Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо. ГХ-ны дэд сайдаар Г.Тэнгэр, ХХААХҮ-ийн дэд сайдаар П.Баянмөнх, НХХ-ийн дэд сайдаар Н.Номтойбаяр, ЗТБХБ-ын дэд сайдаар Б.Цэнгэл, ЭБЭХ-ний дэд сайдаар Ц.Гарамжав, БСШУ-ы дэд сайдаар Б.Ундармаа нарыг томиллоо. Засгийн газрын хуралдааны өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд С.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх нэр бүхий хүмүүсийг танилцуулжээ. Энэхүү томилгоог хийхэд МАН-ын танхимын сайд нарыг томилсонтой адил зүүний хүчнийхний далд дохиур ажиллаж байна хэмээн мэр сэр эсэргүүцэх хүмүүс байсан. Гэхдээ энэ бол МАН-ын Удирдах зөвлөл бус, Засгийн газрын эрх мэдлийн асуудал болохоор намын удирдлагууд жинхэнэ утгаар нь “мотордсон” гэнэ. Өөрөөр хэлбэл С.Батболд, У.Хүрэлсүх нар 50:50-ийн харьцаатай тохироо хийсэн бөгөөд МАН-ын том хандивлагчдын нэг хэсэг нь таван сарын хугацаанд “хоолны газрын” зохион байгуулагчаар ажиллана гэсэн үг. Ийнхүү Монгол төрийн ажлыг цаг алдалгүй явуулах үүднээс дэд сайд нараа яаравчлан томиллоо. МАН-ынхан энэ удаад эмэгтэй боловсон хүчнүүдээ “харж үзэн” хоёр ч эмэгтэй гишүүнээ дэд сайдаар томилсон нь олзуурхууштай. МАН ийнхүү жинхэнэ утгаараа дангаараа Засгийн газраа бүрдүүллээ. Таван сарын хугацаатай томилгооны эцсийн үр дүнг хүлээх л үлдэх шив. Харин дэд сайдуудын хэн нь хэн бэ.
Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр:
МАН-ын зүүний хүчний холбооны томоохон эрх мэдэлтэй нэгэн. 1974 онд төрсөн. 1987-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991-1993 онд Техникийн их сургуулийн Компьютер, техник менежментийн сургууль, 1993-1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1994-1998 онд Япон Улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль төгссөн. Удирдлагын ухааны бакалавр. 1998-2000 онд Японы “БСП” компанид мэргэжилтэн, 2000-2001 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2001-2005 онд Японы “Коника Минолта” компанид мэргэжилтэн, 2005-2009 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны дарга, 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд хоёр жил ажиллажээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Баянмөнх:
Томилогдсон дэд сайд нараас хамгийн нэр цэвэр эрхэм. 1970 онд төрсөн. 1993 онд ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Хөдөө аж ахуйн ухааны доктор. 1993-1995 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2010 онд ХХААХҮЯ-нд сайдын туслах, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 14 жил ажилласан байна.
НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр:
МАК-ийн Нямтайширын хүү энэ удаа дэд сайдын суудалд суулаа. Сүүлийн үед ойр ойрхон Төрийн ордноор орж гарсан энэ залуу МАН-ын том хандивлагчдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. С.Батболд, У.Хүрэлсүхийн аль нь ч тэр Н.Номтойбаярыг дэд сайдад томилох тухайд нэгэн зэрэг толгой дохих нь ойлгомжтой байв.
Харин Н.Номтойбаярын тухайд аль Засгийн газрын дэд сайд болох нь чухал биш, ямар нэгэн байдлаар Засгийн газарт орох нь илүү чухал байсан биз. Түүний хувийн намтрыг товч танилцуулахад тэрбээр 1978 онд төрсөн. 1997-2000 онд АНУ-ын Ваппарайсо их сургуулийг Улс төр судлал, практик бизнес гэсэн хос мэргэжлээр, 2009-2011 онд ХБНГУ-ын Техник, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр цолтой төгссөн. 2001-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2010 оноос “МАК” компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Төрийн албанд долоон жил ажилласан аж.
ЗТБХБ-ын дэд сайд Б.Цэнгэл:
Б.Цэнгэлийг У.Хүрэлсүхийн үй зайгүй найзуудын нэг гэдэг юм билээ. Намдаа хүчтэй, мэдэлтэй найзынхаа хэргийг энэ удаад гаргасан шиг гаргасан бололтой. Тэрбээр 1968 онд төрсөн. 1985-1990 онд ЗХУ-ын Иваново хотын Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр цолтой төгссөн.
1990-1992 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1999 онд НИТХ, НЗДТГ-ын зохион байгуулагч, хуулийн зөвлөх, 2000-2000 оны 6 дугаар сар хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2012 онд ЗТАЖЯ, ЗТБХБЯ-нд Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 21 жил ажиллажээ.
ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав:
МАН эмэгтэйчүүддээ 20 хувийн квот олгоно гэдгээ аль эрт зарлачихсан. Тиймээс намынхаа хүчтэй лидер эмэгтэйчүүдээ нийгэмд илүү олноор гаргах нь МАН-д л ашигтай.
Тиймээс л Монголын уул уурхайн “төмөр хатагтай”-г танхимдаа оруулсан биз. Ц.Гарамжав 1959 онд төрсөн. 1975 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1976-1981 онд МУИС, 1984 онд ЗХУ-ын Москва хотын их сургууль, 1993 онд Итали Улсын Ром хотын их сургуулийг инженер-геологич, ашигт малтмалын гэрээ эрх зүйч мэргэжлээр төгссөн. Геологийн ухааны магистр. 1981-1992 онд Улсын барилгын зургийн институт, Геологийн товчоонд лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2012 онд “Монполимет” группын ерөнхий захирлаар ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажилласан.
БСШУ-ы дэд сайд Б.Ундармаа:
Б.Ундармаагийн хувьд Дорнод аймгийн НАМЗХ-гоор зогсохгүй намынхаа залуучуудын байгууллагыг дэмжиж ажилладаг нэгэн. УИХ-д хүч үзэхээр зэхэж буй түүнийг Засгийн газрын дэд сайдаар томилсон нь эмэгтэйчүүдийн квотын нэг хувийг нь ч гэсэн аваад ирэх чадалтай хэмээн итгэсэнд байгаа байх. Тэрбээр 1964 онд төрсөн. 1972-1982 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, 1982-1983 онд ЗХУ-ын Эрхүү хотноо хэлний бэлтгэл, 1983-1988 онд Москва хотын Удирдлагын дээд сургууль төгссөн.
Инженер-эдийн засагч, удирдлага зохион байгуулалтын мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. 1989-1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1990-1994 онд БСШУЯ-ны дэргэдэх Олон улсын лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 1994-2009 онд “Бишрэлт” группийн захирал, 2010-2011 онд “Гэр бүл хөгжил төв”-ийн тэргүүнээр ажиллаж байсан. Төрийн албанд зургаан жил ажилласан юм байна.
Б.Даваа
Холбоотой мэдээ
Comments are closed.