Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нефть импортлогчид төдийгүй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг журамд оруулж, томоохон захууд иргэдээс мөнгө авдгийг болиулж, ам.долларыг бүхэл задгайгаар нь ангилалгүй нэг үнээр бодож авдаг болгосон гээд ард иргэд түүнд ам сайтай байлаа.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй такси компаниудын үйлчилгээний үнийг км тутамд 300 төгрөгөөр нэмэгдүүлэх болсноо зарлав.
Өөрөөр хэлбэл км нь 700 төгрөгөөр үйлчилдэг байсан такси 1000 төгрөгөөр үйлчлэхээр болж байна.
ШӨХТГ, Нийслэлийн Тээврийн газар, таксины үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд удтал хэлэлцсэний эцэст ийнхүү дээрх шийдвэрийг гаргаж байгаа аж. Ингэж үнээ нэмснээр таксины үйлчилгээ сайжирч, нэгдсэн стандарттай болох юм гэнэ.
О.Магнай даргын хэлж буйгаар хотын гудамжны дуртай газраасаа такси барьдаг улс дэлхий дээр тун цөөхөн үлдээд байгаа юм байх. Өөрөөр хэлбэл иргэд заавал таксины зогсоолоос эсвэл дуудлагын таксинд хандаж, гэрийнхээ үүднээс үйлчлүүлдэг болох гэнэ.
Цаашлаад хувь хүн зөвшөөрөлгүй таксины үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд торгууль шийтгэл ногдуулах, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийг такси компаниудтай гэрээ байгуулан татвар төлдөг болгох, таних тэмдэг наах, 10-аас дотогш жил ашигласан, зөв талдаа хүрдтэй авто машинтай байх зэрэг шаардлага тавина гэж ярьж байна. Яг үнэндээ бодит байдал дээр хэрэгжихэд тун бүрхэг юм ярьж байв.
Үнэ тарифыг огцом дээшлүүлж буй эдгээр хүмүүс уг нь ард иргэд, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, шөнө орой үнээ дураараа нэмдэг такси, микроны үйлчилгээ эрхэлж буй нөхөдтэй хариуцлага тооцмоор юм. Гэтэл ШӨХТГ, Нийслэлийн Тээврийн газрынхан “Өнөөдөр тэртээ тэргүй шөнийн цагаар такси 1000 төгрөгөөр үйлчилж байгаа. Иргэд хэдэн км явж байгаагаа ч мэдэхгүй байна” хэмээн ард иргэдийнхээ эсрэг юм яриад сууж байгаа нь хачирхалтай.
Энэ байдлаас болж иргэдийн дунд багагүй бухимдал үүсээд байна.
Үнэндээ иргэдийн халаасанд мөнгө нь багтаж ядсандаа таксигаар үйлчлүүлдэг юм биш. Нийтийн тээврийн үйлчилгээ нь О.Магнай даргын амнаас байнга унаад байдаг “стандарт” гэдэгтээ хүрдэггүй учраас л иргэд өөрсдийн ая тух, хурдан шуурхайг нь бодолцож таксидаж байгаа.
Таксины үнийг нэмэх шийдвэрийг хөхүүлэн дэмжиж байгаа хүмүүс өөрсдөө нийтийн тээврээрээ үйлчлүүлээд үзэхэд гэмгүй гэж ярих хүн олон байна. Халаасыг чинь, цаашлаад цүнхийг тань өөрийн юм шиг нэгждэг хүмүүстэй хэдэн өдөр нүүр тулаад, хамаг эд зүйлээ алдаж мэднэ. Мөн “Формула”-д оролцож буй мэт давхидаг жолооч, ааштай кондукторын хараалаар өглөөг угтаж, үдшийг үддэг учираас зарим хүн залхасандаа таксигаар үйлчлүүлдэг. Тиймээс таксины үнийг нэмэх талаар дахин бодоод үзэхэд гэмгүй байх. Олон нийт ийн бухимдах зуур хоолноосоо салах нь хэмээн уцаарлаж суугаа иргэд бишгүй олон байна.
Тухайлбал ажлын байр олдохгүйгээс болж амьжиргаагаа залгуулах гэж өдөртөө “халтуур” хийж амьдардаг хэчнээн өрх байгааг нийслэлийн Тээврийн газар, ШӨХТГ-ын дарга мэргэжилтнүүд тооцож үзсэн болов уу. Таксины үйлчилгээ эрхэлдэг 16 аж ахуй нэгжийн 800 орчим авто хэрэгсэл байдаг. Эдгээр аж ахуйн нэгж хэдэн төгрөгийн алдагдалтай ажиллаад энэ салбар дампуурахад хүрээд байна вэ гэдэгт холбогдох байгууллагуудаас тайлбар хийсэнгүй. Зөвхөн энэ салбарыг хөгжүүлж, нэгдсэн стандарттай болгох тухай л ярьж байгаа нь мөн л төрөөс дэмжиж байна гэх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөнөөс зувчуулах гэсэн оролдлого гэх хардлагыг ч төрүүлээд байна.
