“Тагнуулын ерөнхий газрын дэд даргад Б.Ариунсанг томилох нь хувь хүний асуудал биш. Тодорхой итгэл хүлээж, үүрэг үүрч байгаа хүнийхээ хувиар хийсэн томилгоо. Бүх асуудлыг олон нийтээр хэлэлцэж, долоон булчирхайг нь тоочихгүй” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэв. Засгийн газрын тэргүүний ээлжит нээлттэй хаалганы өдөр өчигдөр тохиож энэ мэт олны анхаарлын төвд байгаа зарим асуултад хариулт өгсөн юм. Б.Ариунсан нь хууль бусаар томилогдож, чөлөөлөгдсөн нэгэн атал эргүүлэн томилсон нь эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл болж, Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах шалтгаан болохгүй юу гэсэн сэтгүүлчийн асуултад Н.Алтанхуяг сайд “Үндсэн хуулийг чинь бид байнга л уншдаг. Ардчилсан Үндсэн хуулийг бид үргэлж уншиж, үргэлж дээдэлж явах ёстой. Хэн нэгэн хүн Үндсэн хуулийг өөрийнхөө өнцгөөр тайлбарлах ёсгүй. Бид Үндсэн хуулийг тайлбарлаад, ийм байх ёстой гээд яриад байж болохгүй. Б.Ариунсангийн томилгоотой холбоотой асуудлаар би өмнө нь их ярьсан. Дахиж ярьмааргүй байна. Ер нь бол нэг албан тушаалтан томилохын тулд олон нийтийн хэлэлцүүлэг явуулаад байж болохгүй. Төр засаг өөрсдөө мэдээд албан тушаалтнаа томилдог байх хэрэгтэй” гэх нь тэр. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь ажилд хөндлөнгөөс хошуу дүрээд байх шаардлагагүй гэв.
Салбар бүрт “Алтан гадас” фракцийн эрхмүүд томилогдсон билээ. Тэдний нэг нь шатахууны үнийг хөөрөгдөгч, худалч хэмээн адлагдаж байсан АН-ын ҮЗХ-ны гишүүн Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Ариунсан. Мань хүнийг хууль бусаар томилсон, дээр нь мэргэжлийн бус гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм. Гэвч эргэн ирж, том ар тал, нэр нөлөөтэй гэдгээ бататган харуулж чадлаа гэж ах намынханд нүд үзүүрлэгдэх болов. Үнэндээ ч Улсын нийгмийн халамжийн газрын дарга, Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан намтартай энэ эрхэм Тагнуулын ерөнхий газрыг удирдана гэхээр арай л жулдах мэт. Гэсэн ч ар нь аккумлятор юм хойно юунд ч санаа зовох билээ дээ.
Түүнчлэн энэ өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 17 тэрбумын тендерийн хэргийн талаар “Надад ямар ч хамаагүй. Намайг огцруулах зургаан шалтгаан гаргаж ирээд байсан. Сүүлдээ энэ нь дарагдаад дахиад гурван шалтган гаргаж ирсэн. Эхнийх нь Монголбанктай холбоотой. Түүнийг нь шалгаад асуудлыг тодруулсан. Хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэж хэлсэн. Тэгээд чимээгүй болсон. Төрийн албан хаагчдыг халсан гэсэн шалтгаан бас гаргаж ирээд сүүлдээ холбогдох тоо баримтыг үзүүлсэн. Сүүлийнх нь энэ 17 тэрбумын хэрэг гэгч. Сонгууль болонгуут АН-ын нэр хүндийг унагаахаар төлөвлөсөн бололтой. Надтай холбох ямар нэг хэрэг гарч ирэхгүй болохоор нь хамаатан садангаас нь хүн хайж байгаад хүргэн Г.Дэнзэнтэй нь холбоод унагачихъя гэж бодсон байх. Дахиад хэлэхэд би тэр тендерт нь огт оролцоогүй. Би Эрдэнэс Тавантолгойгоос тодруулга, мэдээлэл хүртэл авлаа. Тэр тендерт нэр бүхий таван компани өрсөлдөөд “Говь повер” ялсан юм билээ” хэмээн талбар хийв. Эл хэргийг АТГ-аас нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ. Тэгэхээр удахгүй эзэн холбогдогч нь тогтоогдож, буруутай этгээдтэй хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгээ ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ах намынханд илгээсэн албан бичигтээ тодотгосон байна лээ.
