Онцгой албан татварын тухай хуулийн зургадугаар зүйлийн VI-III дахь хэсэгт авто машины импортын татварт өөрчлөлт орсон. Дээрх хуулийг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байгаа. Тэгвэл шинэ журам албан ёсоор мөрдөгдөж эхэлснээр авто машины үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг тодруулахаар “Да хүрээ” авто машины захыг зорилоо. Автомашины үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхэн үеийнхтэй харьцуулахад 500-1.2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. “Nissan terrano” 2004 оны дизель хөдөлгүүртэй 16 сая, “Pajero” 23 сая, дизель хөдөлгүүртэй “Land-100” 43 сая, “Range rover” 45 сая төгрөг гэж худалдагч танилцуулж харагдав. “Да хүрээ” зах дээр одоогоор зарагдаж буй хамгийн үнэтэй машин нь 48 сая төгрөгийн шинэхэн “Range rover”, харин дараа нь “Land-100” 43 сая төгрөгөөр зарагдаж байна. Мөн “X-Trail” 16 сая, “Teana” 13.5 сая, “Honda CRV” 16.5 сая, “Kluger” 20 сая, “Mark2” 10.5 сая, “Carina” есөн сая, “Terrano” 16 сая, “Pruis” 6.5 сая, “Honda civic” 15 сая, “Honda Fit” 6.5 сая төгрөгөөр зарагдаж байлаа. Спорт загварын машинууд 21-22 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Эдгээр машины сэлбэгийн олдоц болоод үнэд өөрчлөлт орсон эсэхийг сэлбэг хэрэгслийн худалдагчаас тодруулахад “Одоо бол манайд машины сэлбэг олдохгүй гэх зүйлгүй болсон. Хугацаа л шаардлагатай. Тухайн машины сэлбэг байхгүй тохиолдолд захиалга өгөөд хамгийн удаандаа 14 хоногийн дараа ирдэг. Машины үнэ өсөхтэй зэрэгцэн сэлбэгийн ханш нэмэгддэг нь үнэн. Гэхдээ бүр замбараагүй нэмэхгүй. Ихэвчлэн өмнө нь зарж байсан үнийнхээ 20-30 хувийг нэмдэг” гэв. Харин япон машины хамгийн хямд нь “Nissan sunny” 6.9 саяас, “Honda fit” оноосоо шалтгаалж доод тал нь 7.2 сая, “Suzuki swift” 2004 оноос хойших 6.3 сая төгрөгөөр зарж байна. Харин солонгос машины үнэ нэлээд өссөн байв. “Аксент” маркийн машин гэхэд л оноосоо хамаарч, нүдэн болон Verna зэрэг “Аксент”-ууд 6-8 сая төгрөг болсон байна лээ. Ер нь 2008 оноос хойш авто машин үнэ бууж байгаагүй гэдгийг уулзсан ченжүүд ярьж байсан юм.
Ингээд авто машины Худалдан авалт, үнийн талаар тус захын худалдагч С.Гантогтохоос тодрууллаа.
-Сүүлийн үед ямар машины борлуулалт сайн байна вэ?
-Өнгөрсөн хоёр сард машины борлуулалт сайн байлаа. Тухайлбал, “Маrк II”, “Pruis” зэрэг машинууд үргэлж эрэлттэй байдаг. Одоо ер нь хүн бүхэн л 2002 оноос хойших машинуудыг л сонирхож байна даа. 2002 оноос өмнө үйлдвэрлэсэн машинуудын үнэ арай хямд байна.
-Машины үнэ өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад хэр нэмэгдсэн бэ?
-Дор хаяж 800 мянгаас сая төгрөг, түүнээс дээш үнээр өссөн. Ихэнхдээ сая төгрөгөөр нэмэгдсэн байна. “Nissan sunny” л гэхэд түрүү жил 5.8 сая байсан бол одоо 6.8 сая төгрөг болсон байх жишээтэй. Гэхдээ гадуур машины үнэ нэмэгдсэн гэх худал мэдээлэл иргэдэд цацагдсан байна лээ. Ер нь бол авто машины албан татвар нэмэгдэх сургаар үнэ нь бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ тэгтлээ их нэмэгдээд байгаа юм алга. Цаашид авто машины үнэ нэмэгдэх нь ойлгомжтой болоод байна. Цагаан сар, ноолуур гараад эхлэхээр үнэ нь нэмэгдэх байх. Тэгээд наадам залгаад л ер нь буурахгүй байх гэж бодож байгаа.
-Машины наймаа үнэхээр ашигтай байж чаддаг уу. Ихэнх машины онцгой албан татвар нэмэгдчихлээ шүү дээ?
-Мэдээж алдагдалтай наймаа хийнэ гэж юу байхав. Тодорхой хэмжээнд ашиг олж байна. Гэхдээ бүр ханатал олно гэж байхгүй л дээ. Ер нь бол машины үнийг төрөөс л хөөрөгдөөд байна шүү дээ гэв.
Япон машины тасгаас цаашлаад орос авто машин худалдаалж буй хэсэгт очвол хоёр худалдагчаас өөр хүн байсангүй. “Super 69” 21.5 сая, “Hunter” 24.5 сая, “Forsunkt” 38 сая, “Super 69” хуучин нь 8-10 сая төгрөгийн үнэтэй байв. Харин эмнэлгийн фургон хуучин нь зургаан сая, “аавын цээж” хуучин нь дөрвөн сая, “Porter” 6.5 сая төгрөгөөр зарагдаж байлаа.
“Да хүрээ” зах дээр хамгийн эрэлттэй байгаа машин бол Тоёото үйлдвэрийн “Pruis” гэх машин. Хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хоёуланг нь хэрэглэдгээрээ санхүүгийн хувьд ч хэмнэлттэй учраас ийнхүү эрэлттэй байгаа. Өвлийн улиралд зуун км-т 7-8 литр бензин зарцуулдаг болохоор хүн бүр л сонирхох аж. Гэхдээ үнэ нь бусад машинаас илүүтэй нэмэгдсэн байна лээ. 2005 онд үйлдвэрлэгдсэн, хил давуулж ирээд хоёр хонож байгаа “Pruis-20” маркийн Тоёото үйлдвэрийн машин 12,8 сая төгрөг. Ийм машин сонирхож яваа нэгэн “Хэдэн сарын өмнө энэ машин 11 саятай байсан юм. Гэтэл одоо нэлээн нэмэгдсэн байна” гэх. Өнгөрсөн жилийн өдийд “Pruis-10” болон “Pruis-11” нь зургаан сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо долоон сая 500 мянга төгрөг болжээ. Дээр өгүүлсэн машин сонирхогч “Ер нь бүх машины үнэ 500 мянгаас хоёр сая төгрөгөөр нэмэгдсэн” гэж байв.
“Да хүрээ” зах дээр машин зарж байгаа ченжүүд ам.доллар өсч, төгрөгийн ханш унаж байгааг далимдуулан машинаа ам.доллараар үнэлж, зарж байсан юм.
Э.ХҮРЭЛБААТАР
“ӨДРИЙН СОНИН”
Холбоотой мэдээ
Comments are closed.