О.Чанцалдулам
Хэт даврагч бүлэглэл “Исламын улс” Афганистаны зүүн хэсгийн дөрвөн мужийг эзлэн авчээ. Энэ ажиллагаанд 1.5 мянга гаруй хэт даврагч оролцсон нь Афганы зүүн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон бүлэглэл “Талибан”-ы бүх гишүүний тооноос илүү юм.
Дэлхий нийт Ирак, Сирид анхаарлаа хандуулсан энэ үед “Исламын улс” өөр өнцөг буланд жинхэнэ гаарч байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, хэт даврагчид энэ сарын 6-нд Йемений боомт хот Аденд халдлага үйлдэж, захирагчийнх нь аминд хүрсэн. Амиа золиослогч террорист дэлбэрэлт үйлдэж, Адены захирагч Жафар Мухаммед Саад болон түүний зургаан бие хамгаалагчийн аминд хүрсэн юм. “Талибан”-аас илүү зэвсэглэсэн тэд Афганистаны мужийг эзлэхдээ дахин халдлага зохион байгуулна гэж мэдэгджээ. Үүнээс гадна “Исламын улс” “Талибан”-ы лидерийг хөнөөснөө мэдэгдэв.
Ливийн хойд хэсгийн Сирт хотыг ч тэд эзлэн авчээ. Энэ хот Европоос Газар дундын тэнгисээр л тусгаарлагддаг юм. НҮБ-ын мэдээгээр Ливи улс “Исламын улс”-ын ээлжит тулгуур нь болох аюултай байна. Хэт даврагчид уржигдар Ливийн хоёр иргэнийг цаазалжээ. Амиа алдсан иргэд зөн билэгтнүүд аж.
“Тэд иргэдийн бодол санааг өөрчилж, бидний эсрэг нэгдэхийг уриалан дуудсан учир Аллахын тушаалаар цаазалсан” гэж “Исламын улс” мэдэгдэв. Цаазын ялыг Ливийн Триполи хотын төвд гүйцэтгэх үеэр нэг зөн билэгтэн нь хэт даврагчдад хандан “Та нар тун удахгүй дотроосоо хагарч нэг нэгнийхээ аминд хүрэх болно. Бурхан надад ийнхүү хэллээ. Та нар удаан оршин тогтнохгүй. Дэлхий та нарын эсрэг нэгдсэн” гэж хэлжээ. Триполи хотод 2000 гаруй хэт даврагч байгаа гэж АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Түүнчлэн “Исламын улс” бүлэглэлийнхэн хими, биологийн зэвсгийн материалыг Европын холбооны нутаг дэвсгэрт нууцаар оруулж ирэн халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж Британийн “Daily Star” сонин мэдээлэв. Тэд зэвсэг бэлтгэх эрдэмтдийг бүлэглэлдээ элсүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа талаар Европын парламентын илтгэлд мөн өгүүлсэн байна. “Исламын улс” бүлэглэл өмнө нь химийн зэвсэг бүтээх ажлаа идэвхжүүлэн өөрийн шинжлэх ухааны салбарыг бүтээсэн тухайгаа мэдээлж байсан юм.
Хэт даврагчидтай хэлэлцээр хийх хэрэгтэй юу
XIV Далай лам Италийн “La Stampa” сонинд ярилцлага өгөхдөө “Исламын улс” хэт даврагч бүлэглэлийнхэнтэй яриа хэлцэл явуулахыг уриаллаа. “Тэднийг сонсож, ойлгоё. Ямар нэгэн хэмжээгээр хүндэтгэлээ гаргах хэрэгтэй. Өөр зам бидэнд байхгүй” хэмээн Далай лам хэлэв. Тэрбээр “Аль ч тал шаналлаа гаргах хэрэгтэй. Үүнийг өөрийн зүрх сэтгэлээр хийх хэрэгтэй юм. Хүн бүр өөрийн сүсэг бишрэлтэй. Өөрийн үнэнтэй. Нийгэмд олон шашин, олон үнэн байх хэрэгтэй” гэж хэллээ.
Далай лам Герман улсыг дүрвэгчдэд нигүүлсэл үзүүлж байна гэж магтаад “Маш өгөөмөр сэтгэл гаргалаа. Олон мянган дүрвэгчийг хүлээж авч, хооллож ундалж байна” гэв. Мөргөл залбирал дангаараа дэлхийг алан хядах ажиллагаагүй болгож чадахгүй гэж Далай лам онцлоод асуудлыг гэр бүл, нийгмийн хүрээнд бурханы тусламжийг хүлээлгүйгээр шийдэх ёстой гэсэн юм.
Үндэсний мэдээ сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.