antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2012 1 comment

Өмнийн говийн дэлхийн энтэй ордууд

нийтлэсэн Admin

“Энержи ресурс” компанийн тавьсан зам жилдээ 12 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ харьцангуй нарийнхан гэсэн шүүмжлэл гарч байгааг өмнөх сурвалжлаганд өгүүлсэн. Харин одоо бол “Эрдэнэс Тавантолгой”-н тавих гэж байгаа замыг эднийхтэй яг зэрэгцүүлж тавихаар яригдаж байгаа аж. Ингэснээр нэгдүгээрт бэлчээр замыг таслаад хаячихгүй, нөгөө талаасаа компаниуд хоорондоо тохиролцоод нэг замаар нь нүүрс ачсан машинуудаа, нөгөөгөөр нь эргэж ирж байгааг нь явуулах нь зүйтэй гэж байгаа аж. Хоёр урсгалтай зам болно гэсэн үг. Харин төмөр замын хувьд бодлого шийдвэр нь тодорхой гарчихсан ч ерөнхийлөгчийн хэлснээр заан тугаллах дайны л хурдтай байгаа. Эг маг хийн түгдчих албаны хүмүүсийн ярианаас ч цаашид ч ер нь шуурхайлах найдвар тун ч бага юм шиг сэтгэгдэл төрөхөөр. Төрөөс өргөн царигтай төмөр замыг хоёр чиглэлээр барих байгуулах шийдвэрийг бол аль хэдийнэ баталсан. Үүнд өмнө сурвалжлагад тайлбарласан Сайншандаар дайрах замын ажил бол огт эхлээгүй байгаа нь тодорхой. Уг нь хоёр гурван жилийн өмнөөс Сайншандаар дайруулан төмөр зам тавих ёстой гэж зарим хүний бол хоолой сөөтөл хашгиралдаж, “Өргөн биш ээ, нарийн” гэлцэн хэвлэлээр нэг хэрэлдэцгээсэн. Төмөр замын бодлого төрийнх байх ёстой. Захын хувийн компанид өөрсдийнхөө мөнгөөр төмөр битгий хэл зам тавих эрх олгож болохгүй гэлцэж байсан даа. “Улс”-ын бодлогоос зөрж, Хятадын терминальтай нийцүүлж, нарийн царигтай Гашуун сухайтаас …. хүрэх “мухар” зам тавих гэж байна гэж нэг хэсэг баахан адлагдсан “Энержи ресурс”-ийнхан харин бидний хувьд нарийн, өргөн царигтай байх нь ямар ч хамаагүй, төрөөс гаргасан бодлогыг дагаад нарийныг бол нарийныг, өргөнийг бол өргөнийг тавихад бэлэн байна гэх. Гэтэл өнөөдөр бол төрийн чухал бодлогот Сайншандын зам төсөл ч цаасан дээр зурагдаж эхлээгүй, газар дээр хэзээ “зурагдах” нь бүр ч тодорхойгүй мэт. Дэлхийд ховорхон их уурхайн нүүрсээ алийн болгон засмал замаар зөөх билээ. Зөөгөөд, зөөгөөд хүчрэхгүй нь тодорхой. “Энержи ресурс”-ийнхэн мөн л Сайншандын төмөр замд ч бид хөрөнгө оруулахад бэлэн байна гэж алгаа дэлгэх. Яагаад гэвэл тэд бүтээгдэхүүнийхээ өртөг зардлыг аль болох л бууруулж, ашгаа нэмэгдүүлэх ганцхан зорилготой. Нүүрсээ хаа сайгүй худалдах гэж тэмүүлэн ОХУ, Германы зах зээл рүү  ч гаргах оролдлогыг хийж эхэлжээ. Гэтэл хаа байсан Нахоткийн боомт руу нүүрсээ хүргэхэд зөвхөн замын зардал нь 160 ам.доллар болчих гээд байдаг гэнэ. Гэтэл хятад нарийн царигтай төмөр замтай учраас манайхан хилээр гаргахдаа муйхарлаж хэлбэл “дугуй”-гаа солих хэрэгтэй болдог. Үүнд тонн тутамд гурван ам.долларын зардал гаргадаг аж.

