antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

Ж.Батзандан: Төрийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон хохирлыг Төр хариуцах ёстой

нийтлэсэн Admin

Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны ерөнхий зохицуулагч, ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Танай холбооноос хотын дарга Г.Мөнхбаяр тэргүүтэй хотын удирдлагуудад хандаж таван асуулга тавьжээ. Яагаад асуулга тавих болов?

-Үндсэн хуульд зааснаар төрийн байгууллага иргэдэд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй. Хотын удирдлагуудын хууль бус үйлдэл, эс үйлдэл буюу хийх ёстой үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж нийслэлчүүдэд олон тэрбум төгрөгийн хохирол учирсаар байна. Тиймээс хотын дарга Г.Мөнхбаярт хандаж “Таны төлөө таван асуудал” олон нийтийн аяны хүрээнд улаанбаатарчуудад тулгамдаж буй таван асуулгыг тавьж байгаа юм. Хотын утаа хог, хаягдлаас болж нийслэлчүүдийн хэдэн хувь нь амьсгалын замын өвчинд нэрвэгдэж байгааг та мэдэж байна уу. Замын түгжрэл эвдрэлээс болж нийслэлчүүд цагаа үр ашиггүй өнгөрүүлж, хүний эрх зөрчигдөж, хичнээн төгрөгийн эдийн засгийн алдагдалд орж байгааг ойлгож байна уу. Улаанбаатар хотод нийгмийн хэв журам алдагдаж, архидан согтуурах, ядуурал ихэсч эмх замбараагүй байдлаас хичнээн хүн гэмт хэрэгт холбогдож, золиос болж байгааг та мэдэж байна уу. Улаанбаатар хотын удирдлагуудын хууль бус үйлдэл, газрын наймаа, авлига хээл хахууль газар авсан гэдэг нь иргэдийн судалгаанаас тодхон харагдаж байна. Үүнээс болж хичнээн хүн хөрөнгө, амь амьдралаараа хохирч байгааг та мэдэх үү. Улаанбаатарчуудын амьд явах, эрүүл аюулгүйн орчинд амьдрах эрх, эрх чөлөө алдагдсаны улмаас нийслэлчүүдэд учирсан хохирлыг барагдуулах, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээхэд та бүхэн ямар ажил явуулж байна вэ  гэсэн таван асуулгыг хотын удирдлагуудад явуулаад сууж байна. Энэ таван асуулгын хариултыг энэ аравдугаар сарын 11-ний дотор явуулна уу гэсэн. Одоогоор хариу ирүүлээгүй л байна.

-Хотын өнөөдрийн болж бүтэхгүй асуудал бүхэн зөвхөн хотын нэг даргаас хамааралтай биш шүү дээ?

-Иргэд амьдарч байгаа хотынхоо удирдлагуудаас, төр засгаасаа байнга асуудаг байх эрхтэй. Иргэдийн асуух эрхийг хэн ч хязгаарлах ёсгүй. Нийслэлийн Ардчилсан хүчний холбооноос иргэдийнхээ асуух мэдэх эрхийг хэрэгжүүлж байна. Бид цаашид улирал болгонд төр засгийн удирдлагуудад асуулт тавих болно. Энэ бол ардчилсан нийгмийн тогтсон хэм хэмжээ юм.

-Асуулга тавьснаар эцсийн ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байна вэ?

-Хотын удирдлагуудын хууль бус үйлдлээс болж Монголын иргэдэд учирсан хохирлыг бид тогтоолгохыг хүсч байна. Өндөр хөгжилтэй улс оронд замын эвдрэлээс болж иргэдийн автомашин, эд хөрөнгөд хохирол учирвал хотын захиргаанаас нь нөхөн төлбөр төлдөг. Төрийн хууль бус шийдвэрээс болж иргэдэд хохирол учирсан тохиолдолд төр засгаас хохирлыг нь барагдуулах үүрэгтэй байдаг л даа. Манай Үндсэн хууль болон бусад хуулиудад ийм боломж нээлттэй бий. Олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс ямар ч иргэн хүн төр засгийн байгууллагыг шүүхэд өгөх эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Одоогийн замын түгжрэлээс болж өдөрт нэг хүн 1-2 цагийг үргүй зарцуулдаг. Долоо хоногт гэхэд 10-15 цагийг эдийн засгийн ашиггүй өнгөрүүлж байна гэсэн үг. Тэгэхээр алдагдсан орлого, эдийн засагт учирч буй хохирлыг хэн хариуцах вэ. Хотын удирдлагуудын бодлогогүй үйл ажиллагаанаас болж олон мянган хүн алтан цагаа дэмий үрж байна. Цаг гэдэг мөнгө, баялаг шүү дээ.

