Ханзарсан цасан дороос нухуйх шаргал өвс, хайлан урсах гол ус уг нь ирж яваа цагийн өнгийг түүчээлж сэтгэлд
баясал төрүүлдэгсэн. Гэтэл нийслэл дундуур урсан өнгөрдөг Дунд гол өнгө төрх нь үзэшгүй, үнэр сэлт хамар сэтлэм муухай. Дээрээс нь хоёр талынх нь эрэг дагуу гяндангийнх гэмээр өндөр цементэн хашаа босгосон байх нь байгалийн үзэсгэлэнт төрхийн сүр хүчийг үнэнхүү гутаана. Хэтрүүлэг гэж бүү эндүүрэгтэн, өнөөдрийн үнэн байдлыг дүрслэхэд ийм юм.
Дунд голын ногоо нь
Ургасан байтлаа тарьсан юм шиг
Дүнжидмаагийн хөөрхөн бүсгүй
Төрсөн байтлаа зурсан юм шиг гэж дуу гарсан гэхэд үнэмшмээргүй дүр төрхтэйгөөр Дунд гол бараг л амь тавьж байгааг сэтгэл шимшрэн харж, зүрххөндүүрлэв.
ХЭЗЭЭЧ ҮЕРЛЭХГҮЙ БАЙЖ МЭДЭХ ГОЛЫГ ТАВАН ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ДАЛАНГААР ХАШИЖБАЙНА
Хэзээдээ ч эхэлчихсэн юм голын эрэг дагуу арзайж сарзайсан цементэн хашлага босгож байгаа. Хашлагыг хаа хүртэл босгосныг Нарны гүүрэн дээрээс ажлаа. Нарны гүүр орчмоос эхлэн хагас дутуу босгосон, даавуу нөмөргөсөн, хазайж гулзайсан хавтангуудыг хашаа болгон босгожээ. Төгсгөл нь Хараагүй хүмүүсийн байр лавтай өнгөрсөн бололтой харагдана. Гүүрнээс бууж голын эргээр алхаж яваа хоёр эрхмийг угтан, үг солилоо. Тэд “Манай компани энэ хашааг барьж байгаа юм. Гэхдээ манай ажил бараг дуусч байгаа. Одоо өөр компани үргэлжлүүлэх юм гэсэн. Манайх “Монгол менежмент төв” гэдэг компани. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан тендерт шалгарч, хашаа барих эрх авсан. Энэ хашаа чинь уг нь бол үерийн далан. Нарны гүүрний энэ хавиас эхлээд бараг Гурвалжингийн гүүр орох зайд байгаа. Энэ хашааны орой дээгүүр дахиад төмөр хайс хийнэ” хэмээн ярив. Цементен хашааны өнгө, чанар үзтэл тиймхэн юм. Үнсэн саарал өнгө, хэзээ мөдгүй нураад уначих магадлал маш өндөртэй харагдах 20 см орчим зузаантай хавтан байв. Үүнийг босгох технологи гэвэл эхлээд төмөр сараалж зоогоод дараа нь түунийгээ панер модоор бүрж, голоор нь чулуу, цемент цутгасны дараа гадуурх модыг хуулж авснаар дуусгавар болох ажээ. Энэ технологийг дээрх хоёр эрхэм хэлж өгөв. Хавтангаа сайтар тогтоохын тулд ч юм уу, хоёр талаас нь шороо түрж, хавтангийн өндөртэй бараг чацуулан овоолжээ.
Энэ бүхэн бүтээн байгуулалт бус сөнөөлт шиг л харагдах юм билээ. Үерийн далан гэх энэ хашлага ямар учиртайг албаны хүмүүсээс сонирхлоо. Хавтангаар босгосон энэ хашааны ажил хэрэгч нэр нь “Сэлбэ, Дунд голын 2.6 км үерийн хамгаалалтын далан” гэх. Даланг босгохоор дээр нэр дурдсан “Монгол менежмент төв компани ажиллаж байна. Гэвч он дамжин хийсэн ч бүрэн дуусаагүй аж. Тиймээс энэ жил “Үерийн далангийн засвар шинэчлэлтийн ажил” гэсэн нэртэй тендер зарлажээ. Үерийн далан нэртэй хашлагыг босгоод нэг жил болоогүй байхад засвар пшнэчлэлтийн ажил хийгдэх болчихсон байдаг нь гайхмаар байв. Яг үүний учир Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, НЗДГГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга нараас мэдээлэл хүсэхэд “Хангалттай олон сонин хэвлэлээр гарч байгаа” гэсэн шалтаг хэлж, мэдээлэл өгөхийг үл хүсэв. Дээрх байгууллагуудын вэб сайтдаа тавьсан мэдээллээс үзэхэд өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд хоёр дахь тендерийг зарлажээ. Үерийн далан гэх арзайж сарайсан хавтан. хашаа ч гэх юм уу энэ зүйлийг босгох ажил нийтдээ таван тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд энэ жил гурван тэрбум гаруй төгрөгийг засвар шинэчлэлт хийхэд зарцуулах гэнэ. Таван тэрбум гаруй төгрөгөөр гурван км хүрэхгүй газарт салхинд хийсээд уначихаар далан босгож байгаа нь арай л дэндсэн мэт. Дунд гол үерлэх нь бүү хэл урсгал нь бараг л зогсчихсон байгааг дээр дурдсан. Гэтэл “Үерлээд сад тавина” гэж таван тэрбум гаруйн үнэтэй далан босгож буй нь амь тавьж буй голыг даапаалж байна уу даа гэмээр. Ер нь үерлэлээ уерлэлээ гэхэд гол эргээ даван халина гэдэгт олон хүн эргэлзэж буй биз ээ.
