Сэтгүүлчийн архив гэж бий. Одоогоос 5 жилийн өмнө эх үрсийн баярын өмнө www.tovchoo.mn сайтын сэтгүүлч дуучин МУСТА Түвшинжаргалын Баясгалантай уулзаж ярилцжээ. Энэ үед ирээдүйнхээ хань Д.Кёкүшюзан Батбаяртай анх танилцаж, ид хайрлаж дурлаж явсан үе нь. МУГЖ Т.Баясгалан дуулсан дуунуудаараа ард түмнийхээ сэтгэлд хэзээ ч мартагдахгүй хоногших “хөшөө дурсгал”-аа бүтээчихсэн. Эх үрсийн баярын энэ сайхан билэгт өдөр ээжийгээ хайрлаж, жаргааж чадсан МУГЖ дуучин Т.Баясгалангийн яриаг уншигчиддаа хүргэе. Энэ өдөр манай сайтыг уншиж байгаа та бүхэнд баярлалаа. WWW.TOVCHOO.MN-ыг ТОГТОЖ УНШИЖ БАЙГААРАЙ. Манай сэтгүүлчдийн мэргэжлийн баг та бүхэнд сонирхолтой, дэлгэрэнгүй ярилцлагууд, сонин содон мэдээг хүргэсээр байх болно. Анхаарал тавьж байгаад баярлалаа.
-Бие даасан тоглолтоо 6 сарын 1-нд хийнэ гэнэ. Рекламаа сайн цацсангүй. Тайз дүүрэн үзэгчид угтаж чадах уу? Өдөр болгон тоглолт болж сар, дуучид хоёр сарын өмнөөс тоглолтын рекламаа мэдээллийн бүх хэрэгслээр цацдаг шүү дээ. 6 сарын 1-нд чамтай нэг өдөр тоглох дуучин Бат-Эрдэнэ гэхэд рекламаа аль эрт цацаад эхэлчихсэн?
-Яахав дээ, тав хоног байхад л хангалттай. Түрүүчийн 3 сарын 8-ны тоглолтын рекламыг долоо хоногийн өмнө цацсан, билет гарсан өдрөө дуусчихсан. Цаашдаа зургаа хоног шал дэмий реклам цацагдсан. Зарим бухимдсан хүмүүс реклам чинь яваад байхад яагаад билет чинь дуусдаг юм гэж загнангуй байдаг. Тийм болохоор тов цацаагүй байгаа. Миний тоглолтонд сайн дуунууд орж байгаа. Урт сунжралдсан тоглолт хийхгүй, сонирхолтой тоглолт болно. Аймаар мундаг тоглолт, маш их сюрпризээр дүүрэн гэж би хэлэхгүй ээ. Тоглолтыг үзсэн хүн түүнийг ойлгох болно. Урьдны тоглолтуудаас их өөр байна. Энэ тоглолт маш сайн болно гэж би 100 хувь итгэлтэй байгаа.
-Саяхан Солонгост очиж тоглолт хийсэн гэсэн. Сониноосоо яриач?
-Сая Түндэмүн, Инчон, Ижинбу, Ансан, Сөүл гээд таван газар тоглосон. Тоглолтууд маань бүгд сайхан болсон. Тэд “Монголд ийм сайхан дуучин байгаад баярлаж байна. Хатуу нийгмийг зөөллөж чадах дуучин байна аа” гэсэн нь их урам хайрласан. Манай монголчууд бүүвэйн дуу сонсож, бүлээн сүү залгилж өссөн болохоор их нинжин сэтгэлтэй өөдрөг хүмүүс байдаг. Солонгост байгаа монголчууд ээжийн тухай дуулахаар их сайхан хүлээж авдаг. Машиндаа багтахгүй их цэцэг авсан даа. Хэдий ядарч байсан ч тэр их цэцгийг тэврээд зогсох дуучин хүний аз жаргал байсан. Ер нь би их азтай хүн, өдөр болгон амьд цэцэг авдаг.
-”Морин хуур” наадмаас “Шилдэг эмэгтэй дуучин” номинацид тэргүүллээ. “Санах тусам” шилдэг клип боллоо. Шагнал авсныхаа дөнгөж маргааш нь хүлээн авалт хийлээ гэж сонссон?
