Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудорж,
Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалхүүгийн Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт Төрийн соёрхол хүртээлээ.
Ерөнхийлөгч Төрийн соёрхол хүртэгсдэд баяр хүргэж “Өнөөдөр Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдөр. Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт иргэддээ хүргэе. Монголын түүх бол агуу, түүнийг бүтээдэг ард түмэн бас агуу агаад уужим сэтгэлтэй, хэмжээлшгүй оюун ухаантай хүмүүс юм. Төрийн соёрхлыг улс тунхагласны ойгоор гарамгай бүтээлд олгодог уламжлалтай. Төрийн соёрхол хүртэж буй Ц.Бавуудорж монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан гайхамшигтай бүтээлээр дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, гүн гүнзгий яруу сэтгэхүйтэй шүү гэдгийг харуулж чадсан” гэсэн юм.
-Танд баяр хүргэе. Төрийн шагнал гардаж авсан мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Юуны өмнө шинэ залуу үеийнхний оюун санааны үйлсийг мэдэрч, хүндэтгэж байгаа монгол төрдөө баярлаж байгаагаа хэлье. Өнөөдрийн шагналыг миний туурвисан “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай гүнж” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” туульсын найраглалд олголоо. Энэ бүтээлүүдийг маань монгол оюун санааны сан хөмрөгт бүртгэж дансалж авсан үйл явдал боллоо гэж бодож байна.
-Төрийн шагнал авна гэдгээ хэзээ мэдэв?
-Өглөө дууллаа, гэнэтийн мэдээ байсан. Би Монголынхоо хөх тэнгэрээс хайрласан энэ жаахан авьяас мэдрэмжийг монгол оюун санааны дархлааг сахин хамгаалах тусын тулд зориулна гэсэн залбирлаар бүтээлээ туурвисаар өдий хүрсэн. Энэ залбирал цаашид ч миний уран бүтээлийн чиг шугам байх болно.
-Та энэ хүндтэй шагналыг авсан баяраа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцах вэ?
-МЗЭ-ийн байраар эхлээд орж, зохиолч найзуудтайгаа уулзана даа. Дараа нь Монголын радио явна, манай ажлынхан хүлээж байгаа. Энэ бол зөвхөн миний биш, Монголын утга зохиол, нийгэмд томоохон давалгаа болж гарч ирсэн 1990-ээд оныхонд маань хамаатай хүндэтгэл юм. Бидний үеийнхнийг өнөөгийн нийгэм, утга соёлд томоохон үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч байгаад нь төр, засагтаа баярлалаа.
-Одоо та ямар уран бүтээл хийж байна вэ?
-Анхны шүлгээ бичсэнээс хойш 30, анхны номоо хэвлүүлснээс хойш 22 жил өнгөрчээ. Энэ хооронд 11 ном хэвлүүлсэн. Одоо Буддын шашны томоохон бүтээл дээр сууж байна.
Т.Жанлав: Миний шавь нарт их ирээдүй бий
-Танд баяр хүргэе. Таны сэтгэгдлийг уншигчдадаа дамжуулах гэсэн юм?
-Баярлалаа. Манай дөрвөн хүнтэй багийн Тооцон бодох математик, номчлолын онолын чиглэлээр туурвисан цогц бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Энэ шагналыг өөрөө биш шавь нартайгаа авч байгаадаа баяртай байна.
-Төрийн шагнал авч байгаа бүтээлүүд олон жилийн ажлын тань үр дүн байх?
-Тийм ээ, олон жилийн бүтээлийн үр дүн. Би МУИС-д 42 жил 42 жил ажиллаж байна. Надтай хамт шагнал авсан шавь нарын маань хамгийн залуу нь 33, 37 настай. Миний шавь нарт их ирээдүй бий дээ.
Д.ЖАРГАЛМАА
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 29, 2012 6:40:22 pm )
НҮДЭЭ ОЛСОН ТӨРИЙН ШАГНАЛТАН НАРТ БАЯР ХҮРГЭЕ ЕРӨНХИЙЛЭГЧ ОВОО Л ДОО БАС НЭГ САГСУУ ХАР ЮМАНД ӨГЧИХӨӨАҮЙ НЬ ЯАМАЙ ДАА
-
Anonymous (November 29, 2012 7:29:06 pm )
ergyy yaruu nairagch
-
Anonymous (November 30, 2012 6:06:51 pm )
Odoo ovoo uhaan suuh biz ee.Begziin Yavuuhulan, Delt azarga Chimiddorj,Mishigiin Tsedendorj nariin derged ch ichmeer damshigdaa. Geed yahav mundag humuus ni tengert halin odsonoos hoish burhangui gazart bumba galzuurah erin tsag irsen.
-
Anonymous (December 13, 2012 7:32:16 pm )
Хоёр багш өөр өөрийн шавьтайгаа шагнуулж дээ
4 Comments