МАН-ын дарга Ө.Энхтүвшин тун ч өрөвдөлтөй өдөр хоногийг өнгөрүүлж явна. 2012 оны УИХ-ын сонгууль, дараа нь орон нутгийн сонгуульд ёстой л “ёо” гэтэл хатуу, гашуун ялагдал хүлээсэн МАН-ын зангарагтай, архагууд хилийн дээс даван зугатацгааж “ноолж байхад амар” гэгчээр хөөрхий Ө.Энхтүвшин өнөөдөр намын даргын лай ланчигийг үүрэх учиртай байж.
“Шаварт унасан шарын эзэн”-ий дүрээр ялагдсан, хүчгүйдэж тарамдсан МАН-ын доройтол, сулралтай зууралдаж яваа энэ хүн уг нь өөрөө л энэ бүхний эхлэлийг тавилцаж, бохир зуурмагийг сайтар хутгалцагсдын нэг яах аргагүй мөн билээ.
Ядаж байхад одоо удирдаж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын санхүүгийн асуудал нь хүнд, эрх барьж байхад урд хойно нь мөнгө барьж гүйдэг байсан нөхдүүд нь шалтаг хэлээд гараад явцгаачихсан байдаг.
1980 онд МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн Ө.Энхтүвшин дарга 1986-1989 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи төгсөж ирснээсээ хойш хурган даргын суудлаа ахиулсаар байгаад өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нэгэн.
УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдохдоо ЗГХЭГ-ын дарга, БСШУ-ны сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга эцэст нь МАН-ын дарга гээд бараг л нэгэн биед нь хийж үзээгүй даргын ажил үлдээгүй шахуу.
Өнөөдрийн МАН-ын ялагдал, доройтол олон жилийн өмнөөс угжирсан нь лидерүүдийнх нь боловсрол мэдлэг, цаг үедээ тохирсон улстөр, эдийн засгийн үнэлэлт, дүгнэлт хийх улстөрчдийн овсгоо чадвартай шууд холбоотой гэдгийг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.
Тэгвэл 1996-2005 онуудад МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин дарга энэ угжирсан хоцрогдол, ялзралд хамгийн их хамаатай хүмүүсийн нэгээр яах аргагүй тодрох нь гарцаагүй. Үнэн байдал ийм байхад МАН “Амаараа шороо үмхсэн” 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа өөрийгөө нэр дэвшүүлж, тэр үеийн Ерөнхий сайд, намын дарга Сү.Батболдтой өрсөлдөн МАН-ын дарга болсон нь ёстой л “Даахгүй нохой булуу хураах”-ын үлгэр болжээ.
Ө.Энхтүвшин дарга хэзээ ч У.Хүрэлсүх шиг эрс зоримог, бас хийрхүү ч гэмээр авир гаргаж үзээгүй, чадах ч үгүй нэгэн. Түүнд Ц.Нямдоржийнх шиг өчигдөр, уржигдрын тооцоог сөхөн гаргаж түүнийгээ хахир хатуугаар илэрхийлж чадах төрөлхийн шазруун, тэмцэгч чанар байхгүй. С.Баяр шиг өнөөдрийг давуулан маргаашийг харж улстөрийн ашиг хонжоо гаргах нуугдмал авьяас заяасангүй.
Тэрээр урьд хойно нь оруулан самгардаж будилтлаа түүх уншиж, хойно коммунист намын академийг төгсөхдөө ухуулга, сурталчилгааны ажлын талаар дэд докторын зэрэг хамгаалж явсан ёстой л “цагаан гартай” номын хүн. Нөгөөтэйгүүр таван жил Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд ажиллахдаа сурвалжлагчаас хариуцлагатай нарийн бичгийн дарга болтлоо дэвшиж үзсэн байдаг л нэг сэтгүүлч.
Хаа очиж тэр дөлгөөхөн, тайван зантай нэгэн. Харин яг энэ цаг үед монголын улстөрийн ууган нь боловч отгоны зангарагыг ч үзүүлж чадахгүй байгаа МАН-ыг толгойлоод аваад явчих лидер биш гэдэг нь хэний ч нүдэнд ил харагдах боллоо. Улстөрийн том намын даргын хэлэх үг нь цэгцтэй, хийх ажил нь тодорхой бөгөөд ойлгомжтой, хувь хүн нь туйлбартай, зоригтой байж гэмээнэ гишүүд дэмжигчдийнхээ халуун итгэлийг хүлээж зангидсан гар мэт хүчирхэгждэг жамтай.
Тэгвэл өнөөдөр МАН-ын хувьд зангидсан гар мэт эв нэгдэл нь ч алга, туйлбартай, зоригтой, шазруун тооцоотой дарга нь ч алга.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин зоригтой, туйлбартай, тэмцэгч байж чадаагүйн хамгийн бодитой нотолгоо нь УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангайд нийт сонгогчдын 47.59 хувийн санал авч илт давуу ялалт байгуулан УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад байсан С.Чинзориг, 43.08 хувийн санал авсан Н.Төмөрхүү нар нь сонгогчдын 40.3 хувийн санал цуглуулсан Г.Батхүү, 34.0 хувийн саналтай Д.Зоригт нарт УИХ-ын гишүүний суудлаа дээрэмдүүлсэн илэрхий луйврын хэрэг юм. Энэ нь зөвхөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсан хэрэг төдий биш юм.