-Тоглолт хийсний дараа би хүлээн авалт хийдэггүй. Сая “Морин хуур” наадмын дараа би хийх ёстой гэж бодож анх хийлээ. Энэ удаа надад тусалж дэмждэг, найз нөхөд ах эгч дүү, амраг саднаа бүгдийг нь урьж цуглуулсан. Хэнийг ямар төвшинд хүргэх гэж, юунд та бүхэн тусалж байсан юм бэ гэдгийг баталж өгсөн. Морин хуур наадмаас гурван шагнал авна гэдэг ховор тохиолдол. Надад тусалж байсны хариуг барьж баярладгаа илэрхийлж хүлээн авалт хийх ёстой гэж бодсон. “Баянгол” ресторанд хийсэн, уригдсан хүмүүс бүгд баярлаж байсан. Миний багш Найдалмаа их баярлаж сэтгэл нь хөдлөөд надтай хамт “Хан шувуу” дууг дуулсан. Миний багшийг дуулахад тэнд байсан бүх хүн уйлсан. Миний амьдралын түүх болж үлдэх тийм сайхан өдөр байсан.
-Ээжийн баяр болгоноор тоглолт хийдэг ээжийнхээ ачийг хариулж яваа гэдэг. Саяхан ээжийгээ мэс засалд оруулж, хүнд өвчнөөс ангижруулсан гэл үү?
-Хөх хотод ээж мэс засалд орсон. Монголоос би ээжтэйгээ хоёулхнаа очсон. Хөх хотын эмч нарт их баярлаж байгаа, миний ээжийг маш сайхан болгосон, дэлгэрэнгүй яримааргүй байна, ээж эмзэглээд байдаг юм. Ээж намайг өдий болтол зүрх сэтгэл, залуу нас, гоо сайхан, эд хөрөнгө бүхнээ зориулж өсгөсөн, эргээд би сайхан байлгах хэрэгтэй. Урьд нь ээж намайг эрхлүүлдэг байсан. Одоо ээжийгээ эрхлүүлэх миний цаг ирсэн. Бид чинь ээжийгээ ээжийн охин гэдгийг ор тас мартчихдаг юм билээ. Ээж мэс заслаас гарч ирээд нүдээ нээгээгүй байхдаа хамгийн түрүүнд “ээж ээ” гэж хэлсэн. Тэр үг миний зүрхийг зүсэх шиг л болсон. Хажууд нь би л байгаа ш дээ. Нээрээн би ээжийгээ ээж л гэдэг болохоос ээж маань ээжийн охин ш дээ гэж бодсон. Үүнийг нь би нэг ч удаа бодож үзээгүй юм билээ. Мөнхийн дэргэд ээж гэдэг үг тэнд яг гарч ирсэн. Ээждээ хайртай гэдэг үгийг харамгүй хэлж, инээмсэглэж байгаа царайг нь үргэлж харж байх ёстой. Би эхээс хоёулхнаа, дүү маань хол сурдаг болохоор их үгүйлэгдэнэ. Төрсөн ах, эгч байхгүй болохоор ер нь цөөхөн санагддаг. Боломж байвал залуу гэр бүлд 3-4 хүүхэд гаргамаар юм билээ.
-Залууст зөвлөх яах вэ? Өөрөө гэр бүл, үр хүүхдийн талаар юу бодож байна?
-Би ямар ч байсан гурван хүүхэд гаргана. Мэдээж ээж болно гэдэг маш том хариуцлага. Энэ ертөнцөд нэг хүнийг бүтээж бий болгож, сайн сайхан амьдрах суурийг нь бэлдэж, ухаан бие сэтгэлийг нь бий болгодог учраас хийсвэр сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш. Үе тэнгийнхэн хүүхдээ эрхлүүлэхийг хараад өөрийн эрхгүй хүүхэдтэй болмоор санагддаг юм. Намайг 20 настай байхад ээж нэг хүнээс асууж байсан. 28, 29 хүртлээ хүнтэй суухгүй гэсэн. Болдоггүй юм болдоггүй гэдэг ш дээ. Цаг нь ирэхээр болно. Тийм болохоор би яардаггүй, тэртэй тэргүй бурхан надад хайртай. Надад сайхан хань заяана.
-Аварга Дагвадоржийн дүү Жамухатай хамтран амьдарч байгаа гэж сонссон?
