Монгол Улсын Засгийн газраас жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээ шаардлагыг зохицуулах үүднээс саяхан Жолоочийн даатгалын тухай хуулийг УИХ-д өргөн барьж саяхан УИХ эцэслэн баталсан. Энэхүү хууль батлагдсанаар сайн дурын даатгалын төрөлд хамаарч байсан жолоочийн хариуцлагын даатгал нь албан журмын даатгалын төрөл рүү шилжиж байгаа юм.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн болон жолоочийн хариуцлагыг даатгах холимог тогтолцоог хэрэгжүүлэхээр хуульд тусгажээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд даатгуулах мөн түүнчлэн мэргэшсэн болон С, Д ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамааран өөрийн хариуцлагаа албан журмаар даатгуулах үүрэгтэй байхаар зохицуулсан аж.
Мөн даатгуулагч нь даатгагчаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй гэжээ. Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно.
Зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоочийн даатгалд даатгуулах хүртэл тээврийн хэрэгслийг тусгай хашаанд байлгаж, зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ гэжээ. Уг хуулийг энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.
Жолоочийн даатгалд даатгуулах суурь хураамжийн хэмжээг тээврийн хэрэгсэлийн ангилал тус бүрээр ялгаатайгаар тогтоосон байна. Үүнд:
1) А ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг;
2) В ангиллын тээврийн хэрэгсэлд 33000 төгрөг;
3) С ангиллын тээврийн хэрэгсэлд 42500 төгрөг;
4) Д ангиллын тээврийн хэрэгсэлд 53000 төгрөг;
5) Механизм ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг;
6) Мэргэшсэн жолооч болон С, Д ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолоочийн хувьд 33000 төгрөг байна. Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг:
1) тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;
2) өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;
3) даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага;
4) даатгалын гэрээний хугацаа;
5) даатгалын хураамжийн хэмжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх;
6) тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тoo;
7) тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;
8) тээврийн хэрэгслийн зориулалт;
9) чиргүүлтэй эсэхээс хамаарч Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан итгэлцүүр хэрэглэх журмаар нэмэгдүүлэх буюу хорогдуулахаар хуульд тусгасан.
Энэхүү хуулийг баталснаар жолоочийн хариуцлага дээшилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо болон иргэд, байгууллагад учирч буй биет болон биет бус хохирлын хэмжээ эрс багасах, жолоочийн үйл ажиллагаанаас шалтгаалж хохирогчийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг заавал нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бий болж байгаараа ач холбогдолтой гэж үзэж байгаа хэдий ч энэ талаар зарим иргэдийн ямар саналтай байгааг сонирхлоо.
АВЛИГАЧДЫН ХЭТЭВЧИЙГ ТҮНТИЙЛГЭХ НЭГ АРГА
СХД-ийн иргэн Д.Бат-Эрдэнэ (Таксины жолооч)
Энэ жолоочийн хариуцлагын даатгал гэдэг бидэнд ямарч хэрэггүй зөвхөн ард түмнийг даатгал нэрээр дээрэмдэж байгаа төрийн боловсон дээрэм гэж би ойлгож байна. Одоо бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас сонголт хийх эрх чөлөөтэй байх ёстой. Заавал даатгуулах ёстой гэж албадан даатгуулахаар болсныг эсэргүүцэж байна.
Энэ хуулиа цуцалбал таарна. Энэ бол зүгээр л ард түмнийхээ халааснаас, олсон хэдээс нь булаан авч авлигачдын хэтэвчийг түнтийлгэх нэг арга. Ноднингоос хойш автомашины татвар хоёр дахин нэмэгдсэн. Дээр нь утааны оношлогооны мөнгө гээд авч байгаа. Оношлогоо нэрээр жолооч нараас авч байгаа энэ мөнгө бол тэр оношлогооны хэдэн авлигачдын хармаанд шууд орж байна.
Худлаа оношлоод тэнцсэнгүй гэж гаргаад дахин нэмж мөнгө авдаг. Үүнийг та асуугаад үзээрэй. Захын жолооч хэлнэ шүү. Энэ олон татвар дээр нэмээд дахиад л жолоочийн хариуцлагын даатгал гэсэн боловсон нэрээр ард олноо дээрэмдэж эхлэх нь. Ийм олон татвар байхад энэ бол огт хэрэггүй зүйл гэж үзэж байна.
Энэ бүгдээс бидэнд оногдох юм юу ч байхгүй зөвхөн авлигачдад л хэрэгтэй байх. Би бол таксинд яваад ямар ч байсан өдөртөө орлоготой хүн гэтэл тогтмол орлогогүй олон хүмүүс байна. Энэ маягийн татвараар дарлаад байх юм бол ард олны амьдрал яаж дээшлэх вэ дээ.
ҮНЭМЛЭХТЭЙ ХҮН БОЛГОНООС АВНА ГЭДЭГ УТГАГҮЙ ЗҮЙЛ
Баянгол дүүргийн иргэн Б.Жамбал:
Зарим талаараа зөв байж болох хэдий ч жолооч болгоныг заавал хамруулна гэж албадлагын шинжтэй болгосон нь буруу. Энэ бол иргэн хүний сайн дурын асуудал байх ёстой. Машингүй хэрнээ өчнөөн олон жолооч байгаа шүү дээ. Зөвхөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас авна уу гэхээс үнэмлэхтэй хүн болгоноос авна гэдэг утгагүй зүйл.
ЭНЭ БОЛ ТӨРИЙН ДЭЭРЭМ
Баянгол дүүргийн иргэн Ц.Мөнх:
Шулуухан хэлэхэд энэ бол төрийн дээрэм. Ингэж даатгуулснаар бидэнд юу наалдах юм. Би автобус баазад жолооч, эхнэр маань жижиг тэрэг барьдаг. Заримдаа хүү минь бас эхнэрийн машиныг ээлжилж барина. Тэгэхээр энэ хуулиар бол зөвхөн манайх гэхэд л 119000 төгрөг төлөх нь. Энэ бол арай л хэтэрсэн явдал. Тэгээд бид бас автомашинтай байсны татвар, утаа, оношлогооны мөнгө, замаар явсны хураамж гээд өчнөөн олон татвар төлдөг биз дээ. Энэ олон татвар дороос чинь өндийхөө болих нь ээ.
Ц.Цэцэгжаргал
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
Comments are closed.