Нахоткийн үнийг Тавантолгойгоор…

Урагшилж өгдөггүй нэг ажил бол Тавантолгойн Баруун Цанхид хөрөнгө оруулах стратегийн түншийг тодруулах ажил. “Энержи ресурс”-ийнхэн Оросын тээврийн үнэ хэтэрхий үнэтэй байгааг гомдоллох зуур Тавантолгойн хөрөнгө оруулагчийг олон “нээнтэг”-ний нэг ил гарч сонсогдов. Гуравдагч орныг сонгох гэхээр Орос, Хятад хоёр барьж идчих гээд, Солонгос, Японыг хаях гэхээр Канад, Америкаа яах вэ гээд тун ч зүдэргээтэй хэлэлцээр болж байгаа талаар цухас сонсогддог. “MCS”-ийн Ж.Оджаргал, Ерөнхийлөгч хоёрын ярианаас сонсох ахул Тавантолгойд оруулах юм бол төмөр замынхаа үнэ ханшийг багасгана гэсэн шаантагийг л оросууд тавиад байгаа бололтой юм. Асуудал нь ч их нарийн бололтой. Үгэн дотор “үг” явдаг гэдэг. “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн ажилчдын цайны газарт өрнөсөн ярианаас л гэхэд жижиг Тавантолгой дээр ч том маргаан явж байгааг анзаарч болохоор. Эхний сурвалжлаганд өгүүлсэн Тавантолгойн яг голд нь хавчуулагдсан мэт жижигхэн хэсэгт “Дайзуки” хэмээх Хятадын хөрөнгө оруулалттай компани бий. Зөвшөөрлийг нь “Буян”-гийн гэгддэг Б.Жаргалсайхан сайд  байхдаа өгчихсөн гэж зарим хүн их зуунги дуугарч байна лээ. Энэхүү компанийн лицензэт газрын талаар шүүхэд маргаан дэгдээд байгаа бөгөөд “манай тал” бараг ялж байгаа юм байх. “Энэ хэсэг эргээд төрийн мэдэлд ирэх байх аа” гэж УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы тун цовоо дуугарахад Ерөнхийлөгч “Ямар төр…” гэж нэлээн зуунги асуух, бодвол нарийн мэдээлэлтэй байсан байх. Харин аймгаас сонгогдсон хоёр гишүүн Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн нар “Орон нутгийн мэдэлд байлгүй яахав, орон нутгийн өмчийг бид буцааж өгч чадахгүй, ямар шийдвэр гарлаа  ч гэсэн…” гэхчилэн шулганалдах. Харин цаанаас нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Яг ч шийдэгдчихсэн асуудал биш…” гэж сөрвөгөнөж байснаа сүүлдээ “Жижиг Тавантолгойнхныг экскавоторын хятад жолоочоо нуугаад авч гарч байсныг ямар мэдэхгүй биш” гэхдээ тулсан хэрүүл болох дээрээ тулав. Оюутолгойд ч орон нутагт ч хятад ажилчид байж л байгаа шүү дээ гэж эхэлсэн хэрүүл л дээ. Гэхдээ хэрүүлийн гол нарийн учир “Дайзуки”-гийн газрын булаацалдах том хэрүүл, том эрх ашиг байгаа хэрэг биз. Ер нь ч жижиг Тавантолгойн нүүрсний нөөц 2-3 жилдээ шавхагдана гэсэн яриа гарч байсан. Яг энэ торгон мөчид чимээгүй тулаан болж байж мэдэх юм. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдэг шиг хэрүүлийн бай болгосон хятад ажилчдын талаарх мэдээлэл бол бас л нэг хурц сэдэв.