-Манай нутгийн залуу, ганц нэг удаа миний ажилд туслаад хамт явж байхыг хараад тэгж ойлгосон юм байлгүй. Танихгүй гэж би худлаа хэлэхгүй, би танина. Энэ пингвин, бамбарууш хоёртой л дотно байна шүү дээ. Бамбаруушийг их хайртай дотно хүн маань бэлэглэсэн. Энэ пингвинийг би энэ биенийхээ чадлаар олж авсан. Сая Солонгост тоглолт хийхдээ орой нь гудамжаар нь жаахан явж байгаад бууддаг тоглоомон дээр очиж буудсан. 50 сумнаас 45-ыг нь оноод, хамгийн том тоглоом энэ пингвинийг авсан. Тэр тоглоомыг ажиллуулдаг авгай нөхөр хоёр солонгос бүр гайхаад “Хэзээ ч эмэгтэй хүн ингэж буудаж байгаагүй. Ямар мундаг юм бэ?” гэсэн. Энийгээ нааш нь авчрах гэж онгоцны билет худалдаж авахаа шахлаа. Энэ хоёр шөнө надтай унтдаг, өдөр нь гэрээ сахиад үлддэг.
-Сүүлийн үед их нам гүм амьдарч байна даа?
-Өглөө гараад шөнө орж ирж байна. Их ачаалалтай амьдарч байгаа бололтой найз нөхөр, хайр дурлалд цаг зав гаргах боломж алга. Би чинь Баясгалан гэдэг соёл боловсролын том төв байгуулна гээд том амлалт авсан, тэрэндээ хүрэх хэрэгтэй байна. Тэгээд л зүтгээд байна.
-Хэдэн нас хүртэл дуулах вэ?
-Ер нь гуч гараад төрсний дараа хоолой нь илүү сайхан болдог гэдэг. Би олон жил дуулахгүй ээ. Цаашдаа бизнес тал руугаа, цогцолбор руугаа нэлээд анхаарал тавина. ХБК, СУИС-ийг өчнөөн олон сайхан залуус төгсөж байна, тэр болгонд ч боломж олгоно.
-Саяхан Ж.Мөнхбатын “Уучлалтаар шагнаач” гэдэг дууг дууллаа?
-Тэр дууны хөгжмийг Мөнхжаргал бичсэн. Тунирхсан гомдсон хосууд нэг нэгэндээ энэ дууг захиалахад үгийг сайн сонсвол бие биеийгээ уучлах увидастай дуу болно байх. Үг ая нь хоёулаа сайн дуу.
-Мөнхбат та хоёр хамтраад хэдэн сайхан уран бүтээл хийсэн. Харин сүүлийн үед Ж.Мөнхбат сайн уран бүтээл хийхгүй байна даа. Гялайж гялтайсан юм сонсогдохгүй л байна?
-Мэдэхгүй ээ. Цаг зав муутай байгаа биз.
-Чиний хамгийн хайртай хүн хэн бэ? Найз залуугийн тухайд шүү…
-Хүн болгонд л хайр байдаг. Надад ч байдаг. Хэн гэдгийг нь гэхдээ хэлэхгүй. Нандин юмаа өөртөө үлдээе л дээ. Хүн болгонд дэлгээд яах юм. Энэ миний дотор л байдаг болохоор хүмүүсийг мэдээсэй гэж би хүсэхгүй байна. Хүн болгоны сэтгэлд нууцхан хайрлаж явдаг хүн байж л байдаг ш дээ. Би ч бас цусан зүрхтэй хүн. Надад хайрлаж явдаг хүн байгаа.
-Урлагийнхны амьдрал хатуу. Чи цөөн жил дуулсан. Гэхдээ хэдэн жил, насаараа дуулсан дуучдаас илүү амьдардаг гэдэг?
-Би бусдад найддаггүй, хүнд даатгаад суухыг хүсдэггүй. Энэ нийгэмд залуус Гандангийн тагтаа шиг амьдарч болохгүй. Алийн болгон улстөрчдөө, монгол улсаа муулаад сууж байх юм бэ? Өөрсдөө зүтгэвэл хангалттай сайхан амьдрах боломж байна. Би боломжийг алдахыг хүсдэггүй, надад нэг минут ч маш их үнэ цэнэтэй байдаг. Би их хөдөлмөрлөдөг, хичээсний хариуд бурхан бас өгдөг. Бурхныг хайрлах хэрэгтэй.
–”Танайд хоноё” нэвтрүүлэгт орсон. Сайн, муу хэл ам ч их гарлаа?