БИД ҮНЭХЭЭР ХАРГИС АЖЭЭ
1960-аад оны хүүхдүүд, эдүгээгийн нас тогтсон эрчүүд “Хүүхэд байхдаа Дунд голын усанд шумбаж, загас жараахай шүүрдэж өссөн” гэх юм билээ. Гэтэл одоо юун загас жараахай тогоо, шанага, оймс гутал, архи шар айрагны лааз өөр юу юу ч байгаа юм дүүрэн хог. Зарим газар хог дүүрч хогонд боогдон урсгал нь тасарсан байв. Хогны доогуур хаа нэгтээгээс амь тэмцэн мэлмэрч буй булингартай шар усыг харахад нүд хальтирна. Цасан дороос цухуйх голын эргийн ногооны үнэр уг нь өдийд таатай сайхан сэнгэнэж байх учиртай атал энэ эргээс үмхий ханхална. Эрэг дагуух элдэв бусын хог, өтгөнийг хараад дотор муухайрч, бөөлжис цутгалаа. Энэ бүх харгислалыг
Дунд гол минь яаж дааж, урсгалаа татчихгүй мэлмэрч байдаг юм бол доо, хөөрхий.
Нэгэнт амь тавих гэж буй голыг таван тэрбум төгрөгөөр хашаалан олны нүднээс нууж байхаар дүүрэн хөглөрөх хогийг нь хуу хамаад цэвэрлэчихсэн бол нүдээ олох ажил байж дээ гэмээр санагдсаныг нуух юун. Уг нь энэ сайхан голыг ногоон байгууламж болгож, амралтын бүсбайгуулчихадядахюмгүйсэн. Гэвч тэгэх “хоншоортой” аавын хүү алга бололтой.
“ХУРД” ГРУППИЙН ХАРШААС ЦУТГАЖ БУЙ УС ЯМАР УЧИРТАЙ ВЭ
Дунд голын урд эрэг, дулааны шугамнуудын дунд “Хурд” групп орон сууцны харш, хорооллууд босгож буй тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад бас л эл золгүй харшийн нэрийг иш татах нь. Нарны гүүрний яг доор газар доороос цухуйсан трубагаар хүчтэй ус урсан ирж Дунд гол руу цутгахыг харав. Газар доогуурх энэ трубаг хөөж үзвэл нөгөө үзүүр нь “Хурд” группийн “Аппартмент кей эйч” хотхоны өндөр хашаан дунд харагдлаа. Олны ярих нь “Дүнжингарав”, “Хурд” групп зэрэг компаниуд орон сууцны хорооллуудаа гүний усны судал дээр барьчихсан учир доороос нь оргиолон гарсан усыг тогтоон барих аргагүй болж, газар доогуур хонгил ухаж, труба татан, трубагаар усыг гол руу нь буцаан тургиж байгаа гэлцэх юм. Үүний үнэн худлыг мэдэх боломж бидэнд гарсангүй.
Дуунд мөнхөрсөн үзэсгэлэнт Дунд гол эдүгээ ийм л нэг эмгэнэлт төрхтэй мэлмэрч байна.
Ц.ЭРДЭНЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2013 12:16:52 pm )
uyerlehee bolvol savnaasaa halidag yum bas ch bolohgui shuu.gehdee orshuulj baij magadgui yum.
-
Anonymous (April 11, 2013 2:13:17 pm )
Dynd goliin ycand celj togloj uccun yumcan. Xarxaar gol xaralmaar l bolcon bn le. 19-r xoroolol 120n myangat kambinatiin 70-80 oniixon yamar gol baichiig ni xeleed ugnu du.
-
Anonymous (April 11, 2013 7:16:01 pm )
Түрүүчийн засгийн газарын мөнгө угаах нэг хэлбэр нь байлаа,Халзан Тавхайгийн толгой дээ үс ургах нь гонжийнжоо гэдэг шиг хатаж ширгэсэн Сэлбэ дахин урсана гэдэг нь гонжийнжоо.
-
Anonymous (April 14, 2013 12:29:07 pm )
gol n zam tavij bga biz dee
4 Comments