Налайх дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг иргэн П-гийн эзэмшлийн нүүрсний бичил уурхайд уржигдар осол гарч нэг хүн амиа алдсан байна. Тус уурхайд ажиллаж байсан хоёр иргэн ухаан алдчихлаа гэсэн дуудлагын дагуу Уул уурхайн аврах албаны аврагчид очиж, 45 настай О-г эсэн мэнд гаргасан бол 27 настай О-г дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүргэж өгсөн ч залуу нас баржээ. Уул уурхайн аврах ангийн дарга Ц.Жанчив “Манайд дуудлага өгсөн залуу явган гүйж ирсэн. Тэр хооронд багагүй хугацаа алдсан тул харамсалтай явдал боллоо. Жилийн жилд энд хүмүүс хэдэн арваараа амиа алддаг. Налайхын уурхайн асуудалд төр засгаас дорвитой анхаарал хандуулахгүй бол байдал үнэхээр хүндрэх нь. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан нэгдсэн том уурхай байгуулах замаар үүнийг шийдэж болно шүү дээ” гэв.
Шинэ он дөнгөж эхэлж байхад энэ уурхайд хийж бүтээх насан дээрээ яваа нэгэн залуу ийн амиа алдлаа. Тэгвэл өнгөрсөн жил Налайхын нүүрсний уурхайд 19, алтныхад дөрөв, жоншныход зургаан хүн амь эрсэджээ. Түүний урд жил зөвхөн нүүрсний уурхайд 17 хүн нас барсан байна.
Л.Чимэг
Холбоотой мэдээ
Comments are closed.