-Агаарын бохирдлыг бууруулах тухай олон жил яригдлаа. Өнөөг болтол буурахгүй байгаа шалтгааныг хаанаас хайх ёстой юм бэ?

-Улаанбаатар дэлхийд агаарын бохирдлоороо дээгүүрт багтдаг. Гэтэл жил болгон агаарын бохирдлыг бууруулна хэмээн хотын захиргаанаас олон тэрбум төгрөг зарцуулдаг. Утаанаас болж хохирч байгаа иргэдийн эрүүл мэндийн хохирлыг эргээд хэн төлөх вэ. Хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх вэ гэдгийг тооцож гаргах хэрэгтэй. Ардчилсан улс оронд төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон хохирлыг төр өөрөө хариуцах ёстой байдаг. Хэрэв иргэн иргэндээ хохирол учруулбал нэг нь хариуцлага хүлээж хохирлыг барагдуулдаг. Тэгсэн хэрнээ төр иргэнд хохирол учруулбал ямар ч хариуцлага хүлээдэггүй өнөөгийн байдлыг таслан зогсоохыг бид хүсч байна. Хотын удирдлагын эс үйлдэл буюу хийх ёстой ажлаа хийхгүй байгаагаас болж олон мянган иргэний эрх зөрчигдөж байна. Хотын төсвийг бодит байдал дээр иргэдийн эрх ашгийг хамгаалж сайжруулахын төлөө зарцуулахгүй байна. Хэдэн дарга нарын халаасыг дүүргэх, тэдний ахуй амьдралыг сайжруулахад зориулагдаж байгаад харамсч байна. Манай Нийслэлийн Ардчилсан хүчний холбооноос цаашид олон арга хэмжээ явуулна. Үүний нэг нь хотын удирдлагуудыг Захиргааны шүүхэд өгч тэдний эс үйлдэл иргэдэд учирсан хохирлыг тогтоолгохыг зорьж байна. Энэ бол эхний алхам. Нийгэмд хариуцлагын шинэ жишгийг тогтоох нь зүйтэй. Хариуцлагын хувьсгалыг эхлүүлмээр байна.

-Захиргааны хэргийн шүүхэд хандана гэж ярьж байна. Ямар үндэслэл дээр тулгуурлан шүүхэд хандах вэ?

-Хууль ёс, эрх ашиг нь зөрчигдсөн иргэд төрийн байгууллагын хууль бус акт шийдвэрийг хүчингүй болгох, хууль бус үйлдлийг тогтоолгох зорилгоор Захиргааны шүүхэд ханддаг. Хууль бус үйлдэл болон эс үйлдлийн тухай хандаж болдог. Хотын дарга хийх ёстой ажлаа хийхгүй байна. Хотын даргын эс үйлдэл нь иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа юм. Эс үйлдлээрээ хотын дарга хууль зөрчиж байгаа хэрэг. Улаанбаатар хотын хөтөлбөрийн хэрэгжилт өнөөдөр тун хангалтгүй байна. Жил болгон зам засах, утаа бууруулахад олон тэрбум төгрөг зарлагаддаг ч олигтой үр дүн гарахгүй байна. Утаа улам нэмэгдэж, зам улам түгжирч байна. Энэ нь иргэдийн эрх ашгийг зөрчиж байна гэсэн үг.

-Одоо тэгээд Захиргааны хэргийн шүүхэд албан ёсоор хандсан юм уу?

-Бид эхний байдлаар таван асуулгаа явуулсан. Хариулт авахыг хүсч байна. Тодорхой хариулт өгөхгүй бол Захиргааны шүүхэд албан ёсоор хандах болно.

-Нийтийн эрх ашгийн үүднээс төр захиргааны байгууллагыг шүүхэд өгөх, асуулга тавих тохиолдол манай улсад бараг гарч байгаагүй. Гадны  улс орны хувьд энэ жишиг бол байдаг ердийн үзэгдэл л дээ?

-Тийм ээ. Нийтийн эрх ашгийн төлөө Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тохиолдол бараг байхгүй болов уу. Барууны оронд байгаль орчны бохирдол үүсэхэд иргэд байгаль орчин бохирдуулсан компани, төр засгийн шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг шүүхэд өгч ялж байсан тохиолдол зөндөө бий. Өндөр хөгжилтэй улс оронд нийтийн эрх ашгийн үүднээс эрхийг нь хамгаалах явц олон бий. Харамсалтай нь Монголд одоо л эхэлж байна.

Б.ДОЛЗОДМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car