Нөгөө талаасаа таксины үнийг огцом нэмснээр энэ салбараа улам бүр дордуулж ч мэдэх юм. Тодруулбал уг салбарын өнгө төрх дээшлэх үгүй нь үнэ нэмснээр шийдэгдэхгүй. Хамгийн гол нь үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх явдал юм. Гэтэл үйлчлүүлэгчдээс тавих гол шаардлага нь үнэ хямд байх.
Харин таксины үнийг км тутмыг нь 1000 төгрөг болгосноор үйлчлүүлэгсдийн тоог эрс бууруулах нь ойлгомжтой.
Бодит байдал дээр лизингээр машин аваад хувиараа халтуур хийж, олсон мөнгөөрөө машиныхаа төлбөрт хийж, ар гэрээ тэжээдэг маш олон иргэн бий. Хэрвээ таксины үнэ нэмгдснээр үйлчлүүлэгчидгүй болж тогтмол орлогоо олж чадахгүйд хүрвэл олон иргэд машинаа банкинд хураалгаж ажилгүй иргэдийн тоог нэмэгдүүлэх болно. Такси компаниудад ажилладаг жолооч нарын хувьд ч мөн адил тус аж ахуйн нэгжээсээ машин түрээсэлж, өдрийн 15000-18000 тушаадаг. 3-5 хоног төлөөгүй тохиолдолд авто машиныг нь шууд хураадаг. Өмнө нь хэдэн ч сар мөнгөө төлсөн бай төлсөн мөнгийг нь буцаан олгодоггүй. Ингээд хэсэг бүлэг хүмүүсийн орлогын эх үүсвэр хаагдаж, энэ салбар жинхэнэ утгаараа дампуурах байх.
Цаашлаад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд “Бид үнээ нэмэхгүй бол хэцүүдлээ” гээд О.Магнай дарга дээр ороход түүнд нэмэх шаардлагагүй гэж хэлэх үг олдохгүй л болов уу.
Нийт тээврийн хэрэгслийн үнэ нэмэгдэхээр бараа, үйлчилгээний үнэ ч өсч, дайн дээр дажин гэгчээр сульдаатай байгаа эдийн засгаа татаад унагачих эрсдэлтэй. Таксины үнийн асуудлаар мэдээлэл хийсэн даруйд л цахим ертөнц болох “Фэйсбүүк”, “Твиттер” хуудсуудаар жиргээчид О.Магнайд зөвлөмж шүүмжлэлийг өгөөд амжсан.
Ямартай ч О.Магнай таксины үнийг 1000 төгрөг болгохыг зөвшөөрлөө.
Д.Баяржаргал
Холбоотой мэдээ
-
Хүний хүү (August 29, 2013 11:56:34 am )
1 км явахад 1000 төг-ийн зардал гарах юм уу, солиор воо Магнай, үнэ нэмэхийг төр засаг хөхүүлэн дэмжиж ард түмний халаасыг нимгэлэх шийдвэр гаргаж байгаад гайхаж байна, харин Магнай эсрэгээр тэмцэх ёстой биш үү, дээрхи өгүүлэлд бичсэн саналтай нэг байна, хүмүүс ээ, одоо таксийгаар үйлчлүүлэхээ больё, нийтийн тээвэр, автобусаараа үйлчлүүлье гэж уриалья, үйлчлүүлнгчгүй такси паркууд болох вий дээ, Магнайн хуйвалдааны цаана нэг луйвар, хуйвалдаан байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна, овоо гэж байсан Магнай одоо ард түмнээсээ нүүр буруулж тэнэгтэж эхлэх нь энэ үү, авсан арга хэмжээ нь эсрэг үр дүн авчрах нь гарцаагүй.
-
MGL HUU (August 31, 2013 12:07:27 am )
TENEG DARABGAR MAGNAI MURDUNGUUS YAJ GARLAA ER HUNII SHINJGUI HUJAA EEJIIN MEEMNEES GARAAGUI LALA R SAYHAN EEJEEREEUMUURUULEED GUIJ BSAN ODOO ARD TUMNEE SHULAAD ABILAGDAAD GUIJ BN HUURHII
2 Comments