antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 1 comment

Монголчууд заавал Ардын намын амуу буудайг идэж сонгуулийнх нь мөнгийг босгох ёстой юу

нийтлэсэн Admin

ИЛҮҮДСЭН БУУДАЙ

Атрын III аяны үр дүн гарлаа. Монголчууд амуу тариагаар бялхаж байна. Өөрсдөө идээд барахгүй, гадаадад гаргана. Хоёр хөрш маань биднээс их тариа хураасан тул тэд л лав авахгүй гэнэ. АНУ, Япон, Франц руу шахах гэтэл тэдний малын тэжээл нь бидний иддэг гурилаас илүү чанартай. НҮБ-аар дамжуулаад Африкийн буурай орнуудад шахах гэхээр үнэгүй авах гээд балайраад байдаг. Уг буудайнаас архи, түлш гээд олон ашигтай бүтээгдэхүүн гаргаж болно л доо. Харамсалтай нь монголчууд ходоодоо архиар дүүргэсэн дэлхийн ганц орон. Түлш хийх нь ажиллагаа ихтэйгээс гадна орос ах нарын дургүйг хүргэнэ. Өнгөрсөн хоёр жил дэлхийн хэмжээнд буудай ховордож зах зээл дээр аравхан хоногийн дотор 20 хувиар нэмэгдэж байсан. Оросууд үр тарианы экспортдоо хориг тавьж Африкийн олон орон хүнсний хомсдол орж байв. Харин энэ жил хаа сайгүй ургац сайн гарсан тул өнгөрсөн жилүүдийнхээс буудайн үнэ 30 хувиар хямдарчээ. Энэ байдал нь манай өндөр үнэтэй гурилыг шахах орон зайг үгүй болгосон аж. Харин асар өндөр өртөгтэй хураасан их хэмжээний ургацыг далд оруулах мэргэн арга Засгийн газар бодож олсон гэнэ. Энэ нь хямд буудай оруулахыг хориглож, өндөр өртөгтэй буудайг үйлдвэрүүдэд шахах. Өөрөөр хэлбэл гадны орны үхэр тоож идэхгүй буудайг хил, гаалиар хавчиж байгаад монголчуудад идүүлнэ. Нэг сумаар хоёр туулай буудна. Эхний ээлжид компаниудынхаа өрийг хаана. Дараагийн ээлжид ирэх УИХ-ын сонгуулийн мөнгө компаниудаас босгоно. 340 мянган тонн үр тариаг тонн тутмыг нь 300 ам.доллараар монголчуудад шахна. Нийтдээ 100 гаруй сая ам.доллар болно. 2010 оны тооллогоор Монгол Улс 750 мянган өрхтэй болсон. Тэгэхээр Атрын III аяны үр дүн өрх бүр хагас тонн буудай борлуулж 150 төгрөг хандивлана. Гэхдээ энэ бол зөвхөн буудайнд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Буудай нь гурил, талх, боов болж ирэхдээ өрх бүрээс 300 мянга шахам төгрөг гарна. Засгийн газрын толгой үнэн сайн ажиллаж гэж үзэж болно. Учир нь өндөр үнэтэй гурил авах иргэд цөөн тул иргэн бүрт 21 мянган төгрөг тараана. Энэ мөнгө бол нэг шуудай гурил + нэг шил архи. Бизнес гэж юу байдгийг манай Ерөнхий сайд харуулж байна. Өнгөрсөн жилүүдэд гурил ховордоход бас мөнгө хийсэн. Хямдхан гурил оруулж ирнэ гэж хэдэн тэрбум төгрөг зарсан боловч гурилын үнэ буураагүйгээр барахгүй өссөн. Дэлхийн зах зээл дээр гурилын үнэ өссөн ч, буурсан ч манай Ерөнхий сайдад мөнгө хийх арга байнга бэлэн байдаг аж. Одоо гурилын үнэ өсөх, буурах, гурил хомсдох, илүүдэх гэх мэт ямар ч үзэгдэл болсон Засгийн газар даван туулж чадна.