Мөн Гашуунсухайт Тавантолгойн төмөр замыг өргөн царигаар барих шийдвэр гарсан. Энэ нь өөрөө экспортод шууд гаргах төмөр зам байгаа. Үүнийг УИХ-аар оруулах шаардлагагүй эсэхэд Н.Алтанхуяг сайд “Төмөр замын асуудлаар УИХ-аар батлагдсан хууль бий. Тэнд зааснаар Монголд тавигдах төмөр зам өргөн царигтай байна. Гэхдээ экспортод шууд гарах тохиолдолд төмөр замын царигийн асуудлаар Засгийн газар нь УИХ-аар оруулж шийдвэрлүүлнэ гэж заалттай. Бид эхний заалтаа бариад явж байгаа. Гэхдээ Тавантолгой бол экспортод шууд бүтээгдэхүүнээ гаргадаг учраас Засгийн газар УИХ-д энэхүү асуудлыг оруулж хэлэлцүүлнэ. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүл гэж шийдвэрлэсэн” гэж тайлбарласан юм.
Ерөнхий сайдын энэ удаагийн мэдээлэлд ирэх долдугаар сард болох Үндэсний их баяр наадмын асуудал багтаж, товч мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар наадмын тухай хэлэлцэж, энэ жил Төв цэнгэлдэхэд бөх барилдуулах бөгөөд ирэх жилээс шинэ цэнгэлдэх бариулах асуудлыг шийдвэрлэх гэнэ. Морь үзэхээр явсан машинтай иргэд замдаа таг гацдаг байдлыг арилгахын тулд Хүй долоо худаг хүртэл найман км авто зам шинээр тавихаар болжээ. Гэхдээ нар зөв тойрсон нэг урсгал бий болгоно гэдгийг тодотгосон юм. Мөн Хүй долоо худагт шороо тос ихээр бужигнадаг, хуушуур буузаа шороотой хольж иддэг байдлыг засахын тулд Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том талбай бүхий наадмын талбайг засч тохижуулах юм байна. Наадмыг угтаж дараагийн хийх ажил нь Хүй долоо худагт 7000 машины зогсоол байгуулах гэнэ. Эдгээр ажлыг энэ жилдээ хийх бөгөөд, ирэх жилүүдэд илүү олон зүйл хийж, наадмаараа ая тухтай наадамладаг болох аж.
Д.ДОРЖ /Нийгмийн толь/
Холбоотой мэдээ
-
giichin (June 02, 2013 4:55:51 pm )
namaig baigaa deer tagnuuluudaa nemeerei gej hujaa ah nartaa heleh vii dee naadah chin
-
Esuntug (June 02, 2013 5:09:51 pm )
Giichin guai soliorch baij heregt unav daa daaganaas unaj uhdegui daravgaraasaa boldog gej ardiin saihan ug bii shuu hu!!!
-
Andres (August 13, 2013 11:44:01 am )
That kind of thikinng shows you’re an expert
-
-
наадмын зардал (June 02, 2013 5:10:38 pm )
Засгийн газар наадмын зардлыг арай дэндүүлж байна,ядуу буурай байж тэр их мөнгийг иргэдийнхээ төлөө захагүй,шал дэмий хэдэн улс төрчдийг шоудсан наадамд зарцуулах гэж байх юм.Одоо улс орон ядмаг байгаа үед наадам аль болох бага зардлаар,даруухан болох ёстой биш үү?
-
наадам (June 04, 2013 4:14:21 pm )
50 тэрбумаар тансаглаж хоёрхон наадахаар талхны булан олдохгүй байгаа ядуучууддаа өгчхихөөсэй. Эсвэл хэдэн сайхан цэцрлэг барьж болно доо.
-
Зочин (June 09, 2013 9:20:20 pm )
Үлэг гүрвүүлээр шоудагч Элбэгдорж өөрөө АНУ-д худалдагсан юм биш үү, энэ нөхөр бол монголоо гэсэн сэтгэлгээгүй анархизмыг импортлогч
7 Comments