Энэ удаагийн “Хийморилог зочин” буландаа “Сингапур-2010” өсвөр үе, залуучуудын анхдугаар Олимпийн аварга, ОУХМ Б.Батцэцэгийг урилаа.
Тэрбээр өдгөө Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, дасгалжуулагчийн хоёрдугаар курст суралцаж байгаа бөгөөд найзууд нь түүнийг “Баавгай” хэмээн хочилдог ч одоог хүртэл багын мисс болох мөрөөдлөө орхиогүй гэнэ. Сургуулийнхаа дотуур байранд амьдардаг түүний талаар байрны найзууд нь ам сайтай байдаг юм билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдсанд тань баяр хүргэе?
-Баярлалаа.
-Жил бүр авдаг байх аа?
-Тийм ээ. Жил бүр авдаг.
-Тэгэхээр хоёулаа яриагаа бага наснаас тань эхэлье. Бага байхдаа ер нь ямар хүүхэд байв аа?
-Би хөдөө өссөн. Охид их цөөхөн байсан болохоор ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдтэй тоглож өссөн, эршүүд хүүхэд байлаа. Өвөө, эмээдээ тусалж мал дээр байсан болохоор ер нь эрэгтэй зантай, эмэгтэй хүүхэдтэй нийлдэггүй, дүрсгүй, охидыг их гомдоодог хүүхэд байсан. Бас морь унадаг, хурдны морь унах дуртай хүүхэд байсан даа.
-Багадаа мисс болох мөрөөдөлтэй байсан гэж сонссон юм байна?
-Нэг, хоёрдугаар ангид байх үедээ ээжийнхээ өсгийтэй гутлыг өмсчихөөд гэртээ их алхдаг байсан. Уг нь мисс болно гэж боддог байтал нэг л мэдэхэд бөх болчихсон. Бага байсан болохоор юугаа ч мэдэх вэ дээ, зурагтаар гоё, гоё эгч нар гарахаар л тэдэн шиг болохыг мөрөөддөг байлаа. Хүмүүс эмэгтэй хүүхдийг бөх болчихоор бие галбираа алдаад муухай болчихдог гэж боддог, тийм зүйл огтхон ч байхгүй. Миний мэргэжил өөрчлөгдөөд бөх болсон ч гэсэн би дотроо өөрийгөө мисс гэж боддог. Миний энэ мөрөөдөл ч талаар өнгөрөөгүй.
-Бас гоё зурдаг гэж сонссон юм байна?
-Зурдаг байсан. Манайх эхлээд байшинд байж байгаад дараа нь гэрт орсон. Шалан дээрээ зураг зурдаг байлаа. Тэгээд хүмүүс орж ирээд гишгэх гэвэл хүний зурсан зураг муухай болголоо гээд л хамгаална. Харин бөх рүү орсноос хойш зургаа бараг хаясан. Одоо зурдаггүй ээ.
-Яагаад гэнэт бөх болохоор шийдсэн юм бэ?
-Би сургуульд байхдаа ч гэсэн дүрсгүй, охидыг шоглодог, банди нартай нийлж тэвэг, хөлбөмбөг тоглодог байсан. Бусад охид шиг жартаа, дээс тоглож өсөөгүй. Анх намайг тавдугаар ангид байхад Мөнхбаяр багш маань чи барилдаж үзэх үү, сонирхолтой юу гэхэд нь “Багш аа би дуртай, ээж ааваасаа асууя” гээд зөвшөөрч байсан.
Ингэж би 2012 оны 11 дүгээр сарын нэгэнд анх чөлөөт бөхийн спортод хөл тавьснаас хойш долоон жил болжээ. Энэ долоон жилийн хугацаанд надад шантрах, болимоор санагдах, баяр хөөртэй, уйлмаар үе ч тохиож байсан. Тэр бүхнийг даван туулж, амжилтад хүрсэн гэж боддог. Тийм болохоор энэ амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн Мөнхбаяр багш болон, ээж, аав, өвөө, эмээ болон надад тусалж дэмждэг бүх хүнд баярлалаа гэж хэлье.
-Хүмүүс нэр алдартай болохоороо биеэ тоодог. Харин өөрөө их энгийн, хээгүй юм шиг санагдлаа?
