Женев. /ИТАР-ТАСС/. Хэрвээ ажилгүйдлийн болон өрийн асуудлыг шийдэхгүй, санхүүгийн салбар хүчирхэгжихгүй тохиолдолд дэлхийн эдийн засаг 2012 онд ердөө 0,5 хувиар өснө гэсэн урьдчилсан таамаглалыг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын /ЮНКТАД/ ”Дэлхийн эдийн засгийн байдал ба хэтийн төлөв” илтгэлд дурдсан байна.
”Эдийн засаг уналтын ирмэг дээр дахин ирээд байна. 2012, 2013 онд эдийн засгийн өсөлт тааруу байх бололтой. Эдийн засгийг сүйрүүлж буй асуудлууд нь хоорондоо уялдаатай. Ажилгүйдэл нэмэгдэх, өсөлтийн хурдац буурах үзэгдэлтэй тэмцэх нь бидний гол зорилт” гэж дээрх баримт бичигт тэмдэглэжээ.
Ажилгүйдэл нь хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдцыг дахин сэргээхэд гол тээг садаа болж байгаа бөгөөд дэлхий даяар 64 сая ажлын байр хэрэгтэй байгааг илтгэлд дурдсан байна. Дахин уналт болбол дэлхийн ажилгүйчүүдийн тоо 71 саяд хүрэх ба тэдний 17 сая нь баян чинээлэг орнуудын иргэд байх болно гэж ЮНКТАД-ын шинжээчид тооцоолж байна.
Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт илүү өндөр байж болохыг Комиссын шинжээчид үгүйсгэсэнгүй. Тухайлбал, хэрвээ хямрал том биш эдийн засагтай хэдхэн орныг хамарваас энэ онд эдийн өсөлтийн хурдац 2,6 хувь, 2013 онд 3,2 хувьтай гарч магадгүй гэж тэд таамаглажээ. Байдал сайжрах төлөв харагдахгүй байгаа бөгөөд хямралаас гарах талаар Европын орнуудын засгийн газруудын авсан арга хэмжээ ”хангалттай үр дүнд хүрэхгүй” байгааг ЮНКТАД-ын шинжээчид тэмдэглэсэн байна.
З.Амгалан
Холбоотой мэдээ
Comments are closed.