antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2012 2 comments

Гурван тэс сумаар ийм сонинтой байна

нийтлэсэн Admin

Тэртээ зүүн талын униартан  харагдах өндөр хөх уулын зүүн сугаар улаан шаргал наран бүлээн элчээрээ гэрэлтүүлэн  ээх ажээ. Урд зүг рүү хараа сунгавч үл гүйцэх цэлийсэн тал дундуур хүнд даацын машинууд тоос татуулан давхиж харагдана. Мөн сумын төвийн зүүн урд талын дэрсэнд хэдэн тэмээ хоножээ. Говь нутгийн  шинэхэн өглөө, шинэ өдөр эхэлж байгаа нь энэ.   Сумын төвийнхөн босоогүй байгаа бололтой юм. Гудамжаар нэг ч хүн харагдсангүй. Хаа нэгтээ айлын нохой хуцах л сонсогдох аж.

06:10 цагийн үед сумын Соё­лын төвийн тэр хавиас чанга яриг­чаар Монгол Улсын төрийн дуу­ллыг тавих нь тэр. Буйдхан жижиг сумын төвийн цагаан хоолойгоор

“Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун го­ломт”… хэмээн Монгол Улсын төрийн дуулал хангинаж эхэлжээ. Төд удалгүй гудамжаар хүмүүс ч холхилдлоо. Сумын төвийн гудам­жаар мотоцикльтой залуус хааз нэмэн хурдлах аж. Гудамжны үзүүрт хоорондоо мөргөлдчих шахан тоормослоод л арай гэж зөрөн цааш давхиж яваа хараг­дана.

Өмнөговь аймгийн Гурван тэс  бусад аймгийн сумдыг бодвол залуухан сум. 1954 онд Сэврэй, Ноён сумаас хэдэн баг тасалж анх байгуулж байжээ. Соц нийгмийн үед болж бүтэхгүй хүмүүсийг энэ сум руу нутаг заадаг байсан гэнэ лээ. Анх байгуулагдаад сургууль, эмнэлэг гээд л юм юмтай сум болж байсан түүхтэй аж. Оршин суугчид ч цөөн тоогоор нэмэгддэг байсан гэдэг. Харин одоо бол Монгол Улсын хамгийн том газар нутагтай сум гэж байгаа. Нийт 2.8 сая га газар нутагтай гэсэн байх шүү. Дөрвөн жилийн өмнө гурван мянга гаруй хүн амтай байсан юм билээ. Харин уул уурхайн томоохон ком­паниуд орж ирснээр арван мянган хүн амтай болсон аж. Үүнийгээ дагаад хөгжил ч овоо ирж байгаа гэдгийг сумын Засаг дарга О.Баттогтох хэлж байна лээ.

Ингээд Гурван тэс сумын төвөөр сонин сайхан юу байгааг сонирхон гараад таваргачихлаа. Сумын төвийн чанх хойно гурван давхар барилгын ажил эхэлж байв. Ба­рилга дээрээс хэн нэгэн чангаар “Хөөе бетон зурмагаа хурдал, Тоосгоо зөөгөөч ээ” хэмээн хаш­гирах нь сонсогдох аж. Энд хоёр ч газар гурван давхар барилга барьж байлаа. Тэнд байсан залуусаас юунд зориулж гурван давхар ба­рил­га барьж байгааг асуулаа. Тэгтэл нэлээд өндөр залуу хүрч ирээд “Өө манайх “Монголын алт” компани байгаа юм аа. Энэ сумын сургуулийн хүүхдүүдэд 320 хүүх­дийн багтаамжтай дунд сургуулийн барилга барьж байгаа юм. Хажуу талын барилга нь дотуур байр. Энэ намар ашиглалтад оруулна” гэв. Гурван тэс сумын дунд сур­гуулийн хүүхдүүд энэ намар нэг давхар урт цагаан сургуулиасаа гурван давхар шинэ сургуульд хичээлийн шинэ жилээ угтах нь ээ. Удахгүй шинэ хоёр давхар эмнэлэг баригдах юм байх. Төсөв мөнгө нь бэлэн болчихсон гэсэн. Харин өнгөрсөн жил хоёр давхар 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг баригдсан байна. Хөрөнгө мөнгийг нь он гарсаар олон нийтэд шуугиан тариад байгаа “Саусгоби сэндс” гаргасан юм байх. Бас “Чинхуа” гэсэн байх шүү, тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа нэг ком­пани сумын залуучуудад спортын заал барьж өгсөн байна.

