Монгол улсад үйл ажиллагаа явуулж баахан мөнгө олчихоод эргээд биднийг доромжилдог гадныхан улам олшрох төлөвтэй. Манай урд хөршийн ах нар маань Монголын баялаг болох түүхий эд, арьс шир, ноос ноолуураар тогтохгүй нийтийн хоол, барилга гээд эзэн суугаагүй салбар ховор.
Тэд үүндээ хэт эрдээд одоо манай улсыг ирэх 100 жилд тэжээж тэтгэх ашигт малтмалын ордуудыг маань эзэмшиж эхэлсэн төдийгүй улам улайрч тэр хэрээрээ биднийг эх оронд маань дээрэлэх гэдэг болсон. Тэднийг Өмнөд, Хойд гэлтгүй Солонгосууд бас дууриах санаатай. Тэгвэл Монгол улсаас хэдэн арав, зуун тонноор нь алт олборлосон Орос ах С.Паушок гэхэд л бас л манайхыг дээрэлхээд олон улсын шүүхэд Засгийн газрыг маань дуудуулж хэдэн жил зардал, чирэгдэл гаргуулаад саяхан л уг хэрэг явдал намжсан.
Тэгвэл Монголын уул уурхайд хоёр зууны заагаар орж ирээд нэлээн гүн шигдэж авсан Канадууд манай хөршүүдээс ч илүү даврах нь гайхалтай. Монголын хамгийн том саалийн үнээ гэгдэж манай улсыг сүүлийн 20 жил тэжээсэн өмнөх зууны хамгийн том бүтээн байгуулалтын нэг болох Эрдэнэтээс гурваас дөрөв дахин том Оюутолгойн зэс алтны ордыг эзэмшиж ашиглаж буй Р.Фридланд буюу “Хорт Боб” хэмээх канад эрээс энэ нь эхлэлтэй.
Мань эр анх Оюутолгойн хайгуулын лицензийг авчихаад дэлхийн хамгийн том зах зээл Хятадын хилээс ердөө 100 хүрэхгүй километрт бараг хүнгүй бас ТББ-ууд гэж байхгүй ёстой амар гээд л барууны хөрөнгө оруулагчдын тархийг угааж Монгол улсыг доромжилж байж билээ.
Тэр хэлсэн ёсоороо манай эрх баригчдын тархийг барьж чадсанаа харуулан Монголын баялаг болох орд дээр маань 66 хувийг нь 30 жил эзэмших эрхийг өөрийнх болгож чадсан юм. Харин үүнийг нь эсэргүүцсэн Монголчууд тэр дундаа төр түшилцэж буй УИХ-ын гишүүдийг хүртэл шуналтай хүмүүс болгон дэлхийгээр нэг гутааж түүнийг нь ард түмэнтэйгээ амь нэгтэй Элбэгээ Ерөнхийлөгч хүртэл дэмжиж дуугарч байсан хүмүүсийг дуугүй суухад хүргэж чадсан. Манай шударга Ерөнхийлөгч маань өмнө нь хоёр удаа Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Монгол улсад Канадуудыг оруулж ирэхэд гавьяа байгуулж билээ. Эхнийх нь, Их Британи улсын хөрөнгө оруулалттай ч Канадынх гэгддэг “Бороо гоулд” компанид Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших 1560 га талбай бүхий Бороогийн алтны ордыг үйлдвэрлэлийн аргаар эзэмших, ашиглах төслийг хэрэгжүүлэх хугацаанд татварын тогтвортой нөхцлийг хангах гэрээгээр олгосон шийдвэр гаргасан нь юм.
Тэрхүү гэрээнд зааснаар бол 1998 оны долдугаар сарын 6-наас 2008 оны долдугаар сарын 6 хүртэл арван жилийн хугацаатай Бороогийн алтны ордыг ашиглаж 15 сая ам долларын хөрөнгө оруулах ёстой байсан бол үүнийг дараа нь 25 сая ам доллар болгоод 2013 он хүртэл гэрээний хугацааг сунгасан байдаг.
