Хуучин он хулжирч, шинэ он шилжрэн ирлээ. Оны зааг болсон энэ үед хувь хүнээсээ эхлэн улс орон хүртэл хийсэн бүтээснээ дүгнэж, хамгийн хамгийнаа тодруулж байна. Энэ удаад бид ч гэсэн “2011 оны хамгийн хөгжилтэй түүх”-ийг сөхөж байна. Энэ бол жилийн 9.6 сая төгрөгийн цалингийн орлоготой атлаа сарын 4-5 сая төгрөгийн түрээсийн байранд амьдардаг эрхмийн тухай юм. Хэлж амжаагүй байхад “Өө, онигоо онигоо Нямдорж сайд” гэж хүн бүр мушилзаж байгаа байх. Хазайдаггүй, хаданд хальтирдаггүй “Хатуу самар” гэгддэг байсан энэ эрхэм хийтэй ганц өгүүлбэрээс болоод нийгэм дэх өөрийн имидж, олон жилийн “хөдөлмөр”-өө нэг мөр баллуурдаж орхисон. Өдгөө хүн бүр “Ц.Нямдорж сайд хөрөнгө, орлогоо үнэн шударгаар мэдүүлэх үүргээ хөсөрдүүлэн ихээхэн хэмжээний үл хөдлөх хөрөнгөө нуун дарагдуулж байна. Түрээсийн байранд толгой хорогддог нь худал” хэмээж байна.
Ц.Нямдорж сайд 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 170.000 сая төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц, “Бенз 500” маркийн автомашин 1 ш, Адуу 10 ш, Хонь 10 ш, гэр бүлийн орлого нь 8.423.200, нийт орлого нь 10.297.400 төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Түүний нэг сарын цалин 800 мянган төгрөг буюу бүтэн жилийн цалингийн орлого нь 9.6 сая төгрөг гэсэн үг. Харин мөнөөх сайдыг дэгээдэж дөнгөсөн Туул голын эрэг дэх “MCS” группын “Bella Vista” хотхоны байр нь нэг сая ам.долларын үнэтэй. Түрээсэлсэн байлаа гэхэд сарын зардал нь олны ярьдгаар 4-5 сая, жилийн 48-60 сая төгрөг гэсэн үг. Тоонд муу ч тооны машины тусламжтайгаар бодоход түрээсийн зардал нь сайдын болон төрийн албан хаагч болох эхнэр, хүүхдийнх нь нийлбэр цалин, орлогоос хэд дахин илүү гараад байгаа юм.
Дээр нь ахуйн хэрэглээний зардал гэж байна. Тэгэхээр сайдыг “Түрээсийнхээ зардлын зөрүүг хаанаас гаргадаг вэ, хөрөнгө орлогоо үнэн шударгаар мэдүүлэв үү” гэж хардахаас өөр арга алга. Эрхэм сайдыг 2010 оны хамгийн хөгжилтэй түүхийн эзэн болгосон бас нэг зүйл нь До.Чулуунбаатар сэтгүүлчийг “Хүний төлөөнөө хоёр, гурван сар шоронд суусан” хэмээн мэдэгдсэн явдал. Бас л түүний “амны алдаа”. Түүний хэлсэн энэ үг хүний эрхийг ноцтой зөрчсөн ажиллагаа явагдаж байгааг мэдсэн мөртлөө таслан зогсоох арга хэмжээ аваагүй, харин ч өөгшүүлж байжээ гэж ойлгогдохоор байгаа юм. Хэрэв тэгсэн бол энэ нь хуульд харш үйл ажиллагаа бүр хүн хэлмэгдүүлэх ажлыг цаанаас нь удирдан чиглүүлсэн, эсхүл ямар нэгэн учир шалтгаан байж гэх харыг лавшруулж байгаа юм.
Ер нь Ц.Нямдорж сайдын талаар “2008 оны сүүлийн хагаст Цагдаагийн байгууллагыг холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болгох 13.5 сая ам.долларын өртөг бүхий төслийн тендерийн шалгаруулалтыг будлиантуулж, дундаас нь мөнгө завших нөхцөлийг бүрдүүлсэн, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Д.Долгормааг “Үл хөдлөх хөрөнгө хамгаалах сан” гэгчийг байгуулахад нь дэмжиж, тус сан хөрөнгөө бүртгүүлсэн компаниудаас хууль зөрчин 1-3 сая төгрөгийг авдаг байсан, “Таван толгойн орд”-оос урагш нь нүүрс зөөх машин явуулахыг зам тавигдаж дуустал түр хугацаагаар хориглосныг эсэргүүцэж, зам тавигдаж дуусахыг хүлээлгүйгээр нүүрс зөөх машинуудыг явуулах зөвшөөрөл олгохыг ЗТАЖ-ын сайд Х.Баттулгаас удаа дараа шаардаж байсан, Нийслэлийн өмчийн “Спорт цогцолбор”-ыг хувьчлаагүй байхад түүний нэг хэсгийг “УБ палас” хэмээн нэрлэн уг цогцолбороос салгахыг баталгаажуулан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Д.Долгормаа О.Баяраа гэгч хүнд өмчлөх эрхийн гэрчилгээ өгч, түүнийхээ шанд 60 мянган ам.долларыг О.Баяраагаас авсан, энэ мөнгөний тодорхой хэсгийг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын гадаадад сурахад зарцуулагдсан” гээд олон зүйл яригддаг.
Энэ бүхнийг эцэслэн шалгаж үнэн мөнийг тогтоох цаг болсон байлтай. Ц.Нямдорж сайд УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа “Ашигт малтмалын тухай”, “Авлигатай тэмцэх газрын тухай”, “Сонгуулийн тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” зэрэг олон хуульд бодлогын, зарчмын, агуулгын шинж чанартай нэмэлт, өөрчлөлтийг нууцаар оруулж байсан болохыг МУ-ын Үндсэн хуулийн цэц шалган тогтоосон төдийгүй тэдгээр үйлдэл нь түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэсэн дүгнэлтийг 2007 оны 5 сарын 23-ны өдөр гаргасан байдаг. Харамсалтай нь УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд тийнхүү дур зоргоороо халдсан хууль бус үйлдлийг засаж залруулж, хариуцлага тооцоогүйн үр дагавар өдгөө хүртэл улсад болон хувь хүмүүст хохирол учруулж, сүүдрээ тусгасаар байгаа. Харин эрхэм сайд “Орондоо хууль засдаг” гэсэн онигооны эзэн болоод л өнгөрсөн. Үүнтэй адил дээрх асуудлууд замхрахыг ч үгүйсгэх аргагүй юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.