-Зарим хүн би дэлхийн аварга, Азийн аварга болчихлоо гээд биеэ тоох нь их байдаг. Миний хувьд тийм зүйл байхгүй. Энэ бол миний ээж аавын надад өгсөн хүмүүжил.
Өнөөдөр би оюутны дотуур байранд биш, хоёр гурван өрөө байранд амьдраад явах хүн. Гэхдээ миний үеийн оюутан залуус яаж амьдардгийг үзэх гэж оюутны байранд орсон. Би залуучуудын Олимпийн аварга болчихлоо гээд хүнээс илүү гарах, гайхуулах нь сонин биш. Гоё найз нөхөдтэй болж, хүн шиг амьдрах нь л чухал.
-Олимпод орохынхоо өмнө медаль авна гэж бодож байсан уу?
-Азийн аваргын тэмцээнд Энэтхэгийн бөхөд ялагдчихаад байсан. Дараа нь Узбекстан улсад Олимпийн эрхийн оноо олгох чухал тэмцээн болж, тэнд мөн Энэтхэгийн бөхтэй зооны аваргын төлөө барилдаж, ялагдаад хүрэл медаль авсан. Тэр үед би ээ чааваас гээд уйлж билээ.
Тэр үедээ би монгол хүн, нэг хүнд гурван удаа ялагдахгүй, Олимпод заавал ялна гэж бодсон.
-Олимпийн эрх аваад их баярлаж байсан гэсэн. Энэ талаар эргээд дурсаач?
-Эрх авахгүй байх магадлал өндөр байсан. Нэг өдөр багш маань өнөөдөр чиний төрсөн өдөр чинь юм уу гэсэн. Үгүй гэтэл “Чи Олимпийн эрх авсан байна” гэхэд нь маш их баярлаж, шууд л бэлтгэлээ хийж эхэлсэн. Өдөрт гурван удаа бэлтгэл хийх ёстой ч би дөрвөн удаа хийж хичээсний эцэст Олимпийн аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхийг ялсан.
-Аваргын төлөөх барилдааны өмнө юу бодогдож байв?
-Би онгоцны буудал дээр очоод дүүгээсээ “Би ямар медаль авах вэ” гэж асуусан. Тэгсэн дүү маань “Та алтан медаль авна” гэсэн. Жаахан хүүхдүүд яг үнэнийг хэлдэг юм байна лээ. Аваргын төлөөх барилдааны өмнө дүүгээ бодсон, аав, ээж, эх орноо бүгдийг нь бодож бүх чадлаа дайчлан барилдсан.
Хамгийн инээдтэй нь би аваргын төлөөх барилдааны өмнө унтчихсан байсан. Багшийг сэрээнгүүт дэвжээн дээр эвшээж гарч ирээд бие халаалтаа хийсэн. Учир нь тамирчин хүн сэтгэл зүйн бэлтгэл маш сайтай, тайван байх ёстой байдаг.
-Өсвөр үеийнхний анхдугаар Олимпоос алтан медаль хүртэж, Сингапурын тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлж байх үед юу бодогдож байв даа?
-Олимпийн аварга болоод хоёр жил болж байна. 2011 оны наймдугаар сарын 16-ны өдөр үнэхээр гоё байсан. Яг юу ч гэмээр юм. Тэнгэрт салют буудаж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Төрийнхөө далбааг бариад гүйж байхад маш гоё байсан. Хамгийн гол нь би монгол хүн шүү гэдгээрээ маш их бахархаж байлаа.
-Олимпийн аварга болсныхоо дараа оюутны ангийнхнаа зайрмагаар дайлдаг байсан гэж сонссон?
-Миний халаасанд арав ч бай, хорь ч бай өөрт байгаа мөнгөөрөө ангийнхнаа дайлчихдаг. Өнөөдөр нэг хүн надаас чухал хэрэгтэй болоод мөнгө асуухад би өгчихдөг. Яагаад гэвэл энэ нь тэр хүнд буян болж л байгаа хэрэг. Хамгийн гол нь сэтгэл байхад л хангалттай гэж боддог. Сэтгэл гэдэг бол агуу зүйл. Хүн болж бүтэхгүй байна гэх тусам улам бүр доройтоод бүр л муудна. Харин өнөөдөр баяр баясгалантай сайхан байна гээд гоёор бодоод байвал хүний амьдрал дээшилнэ. Тэгэхээр сэтгэлээрээ байх хэрэгтэй. Залуустаа сэтгэлээр битгий унаарай, сэтгэл байхад бүхнийг ялна гэж хэлмээр байна.