-”Танайд хоноё” нэвтрүүлэгт орсон биш гай болсон. Хүмүүс “Чи цай чанаад өгчихгүй яасан юм” гэж зэмлэсэн. Ирэхэд нь би банштай цай хийж өгсөн. Өглөө явахад нь үнэхээр босож чадаагүй. Яагаад гэвэл тоглолтын бэлтгэл ажилд орчихсон, гурван шөнө нойргүй хоносон байсан. Бид гурав өнгөрч байхад унтсан, Алтантүрүү зургаан цаг өнгөрч байхад явсан. Тэр өдөр дөрвөн газар тоглолттой байсан. Урлагийн хүн тайзан дээр гоё байхын тулд арьсаа амраах хэрэгтэй. Тийм болохоор би өглөө босоогүй. Тэрнээс гадна тэр хүн идэх гэж ирээгүй ш дээ, нэвтрүүлэг хийх гэж ирсэн. Маш сайн асуултыг надад тавих ёстой байсан, миний дотоод ертөнцийг нээх ёстой байсан. 100 хувь нээж чадаагүй. Хүнээр хүндлүүлж байж, хүн хүндлүүлэх ёстой шүү дээ. Яахав зарим нь сайхан гэж байсан, заримд нь тиймхэн санагдсан юм шиг байна лээ. Гэхдээ би энэ нэвтрүүлэгтээ сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэвэл би байгаагаараа байсан. Хэн нэгэнд таалагдахыг хүсээгүй, хичээж дайлж цайлж, ухаантай царай гаргах гэж оролдоогүй. Би ядарч байсан, яриад байх ч тэнхээ байгаагүй. Харин чадлаараа угтсан, энэ нэвтрүүлэгт боломжоороо орсон. Та нар анзаарсан бол би үсээ буржийлгаагүй, нүүрээ будаагүй, гал тогооныхоо хормогчтой л байсан. Хоол унд хүнээр бэлдүүлчихээд, ширээ дүүрэн идээ засчихаад бүлтийтлээ гоёчихоод угтаж болох л байсан. Би тэгэхийг хүсээгүй. Заавал цадтал нь хоол идүүлээд, аймаар цай хоол хийдэг хүн болох гэж хичээгээд яах юм. Цаг нь ирэхээр хань ижилдээ, үр хүүхэддээ өдөр болгон би хоол хийж өгнө, насаараа өглөө болгон цай чанана.
-Далай ламыг ирэхэд дуулж өгсөн. Яагаад ганцхан чамайг сонгосон юм бол?
-Тэр бол миний дуучин болсны нэг бахархал. Дээрхийн гэгээн XIV Далай лам миний дууг сонсох гэж надад таван минут анхаарал хандуулсан. Тэр гэгээрсэн хүний амьдралын таван минутыг авна гэдэг ховор аз завшаан. Миний дууг босож зогсож сонссон. Дараа нь баяр хүргээд, хадаг өгсөн. “Мөргөлийн түрлэг” гээд Жанцанноров гуай, яруу найрагч Б.Ичинхорлоо бид гурвын бүтээл байдаг. Түүнийгээ дуулсан. Бурханлиг тал руугаа дуу л даа. Сая Монголд 2200 жилийн настай том эрхийг заллаа. 108 хүн сүвлэх ёстой байсан, тэрний нэг нь болсондоо баяртай байна. Эрхи их том болохоор өргөж дийлэхгүй, нэг нэгээр нь бариад гараа тавиад зогссон. Сүвлэсэн утас нь гэхэд олс байна лээ. ЮНЕСКО-гоос Бурхан багшийн чандрыг гаргадаг Ганчин Ренбүүчигийн төрсөн Италид 14 хоног дуулсан. “Бурхан багшийн зүрхэн тарни, Жанрайсэг бурхны зүрхэн тарни, Ногоон дарь, эхийн зүрхэн тарнийг дуулсан. Зритель сайхан хүлээж авсан. Авчирсан хүмүүс, япон лам нар “Ямар сайхан дуу вэ, яг бясалгал хийж байгаа юм шиг орчин бүрдүүллээ” гээд Буриад, Төвдөд, Хятадад бурхан зална гэсэн. Тэр болгонд намайг авч явж дуулуулна гэсэн санал тавьж, би зөвшөөрсөн.
Ярилцсанд баярлалаа. www.tovchoo.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.