Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын стандартуудыг зургаадугаар сар гэхэд хангаж, хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийсэн байх үүрэг хүлээсэн.
Хэрвээ сар хагасын дараа гэхэд амжихгүй бол ФАТФ манай улсыг “Хар жагсаалт”-д оруулах нь тодорхой. Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн эхэнд нягтлан шалгаж хөрөнгө, мөнгөө оруулах эсэх гол үзүүлэлт болдог “Хар жагсаалт”-д орчихвол дөнгөж сэргэж байгаа Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт ноцтой хор уршиг учрах нь тодорхой.
Сүүлийн гуравхан жилийн дотор Монгол Улсад эрх мэдэлтнүүдийн үйлдсэн авлига, хээл хахууль, төсвийн мөнгийг хулгайлан завшсан бусармаг хэргүүд ёстой л сад тавьж өнөөдөр Х.Тэмүүжин сайдын албатууд өдөржин, шөнөжин ажиллаад ч хүчрэхээ болиод байгаа. АМГ-ын дарга асан Д.Батхуяг, “Анод” банкны захирлууд, “МИАТ”-ын гүйцэтгэх захирал Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх нарын хулгайлж завшсан мөнгө л гэхэд ойролцоогоор 90 тэрбум төгрөг болж байгааг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэж байсан. 10 хүрэхгүй цагаан захтан 90 гаруй тэрбум төгрөг хулгайлан завшсан гэж бодохоор Монгол Улсын мөнгө, санхүү, банкны салбарт ноцтой аюул тулгараад байгааг хаана хаана аа анхаарах цаг болжээ.
Хамгийн сүүлд дуулиан тариад байгаа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл л гэхэд таван аймагт 50 ортой төрөх эмнэлэг барих хэмжээний мөнгийг төрөөс “дээрэмдсэн” цагаан захтай луйварчин.
Гэтэл уржигдархан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэгэн дуулиантай мэдээлэл цацсан нь Тавантолгойн уурхайгаас машинаар нүүрс зөөвөрлөж Цагаан хадад аваачиж асгах үүрэгтэй 17 тэрбум төгрөгийн тендерт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгч Н.Наранцэцэгийн охин Г.Уянгын өмчлөлд байдаг” “Говь Повэр” ХХК ялсан тухай юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч 28-хан настай Г.Уянга гэгч энэ бүсгүй 17 тэрбумын тендерт ялсан нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урт гар оролцсон байж болзошгүй хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.
Хэрэв УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дэлгэж тавьсан энэ шуугиантай мэдээлэлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар нэгэн байдлаар оролцсон, нөлөө үзүүлсэн нь тогтоогдвол улстөрийн ээлжит дуулиан дэгдэх нь тодорхой.
2011 оны зургаадугаар сараас хойш Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Монгол Улсыг “Стратегийн томоохон дутагдалтай орон” гэж үзээд, саарал жагсаалтад түр оруулсан. Саарал жагсаалтаас гарч, стратегийн дутагдлаа засах хоёр жилийн хугацаа өгсөн.
Монгол Улсыг энэ дутагдлаа засаж, саарал жагсаалтаасаа гарах, хар жагсаалт руу оруулахгүй байхын тулд ОУВС, Дэлхийн банк, НҮБ-ын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, APG /Ази, номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг/ зэрэг байгууллагууд Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлж эхэлсэн бөгөөд FATF-тай тохиролцсон арга хэмжээний хүрээнд гол дөрвөн хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан билээ. Тодруулбал, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хууль, Терроризмын эсрэг Монгол Улсын хуулиудад өөрчлөлт оруулахыг зөвлөсөн байгаа. Хэрвээ эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлбэл, Монгол Улс мэдээж саарал жагсаалтаасаа доошилж, хар жагсаалт руу орохгүй. Үүнээс гадна эдгээр шаардлагуудыг биелүүлбэл, Монгол Улс дотооддоо гэмт хэргээс олсон орлоготой тэмцэх, хүний наймаа, авлига хээл хахууль, хар тамхи, зохион байгуулалттай бусад гэмт хэргээс олсон орлогыг үр ашигтай илрүүлж, таслан зогсооход ач холбогдолтой болох юм. Хэрвээ тэгж чадахгүй бол энэ оны зургаадугаар сарын 1-н гэхэд Монгол улс хар жагсаалтад ороход ойртож байна.
Оюу толгой, Таван толгойд хүлээлтийн байдал үүсч “Эрдэнэт” үйлдвэр зөвхөн өр төлөх байдлаар алдагдалтай ажиллаж байгаа өнөөдрийн хувьд Монгол Улс олон улсын санхүүгийн “Хар жагсаалт”-д орвол гаднаас орж ирэх мөнгө, санхүүгийн урсгал хямралд орж гадаадын хөрөнгө оруулагчид монголоос гарч явах ноцтой хүндрэл үүсэж ч болзошгүй юм. Энэ тал дээр УИХ-ын гишүүд санаачлагатай дорвитой ажиллаж холбогдох хууль тогтоомжуудыг яаравчлан батлах шаардлага амьдралаас урган гарч байна.
Монгол Улс “Хар жагсаалт”-д ойртсоор л байна. Энэ бол тун базаахгүй мэдээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.