“Хариуцлагатай” Н.Батцэрэг
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг жигтэйхэн албан ёсны царай гарган “Манай бүлэг хуралдаад ажлаа сайн хийх хэрэгтэй гэдэг дээр зарчмын хувьд тохиролцсоноо хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн тун ч ноцтой мэдэгдэл хийдэг юм байна. Ер нь тэрээр байсхийгээд л иймэрхүү “ноцтой” мэдэгдэл хийхдээ тун ч гаршиж яваа “улстөрч”.
Түүний хувьд гадаад үзэмжиндээ жигтэйхэн их ач холбогдол өгөөд яваагаас өөрөөр “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын хувиар монголын төр, засагт жинтэйхэн нөлөө үзүүлэх улстөрчийн даац, бяд үнэндээ дутагдаад л яваа.
Чимээгүй Д.Батцогт
Гуравхан жилийн өмнө “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхоо анхдугаар хуралдаан дээр “Өнөөдөр манай ард түмэн босох цаг болсон.
Ард түмэн маань дэндүү ноомой, дэндүү номхон байна.
Төрд гарсан энэ хэдхэн улстөрчид чинь та биднийг дарлаад байна шүү дээ” хэмээн хоолойгоо цахирттал хашгирч байсан “Шударга ёс” эвслийн нэгэн гишүүн Д.Батцогт өнөөдөр жинхэнэ утгаараа төрөл арилжсан. Ямар сайндаа л “Одоо Засгийн газрын тэргүүнийг огцруулах нь таатай үзэгдэл биш байх.
Ажил хийх бололцоо, цаг олгоогүй байж ээрч хашхичаад байх нь хэр зохистой юм бол” гэсхийгээд тэг дундуур нь “бөөрөнхийлөөд” явж байгаа. Түүний хэлэх дуртай үг нь “ яадаг юм бол, тэгэх болов уу, магадгүй л юм, харзнаж байна” гэсхийгээд дуусч байгаа юм. Одоо мань эрээс “Амлалт нэхэх” энэ тэр юм горьдож хараад нэмэргүй.
Өөрийгөө ч танихаа больсон Г.Уянга
“Д.Сүхбаатарын талбайн шар толгойт” гэгдэх болтлоо цагаан хоолой барин тэмцэж, жагсаж өөртөө таалагдаагүй бүхнийг “будаа болгосоор” байгаад УИХ-ын эрхэм гишүүний сэнтийд заларсан өнөөх Г.Уянга бүр бараа сураг, чимээ аниргүй алга болсон.
Толгойтой үснийх нь өнгө үндсээрээ өөрчлөгдсөн шигээ тэмцэгч Г.Уянгаас үлдэж хоцорсон юм за даа их маруухан даа. Саяхан л “Шударга ёс эвсэл АН-тай хамтарч засаг байгуулж яагаад ч болохгүй” гэж байсан улстөрч Г.Уянга өнөөдөр Н.Алтанхуягийг аварч үлдэх МҮАН,
Бие даагч гурван гишүүний холбоог чимээгүйхэн толгойлоод цохиж явна. Амьдрал мөн ч баян юм. Монголын улстөрчдийг ганцхан жилийн дотор суурин дээрээ хоёроос гурав өөрчлөгдөхийг үзэх шиг амархан юм энэ хорвоод өөр бий гэж үү.
Их Сангийн Ч.Улаан
Шинэчлэлийн Засгийн газрын Сангийн сайд Ч.Улаан “Шударга ёс” эвслийн бүлэгт бас ч гэж жин дарах улстөрч. Монгол Улсын хөрөнгө, санхүүгийн авдрын түлхүүрийг гурвантаа өвөртлөж яваа энэ эрхэм сүүлийн үед бас л үзэл бодлын ихээхэн өөрчлөлтөд ороод байгаа.
Нийтлэлч Баабар нэгэнтээ “Торой банди, Тогос Чүлтэм, Чүлтэмийн Улаан, Улаантны Энхбаяр” гэж зүгээр ч нэг бичээгүй санагдана. Ерөөс төдийгөөс өдий хүртэл Н.Энхбаяр, Ч.Улаан хоёрын зүү орох зайгүй нөхөрлөж ирснийг л сануулсан хэрэг.
Харин тэгтэл сүүлийн үед Ч.Улаан сайд ихэд хилэнтэйгээр “Хэн нэгний санаанд тааруулж ажил, амьдралаа зохион байгууладаг нь би биш” хэмээн мэдэгдэж эзэнтэйгээ арсалдаад эхэлсэн.
Энэ нь ердөө ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө чангахан дуугарч байгаад МАХН-аас дүүлээд гарах гэсэн л санаа. Харин Сангийн сайдын суудалд гурав дахь удаагаа заларч суугаагийн хувьд Монгол Улсын эдийн засаг хэзээ мөдгүй элгээрээ хэвтэхэд бэлэн болчихоод өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байгаа нь эрхэм сайдад төдийлөн сонирхолтой биш.