Ханбогдчуудын бухимдал

Оюутолгойнхон ном журмынх дагуу хятад ажилчдынхаа тоог барьж байдаг гэж байнга мэдээллдэг. Гэтэл энд 11 мянган хятад ажилчинтай. Түүндээ монгол ажилчдаа дүйцүүлэхийн тулд өөрсдийнх нь тэтгэлгээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаа оюутнуудын тоог ч оруулдаг гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа гардаг. Харин Ханбогд сумын иргэн “Хятадуудын тоог барихын тулд ажил хийдэггүй баахан хүмүүсийг хий 300 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Тэд нь энүүгээр хийх ажилгүй архи уугаад л явж байдаг. Хойд усны хэсэгт бол дор хаяж гурван мянган хятад байгаа. Би бүр сайн мэдэж байна. Тэдний хийж байгаа нь нарийн мэргэжлийн ажил ч биш, газар ухах, шороо зөөх гээд монголчуудын бардаагаар хийх ажил байдаг шүү дээ. Бид харж л байгаа” гэж цүл палхийтэл хэлэх. Харин уулзалтад оролцсон “Оюутолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён З.Батсүх “Оюутолгой 15 мянган ажилтантайгаас 10 гаруй мянга нь монгол…” гэх зэргээр тайлбарлах гэтэл танхим тэр чигээрээ “Үү битгий худлаа хэл…” гэж түрхэрэлдэцгээв. Ер нь л Ханбогдчууд хөөрхий ноён З.Батсүхийг “барьж идэх” ээ шахав. Сумын эмэгтэйчүүдийн эмч бүсгүй CIS хэмээх компанид ажилладаг бүсгүйчүүд чийг даасан гутал өмсдөгөөс хөл байнга нойтон байдгаас болж бүгд сав бөөрний өвчтэй болсон гээд худлаа гэвэл Ерөнхийлөгч өө та, тэндхийн бүсгүйчүүдийн гутлыг тайлуулж хараарай гэж үүрэг өгөв. Ерөнхийлөгч ч бас “CIS дээр чинь охид хүүхнүүдийг айлгаж ичээдэг, бэлгийн дарамтанд оруулдаг гэсэн яриа байна уу, юу” гэж ташуур өгөн ТУЗ-ын даргыг улалзуулах. Ноён З.Батсүх “CIS дээр асуудал бий. Анхааруулья, тодруулья” гэснээс өөр зүйл хэлж чадсангүй. Өөр юм ч хэлүүлэхээргүй л байсан л даа, Ханбогдынхон. Тэд маш их уур, хилэн бухимдалтай байж Оюутолгойнхны муу муухай бүхнийг уудлан ярих аж.

Басхүү гадаадын хүн өвчилбөл онгоц ирээд аваад явчихдаг. Монгол ажилчин халуурч бүлээрвэл 6-7 шат дамжлагын дарга нараасаа чөлөө гуйж, чөлөө өгч гэмээнэ эргүүлээд 6-7 даргадаа заавал мэдэгдэж байж эмнэлэг хүрэх хэрэгтэй болдог. Хөөрхий нэгэн залууг түгжрэл болоод байхад нь сумын эмнэлэг даатгаад орхичихсон “Энэ хүнийг яаралтай эмнэлэг хүргэхгүй бол үхнэ. Үхсэн хүнээ надаас ирж аваарай” гэж айлгаж байж, арайхийж төвийн эмнэлэг бараадуулсан гэж эмч ярьж байв. Ер нь л энд “Оюутолгой-нхонд “сэтгэлтэй” хүн алга аа. Юу, юугүй л “Рио, Айвенхоу зайл, Хөрөнгө оруулалтын гэрээг цуцал” гэж хашгирцгаах нь ээ. Ингээд эцэст сүүлд Ерөнхийлөгч хоёр талаас талцаж хэрэлдэгсдийн хайнааг хагалж, “Оюутолгой”-нхны “Та нар энэ сумын иргэдтэй хэл амаа ололцож, ойлголцож чадахгүй юм бол цаашилбал өмнөговьчуудтай, монголчуудтай, дэлхийтэй яаж ойлголцох билээ” гэж зэмлээд сар бүрийн 20-ны өдөр иргэдтэй уулзаж байхыг ТУЗ-ын даргад даалгав. Басхүү “Гадаадад байдаг том дарга нараа болдог бол дагуулаад ир” гэж үүрэгдэн. Ханбогдчуудын хилэнт үгийг тэр чигээр нь орчуулан хүргэхийг санал болгов.

