн эсвэл эсэргүүцсэн байх ёстой аж. Хэрэв дуугүй байвал зөвшөөрсөнд тооцож ажлаа эхлэх юм. Мөн зөвшөөрсөн хувь нь 70-д хүрэхгүй ч өндөр байвал эс зөвшөөрсөнд тооцохгүй хэмээн тусгажээ. Зарим барилгын компани зөвшөөрлөө авч сууриа ухаад олон жил болох явдал байдаг. Иймд архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг нь хоёр жилийн дотор хүчинтэй байх юм. Тэгэхээр барилгын компаниуд байшингаа барина гээд суугаад байх явдал үгүй болно. Иргэд гомдол гаргасан тохиолдолд тэдэнтэй зөвшилцөх, саналыг нь авах ажээ. Зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураах тухай нэг хэсэг яригдсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шийднэ. Харин нураах бол зөрчил гаргасан нөхдүүд өөрсдөө нураах бүх зардлыг нь гаргана. Зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгууд хэд хэдэн байгаа аж. Одоо нийслэлээс түүнийг шалгах болсон байна. Тэднийг ус, цахилгаанаар хангахгүй гэж уг журманд тусгасан байна. Ингээд, Нийслэлийн Ерөнхий телөвлөгөөний газрын хуулийн хэлтсийн дарга Э.Даваанямаас зөвшөөрөлгүй болон зөрчилтэй барилгын талаар тодрууллаа.
-Дураараа газрын зөвшөөрөл авалгүй барилга барьсан тохиолдол хэчнээн байгаа вэ?
-Газар эзэмших эрхгүй, зөвшөөрөлгүй барилгыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарлана. Одоо газар эзэмших эрхгүй барилга барьсан хоёр гурван газар бий. Тэгээд банк санхүүгийн байгууллагад тухайн барилгад санхүүжилт олгохгүй, иргэд худалдан авахгүй байх мэдээлэл хүргэх юм. Дараа нь ашиглалтын байгууллагууд буюу дулаан, цахилгаанаар хангахгүй байх албан бичиг өгнө. Хэрэв үүнийг биелүүлэлгүй ус, цахилгаанаар хангавал түүнийг таслан зогсоох ёстой байсан албан тушаалтанд хуулийн дагуу арга хэмжээ авна.
-Зөрчилтэй ч баригдчихсан, эзэн нь ороод суучихсан барилга нийслэлд хэд байна вэ?
-Өнгөрсөн онд барилгын бичиг баримтын бүрдэл дутуу зөрчилтэй 41 барилга байгаа судалгаа гарсан. Тэднээс зөрчилөө арилгасан нь нэлээд бий.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Холбоотой мэдээ
Comments are closed.