Монголын ард түмэн, сонгогчдын эрхэнд шударга бус шүүхийн дэмжлэгтэйгээр эрээ цээргүй халдсан үнэхээр бусармаг дээрмийн ажиллагаа билээ. Энэ илэрхий дээрэм, тонуулын ажиллагааг харсаар байж амандаа ус балгачихсан юм шиг дуугүй суусан нь Ө.Энхтүвшин даргын уучилж болшгүй алдаа байсан. Харсаар байж УИХ-ын хоёр ч суудлаа зүгээр л дээрэмдүүлчихсэн ийм үлбэгэр дарга улстөрийн ийм томоохон хүчнийг удирдах ямар ч чадамжгүй гэдгээ нийгэмд хамгийн тодорхой харуулчихсан.
С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрын араас Увсын хоёр, дээр нь нэмэгдээд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа нарын асуудал ч босч ирж магадгүй байгаа. Хэрвээ ийм урагшгүй, хулчгар даргатай байгаад байвал УИХ дахь МАН-ын бүлэг тун удахгүй жинхэнэ “амьд үхдэл” болж хувирна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэд далаараа цэвэр тавиулснаасаа хойш Ө.Энхтүвшин даргын дуу суларч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдын араар нуугдах нь ихсээд байгаа. Саяхан Ховд аймагт Б.Бат-Эрдэнэ аваргыг дагалдан хоолойгоо зассан шиг очиход нь Ховдчууд “Ишш, чааваас. Энхтүвшин даргын сүлд хийморь яачихав аа.
Ийм үхээнц дарга аваргыг дагалдан явж хийморь лүндааг нь доройтуулчихлаа” гэлцэн пүү паа болсон сурагтай. Яаж ч бодсон МАН шиг томоохон намын дарга жирийн нэг гишүүнтэйгээ хариуцлагатай сонгуулийн сунгаанд өрсөлдөж ялагдчихаад адаг сүүлд нь “Сонгуулийнх нь ерөнхий менежер ээ хө” гэчихсэн дагаад харайлгаж явна гэдэг мөн ч жулдаж байгаа хэрэг л дээ.
Ерөөсөө л Ө.Энхтүвшин даргад МАН-ын дарга гэдэг одоо цагт “дөнгө” болсон албан тушаал ахдаад байна. Тэр бол өөр хүн. УИХ дахь сөрөг хүчний хувьд бусад нөхөдтөйгөө сайтар ярилцаж, тактик төлөвлөгөө боловсруулаад чангахан дуугараад явах УИХ-ын сайн гишүүн байх нь л түүнд илүү зохино.
Монголын улстөрийн ууган хүчин, туршлагатай бас ч гэж хүн хүчний нөөц сайтай МАН-ын хувьд Ө.Энхтүвшин даргыг улстөрчийнх нь хувьд “үхдэл” болгож, намынхаа ч тэр хүний ч хойтохыг уншуулж байхаар намынхаа их, бага хурлыг яаралтай зарлан хуралдуулж арай залуу, арай зоригтой, туйлбартай хүнийг гаргаж ирвэл ёстой л монголын улстөрийн загатнасан газар маажлаа л гэсэн үг болох юм.
Ө.Энхтүвшин даргаа та намынхаа ХХVI их хурал дээр тэсрэлт хийж танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлэн өрсөлдөн ялж МАН-ын дарга болж байсан шигээ “Би нэг л сайн аргыг нь олохгүй байна.
МАН-ыг хөл дээр нь босгож чадах зоригтой, тодорхой үзэл баримтлал дэвшүүлээд хэрэгжүүлж чадах аавын хүү энэ албыг хашиг дээ” гэж хэлээд өнөөдөр өөрт чинь дөнгө болоод байгаа албан тушаалаа өгчих өө. Тэгээд УИХ-ын танхимд ороод хийж чадах ажлаа нэр төртэйхэн шиг хийгээд явчих. Тэгвэл та монголын улстөрд арай олон жил амьдарч ард түмэн ч өөрийг тань өөр нүдээр харах болно.
Харин МАН-ын дарга байх нь өөрт чинь нэг л зохихгүй байна.
Д.Түвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
asashihihihihi (June 03, 2013 9:42:56 pm )
hihihih
-
Чубар (June 04, 2013 10:08:35 am )
Хүний хүүд нэг бодол байхад Хотгойдын хүүд нэг бодол байж таарна Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрнө.Өнөөдөрийн завхарсан Ардчилалын хор холбогдлыг арилгаж байна гээд их ажил болно Тэр одоогийн ардчилагчид хөгширсөн чухам тийм буруу юм хийжээ гэж бодож сууна Одоо МАН-аас их юм харж байна Энэ намын нэг үеийн уналт давхцаад буй бололтой Дахиад гараад ирнэ Эрх баригчидын байгаа байдал нь нэг их удахгүй бололтой Э-дарга Та арай дайчин байгаач!
-
БАТБАЯР (June 04, 2013 11:46:14 am )
Дарга нар том том хулгай хийж байхад Бат-эрдэнэ хараагүй юм шиг, мэдээгүй юм шиг ************ царайлж явсан шүү. Луйварчдын эсрэг чанга дуугарах хүн нь Бат-эрдэнэ гэж ард түмэн харж байлаа, гэтэл дүмбийгээд нөгөөдүүлтэйгээ хамт энд тэнд бараа шахаад гүйгээд байсан гэж ярьдаг нь үнэн шүү. Элбэгдорж нь хамаагүй дээрээ….
3 Comments