antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 Comments are off

“Айвенхоу майнз”, “Рио Тинто”-гоор тэмээгээ төлүүлнэ

нийтлэсэн Admin

Үндэсний минь үзэл санаанаас ангид орших зүйл гэж үгүй. Тиймээс сүүлийн үед манай залуус эх нутгийнхаа хөрш шороо, ширхэг чулууг ч энэхүү агуу үзэл санаатай холбон ярьж, бичдэг болж. Арга үгүй ч юм уу даа. Монголыг дэлхий тоож, бүр биширч, эд баялагт нь шунан дурлаж байна. Үүнийгээ харийнхан глобальчлалтай холбон тайлбарлах нь цөөнгүй. Тэд “Танай баялгаас цөмөөрөө хувааж хүртэнэ, ингэхийн учир нь бид бүгд эх дэлхийн хүмүүс юм чинь” гэнэ.

 

Үнэн л дээ. Гэвч ийм сайхан үгийнхээ цаана өнөөх шуналаа тээж явна. Ер нь хүмүүний энэ муу шунал л улс орон, бүс нутаг, дэлхийг сүйрүүлдэг. 1990-ээд оны сүүлчээс Монголд орж ирсэн их гүрнийнхэн ашигт малтмал авах гэж байгаль сүйтгэсээр байна. Мөн бидэнд ашиггүй гэрээ хийж Оюу толгойгоос эхлээд дэлхийд гайхагдах баялаг руу маань дайрч байгаа. Энэ нь увайгүй хэдэн улс төрчдийн гай гэж олон хүн халаглана. Манай сониноос бусад мэдээллийн хэрэгслүүд Оюу толгойн талаар бараг дуугарахаа болив. Оюу толгойнхон улс төрчидтэй нь хамт тэднийг худалдаад авчихсан юм байлгүй дээ.

 

Саяхан манай сонины редакци руу өнөөх байнга шүүмжлүүлж, луйвраа илчлүүлдэг “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компанийн удирдлагын нэгэн хүн утасдаж гомдол тавьж байх юм. Гомдлын агуулга нь тун инээдтэй, бас эмгэнэлтэй. “Оюу толгой компанийн логог танай сонин ашиглаж, буруу ташаа мэдээлэл нийтэд түгээлээ” гэжээ, тэд. Мэдээллийн үнэн бодитойг тухайн сонины редакц, бичсэн сэтгүүлч аль аль нь хүлээдэг л дээ. Гэхдээ, хэрвээ үнэхээр гүтгэлгийн чанартай юм уу, ташаа зүйл нийтэлсэн бол асуудлыг шүүх шийдээд өгнө. Хаа очиж муу нэртэй шүүхийнхэн ойрноос овоо засарч, хэргийг шударгаар шийдэх гээд байдаг болсон байна лээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдний зүрхэнд шар ус хуралдтал зэмлээд авсан. Тиймээс хар цагааныг дэнслээд өгөх байх. Сэтгүүлч нь өөрөө буруутай бол хариуцлага хүлээж, ялж сонсдог хуулийн заалт одоохондоо байж л байгаа. Харамсалтай нь уншигчиддаа хүргэж буй Оюу толгойн луйврын гэрээ болон Нарийн сухайт зэрэг ордоос Хятад руу өдөр шөнөгүй нүүрсний хулгайн тээвэр хийдэг Рио Тинто, Айвенхоугийн гэрээт, охин компаниудын талаарх мэдээллүүд баттай үнэн гэгдийг энд хариуцлагатайгаар хэлэх хэрэгтэй байна. Хулгай гэснээс Нарийн сухайтын нүүрсний ордоос нүүрс авах ямар нэгэн гэрээгүй компаниуд Айвенхоугийн хөрөнгө оруулалтаар ажиллаж байгаа ажээ. Үүнийг хулгай гэхгүй бол өөр юуг хулгай гэх билээ.

