Дахиад л сонгуулийн хууль, магадгүй улиг болсон сэдэв. Гэхдээ энэ удаа арай өөр, шинэ өнцгөөс харах шаардлага гарч байна.
Сонгуулийн хуулийг шинэчилж, холимог тогтолцоог хуульчилахын учир нь зөвхөн сонгогчдын саналыг парламентад үнэн зөв, бодитойгоор тусгах, улс төрийн намуудыг хариуцлагажуулахад ч бус, эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх давхар ач холбогдолтой юм. Угаасаа пропорциональ суудлын эзлэх хувь нийт суудлын дөнгөж гуравны нэгийг дарж байгаа нөхцөлд сонгогчдын өгсөн санал парламентад үнэн зөвөөр тусах ямар ч боломжгүй нь ойлгомжтой. Харин цөөн ч гэсэн пропорциональ суудал оруулж ирсний нэг давуу тал нь УИХ-ын гишүүд сайдыг ажлыг хавсарч хийдэг одоогийн тогтолцоог халж, танхимыг гаднаас бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.
УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог одоогийн тогтолцоог ойлгож болох шалтаг шалтгаанууд ч бас байдаг. Тухайлбал, Засгийн газрын гишүүдийг 100 хувь гаднаас бүрдүүлж байсан 1996-2000 оны парламентын үед Засгийн газар нь гурван ч удаа огцорч байсан билээ. Тиймээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд танхимын гишүүдийн тодорхой хувийг УИХ дотроос томилох шаардлага гарсан гэж нэг талаас тайлбарладаг. Хоёрдугаарт сонгуулийн тогтолцооноос шалтгаалсан зүйлүүд ч бас байна. Улс төрийн намууд сонгуульд ялалт байгуулахын тулд ялах магадлалтай, хамгийн өнгөтэй өөдтэй гэснээ нэр дэвшүүлдэг нь жам. Хэрвээ “Энэ нөхөр сайд болох юм аа” гэж хойш тавиад үлдсэн нөхдүүдээ нэр дэвшүүлнэ гэвэл юун ялалт байгуулж, Засгийн газраа бүрдүүлэх вэ. Эхний даваанд л өвдөг шороодно шүү дээ.
За тэгээд эхнийхээр нь яваад сонгуульд ялалт байгууллаа гэхэд нөгөө УИХ-д сонгогдсон хэдээсээ л Засгийн газраа бүрдүүлэх болно. Үүнээс л эрх мэдлийн хуваарилалтыгалдагдуулж, Засгийн газар нь парламентынхаа дээр гарчихлаа гэсэн шүүмжлэлийг дагуулдаг. Тэгэхгүй гээд сайдаар томилогдсон хэдийгээ УИХ-ын гишүүнээс нь чөлөөлчихлөө гэхэд тойрогт нь нөхөн сонгууль явуулах шаардлагатай болно. Сонгуулийн мажоритари тогтолцооны гол гамшиг энэ. Үүнээс гарах гарц нь сонгуульдаа пропорционалийн элементийг оруулж ирж, холимог тогтолцоог хуульчилсан явдал. Нэгэнт сонгогчдын итгэлийг аваад УИХ-д сонгогдсон гишүүдээсээ Засгийн газраа бүрдүүллээ ч гэсэн тэднийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө гэхэд намын нэрээр жагсаалтад бичигдсэн нөхөд араас нь гүйгээд парламентад ороод ирэх боломжтой. Нөхөн сонгууль явуулах замаар өмнө гарсан сонгуулийн дүн, хүчний харьцааг өөрчлөх шаардлагагүй.