-Ингэхэд хэр үрэлгэн бэ?
-Их үрэлгэн шүү. Ер нь бол мөнгийг байгаагаар нь үрдэг, бас үрснийхээ хэрээр олдог гэж хэлж болно. Гэхдээ энэ үрэлгэн зангаа хаяхыг хүсдэг. Би 20 мянган төгрөгтэй дэлгүүрт ороод тав нь үлдчихвэл одоо би үүгээр ямар гоё юм авах вэ л гэж боддог. Энэ бас миний нэг том дутагдал. Гоё зүйл л харагдвал шууд авчихдаг. Тэгээд дараа нь мөнгөгүй болчихоод одоо яаж мөнгө олно доо гэж боддог. Хүн өөрийн олсон мөнгөнийхөө хоёр хувийг цааш нь хийгээд байвал үрэлгэн биш болж, баяжих сууриа тавьдаг гэсэн. Би хоёр хувийг далд хийдэг болъё гэж бодож байгаа.
/инээв/
-Оюутны амьдрал ямар байна. Тэр тусмаа оюутны байранд амьдарч байгаа оюутны хувьд?
-Анх оюутны байранд ороход хүүхдүүд “Нөгөө Олимпийн аварга Батцэцэг чинь энэ” гээд ярихыг нь сонсоод дотроо жаахан эмээж л байсан. Хүүхдүүд хонгилд тамхи татахаар нь “Хөөе, чи наад тамхиа болиоч ээ” гэхээр өөдөөс оюутны амьдрал угаасаа ийм байдаг юм аа гээд тоодоггүй. Тэгэхээр нь айгаад өрөөндөө орчихдог байлаа. Ер нь оюутны амьдрал их гоё байна. Байранд бол нөгөө “Цаг цагаар нэг цадна, Цагаан сараар нэг цадна” гэдэг л ёстой үнэн үг.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Чөлөөт цаг гарвал шүлэг зохионо, тэмдэглэл бичнэ, кино үзнэ, хааяа нэг зураг зурах гэж үзнэ. Зурахаар гар эвлэхгүй муухай болгочихвол их уур хүрдэг. Би ёстой тэнэг гээд л. Шүлэг зохиох л их дуртай.
-Ном хэр уншдаг вэ?
-Сүнс, хий үзэгдэлтэй аймшгийн өгүүллэг их уншдаг. “Буг чөтгөртэй таарсан нь” гэдэг номыг нэгээс 13 хүртэл уншсан. Хүмүүс аймшгийн ном унших муу, бараг галзуурна л гэдэг. Би зөв зүгээр л явж байна.
-Сүнс, хий үзэгдэл яг байдаг гэдэгт итгэдэг үү?
-Итгэдэг.
-Харин өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Сургууль, бэлтгэл, оюутны байр, сургууль, бэлтгэл, оюутны байр. Яг л ийм байдлаар өнгөрдөг.
-Хичээл, бэлтгэл сургуулилтаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Зохицуулахад үнэхээр хэцүү шүү. Өглөө хичээлдээ явж ирээд бэлтгэлийн цаг болтол унтдаг. Заримдаа тавхан минут, аравхан минут гэж унтсаар байгаад бэлтгэлийн цагаа тулгачихдаг. Тэгээд бэлтгэлдээ нэг их нойрмог амьтан л орно доо. Хичээлийн дүн гаргах болохоор тэмцээн бас давхцаж эхэлдэг. Энэ бүхнийг зохицуулахад их хүндрэлтэй. Нэг тэмцээнд орж ирээд “Багш аа би түрүүлээд ирлээ шүү дээ. Дүн гаргаад өгөөч” гээд гуйхаар “Хичээлээ зохицуул, би ч гэсэн зохицуулдаг л байсан” гэдэг. Нэгдүгээр курст хичээл гайгүй байсан, одоо улам хүндэрч байна. Гэхдээ одоо зохицуулж сурна аа.
-Ойрд болох тэмцээн юу байна?