Энэ мэт Гурван тэс сум сүүлийн хэдэн жил эрчимтэй хөгжиж байгаа юм билээ. Өмнө нь багийн төв шиг л ундуй сундуй аж төрдөг байсан бол одоо шал өөр болж байгаа нь энэ аж. Сумын Засаг даргын Там­гын газар дээр яваад очлоо. Хоёр залуу үүдний сандал дээр нарлаж байгаа бололтой сууж байна аа. Хоорондоо “Энэ муу газар өгөхгүй юм. Хоёр сая төгрөг өгчих гэнэ. Нутагтаа газар авч чадахгүй балар­даг юм байна. Одоо жил ирэх тусам газрын үнэ нэмэгдэх байх даа. Нөгөө Батнайрамдал чинь хашаа­гаа найман сая төгрөг гэж байна. Хотоос банз ирсэн байна. Очиж үзээд ирлээ. Хоёрын банз нэг ширхгийг нь 4500 төгрөгөөр цаад Бааргай ах чинь зарж байна. Үнийг нь буулгах шинж алга” хэмээн ярих аж. Тэднээс танай суманд газар ямар үнэтэй байдаг юм бол гэж асуулаа. Гайхаж байгаа бололтой харж байснаа “Өө үнэ нь дийл­дэхгүй юм. Энэ муу газрын бай­цаагч бүүр давраад байна. Өөрийн­хөө  юмыг өгч байгаа юм шиг л юм болдог юм. Харамлаад байдаг юм уу, эсвэл үнэхээр Мон­голд газар олдохоо байсан юм уу бүү мэд” гэцгээв.

Шинэхэн баригдсан спорт заа­лаар яваад орлоо.  Нэг өрөөний хананд  нь сумын алдартнуудын хөрөг зураг өлгөөтэй байгаа хараг­дана. Бас чулуужсан үлэг гүр­вэлийн яс болон эрт дээр үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг үзмэр болгон тавьжээ. Мөн дэлхийд ховордоод байгаа цоохор ирвэсний чихмэл хүртэл байх юм.  Эрхлэгчээс нь цоохор ирвэсний талаар асуулаа. Тэгсэн “Гурван жилийн өмнө хулгайн анчид Тост ууланд хавх тавьсан юм билээ. Тэгээд хавхаа авалгүй эр­гээд явчих­сан юм шиг байгаа юм. Нутгийн нэг хүн цоохор ирвэс хавханд ороод үхчихсэн байна гэж хэл дуулгаад, сумын төвөөс хүмүүс очиж олж ирсэн юм. Хулгайн анчид хаяад явсан цоохор ирвэсийг чих­мэл болгоод тавьчихсан юм аа. Манай музейн буланд орж ирсэн хүмүүс үзээд гайхдаг юм. Цоохор ирвэс, Хүннүгийн үеийн эд зүйлс, чулуужсан үлэг гүрвэлийн яс гээд л сонирхолтой зүйлс манайд бий.  Манай сум чинь дэлхийд ховор­доод байгаа цоохор ирвэсний эх өлгий нутаг шүү дээ” гэв.

Гурван тэс суманд “Цоохор ирвэс хамгаалах сан”гийнхан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм билээ. Бас судалж байгаа гэсэн. Судалгааны багийн цоохор ирвэ­сийг түр муужруулах тариагаар буудаж унагаад, камертай хүзүүвч суулгадаг гэнэ. Хэд хэдэн удаа ийн муужруулах тариагаар буудаж унагасан гэдгийг нутгийн иргэд ярьж байлаа. Сүүлийн үед “сенсаац” мэдээ болоод байгаа зүйл нь цоохор ирвэс айлын мал руу дайрах болжээ. Бүр Тост уулын хажууханд нутаглаж байгаа Мян­ганбаатар гэх айлын арав гаруй хонинд хүрчихжээ. Мөн яг л согтуу хүн шиг болчихоод нөгөө малыг нь барьсан айлынхаа хажуухан талд хэвтээд өгсөн юм байх. Гэрийн эзэн Мянганбаатар  хий буудаад наа­наас нь хашгираад ч явахгүй гэрийн нохой шиг л хэвтээд байгаа гэсэн. Энэ сум ховордсон амьтад олноор сүрэглэн амьдардаг газар нь гэсэн. Мазаалай хүртэл амьдарч байсан нутаг. Аргаль, янгир, тахь гээд л ховор амьтад энэ нутагт бий. Эдгээр амьтдыг дагаад хулгайн ан хүртэл олон гардаг байна. Он гарсаар аргаль, янгир буудсан хэрэг зургаан удаа гарсан гэсэн

Гурван тэс суманд Шивээ хүрэн­гийн боомт бий. Монгол Улс анх удаа энэ боомтоор нүүрс экс­пор­толж байсан түүхтэй. Сумын иргэдийн ярьж буйгаар нэг тулгамд­сан асуудал байна. Тэр нь урд хөршөөс цахилгаан авдаг юм бай­на. Хятадууд цахилгаанаа үе үе тасалж сумынхныг зовоодог юм байх. Бүр арав гаруй хоног таслах нь ч энүүхэнд. Өнгөрсөн жил нут­гийн иргэд хилийн боомт дээр очиж жагсаал хийж байж  арай гэж цахилгаанаа залгуулж байсан гэнэ.