Сонгуулийн шинэ хуулинд оруулсан пропорциональ 28 суудал дээр ярья л даа. Одоо ярьж байгаачлан УИХ-аас давхар томилогдож байгаа сайд нарыг танхимын гишүүдийн 1/3-ээс хэтрүүлэхгүй гэвэл үлдсэн арван сайдыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх шаардлагатай болж байна. Хэрвээ намын листийг нээлттэй, хүн тус бүрт санал өгөх боломжтойгоор хийсэн бол сонгогчдоос авсан саналынхаа эрэмбээр, хаалттай лист буюу тухайн нам нь дотооддоо эрэмбэлсэн бол тэр эрэмбээрээ эхний арван нэр дэвшигч парламентад нөхөөд ороод ирнэ. Пропорциональ суудал буюу намын жагсаалтыг сонгуульд оруулж ирсний гол давуу тал нь энэ л дээ. Хуульд заасанчлан мажоритари тойрог дээр нэр дэвшиж байгаа 48 нэр дэвшигч сонгуульд ялагдлаа ч гэсэн 28-аас дээш хувийн санал авсан нь намын жагсаалтад бичигдсэн 28-ын өмнүүр орж парламентад сонгогдох тохиолдолд намын жагсаалт гаргасны хэрэг ч үүнээс өөрөөр гарахгүй л болов уу.
Тиймээс УИХ-ын зарим гишүүд, Н.Батбаяр толгойлон оны өмнөхөн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зурж /түүний дотор Сангийн сайд С.Баярцогт “сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан тохиолдолд уг өөрчлөлтийг дэмжинэ” гэсэн тайлбартайгаар мутрынхаа хээг хайрласан байна лээ/, арванхоёрдугаар сарын 13-нд УИХ-д өргөн мэдүүлсэн өөрчлөлтийн төсөлд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран хийж болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний хавсарч хийх тохиолдолд танхимын гишүүдийн 1/3-ээс хэтрүүлэхгүй байх” хязгаарлалтыг хийж өгөхөөр тусгасан билээ. Уг нь УИХ-д хамгийн олон суудалтай хоёр намын бүлэг зарчмын хувьд аль хэдийн тохирчихоод, нийтэд зарлаад эхэлчихсэн байсан өөрчлөлт шүү дээ.
Харамсалтай нь, УИХ-ын дарга Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн энэ төслийг ямар ч шалтгаан хэлэлгүйгээр хэлэлцүүлэгт оруулах асуудлын жагсаалтаас хассаар байгаад арванхоёрдугаар сарын 29-нийг дуусгасан. Сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болдоггүй тул энэ сэдэв үүгээр хаагдаж байгаа юм. Дургүйд хүчгүй гэдэг л болсон гэсэн үг.
Гэхдээ бэрхшээлээс гарах гарц үргэлж байдаг болохоор одоо УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслөө боловсруулаад байгаа аж. Уг хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийх тохиолдолд танхимын гишүүдийн 1/3-ээс хатрүүлэхгүй байх” нөгөө заалтаа шинээр оруулах санал боловсруулсан юм байна. Тэртэй тэргүй Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч хийж болно” гэснээс “заавал хавсарч хийх ёстой” гэсэн хатуу заалт байхгүй учраас Засгийн газрын тухай хуульд ийм өөрчлөлт оруулах нь “эцэг” хуультай зөрчилдөөд байхгүй л дээ.
Хэрвээ УИХ-ын дарга энэ төслийг нь бас л “хэлэлцүүлэхгүй ээ” гэвэл дахиад УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар /мөн л дээрх заалтаараа шүү дээ/ хуулийн төсөл өргөн барьдаг ч юм уу. Гарц бол байна олон байна. Хугацаа ч бас байна. Хамгийн гол нь хүсэл эрмэлзэл чухал. Үнэхээр л Засгийн газрын бие даасан ажиллагааг хангаж, УИХ нь хяналтынхаа үүрэг функцийг хэрэгжүүлье гэвэл УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсарч хийдэг байдалд хязгаарлалт хийж өгөх ёстой. Ямарч байсан Сонгуулийн хуульд оруулсан холимог тогтолцоо, пропорциональ суудал дээрх шаардлагыг нэг алхмаар урагшлуулчихлаа. Харин одоо холбогдох хуульд нь өөрчлөлт оруулаад албажуулчих юм бол хууль тогтоох засагалал, гүйцэтгэх засаглал хоёр байр байрандаа очоод өөр өөрийнхөө үүрэг функцийг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Тэгэхээр гишүүдэд амжилт хүсэхээс өөр зүйл үлдсэнгүй.
Б.СЭМҮҮН
Холбоотой мэдээ
Comments are closed.