-Уг нь бол нэг сарын 15-нд тэмцээнтэй байсан. Гэтэл тэмцээний өмнө өвдгөндөө бэртэл аваад барилдаж чадаагүй. Тамирчин хүний хамгийн том бэрхшээл бол бэртэл. Бэртэл авсан л бол спортоо хаях нь бараг зөв. Гэхдээ надад тийм бодол байхгүй. Миний дараагийн тэмцээн дөрвөн сараас хойш байгаа. Би дөрвөн сарын тэмцээнд түрүүлбэл зургаадугаар сард Азийн аварга, долоодугаар сарын дэлхийн аваргын тэмцээн намайг хүлээж байна.
Таван сард бүх ард түмний спартакад болно. Тэнд ч гэсэн түрүүлнэ гэсэн зорилготой байна. Бэртэлтэй болохоор эрчимжүүлсэн бэлтгэл хийж чадахгүй ч гэсэн дээс тоглож, гүйж байгаад л орно. Суурь бэлтгэл сайтай болохоор айхгүй байна. Тэгээд ч хүн зорилготой, мөрөөдөлтэй байвал юунд ч хүрнэ гэж боддог. Хэн том зүйл мөрөөдөж чадна, тэр л түүндээ хүрнэ.
-Ирэх насанд хүрэгчдийн Олимпод орох уу?
-Оролцох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл Олимпийн жин гэж тусдаа 48, 55, 63, 72 кг гэж байдаг. Миний жин 59 /51,67 Олимпийн бус жин/ кг. Би энэ жил орохгүй гээд харамсахгүй байна. 2016 оны Олимпоос бүх жинг оруулдаг болно. Тэр үед миний мөрөөдөл биелнэ гэсэн үг. Харин би дөрвөн жилийн хугацаанд Азийн аварга, дэлхийн аварга болох хэрэгтэй. Хамгийн гол нь хичээх л үлдээд байна.
-Ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлж байна. Магадгүй зургаан жилийн дараа ч юм уу?
-Би зургаан жилийн дараа 26 настай байна. Намайг гэсэн сэтгэлтэй, намайг ойлгодог, тийм хүнтэй амьдралаа холбоод, өөрийн гэсэн сайхан амьдралтай болчихсон байна. Хүн ер нь сайхан амьдарна л гэж бодно. Тэр амьдралынхаа төлөө хичээнэ. Магадгүй би дөрвөн хүүхэдтэй, хоёр машинтай, хаустай тийм л сайхан амьдралтай байна.
Яагаад гэвэл миний аав уурхайчин, ээж маань оёдолчин одоо хөл муутай. Миний амьдралыг хүмүүс мэдээсэй гэж хүсдэг. Аав маань биднийг өмсөх хувцас, идэх хоолоор дутаахгүйн тулд харанхуй нүхэнд ажилладаг. Би аав ээжийнхээ ачийг хариулж, тэдний төлөө сайхан амьдрахыг хүсдэг. Оюутан залуустаа хандаж аав ээжийгээ хайрлаж яваарай гэж хэлмээр байна.
-Тэгвэл ирээдүйн ханиа ямар хүн байгаасай гэж боддог вэ?
-Спортын хүн тэр тусмаа барилддаг хүн байгаасай гэж боддог. Магадгүй бид хоёрын дундаас сайн бөх ч гарах юм бил үү. Жаран жил суусан ч хайрын гал нь хэвээрээ гэдэг шиг намайг ойлгодог, хайрладаг тийм л хүн байна.
-Тэр хүнээ олсон уу. Найз залуутай юу?
-Байхгүй. Заяаны хань зам дээр гэдэг шиг болох байлгүй дээ.
-Үеийнхээ залууст хандаж юу хэлэх вэ?
-Орос, Монгол, Хятад гурван улсын хүмүүсийг тамын тогоонд хийчихсэн чинь орос, хятадууд бүгд бие биеэ дэмнээд гаргачихдаг. Харин монголчууд нэгийгээ гарах гэхээр араас нь татаад гаргадаггүй гэсэн тамын тогооны үлгэр байдаг. Тийм болохоор нэгэндээ битгий атаархаж байгаарай, бие биеэ үргэлж дэмжиж байгаарай.
-Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Чамд сайн сайхан бүхнийг хүсье. Бэртлээ хурдан эдгээгээд, Монгол Улсынхаа Төрийн дууллыг олон, олон газар мандуулахыг нийт уншигчдынхаа зүгээс хүсч байна.
-Баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 13, 2012 10:51:56 am )
goyo yariltslaga ogchee. Amjilt
1 Comment