“Оюутолгой”-г хэвлэлийнхэнтэй бол тун ч найрсаг “дотно” харилцаатай компани гэж ойлгогддог. Ханбогдчууд ч гэсэн Оюутолгойн буянаар бүр баяжиж орхисон, Монголдоо л хамгийн азтай бөгөөд баян сумын иргэд гэж боддог. Гэтэл харин суманд болсон уулзалтаар бол Оюутолгой, нутгийн иргэд хоёр хонь-чоно хоёр шиг юм шиг. Мундахгүй олон удаа Оюутолгойд очиход минь үргэлж бүтээн байгуулалт, бахархах сэтгэлийн эрч хүч халгих шиг болж, уулзсан хүн болгон  “Оюутолгой”-хноо амаа олохгүй магтдаг байсантай тэс ондоо дүр зураг. Оюутолгой бидэнд зориулж ийм амжилттай “шинэ халаат, ширээний бүтээлэг” бэлтгэдэг байсан гэж үү? Юм болгон хүн болгонд таалагдах албагүй, тэр тусмаа нэг ижил зүйлийг хоёр тэс ондоогоор хардаг, тайлбарладаг ч тал бий. Гэхдээ л нэг компанийн талаарх хоёр дүр зураг тэнгэр, газар шиг зөрөөтэй байх нь гайхалтай байлгүй л яахав. Ерөнхийлөгч ч гайхасхийгээд 1990-ээд онд болдог шиг халуун уулзалт болж байна гэх. Гэхдээ хүмүүсийн хэлж ярьж байгаад ч гээн, гоонь байх шиг. “Энэ их нүүрсний дэргэд байж, орон нутгийнхаа ядарсан иргэд биднийг таван тонн нүүрс 90 мянган төгрөгөөр ав гэх юм даа” гэж нулимс цийлэлзүүлэх алдах. Мэдээж хэрэг нүүрсний “эх орон”-той Улаанбаатарт таван тонн нүүрс халуун намраар л хагас сая төгрөгөөр талийгаад өгснийг зүйрлүүлэх аргагүй байх л даа. Гэхдээ арай л…

Сүүлдээ “Говийнхон тайван налгар, уужим сэтгэлтэй гэдэг сэн. Үнэхээр Оюутолгойнхон ханбогдчуудыг ингэж их бухимдуулж, хямруулаад байдаг юм уу” гэж нутгийн гишүүнээс сураглахад хүрэв. “Эрчим хүч, зам гээд том том ажлууд нь шийдэгдэхгүй олон жил болчихоор аргагүй л дээ” гэсхийх.

