Шинээр автомашин худалдаж авсан бол гурав хоногийн дотор улсын дугаар авч, бүртгүүлэх ёстой ч манай жолооч нар тэр бүр үүнийг биелүүлдэггүй байна. Тэгвэл өнөөдрөөс эхлээд улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцвол машиныг нь журмын хашаанд хийж, дугаараа автал эзэнд нь буцаан олгохгүй байхаар болжээ. Энэ талаар ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн хошууч С.Бямбасүрэнгээс тодруулахад “Тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох журамд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шинээр тээврийн хэрэгсэл авсан бол 72 цагийн дотор улсын дугаар авч, бүртгүүлнэ” гэж заасан байдаг. Энэ журмыг биелүүлээгүй тохиолдолд урьд нь автомашиныг нь түр саатуулах байранд хийж, торгоод л гаргадаг байсан. Тэгвэл одоо заавал улсын дугаараа авсных нь дараа өгөхөөр болсон. Энэ нь тээврийн хэрэгслээ оношлогоонд оруулахыг ч давхар шаардаж байгаа юм. Бид Авто тээврийн газартай хамтран журмын хашаануудад явуулын оношлогоо ажиллуулж байгаа” гэв. Хэрэв та хугацаандаа амжаад машиныхаа дугаарыг авчихвал журмын хашаанд хоногийн мөнгө төлөхгүйгээс гадна явуулын оношлогоо хөлслөх, торгууль шийтгэлээс мултрах аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.