Н.Алтанхуяг огцорно уу, гадаадын хөрөнгө оруулалт “0” заана уу Ч.Улаан сайдад өнөөдөртөө падлийгүй. Яагаад гэвэл тэр ердөө л Ерөнхийлөгчийн сонгуульд биеэ бэлдэж байгаа “кадр” ажилтан.
Завгүй З.Баянсэлэнгэ
За бусад “Шударга ёс”-тнуудын хувьд З.Баянсэлэнгэ гишүүнд хууль тогтоох үндсэн ажлаас нь илүү өгөөжтэй, хожмын унац ашигтай ажил хаа зөндөө бий.
Гэхдээ яг өнөөдрийн хувьд түүнд өдөр бүр шахуу II эмнэлгийг зорьж, өвдөж шаналсан даргынхаа сэтгэлийг тайвшруулж суух нь л хамгийн эрхэм ажил нь болсон.
Энэ бүхнийг зайлшгүй нуршиж “Шударга ёс”-ынхонд нэр шигээ шударга байхыг зайлшгүй сануулах хүндрэл бэрхшээлийн өмнө Монгол Улс ирээд зогсчихлоо.
Эдийн засгийн болзошгүй хямрал нүүрлэж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан дордож байна.
Гадаадын хөрөнгө оруулалт зогссон гэж хэлж болно. Улстөрийн тогтворгүй байдал, улстөрчдийнх нь увайгүй үйлдэл болгоноос гадныхан үнэндээ залхаж гүйцээд монголыг орхин гарцгааж байна.
Гэхдээ хөрөнгө оруулагчид бүгдээрээ монголд хиргүй цагаан сэтгэл өвөрлөж, адил тэгш ашиг орлоготой ажиллая гэж орж ирсэн гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.
Ямартай ч ядуухан монголын эдийн засагт тэдний оруулсан мөнгө ноднингийн мөн үеийхээс 40 хувь буурчихаад байгаа нь одоохондоо гадныхны гарыг харахаас аргагүй байгаа бидний хувьд нэг ёсны “хорлонтой чимхэлт” л гэсэн үг.
2012 оны гуравдугаар сараас Монгол Улсын нийт бараа эргэлтийн хэмжээ 148,6 сая ам. доллар буюу 10.1 хувь, импортын хэмжээ 128.1 сая ам. доллар буюу 13.6 хувь, экспортын хэмжээ 20.5 сая ам. доллар буюу 3.9 хувь буурсан үзүүлэлттэй байгаа.
2013 онд 33 сая тонн нүүрс экспортлож, үүнээс 2.7 тэрбум ам. долларын ашиг олно гэж тооцоолж байсан ч оны эхний гурван сард ердөө л 1.4 сая тонн нүүрс экспортлосон нь эдийн засаг тэлэх бус хумигдаж байгааг харуулах хамгийн бодит үзүүлэлт мөн.
Монгол Улсын гадаад өр өдрөөс өдөрт нэмэгдэж өнөөдөр гурван тэрбум ам. доллар руу дөхөж яваа. Монгол Улсын Засгийн газар 2013 онд гадаад зээлийн үндсэн төлбөрт 87.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 27.9 тэрбум төгрөг төлөх ёстой.
Дээр нь эзэн хааныхаа нэрийг барин бадарчилж авсан “Чингис бонд”-ын зөвхөн хүү нь 40 тэрбум төгрөг талийгаад явчихсан. Ерөнхийдөө Монгол Улсын нөхцөл байдал өдрөөс өдөрт муудсаар байна.
Яг л өдийд УИХ, Засгийн газарт асуулга тавьж, болохгүй бол ард түмнээ уриалаад тэмцэж, жагсаж явах учиртай өнөөх “Шударга ёс”-ын хэд “бүлх залгичихсан” мэт таг дуугүй суугаа нь хэрэг зоригоо бүтээж, зөөлөн суудал, эрх ямбаар амаа таглуулсных нь нотолгоо шүү дээ.
Улаан хувьсгалч царайлан Д.Сүхбаатарын талбайд хоолойгоо сөөтөл орилж, жагсаж явсныхаа хэргийг гаргаж, эрх ямба, өнгө мөнгөөр үзэл бодлоо худалдсан тэдэнд одоо цуг тэмцэж явсан ядарсан ард олон хоногийн хоолтой байна уу, үгүй юу гэдэг огт хамаагүй болсон.
Тэд унах унаатай, тансаг орон байшинтай, мөнгө төгрөгтэй болсон. Одоо бол юу яасан жагсаж тэмцэх. “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг тэдэнд бүгдээрэнд нь хувь хувийн бодол бий. Тэр нь лав шударга ёс, ядарч зүдэрсэн ард түмэн биш бололтой.
Одоо тэд дахиж гудамжны тэмцэл хийхгүй. Тийм шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл тэд амьдралаа сайжруулах гэж л улстөр хийсэн. Тэр ч санаагаа гүйцэлдүүлсэн.
Нэр нь л “Шударга ёс”болохоос биш бусдаар тэд МАНАН-гаас юугаараа ч ялгагдах юмгүй болсон. Яагаад гэвэл тэд монголын улстөрчид.
11 Comments