Хүүхдэд cap бүр олгодог 20 мянган төгрөгийг 2016 оны улсын төсвийг батлахдаа амьжиргааны төвшингээр нь ялгаварлаж заримд нь өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнийг олон нийт ихээхэн эсэргүүцэж байгаа нь сүүлийн хэдэн өдөр нийгэмд үүссэн бухимдлаас харагдаж байна.
Тодруулбал, Ирэх онд Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн хүүхдүүдэд л олгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь хүүхдийн мөнгийг нэг сая 30 мянган хүүхэд авч байсан. Харин одоо амьдралын боломжтой, амьжиргааны төвшин дээгүүр 18-20 дугаар бүлэгт хамрагдсан гэсэн шалтгаанаар 140-150 мянган хүүхэд cap бүр олгодог 20 мянган төгрөгийг авах эрхээ хасуулж байгаа аж. Ингэснээр нийт 40 тэрбум төгрөг хэмнэгдэн, улсын төсөвт орох юм байна.
Үүнтэй холбоотойгоор олон нийтийн хамгийн ихээр дургүйцэж байгаа зүйл бол Өрхийн амьжиргааны төвшнийг тодорхойлох судалгаа юм. Тус судалгааг өнгөрсөн 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулж, нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан байх юм. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлжээ. Өөрөөр хэлбэл, өрхүүдийг хэрэглээнд нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан аж. Тухайлбал, танайх LED телевизортой, печь, автомат угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө авахгүй. Хүүхдийн мөнгө авах айл өрх, хар зурагттай, угаалгын машингүй, печьгүй байх, түүнчлэн эмзэг бүлгийн, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй байх ёстой гэсэн яриа олон нийтийн дунд тархаж, багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Арга ч үгүй биз. Өнөө цагт зурагт, хөргөгч, угаалгын машин нь аль ч давхаргын хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон зүйл. Гэтэл LED телевиз, автомат угаалгын машин, богино долгионы зуухтай, өөрийн гэсэн байртай айлуудыг амьжиргаа сайтайд тооцно гэвэл хэтэрсэн шалгуур болно гэсэн байр суурийг олон нийт илэрхийлээд байгаа.
Тиймээс бид албаны эх сурвалжаас энэ талаар тодрууллаа.
-Хүүхдийн мөнгийг зурагт, хөргөгч, угаалгын машинтай айлд өгөхгүй гэсэн яриа олон нийтийн дунд тархсан. Энэ үнэн үү?
-Уг нь тийм биш шүү дээ. 2013 оны судалгаанд тухайн өрхийн хэрэглээнд байгаа эд зүйлс болох цахилгаан барааны талаар ганцхан асуулт байгаа юм. Түүнээс өөр олон асуулга бий. Тиймээс хэт туйлшрах хэрэггүй. Ам бүл гурвуулаа хоёр нь ажил хийдэг айл байлаа гэж бодъё. Тэдний олж байгаа орлогыг гурван хүнд хуваахаар амьжиргааны төвшин нь дээгүүр гарч ирэх нь тодорхой. Зургаан ам бүлтэй айлын хоёр нь ажиллаад сард нийлээд 600 мянган төгрөгийн цалин авдаг гэвэл өөр. 600 мянган төгрөгийг зургаан хүнд хуваахаар сарын 100 мянга болж байгаа биз. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгт хүрэхгүй учраас энэ айл амьжиргааны төвшин доогуур өрхөд орно гэсэн үг. Тиймээс энэ айл LCD зурагт, хөргөгч, угаалгын машинтай байсан ч хүүхдийн мөнгө авах боломжтой гэсэн үг юм.
-Олон нийтийн дийлэнх нь амьжиргааны төвшинг буруу тогтоосон гэж үзэж байгаа. Дахиад шинээр тогтоолгох боломжтой юу?
-Өнгөрсөн 2013 онд өрхийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэн орон даяар судалгаа явуулж, бүртгэсэн. Ингэхдээ олон улсад хэрэглэдэг орлого орлуулан тооцох аргачлалыг ашигласан. Амьжиргааны төвшинг тодорхойлохын тулд сарын орлогод үндэслэх боломжгүй. Тиймээс бид орлого орлуулан тооцох арга хэрэглэсэн. Харин тухайн үеийн төвшин нь буурсан эсвэл өссөн эсэхийг тухайн иргэн харьяа хороондоо очиж маягтын дагуу бөглөнө. Ингэснээр дахин үнэлүүлэх боломж бүрдэх юм.
-Заавал оноос өмнө хороон дээрээ очих шаардлагатай гэсэн үнэн үү?
-Үгүй ээ. Заавал оноос өмнө амжих ёстой гэсэн ташаа мэдээлэл гарсан байна лээ.
-Сүүлийн хугацаа нь хэзээ вэ?
– Ирэх сарын 20 гэхэд хүүхдийн мөнгө буух ёстой. Тэгэхээр тэрнээс өмнө, аль болох эртхэн хороон дээрээ очоод амьжиргааны төвшингөө асуух, дахин тогтоолгох боломжтой.
Т.Болормаа
23 Comments