СЕХ-ны өчигдөрийн хуралдаанаас ийм шийдвэрийг гаргажээ. Учир нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг бүртгэх эсэх асуудлыг ЦЕГ, АТГ, ШШГЕГ- аас тус тус лавлагаа авсны дараа шийдвэрлэхээр хойшлуулсан байна.
Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж өмнө нь бүртгэхээс татгалзсан хэдий ч хуулийн дагуу зөрчлийг арилгаж нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр СЕХ-нд дахин хандсан зарим нам, эвслийн нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаас Монголын Уламжлалын нэгдсэн намын зургаа, Эх орон намын тав, Монголын Социалдемократ намын долоо, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын хоёр, Хөгжлийн Хөтөлбөр намын тав, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэг нэр дэвшигчийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр тус тус бүртгэхээр шийдвэрлэжээ.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн С.Нарангэрэлийг “Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно” гэдэг заалтыг үндэслэн мөн түүнээс гадна нэр дэвшигч С.Нарангэрэл, Н.Санжаадорж нар нь төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэсэн холбогдох хуулийн заалтын шаардлагыг хангаагүй учир бүртгэхээс тус тус татгалзжээ.
Т.ГЭРЭЛ
Холбоотой мэдээ
Comments are closed.