Дэлхийд хамгийн томд тооцогдох алт зэсийн Оюутолгой ордын бүтээн байгуулалтын талаар энд өгүүлэхгүй өнгөрвөл алдас болно биз. Очих бүрт өргөжин тэлж, өнгө зүс нь сайжирч байдаг Оюутолгой өнгөрсөн жилийн аравдугаар сард бүтээн байгуулалтын ажлынхаа 50 хувийг нугаллаа гэж зарлаж байсан бол эдүгээ ихэнх ажлын гүйцэтгэл 70 хувь болсон гэж танилцуулж байна. Энд дэлхийд эхний тавд багтах зэс баяжуулах үйлдвэр, газар доогуур 150 км сүлжилдэх байгууламж, 96 метрийн өндөртэй 2- р босоо ам гээд бүтээн байгуулалтын ажлууд нь ерөнхийдөө өнгө төрхөө олж эхэлж л байгаа юм байна. Харин Ерөнхийлөгчийн гол санаа тавьж байсан асуудал ажилчдын амьдрах нөхцөл, мэдлэг боловсролыг дээшлүүлэх боломж. Ажилчид гэр бүлээсээ хол цэргийн албанд дайчлагдсан мэт улаанбаатараас нисэн бууж ирж ажилладаг энэ байдлыг өөрчлөх ёстой гэж тэрээр хатуу анхааруулж байв. Хөрөнгө оруулагчид Ханбогдод ажилчдын хотхон байгуулах боломж бий эсэхийг судалж л байгаа гэхээс цааш нарийн хэлэхгүй байна лээ харамсалтай нь.

Харанхуй Ханбогд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдтэй хийх уулзалт Ханбогд суманд үргэлжилж байлаа. Гэнэт сумын клубт гэрэл тасарч хав харанхуй нөмрөв. Хүмүүс “Тэр хараа биз. Ийм л байгаа юм чинь… Зоригт сайдаар лаа бариулья аа” гэж хашгиралдах. Хажууд суух эмээ тоосон ч шинжгүй “Угаасаа байнга ингэдгийм аа. Өвчин нь дахиад л хөдөлж байхгүй юу” гэх. Ханбогдын иргэний яриа
-Би саяхан аймагт ахмадын сувилалд хэвтэж эмчлүүлээд ирлээ. Энэ их нүүрсний дэргэд байгаа баян аймаг гэхэд цахилгаангүй. Төвөөс найзыгаа ярихаар нь “Лаагаа бариад л сууж байна” гэчихсэн чинь өөдөөс “Хэн бэ, хэддүгээр зуун бэ” гэж байна. Би ч гэж би заавал нутаг орныхоо нэрийг хөөдөж, лаа бариад сууж байгаагаа хэлж л байдаг, ичмээр юм боллоо хөө. Үгүй ээ тэгээд үнэн л тэр. Даланзадгадынхан маниусын дэргэд цагаар гэрэл авах юм. Шөнө 06 цаг болоход ток ирээд л угаалгын машинаа тажигнуулж, өглөө цайгүй гарч гүйх хүмүүс…

-Энэ Сонгуулийн хууль ер нь юу гээч болж байна? Чадахгүй юм бол хуучин мэжиртаараар нь хийчихмээр юм даа золиг гэж. Эмэгтэйчүүдийн квот гэж яриад байх юм. Тэрний оронд малчдын квот гэж байж болдоггүй юм уу?

-Энэ лизенцийнхээ асуудлыг цэгцлэхгүй бол торгоны хээ шиг золигийн аюултай юм болох нь байна шүү. Монгол нутаг гэдэг чинь дайны талбарын полигоон шиг болчихоод байгаа юм биш үү?

-Би багш хүн. Өдөртөө ангидаа нааш цааш холхиод л байхад гар маань бээрчихдэг. Хөдөлгөөнгүй сууж байгаа хүүхдүүд маань харин бүр хөлдчихдөг байх аа. Самбарын алчуураа орой чийгтэй орхичихоор өглөө мөстөөд тэс хөлдчихсөн байдаг газар шүү дээ манайх.

Энэ мэтчилэнгээр иргэдийн яриа хөвөрнө. Басхүү энэ ярианых нь нэлээд хэсэг Ерөнхийлөгчөөс гавьяа шагнал, одон нэхсэн гуйлт байлаа. Хашир ч яаран нэг их ам алдаж, амлалт өгсөнгүй, хаа газар очиход шагналын нэхэл ээрч байдаг даа гэсэн санааг ерөнхийд нь ойлгуулсхийгээд орхив. Ханбогдчуудын ээрч байсан хамгийн адармаатай асуудлын нэг нь магадгүй цорын ганц эрчим хүчний нэхэл. Төдийгөөс өдий хүртэл харанхуй байсан тэд ирэх намар гэхэд цахилгааны шугамыг татчихна гэсэн амлалтад итгэх ч үгүй, итгэхийг ч хүсэхгүй байгаа бололтой.