 

Харин Оюу толгойн логог мэдээлэл, рекламдаа ашиглаж байгаа тухайд бол ёстой онигоонд гардаг шиг юм болж байна. “Айвенхоу майнз” компани Монголд орж ирмэгцээ дэлхийд ховор, гайхамшиг болсон их говийн минь ширээ бөхт тэмээг лого болгож ашиглажээ. Монголчууд тэмээгээ амь шигээ хайрладаг. Уг нь дэлхийн брэнд ганган улаан тэмээнийхээ дүрийг Роберт Фрийдландад ашиглуулахгүй байдаг байж. Тэмээн сүрэг минь бидний үндэсний баялаг тул өндөр үнэ цэнэтэй. Ерөөсөө үнэлж баршгүй гэсэн ангилалд багтах дэлхийн жишигт ч нийцэх болов уу. Зөвхөн эртний нэн ховор түүхэн олдворуудыг ийм категорт багтаадаг гэвэл эндүүрэл. Иймээс хоёр бөхт Монгол тэмээ маань Оюу толгойд бугшсан Фрийдландынхны өмч мөн үү. Үгүй дээ, энэ зөвхөн бидний өмч.

 

Энэхүү үнэлж баршгүй амьтны минь дүрийг бүтээсэн “Ингэн нулимс” кино Канад, Америкчуудыг алмайруулж байсан цаг саяхан. Фрийдланд гуай эндээс санаа авсан байхаа магадгүй л юм. Ер нь Монгол ахуй, соёлыг Хүннү гүрнээс өмнөх үеэс бидэнд дархалж үлдээсэн таван хошуу малын буян бол тэдгээрээс авдаг ашиг шим төдий зүйлс биш ээ. Дэлхийд ховордож буй тэмээний сүр бараа, сүүдэр нь хүртэл өвөг дээдсээс хайрласан буян яах аргагүй мөн юм. Тиймээс Фрийдландынханд хандаж “Бүү давар” гэж ам бардам хэлмээр байна. Хэрвээ бидэнд лого ашигласан гэх ял тулгаж байгаа бол эхлээд та бүхэн тэмээний минь үнийг төлөх хэрэгтэй. Үнэлж баршгүйн үнэлгээг мөнгөний тоогоор хэмжих аргагүй.

 

Фрийдландынхан Өмнийн говийг минь хулгай, лиценз эзэмшлээр эзэгнэж, Монголчууд бидэнд “хааны” ёсоор хандах гэж байгаа бас санасны гарз. Ингэж хэлснээрээ үндсэрхэх үзлийг дэвэргэх гэсэнгүй. Үндэсний үзэл санаа нь эх орноосоо эхэлдэг. Эх орон гэдэг агуу том. Түүний дотор их говийн минь элсний ширхэг бүхэн багтдаг. Заг, бударгана дунд тааваар бэлчих тэмээд бол миний эх орны бүтээл.

 

Орчин цагийн эдийн засаг угтаа үндэсний үзлээс эхтэй. Улс орон бүр үйлдвэржихийн тулд, олон улсын зах зээл дээр байр сууриа бэхжүүлэхийн төлөө тэмцэхдээ өөрийгөө хамгаалах бодлоготой явсаар ирсэн. Энэ бодлого нь үндэсний үзэл санаанаас үүдэлтэй. Өнөөдөр барууны болон дорно дахины аль ч улс оронд “Капитализмын амин сүнс нь үндэсний үзэл” гэж байна. Тиймээс Монголчууд үндэсний үзлээрээ “өвчилж” буй хэрэг шүү дээ. Тэмээнийхээ төлбөрийг нэхэж шаардахын учир энэ. Оюу толгойн луйврын талаар бичих зүйл их бий. Луйврын гэрээг залруултал бичсээр байх нь гарцаагүй. Энэ бол үндэсний үзэл санаа мөнөөс мөн.

 

Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car