МАН-ын дарга М.Энхболдын өнгөрсөн долоо хоногт өгсөн яриа улс төрийн халуун сэдвийн нэг болжээ. Түүний Засгийн газрын талаарх мессежийг саарал ордныхон, АН, МАН-ынхан бүгдээрээ л тааж ядаж дүгнэлт хийж байна.
Тэрээр “Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж огтхон ч хэлж чадахгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар өнөөдөр ямар ажил хийх вэ гэхээсээ яаж удаан тэсэж тогтох вэ гэдгээ л бодож байна. Сонгууль ойртлоо, дараагийнх нь юу ч хийж амжихгүй гэдэг бол муу ажиллаж байгаа, юу ч хийхгүй Засгийн газрыг аварч, авч үлдэх шалтгаан болох учиргүй.
Энэ Засгийн газрын хувьд юу ч хийхгүй байна уу, хийсэн нь үргэлж алдаа болоод байна уу гэдэг нь ялгарахгүй байгаа. Тийм учраас байгуулсан Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж буй эрх баригчдын дотоодын улс төрд МАН оролцохгүйгээр, бие дааж улс төрийн тодорхой үнэлэлт дүгнэлт өгөхийг үгүйсгэхгүй” гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар юу ч хийж чадахгүй яаж удаан тэсч чадах вэ? гэсэн ганцхан зорилгоор л ажилладаг гэж МАН-ын дарга тодорхойлжээ.
Бас “Сонгууль ойртлоо, дараагийн Засгийн газар юу ч хийж амжихгүй хугацаа үлдсэн” гэх мэт суртал ухуулгууд Засгийн газрыг хамгаалах үндэслэл биш гэж шуудхан тайлбарлаж. Хамгийн ноцтой нь “МАН бие дааж Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгөхийг үгүйсгэхгүй” гэсэн санаа юм. Түүний энэ үгийг л улс төрчид дамжуулан ярьж байна. МАН дангаараа яриад Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьж магадгүй болчихлоо гэж.
Хэрэв байдал ийм дээрээ тулвал Ч.Сайханбилэгийг огцоруулах үндэслэл юу байж болох вэ? 16 гишүүн Ч.Сайханбилэгийг огцруулна гэж гарын үсгээ зурчихаад байгаа. Тэд “Дубайн гэрээ”-гээр Засгийн газрыг буруутгадаг. МАН-ын дарга М.Энхболд ч “Дубайн гэрээ”-г ашиггүй гэж хэлжээ. Тухайлбал “Дубайн гэрээ”-нд шүүмжлэлтэй хандаж байгаа… Оюутолгойн уурхайд “Дубайн гэрээ”-ний дагуу зарим ажил эхэлж, олон улсын зах зээл, хөрөнгө оруулагчдын өмнө Монгол Улс ямар нэгэн байдлаар үүрэг хүлээчихлээ.
Тэр тохиолдолд Тавантолгойн ажлын хэсгийнхэн шиг дотоодын улс төр болгон бужигнуулж улсаа хохироож, том төслүүдийнхээ нэр хүндийг дэлхийн зах зээл дээр унагаж болохгүй. “Дубайн гэрээ”-гээр өмнөх гэрээнийхээ заалтыг дордуулсан, баялгаа бүхлээр нь барьцаанд тавьсан, ямар ч баримтгүй их хэмжээний мөнгөн дүнг хөрөнгө оруулалт гэж хүлээн зөвшөөрсөн гээд нарийвчилж судалж үзэхээр юм их бий.
“Дубайн гэрээ”-гээр дэлхийн хэмжээний төслийн хувь заяаг шийдэж байгаа учраас энэ чиглэлийн яриа Монгол Улсаас хальж, Монгол Улсын нэрийг сайн муугийн аль нэгнээр дэлхийд гаргана. Тийм учраас ул суурьтай судлах, жинтэй дуугарах ёстой” гэж хэлсэн юм. Ерөнхийдөө М.Энхболд “Дубайн гэрээ” Монгол улсын эрх ашигтай холбогдох учраас нухацтай сайн судална гэж байгаа ч Оюутолгойн баялгийг бүхлээр нь барьцаанд тавьж, өмнөх гэрээг дордуулж, ямар ч баримтгүй мөнгөн дүнг хөрөнгө оруулалт гэж хүлээн зөвшөөрснийг шууд буруутгажээ. Тэгээд ч саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойг бүхэлд нь барьцаалан 14 банкнаас 4.2 тэрбум ам.долларын зээл авах гэж байгааг “Цензургүй яриа”-нд орохдоо хүлээн зөвшөөрсөн нь ташуур нэмнэ гэсэн яриа тархаж байна.
Ер нь МАН-ын дарга М.Энхболд Засгийн газрын асуудалд ихээхэн таагүй хандах болсон байна. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ хандан үг хэлсэн. Түүний үгийг дүгнэж М.Энхболд “Өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлсэн үгээ л давтаж уншлаа гэж ойлгосон. Цаг хугацаа, орчин нь өөрчлөгдсөн болохоос өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлсэн үгнээс нь ялгарах онцгой содон зүйл байхгүй байна лээ.
Ажил болгож чадаагүй өмнөх амлалтаа дахиад амлаж байгаа юм байна гэж ойлгосон. Дөрөвдүгээр сард, тэр үед хэлснээс нь өнөөдөр юу ажил хэрэг болсон, юу нь бүтээн байгуулалт болж эхэлсэн бэ гэхээр онож хэлэх зүйл үнэхээр байхгүй…Хэрвээ эдийн засаг дордоогүй юм бол хотын дарга, АН-ын нийслэлийн дарга нь “ирэх хавар гэхэд Грек шиг хямарна” гэж ярихгүй. Засгийн газраас нэг ч бүтээн байгуулалтгүйгээр, төрийн албанаас 3000 хүнийг цомхотгохоор, цалин тэтгэврийг огт нэмэхгүй, харин ч 10 хувь хасахаар 2016 оны төсвийн төслийг оруулж ирэхгүй л байсан” гэх мэтээр тайлбарласан байна.
Энэ бүхнийг дүгнэж үзвэл МАН-ын дарга М.Энхболд Засгийн газрын үйл ажиллагааг ихээхэн шүүмжилж зөвхөн “хугацаа хожих Засгийн газар”, “Ажил хийх гэж биш сонгууль хүргэх л гэж байгаа Засгийн газар” гэсэн агуулгаар дүгнэжээ. Үнэхээр хотын дарга Э.Бат-Үүлийн хэлдэгээр “Манай улс Грек шиг болчихвол” Засгийн газраа сонгууль хүртэл огцруулахгүй гээд гүрийгээд байх болов уу? М.Энхболдын хэлдэгээр МАН бие даан дүгнэлт хийгээд хариуцлага ярих болов уу? гэсэн асуултууд урган гарч байна.
С.Сарнай
6 Comments