Тус ордыг Монгол стратегийн орддоо хожим бүр 2007 онд л оруулсан. Учир нь тус ордыг Монгол, Германы хамтарсан хайгуулаар 43 тонн алтны нөөцтэй хэмээн тогтоосон байдаг.
Гэхдээ Англи, Канадын оролцоотой энэхүү ордыг ашиглагсад гэрээний хугацаа дөнгөж эхлээд таваас зургаан жил болоход л алтных нь нөөцийг бараг шавхаж орхисон билээ. Тэгэхээр 2007 онд бараг нөөц нь шавхагдчихаад байсан Бороогийн ордыг жагсаалтанд багтаасан нь гайхалтай байдаг. Ийм л маягаар хэдэн зуун жил Монголыг тэжээх ёстой гэгддэг стратегийн ордуудыг гадныханд найр тавин өгч эхэлсэн билээ. Мань Элбэг нэрт Ерөнхийлөгч маань 2004 онд хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын сэнтийд сууж, тухайн үеийн Сангийн сайд Н.Алтанхуягийн хамт Хятадын хөрөнгө оруулалттай “Чин-Хуа-Мак-Нарийн сухайт” ХХК-тай тогтвортой байдлын гэрээг байгуулсан юм.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн Сухайтын нүүрсний уурхайг ашиглахад нь татварын тогтвортой нөхцлөөр хангахаар 2005 оны долдугаар сарын 4-нөөс 2015 оны долдугаар сарын 4 хүртэл 5.3 сая ам долларын хөрөнгө оруулах 10 жилийн хугацаатай гэрээг байгуулсан байна.
Энэ үедээ Ц.Элбэгдорж Нарийн Сухайт бол Оюутолгойн хажууд харьцуулах юм бол сагсны бөмбөгийг одон бөмбөгтэй зэрэгцүүлэхэд ямар байх вэ тийм хэмжээний л жижиг орд гэж тайлбарлаж байж билээ. Манайхан энэхүү Нарийн сухайтыг ганцхан Чинхуа Мак л ашигладаг юм шиг санадаг. Тэгвэл түүний яг зэргэлдээ нөгөө алдарт “Хорт Боб”-ын “Айвенхоу”-гийн охин болох Саусгоби сэндс” хэмээх нүүрсний компани бас бий.
Энэ компаний одоогийн ерөнхийлөгч нь 10 гаруй жилийн өмнө Монголд хөл тавьсан Бороо гоулдад ажиллаж асан Жастин Капла гэгч. Энэ хэлхээ холбооноосоо ч болдог юмуу Элбэгээ түүний үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Курт Черч хэмээх эрхмийг гурван сарын өмнө төрийн дээд одон “Алтангадас”-аар шагнасан байдаг. Харин энэ эрхэм үүнд эрддэг юмуу эдүгээ эрх ашгаа хамгаалах Үйлдвэрчний эвлэл байгуулах гэсэн Монгол ажилчдыг хомроглон ажлаас халчихаад л зогсож байна. Өөрийнхөө зөв болго гэж Монгол ажилчид намайг барьцаалах гэлээ хэмээх шуугиан тарьж, бөөн асуудал үүсгээд л.
Тэднийг Монголд эзэмшиж буй лицензүүд болон ашиглаж буй нүүрсний ордоо хятадуудад зарчихаад гарах гэж байгаа тухай яриа сүүлийн хэдэн жил тасрахгүй байгаатай энэхүү ажилчдаа олноор нь халсан явдлыг ч холбон хардах нь ихэссээр байна. Энэ нь ч үнэний хувьтай байх хэмээн уул уурхайн бизнес эрхлэгчид шивнэлдэх болсон гэнэ. Эдгээр бодит жишээнүүдээс харахад мань Элбэгээ Монголчуудтайгаа амь нэгтэй Ерөнхийлөгч гэхээс илүүтэй Канадуудтай амь нэгтэй мэт.
UNEN.mn
сайт
Холбоотой мэдээ
Comments are closed.