Гадаад хэргийн сайдын тушаалаар хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, төслийг боловсруулжээ. Хөтөлбөрийн төсөлд гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх, үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортод чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн үйл ажиллагааг зорилт болгон тусгасан байна.
Хөтөлбөр болон арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, уг хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.