Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломж дуусахад УИХ-д тав хоногийн хугацаа үлдлээ. Учир нь Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сарын 26-аас өмнө буюу намрын чуулганаар амжиж батлахыг хуульчилсан. Энэ өдрөөс хойш хуулиараа Сонгуулийн тухай хуульд гар хүрэх хориотой. Сонгуулийн санал хураалт болоход зургаан сар үлдвэл Сонгуулийн хуулиар оролдохыг хорьдог, тэгэхгүй бол элдэв улстөржсөн санаа шургалдаг гэж үздэг юм.
Ер нь Монголын парламент бүрэн эрхийн хугацаагаа бүтэн эдэлснийхээ дараа л дараагийн 76-гаа яаж сонгох талаар яарч эхэлдэг нь гэм биш зан. Ийм жишээ өмнөх парламентын мөн өдийд л УИХ-аар хэлэлцэж байсан сонгуулийн тухай хуулийн процесс нотолно. Ерөөсөө л тэгдэг юм. Улиг ёсоороо гурван жил яригдаад 2011 оны арванхоёрдугаар сар гаргаж байж одоогийн 76-г сонгосон холимог тогтолцоон дээр санал нийлж байв. Дээр хэлсэнчлэн сонгууль болохоос зургаан сарын өмнө хууль нь батлагдсан байх ёстой учраас яг тулгаж байгаад л хийсэн нь тэр. Сонгуулийнхаа дараа муу муухайг нь гайхаж даруй өөрчлөх юм болоод л баахан шуугиж байснаа мартаж байв. Мартах ч юу байхав дээ, гишүүн болгон дахиж гарч ирэх бололцоогоо хайн урт хугацаагаар бодолхийлсэн гэвэл илүү зохино.
Тухайн үед тогтолцоон дээр гол асуудал байсан бол энэ удаа тооллого дээр толгойны өвчин болж байна.
Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын хэвийн үйл ажиллагааг тасалдахад хүргээд байсан Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас хэлэлцэх, эсэх нь шийдэгдсэн гурван хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийхээр хуваарьт оруулсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мягмар гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийхээр болжээ.
Улмаар пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, баасан гарагт эцэслэхээр төлөвлөсөн байна.
Гэхдээ парламентад суудалтай улс төрийн хүчнүүд зөвшилцөлд хүрсэн тохиолдолд Сонгуулийн тухай хуульд амжиж салхи оруулах боломж үүсэх юм. Өөрөөр хэлбэл, А.Бакей гишүүний ахалж буй Ажлын хэсэг намуудын эрх ашгийг хэр зэрэг хангахаас шалтгаална гэсэн үг. Ардчилсан нам сонгуулийн хуулийн хар машинаар тоолох хэсэгт гар хүрэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин МАН тэр хэсгийг нь өөрчлөхгүй бол бусдыг нь ярихгүй гэдгээ илэрхийлсэн. Хар машинд итгэдэггүй МАН-ын /МАН-аас УИХ-д сонгогдсон одоогийн 26 гишүүн хар машинаар ялж гарч ирсэн/ зүгээс гар аргаар давхар тоолох, түүнийг хэрхэн хянах аргачлалыг ч Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн төсөлд тусгаж өгсөн. Эрх баригчдын зүгээс Сонгуулийн хуулийг солих сонирхолгүй байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Арвин, Н.Батбаяр нарын гишүүд өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ийм шийдвэрт хүрсэн гэдгийг сөрөг хүчнийхэнд дуулгасан билээ.
Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар сонгуулийн саналын хяналтын гар тооллогыг бүх хэсгүүд дээр хийх бөгөөд, хэрэв автомат машины саналтай зөрвөл бүх саналыг гараар тоолохыг талууд тохиролцсон хэмээн мэдээлж байна. Гэхдээ аль тооллогыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх талаар мөн л зөвшилцөөгүй аж.
Хэрэв УИХ энэ долоо хоногт амжиж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол хуучин хуулиараа буюу холимог тогтолцоогоор ирэх оны сонгуулийг явуулахаас өөр аргагүйд хүрнэ.
Гэхдээ Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг батлах, бас түүнийг нь хүлээн зөвшөөрөх процесс улс төрийн зөвшилцөл бий болсон нөхцөлд зөв өрнөдгийг мартаж болохгүй. Энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөсөө л дээрх хоёр хуульд өөрчлөлт оруулж, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралыг зөв гольдрилд оруулна хэмээн ярьж байсан. Дундаа гурав сэлгэсэн ч, Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн газар бүриийн мөрийн хөтөлбөрт энэ багтаж, нийгэмд хүлээлтийг үүсгэсэн. Хамгийн сүүлд буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газарт 1.6 жил, гол ажлаа нугалах яг нэг жилийн л хугацаа байсан. Харин тэр хугацаа нь арав хоногийн дараа улирч одох 2015 онтой хамт “харихад” тун дөхсөн байна.
Засгийн газрын мэдээ
Б.Даваатогтох
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (December 21, 2015 12:27:30 pm )
Эрхэм намын дарга нар минь Ундсэн хуулийхаа заалт бурийг нарийвчлан уншиж зорчсон зуйлуудээ засаач.ТА нарын одоо бариад байгаа хуулийн тослууд чинь ундсэн хуулиййнхаа заалтыг зорчоод байна шуудээ.Эрхэм гишууд минь Капитал уншихаа байг гэхэд Ундсэн хуулиа заалт бурээр нь уншиж ойлгооч .Капиталыг уншсан гишууд хэд байгаа бол.
1 Comment