ТӨРИЙН БУУДАЙ

Монголын үр тарианы зах зээлийг 100-гаадхан өрх атгадаг мэдээ бий. Тэгвэл дээрх 100 сая ам.доллар тэдэнд очно. Гэхдээ ямар ч хувийн өмчид халдах санаархал бидэнд байхгүй. Харин төр их хэмжээний зээл өгөөд, түүнийгээ зах зээлийн бус аргаар өсгөх боломж бүрдүүлж байгаа нь л шударга бус гэж үзэж байгаа юм. Анх Атрын III аян хэмээн сүржнээр зарлаж байхад монголчууд алга ташин угтаж авсныг Засгийн газар мартаагүй байх. Гэхдээ гуравхан жилийн дараа аяны үнийг төлөх гэж дэлхийн зах зээлээс гурав дахин үнэтэй гурил иднэ гэж хэн ч санаагүй биз. Үнэхээр зах зээлийн жамаар гурилын үнэ өссөн бол буруутгаад байх зүйл байхгүй. Бензиний үнэ өсөхөд монголчууд хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Учир нь бид хүнээс авч байгаа гэдгээ ойлгодог. Гэтэл Засгийн газар маань дэлхийн зах зээл дээр хямд байгаа гурилыг өөрийн ард түмэндээ өндөр үнээр шахаж байгаа нь л ойлгомжгүй байна. Багтай эх сурвалжийн мэдээллээр бол үр тарианы компаниудын дийлэнх нь эрх баригч Ардын намын гишүүд. Оросоос их хэмжээний зээл авах шийдвэрийг тэд л гаргасан. Оросын өндөр зарлагатай, ашиг муутай техникийг тэд л компаниудад шахсан. Тонн буудай тутамд 50 мянган төгрөг олгох шийдвэрийг ч тэд гаргасан. Эцэст нь хилээр хямд буудай оруулахыг хориглосон шийдвэрийг гаргалаа. Эндээс харвал төр өөрөө шууд бизнес хийсэн нь харагдана. Төр цагаандаа гарч, бизнес гэхээсээ илүү дээрэм хийж байна гэвэл үнэнд дөхнө. Хэдэн жилийн өмнө Э.Бат-Үүл Сүхбаатарын талбайг трактороор дүүргэв. Тэрээр үржил шимтэй их хэмжээний газартай, үр тарианы компаниудыг газартай, юутай нь тариаланчдад хувьчлах уриатай. Тухайн үедээ Э.Бат-Үүлийг нэр хүндээ өсгөх зорилгоор үр тариаг улстөржүүлж, тариаланчдыг турхирч байна хэмээн ихэнх мэдээллийн хэрэгслүүд буруутгаж байв. Харин өнөөдөр үр тарианы ихэнхийг хураадаг Сэлэнгийн бүсийн ихэнх газар үе үеийн сайд нарын гарт орж, эрх баригч намаар дуртай шийдвэрээ гаргуулдаг болов. Хэн нэгэн сайд ямар нэгэн аж ахуй эрхэлж болно. Гэхдээ хэсэг бүлгээрээ нийлж зах зээлийг дангаараа ноёрхож, төрийн албаар зах зээлийн эсрэг шийдвэр гаргуулж, айл өрхийн зарлагыг нэмэгдүүлж ашиг олох эрх хэнд ч байхгүй. Өнөөдөр биш ч, маргааш хариуцлага хүлээх үйл ажиллагаа. Эцсийн бүлэгт Атрын III аян гаднаас харахад социализмын үеийн төр ургацаа хурааж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ эрх баригчдад ойр хэдэн компанийн захирлуудын үйл ажиллагаа болж таарч байна. Төр өнөөдөр газар тариалангийн салбарыг зохиомлоор босгож байна. Маргааш өөр ямар ч салбарыг албадмал аргаар босгож болно. Энэ бүхний төлөөсийг ард түмэн төлнө. Уул уурхайгаас орж ирэх асар их мөнгө бий. Дараагийн аянд түүнээс хэдийг зарцуулж хэнийг хөрөнгөжүүлж, хэдэн тэрбумыг намдаа татахыг хэн ч мэдэхгүй. Хэрэв Атрын аян эхлээгүй байсан бол монголчууд өнөөдөр хямд гурил идэх боломжтой байсан. Гитлер ард түмнээр алга ташуулж гарч ирсэн байдаг. Хожим нь түүн шиг ард түмнээ хорлосон хүн өнөөг хүртэл түүхэнд төрөөгүй байна. Төр тариа тарьсны үр дүнд өндөр үнэтэй талх иднэ гэж хэн ч санаагүй. Хээрийн боохой дагасан гэрийн нохой шиг аюултай юм байхгүй гэж хөдөөгийнхөн маань ярьдаг. Түүнтэй адил ардчилсан сонгуулиар байгуулагдсан Засгийн газарт шургалсан газрын эзэд төрөөр тариагаа тариулж, ард түмэнд шахна гэдэг нь дэндүү даварсан ажиллагаа юм. Тэр тусмаа төрийн тарьсан буудайг хүчээр хувийн үйлдвэрт шахна гэдэг нь улс орны эдийн засагт асар их хэмжээний хохирол учруулсан томоохон эрүүгийн гэмт хэрэг юм.

