antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 Comments are off

Ногоон, улаан мөнгөний түрэмгийлэл

нийтлэсэн Admin

Cap шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд махны үнэ тэнгэрт “хадчихаж”.

Он солигдож, шинэ жил босго давахыг худалдаачид анасан юм шиг баяр дамнасан ханшийн хөөрөгдлөөр бэлэг барьсан нь энэ. Гэхдээ ганц мах, барааны үнэ маргааны сэдэв болоод байгаа хэрэг биш. Ам.доллар, юанийн ханш бас л сандаргаж байна.

2011 оны сүүлчийн өдөр хүртэл ханш 1370 төгрөгт хэлбэлзсэн бол он давангуут 1420-д хүрлээ. Харин юань 225-230 төгрөгт тогтож байна. Өнгөрсөн 2009 оны хоёрдугаар сарын 1-нд ч энэ ханш жам юм шиг л давтагджээ. Он солигдож, Цагаан сарын ууц, боовны “эрин” эхлэхэд төгрөг суларч, гадаад нөхөд нь чангардаг Монголын хууль тогтсон байна.

“Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэж зарим хүн энэ үзэгдлийг томъёолон хэлэх биз. Үнэн хэрэгтээ үүнээс улбаалсан сүүдэртэй мэдээ эргэн тойронд хэчнээн байдгийг бид завгүй хэмнэл дундаа хутгаад орхичихдог.

№1: БАЙРНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ?

“Ам метр 1300 ам.доллар шүү дээ. Гэтэл та нэг сая 300 мянган төгрөгөөр бодоод байрны мөнгөө аваад ирж. Наймаагаа буцаая даа” гэж утасны цаад хүнд бухимдан алхах нэгэнтэй зөрлөө. Байрны мөрөөсөл болсон хүмүүс америк дэвсгэртийг Чингисийн хөрөгтэй мөнгөтэй эндүүрч тооцоогоо хүртэл алдаад явж байна.

Ам.долларын ханш өсөх тоолонд байрны үнэ дагаж “намираад” байгааг иргэд мэдсэн ч мэдээгүй мэт л байх болж. Өвлийн сүүлч, хавар дөхөөд ирэхээр ам.долларын ханш чангарч, түүнийг дагаад байрны үнэ өсөөд байгааг захын зарлалын самбар хэлээд өгнө. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Реалтор” компанийн мэдээлснээр 2008 оны зургаадугаар сард нэг өрөө байр 40-50, хоёр өрөө нь 50-70, гурван өрөө 70-90 сая төгрөг байжээ.

Тухайн үед ам.доллар 1158, юань 169 төгрөгийн ханштай байжээ. Харин одоо нэг өрөө байр 40 саяд багтана гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Хоёр өрөө байрны үнэ 70 саяас эхэлж байна.

№2: ШАТАХУУНЫ ХАНШ – АМ.ДОЛЛАРЫН ТҮРЭМГИЙЛЭЛ

“Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас мэдэгдэж байснаар энэ сард шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурах байсан. Гэтэл валютын ханшийн хэлбэлзэл гэсэн ганц шалтгаанаас болж буурахгүй болсон тухай эх сурвалж ярьж байна” хэмээн МОНЦАМЭ агентлаг 2009 оны нэгдүгээр сарын 13-нд мэдээлжээ.

Тухайн үед импортлогчид болон албаны хүмүүс “Валютын ханш буурвал шатахууны үнэ гурван оронтой тоонд багтах боломжтой” гэж бас хэлж байсан юм. Энэ мэдээлэл өнгөрсөн оны сүүлч үe буюу бензиний үнэ дахин 30 төгрөгөөр нэмэгдэхэд бас л давтагдсан.

“Цагаан сарын өмнөхөн нэг ам.доллар анх удаа 1770 төгрөг болсноор манай зах зээл дэх шатахууны үнэ үлэмж нэмэгдсэн. Өнгөрсөн сараас эхлэн валютын ханш 1420 төгрөгт тогтсоноор бензин, дизель түлш 50-100 төгрөгөөр хямдарсан юм” хэмээн манай сонин 2009 оны тавдугаар сарын 6-нд нийтэлж байлаа.

Тухайн үед Газрын тосны бүтээгдэхүүний газрын орлогч дарга Б.Амарсайхан “Ам.долларын төгрөгтэй харьцах ханш тогтвортой байвал үнийн хэт өсөлтөөс хамгаалах боломжтой” гэсэн нь энэ бүхнийг батлаад өгсөн юм.

№3: ЮАНИЙН ТҮРЭМГИЙЛЭЛ – ҮНИЙН ӨСӨЛТ

2008 оны гуравдугаар сард Дэлхийн банкныхан манай улсад инфляц хэрхэн өсч буйг судалсан юм. Тэд барилгын салбарын үйлдвэрлэлийн зардал БНХАУ цемент, ган, палкны экспортын татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан, дотоодын үйлдвэрлэлийн богино хугацааны хомсдол бий” болсон зэрэг шалтгаанаар өссөнийг мэдээлэв.

Мөн Хятадын юанийн ханш чангарч байгаа нь Монголын үнийн өсөлтөд нөлөөлснийг тайлагнасан билээ. Барилгын материал, хүнс, хувцас хэрэглэл гээд олон зүйл урд хөршөөс орж ирж байна. Бараа импортлохоор урд хөршийг зоригсод эндээс үнэтэй юань авсан бол бараагаа мэдээж хямдхан зарахгүй. Хоёр жилийн өмнө ногоон алим кг нь 800-1000 төгрөг, улаан алим кг нь 1300-1500 төгрөг, мандарин 4500-5000 төгрөг, тоор 1500-1800 төгрөг, усан үзэм 2700-3000 төгрөг, хан боргоцой 2000-2500 төгрөгийн ханштай байлаа. Тухайн үед юань 167 төгрөгтэй тэнцэж байсан юм.

Харин одоо 225 төгрөг даваад байгаа энэ үед эдгээр жимсний үнэ бараг хоёр, зарим газар бүр гурав дахин нэмэгдчихжээ. Хятад, америк мөнгөний ийм гинжин хэлхээст хүлүүлж монголчууд утаан дунд бүдчиж явна. Энэ бүхнийг нэг мөр цэгцэлж, валютын ханшаас хэтэрхий хамааралтай эдийн засгийг халахаас нааш юу ч өөрчлөгдөхгүй бололтой. Өмсөх хүрэм, гутал, суух сандал, барилгын материал гээд энэ бүхнийг Монголдоо үйлдвэрлэдэг болох цаг хэзээ бол. Нефть боловсруулах үйлдвэр барина гэж домог болтол шуугисан ажил хэзээ хэрэгжих вэ.

Шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол ногоон, улаан мөнгөнд дарлуулах хэтэрхий их хамаарал арилах биз ээ. Үүнийг хэрэгжүүлнэ гэж дарга нарыг харсаар суутал ахиад л нэг хавар ирнэ. Ахиад л бид маргаан, мэтгэлцээнээр дүүрэн жилүүдээ угтана. Хариуцлагаа хүлээгээгүй, нефть боловсруулах үйлдвэр барина гэж, үндэсний үйлдвэрлэлээр хэрэглээгээ хангана гэж амласан ч ажлаа хийгээгүй хэн бүхэнд ард түмний оноо энэ хавар эцэслэн тавигдана. Шударга шүүлтийг харах л үлдлээ.

Ж.Цогзолмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car