Эрчим хүчний тухай хэрүүл Даланзадгадад ч том асуудал дэгдээж байсан. Одоо ч Даланзадгадынхан Ханбогдчууд шиг харанхуй хэвээр. Очсон дарга болгоноос “гэрэл” нэхнэ.Даланзадгадын станцад осол гараад ажил нь зогсч, аймгийн төв хөлдөх гэж байгаа тул Засгийн газар яаралтай хуралдаж, хэдэн зуун сая төгрөг гаргахаар болсон гэсэн мэдээлэл сонсогдож байсан шүү дээ. Гэтэл нэг ослынх нь шалтгаан юу байсан гэж санана. Нэг салан задгай засварчин залуу машин техник рүүгээ цамцаа унагаачихаж…. Тэр нь цаашаагаа үйлдвэрийг гацааж, аймаг хөлдөөх хэмжээний гамшиг болдог юм байгаа биз дээ. Арай ч дээ, үгүй байлгүй дээ, гэтэл салбарын сайд С.Зоригт “Тэр залууд хариуцлага тооцож, ажлаас нь халсан” гэж  баталгаажуулж байх юм. Сайдаас энэ хоёрдугаар сар хүртэл хязгаарлалтын горим хэвээрээ үргэлжилж, тавдугаар сар гэхэд гэрэлд гялтайна гэдгийг  сонссон даланзадгадчууд тайвшрахыг хүссэнгүй “Үнэн үү” гэж лавлан хашгирна.

Ус ус ус…

Даланзадгадын иргэд аймгийн театрт “Засгийн газрын 257 дугаар тогтоолын 3.3 заалтыг цуцал”, “Бадрах дарга аа, цэнгэг ус нүүрснээс үнэтэй шүү” гэсэн уриатайгаар, хөл гишгих зайгүй олон хүн Ерөнхийлөгчийг угтав. Энд Цогтцэций ч Ханбогдод ч хурцаар тавигдаж байсан усны асуудал бас иргэдийн ярианы гол сэдэв байлаа.  Ханбогдчууд ч гэсэн “Бид нуураа өгөхгүй. Бидний усыг битгий булаагаач. Галбын говь усгүй болчихсон байхад Бадрах дарга та усаар бөөлжих үү” гэсэн уриа цууриатуулж байв. Ус говьд бүү хэл дэлхийд хамгийн том асуудал болоод байгаа. Аль ч уурхай, ялангуяа баяжуулах үйлдвэрт ус чухал учраас тэртээ тэргүй усны мөрөөс болдог говьчуудад усгүй болчих вий гэсэн айдас төрүүлээд байгаа аж. Тухайлбал, тэд Монголын 20-хон газрын гүнийн цэнгэг усны нөөцийн нэг Балгасын улаан нуураа Оюутолгойнхонд ашиглуулахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлж байв. Усны газрын дарга Ц.Бадрах Балгасын улаан нуураас байж болох хамгийн бага хэмжээнд ус ашиглах зөвшөөрөл өгсөн хийгээд цаашид усны хайгуулын ажлаа эрчимжүүлж байгаагаа тайлбарлах гэсэн боловч түүнийг нь сонсохыг ч хүссэнгүй. Уг нь тэрбээр ихэнх нь гадагшаа урсаад “зугатчихдаг” эх оронч бус голууд хийгээд, бороо, гадаргын усаа ашиглах боломжийн талаар ярих гэж нэлээд оролцсон. Газрын гүнийн цэнгэг усаа баяжуулах үйлдвэрт ашиглаж байхаар гадагш урсдаг энэ голуудаа ашиглах нь мэдээжийн хэрэг хамгийн оновчтой санаа. Уг нь хэдэн жилийн өмнө Хэрлэн-Говь хэмээх нэгэн төслийн талаар яригдаж байсан ч ус голыг минь хятадууд руу татах нь гэсэн УИХ-ын хэдэн эх оронч гишүүдийн “дэмжлэг”-ээр гацаж орхисон. Одоо Орхон-Говь төслийн ажил нэлээд урагштай байгаа ч Ц.Бадрах дарга ойрын арван жилдээ бүтчих ажил гэж үг унагаснаас үзэхэд бас л мөддөө бүтэх ажил биш бололтой. Ханбогдчуудын халаглан гуйж байгаа нэг зүйл нь “Оюутолгой”-н ил уурхайн нутагт байгаа Ундайн голыг шороон овоолгоор дараад устгачихгүй байх. Харийн хүний нүдээр харах юм бол энэ бол борооны усаар амь орж зэрэлздэг, бусад үед хуурай сайр уу гэж үзэгдэх төдий гол. Гэвч угаас ус ховор говийнхон Ундайн голоо амиараа ч болов хамгаалах зориг төгөлдөр байгаа нь илэрхий. “Оюутолгой”-нхны хувьд голын урсацыг өөрчлөх гэх мэт өөр боломжит ямар хувилбар байгааг судалж байгаа гэх.  Бүр ширхэгчлэн тоолсон байдаг бололтой Ундайн голын 3000 хайлааст гар хүрэхгүй байхыг тэд шаардаж,  бульдозероор дайрч орхисон хоёр хайлаасныхаа “амь”-ийг Оюутолгойнхноос нэхэж байна. Ханбогдчууд хоёр улиасныхаа “амь”-ийг ч нэхэж байгаа нь монголчууд байгалийнхаа манаанд сонор соргог хэвээрээ л байгаа гэдгийн илэрхийлэл гэлтэй.