ЗАХ ЗЭЭЛИЙН БУУДАЙ

Манайд айлчилж байгаа Германы канцлер А.Меркель өчигдөр Монголын парламентад үг хэлэхдээ “Ардчиллын чиг баримжаатай орон” гэж хэлэв. Зах зээлийн тухай нэг ч үг хэлсэнгүй. Европын холбоо манай улсыг зах зээлийн оронд тооцдоггүй. Өнөөдөр дэлхийн ихэнх өндөр хөгжилтэй орнууд зах зээлд оролцох оролцоогоо багасгах тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл төсвөө танах, төрийн байгууллагууд аж ахуйн үйл ажиллагаанд оролцохыг багасгах зэрэг алхмуудыг хийж байна. Гэтэл Монголын Засгийн газар яг эсрэгээр ажиллаж байна. Тэд ДНБ-ий талыг хамаад зогсохгүй газар тариалангийн компаниудыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байна. Монголчууд өнөөдөр гурилаар хангагдсан тухай сурталчилгаа өдөр, шөнөгүй мэдээллийн хэрэгслээр цацагдсаар. Гэтэл үнэн хэрэгтээ Засгийн газар дампуурсан үр тарианы   компаниудыг   аварч байгаа мэт үйл ажиллагаа явуулж байна. Зах зээлийн эдийн засгийн хуулиар бол аливаа компанийн оршин тогтнох чадвар бол өрсөлдөөн. Үр тарианы компаниуд өнөөдөр хөл дээрээ боссон, монголчуудыг байнга гурилаар хангах чадвартай болсон нь үнэ бол нэг төгрөгийн дэмжлэг төрөөс шаардахгүй. 340 мянган тонн буудайнд 14 сая ам.доллар дэмжлэг болгон өгнө. Хувийн компаниудад ийм хэмжээний дэмжлэг үзүүлэх нь бусад хүнсний салбарт томоохон цохилт болно. Учир нь өнөөгийн гучин 38 хувийн ядууралтай нийгэмд хүссэнээ бус хямдыг нь л сонгож ходоодоо дүүргэнэ. Мөн бусад салбарууд мөнгө нэхэх шалтгаан болно. Өнөөгийн борлуулалтгүй буудай ирэх жил бас мөнгө нэхнэ. Гэтэл дэлхийн зах зээлд гурав дахин хямдхан байгаа буудайг төрийн тавьсан гаалийн татварын улмаас 400 доллараар идэх үүрэг Засгийн өмнө ард түмэн хүлээх нь. “Алтан тариа”-ны Цэнгүүний яриагаар бол тус компанийнхан гаднаас нэг грамм үр тариа оруулаагүй. Боломжийн хэрээр хямд гурил үйлдвэрлэж байгаа. Харамсалтай нь Засгийн газрын ард түмний халааснаас суйлж тонн тутамд өгсөн 50 мянган төгрөг гурилын үнийг хөөрөгдөхөд хүргэж байгаа аж. Татвар төлөгчийн халааснаас гарсан мөнгө татвар төлөгчийн худалдан авах бараан дээр нэмэгдэнэ. Ард түмэн татвараасаа арван сая ам.доллар компаниудад тушаачихаад, түүн дээрээ нэмж арван сая ам.доллар төлж талх худалдаж авна. Эндээс үр тарианаас орох 100 сая ам.долларын ашиг хэнд очих вэ гэсэн асуулт гарна. Ард түмэнд лав очихгүй нь. Тариаланчдын цалин гээд овойж, оцойсон юм алга. Эхний ээлжид Оросын техникийн компаниуд ашиг хүртэнэ. Дараагийн ээлжид зээл олгогч нар ашиг хүртэнэ. Хамгийн их ашиг нь газрын эздэд очно. Тэр их ашгийн хэдэн хувь зээл олгосон, нэмэгдэл өгсөн, хил, гаалийн татвараар үнийг өсгөж өгөх шийдвэр гаргасан эрхмүүдэд очих бол. Мөн хэдэн хувь нь шийдвэр гаргагчдыг томилсон удахгүй УИХ-ын сонгуульд орох гэж байгаа Ардын намд очих бол.

Х.БАТТӨГС

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 15, 2011 1:42:15 am )

    ENE NOWSHIIN MAN-IINHAN YAAGAAD SUNUHGUI BNAA. BUUR NEG TSAISAN LUIWARCHID.

antalya rent a car