М.ЦЭЦЭГ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Энэ нь аймаг, дүүрэг бүрт давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт анхан шатны дагнасан шүүх байгуулах тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулж УИХ-аас баталсан 94 дүгээр тогтоолд тавьсан хориг юм. Давж заалдах шатны шүүх, тойргийн шүүхийг аймгуудад төвлөрүүлж байгуулсан нь ард иргэдийг чирэгдүүлсэн, Үндсэн хуулийн үндсэн үзэл санаа, зарчимтай зөрчилдсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасныг УИХ өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан юм. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Хэлбэр талаас нь харахад Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьж байгаа мэт боловч агуулга талаасаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хориг тавьсан нь буруу гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзсэн. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан нь сүүлийн 23 жилд анхны тохиолдол. Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэц УИХ-аас баталсан хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн гэсэн 140 шийдвэр гаргасан байдаг. Үүний 40 орчим нь сүүлийн гурван жилд гарсан байна” гэв.
Д.Хаянхярваа: ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА
УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн хурлын үеэр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн, үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллээр гарч байгаа ташаа мэдээлэлд няцаалт өглөө. Мөн холбогдох асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэв. УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсэг байгуулж дүгнэлтээ гаргасан. Энэхүү ажлын хэсэг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг зөрчсөн, бондны мөнгөөс дутсан, сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд гэрээ байгуулсан, ажлын явц дунд мөнгөн дүн нь нэмэгдсэн гэх мэт Хөгжлийн банкны илт хууль зөрчсөн асуудлыг гаргаж тавьсан. Гэтэл ажлын хэсэгт орсон АН-ын нэр бүхий гишүүд энэ шалгалтын дүнг зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр гарын үсэг зураагүй байна. Маргааш Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг шалгалтын дүнг хэлэлцэх юм.
Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “МАН-ын дарга М.Энхболд “Говь” ХК-ийн 10, бүлгийн дарга С.Бямбацогт 200 ширхэг хувьцаа эзэмшдэг юм байна. Энэ компани төслийн шалгуурыг хангаад зээл авсан байж болно. “Говь” ХК 7.8 сая ширхэг хувьцаатай, 16 мянган хувьцаа эзэмшигчтэй. Гэтэл Хөгжлийн банкнаас энэ компанийн авсан зээлтэй холбогдуулж 10 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа хүнийг 10 тэрбум төгрөг авлаа гэх мэтээр ташаа мэдээлж байна. Тиймээс аль нэг нам гэлгүй бүх мэдээллийг ид тод болгох хэрэгтэй. Энэ асуудалд нэр ус нь холбогдоод байгаа АН-ын гишүүд хэвлэлээр ил далд давшлаад байх хэрэггүй. Хэн ямар зээл авсан, төслийн үр өгөөж ямар байгааг ил тод зарлах хэрэгтэй. “Чингис” бондоос дутсан 5.4 сая ам.доллар хаашаа оров, хаанаас ямар шийдвэр гарав гэх мэт асуудлыг ил тод гаргаж тавих хэрэгтэй” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.