Ханбогдчуудын захиас

Говийнхон шооч гэж жигтэйхэн. Нэгэн яриа:

-Сая санаандгүй зурагт үзэж байсан чинь нэг л танил царай. Юу билээ гэж бодсон чинь Засгийн газрын төлөөлөгч гэж ирээд маниусыг дарамталж, загнаж байгаад явсан Батбаатар гэдэг залуу “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар сонгогдож байгаа юм гэнэ. Цаана нь Зоригт сайд бултганаад гүйж байгаа харагдана лээ. Энэ ямар нүүрээрээ “Эрдэнэс Оюутолгой”-н захирал болж байгаа хүн бэ? гээд залуу сайдыг бяцхан .”чимхээд” авав. Энэ мэтчилэнгээр тэдний яриа цэгцтэй, цэцэн бөгөөд хошин. Сайн илтгэгч Ц.Элбэгдорж ч өөрөө хаана ч хүрэхгүй цэцэн цэлмэг хүмүүс юм гэж хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв. Тэдний ярианаас заримыг сийрүүлбэл:

-Энэ Сонгуулийн хууль юу болчихов. Чадахгүй юм бол хуучин мэжиртаараар нь явуулчихмаар юм золиг гэж. Эмэгтэйчүүдийн квот гэж яриад байх юм. Харин малчдын квот гэж байж болдоггүй юм болов уу?

-Лицензийнхээ асуудлыг шийдэхгүй бол газар нутаг гэдэг чин торгоны хээ шиг золигийн аюултай юм болчихоод байна. Дайны полигоон шиг болчихоод байгаа юм биш үү?

-Би багш хүн. Өдөржингөө ангидаа холхиод байхад л гар бээрчихдэг. Хөдөлгөөнгүй сууж байгаа хүүхдүүд маань хөлдчихдөггүй нь их. Оройдоо самбарын алчуураа чийгтэй орхичихоор өглөөдөө хөлдөөд мөстчихсөн байдаг газар шүү дээ, манай сургууль.