Сумын төвийн дэлгүүрээр ор­лоо. Худалдаалж байгаа барааны ихэнх нь Хятадынх.  Бүр тусгай устай бэлэн гоймон байна. Аягатай гоймонгийн хажуу бөөрөнд зүүсэн савтай тусгай усаа хийгээд, амтлагчийг нь нэмэхээр нөгөөх ус нь шууд буцалдаг юм билээ. Тэр гоймон нэлээд эрэлттэй бараа гэж байгаа. Чихэр, зайрмаг нь  хүртэл Хятадынх аж. Үнэ нь маш хямд юм билээ. “Хөөвөр” гэх дэлгүүрийн үүдэнд хэдэн залуу суучихаад хоорондоо юм ярьж байна аа. Тэдэнтэй мэнд мэдэлцээд,  яриа өдлөө. Тэгсэн  өөрий­гөө Баатарцогт гэх махлаг биетэй залуу “Энэ муу фургоноо маргааш “цэнэг­лээд” хил гарна аа. Хэдэн килог­рамм гоёо байгаа. Тэрийгээ гаргаж хэдэн юм болгохгүй бол хоосор­чихлоо” гэх нь тэр. Тэд УАЗ Фургон маркийн авто машин “цэнэглэж” хил гарах талаар ийн ярилаа. Бүр “цэнэглэдэг” газраа үзүүлэв.  Фур­гон машины шалыг  давхар шалла­чихдаг аж. Тэрэндээ хөнгөн цагаан, зэс хийдэг гэнэ. Мөн хаалганыхаа хажуу талын хөмсөг, арын хаал­ганы завсраар хүртэл “юм” хийдэг байна. Гадна талаас нь харахад хов хоосон фургон хилээр давхиад ордог гэсэн. Харин цаанаа их юм нуудаг байна. Пургонд нууц аргаар 28 кг говийн гоёо гэх ховор ургамлыг гаргаж болдог гэсэн. Мөн наймдугаар сараас эхлээд дэлхийд нэн ховордоод байгаа говийн ца­гаан гоёо гэх ургамлыг хилээр гаргах нууц ажил ид эхэлдэг байна. Үүнд хил гаалийнхан хүртэл хол­боотой байдаг гэдгийг тэнд зогсож байсан залуус батлан ярьж байв.

Гурван тэсийн Цагаан давс гэж алдартай газар бий. Давсны уур­хай хүртэл ажиллаж байна. Жилд 20 гаруй мянган тонн давс гаргадаг гэсэн. Давсны уурхайд нутгийн тавь гаруй настай хэдэн хөгшчүүл ажил­лаж байна лээ. Уурхайд очиход ус нь шүүрсэн цагаан давсыг шуу­дайлаад 500 метр орчим үүрч гаргаж байгаа хүмүүс угтсан юм. Тэд нэг тонн давсыг 50 мянган төгрөгөөр худалдаалдаг гэсэн. Хятадууд болон давсны үйлд­вэрүүд тэс нутгийн цагаан давсыг их хэмжээгээр нь авдаг байна.

Тэндээсээ хөдөлж сумын төв орлоо. Сумын төвийн захиргааны орчимд гурван цагдаа нэг хайрцаг бариад явж байна. Харин тэднийг дагаад арав гаруй хүмүүс явах аж. Жижигхэн хайрцагтай зүйлийг нэг цагдаа хоёр гараараа газар унага­чихвий гэсэн шиг  хичээнгүй  барьж явна. Харин хоёр цагдаа нь нөгөө хайрцаг болон цагдаагаа хам­гаалж явна. Ямар учраас ийн хайр­цаг хамгаалж авч явааг асуулаа. Тэд урьдчилж санал авах сонгуулийн хайр­цгийг ийн авч явсан нь тэр байжээ. Ингэж авч яв гэж дээрээс нь үүрэгд­сэн гэсэн. Гэхдээ тэр хайрлаж авч яваа хайрцганд нь гурван хүний л санал байгаа юм билээ.

Тус газарт арав гаруй зочид буудал бий. Мөн энэ тооны баар, ресторан бий. Орой болохоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансар хавийнх шиг л хөл хөдөл­гөөнтэй болдог байна. Энд тэндгүй согтуу хөлчүү залуус яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тойрч зогс­чихоод л. Наагуур нь охид нам­жирдаж гүйгээд л. Өглөөгүүр хөл хөдөлгөөн багатай байсан сум шөнө амилдаг аж. Тэнд уул уур­хайн ажил их учраас бусад аймаг, нийслэлээс ирсэн 15аас дээш насныхан их. Цалин буух үеэр нь таарч очсон болоод ч тэр үү тэртээ говийн зэлүүд нутаг хүн хөл ихтэй байв. Өмнийн говийн шаргал элс, заган шугуйтай Гурван тэс сумаар ийм сонинтой байна даа.

Э.ХҮРЭЛБААТААР

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (July 03, 2012 1:51:11 pm )

    xamag nuursiig ni l haraal edsen hujaa nar zoogood bga ym da. Uul ni saikhan nutag bnaa lee

  • Amie Mechem (September 12, 2013 5:44:34 pm )

    I simply want to tell you that I am just new to blogging and absolutely loved this web site. Very likely I’m want to bookmark your site . You actually come with wonderful articles. Many thanks for ***ring your website.

antalya rent a car