Говийнхны онцлог болов уу гэмээр нарийнхан цангинасан хоолойгоор толгой холбож ирээд часхийсэн үг хэлэх.  Хажуугийн гадаадын компаниар зочлохдоо Ханбогд сумаар тоож шагайгаагүй Ерөнхий сайд С.Батболд, Ханбогдод ирж гийгүүлсэн боловч Оюутолгойд  очиж хоног тааруулаад буцсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хоёрыг ёстой авч өгч байна. “Энэ хүн яахаараа гадаадын хөрөнгө оруулалттай компанид очиж унтаж хэвтээд явдаг билээ. Ууж, идэж, унтаж хэвтдэг нь ерөн бол тодорхой л доо. Гэхдээ л…” гэхчилэн урсгаж өгч байна. Үүн дээр PR сайтай гэгддэг Ерөнхийлөгч өлгөж аваад л “Би бол найман хүүхэдтэй, малчин айлын хүүхэд. Би Ханбогдод хононо. Даланзадгад орчихоод малчин айлд очно. Өтөг бууц үнэртсэн шигээ, хурга тугал хөөцөлдөнө” гэж зарим хүний хамрын самсааг шархируулаад авав. Нээрээ ч зөвлөхүүд хийгээд шадар туслахаа ч онгоцонд суулгаж, хот “илгээчихээд” өөрөө хаашаа ч юм бэ явчихсан гэсэн. Санаж байгаа биз дээ, Ерөнхий сайдыг шинэ сайд нараа танилцуулахаар оруулж ирэхэд нь “Нэг л их яарсан хүмүүс… Би хөдөө явлаа, ажлаар яваа шүү, араас битгийн мэдэгдэл шидээд байгаарай” гэж загнаж орхиод гараад ирээгүй юу. Ерөнхийлөгчийн энэ удаагийн ажлын багийнхан ч гэсэн нэг л их яарсан хүмүүс, өдөрт 2-3 газартай явуут танилцаад, оройдоо ёс юм шиг төлөвлөсөн хугацаанаасаа хэтэрдэг иргэдийн уулзалтаа хийчихээд л давхиад байлаа. Сайд болохыг хүсч байвал намайг дагаад Өмнөговь руу яваарай гэсэн үүрэг авсан УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, бодвол ирээдүйн ажилтайгаа танилцах нь зүйтэй гэж үзсэн бололтой, Ерөнхийлөгчийг дагалдан явна лээ. Тэр зуур Ц.Дашдоржийгоо ялимгүй чимхэж, УИХ-ын гишүүд давхар Засгийн газрын гишүүн байхыг зарчмын хувьд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр явав.

Дэлхийн анхаарлыг татаад байгаа хоёр том орд, түүнд үйл ажиллагаа явуулж дөрвөн том компанитай гурван өдрийн дотор танилцана гэдэг, чамгүй шахуу ажил болох нь лавтай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч өнгөрч буй хугацаанд Монгол Улсынхаа аймгуудаар ерөнхийдөө нэг эргэчихсэн. Сүүлчийн тэмээний ачаа хүнд гэхчилэн “үүцэлж” байсан өмнийн говьдоо илүү урт хугацааг зарцуулахаар шийдсэнээ дуулгаж байв. Дахин дахин ирнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаа бололтой “Намайг дараа жил, бас хоёр жилийн дараа ирэхэд энэ асуудлаа дахиад л яриад сууж байв аа?” гэж анхааруулах.

Басхүү арван жилийн дараа би энд ирэхэд бороо шивэрч, мод найгаж байхыг би хармаар байна гэж Ц.Элбэгдорж санаашрав. Мэдээж хэрэг энэ бол ханбогдчууд, цогцэцийхэн, өмнийн говийн, бүх монголчуудын хүсэл билээ л. Биелэх болтугай.

А.Алтантуяа

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

antalya rent a car