Засгийн газрын хуралдаан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд болж УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг албан ёсоор гаргасан. Үүнд Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат, “Эрдэнэс таван толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлтлйн хараат бус гишүүн Ж.Батзандан нар багтаж буй.
Эдгээр хүмүүстэй холбогдож зарим зүйлийг тодруулах гэсэн боловч зарим нь гадаад орныг зорьжээ. Тухайлбал Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг Солонгост зорчсон бол Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат Катарт аялж яваа сурагтай. Ингэхдээ тэд гадаад оронд зүгээр нэг зорчоогүй бололтой. Ойрын эх сурвалжийн өгүүлснээр ирэх сонгуульд ашиглах хөрөнгө, мөнгөө шийдэж яваа гэх. Гэхдээ Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг ирэх сонгуульд өрсөлдөхгүй гэсэн яриа бас байна. Учир нь хуулиар ашигт малтмалын лиценз олгохыг хориглосон байх хугацаанд албан тушаал, эрх мэдлээ ашиглан ашиглалт, хайгуулын лиценз олгосон гэх үйлдлээрээ “Ганц” руу ачигдах шахсан түүнийг аль эрт ажлаа өг гэж хуулийн байгууллагууд хийгээд намаас нь шахаад байсан. Тиймээс ажлаасаа халагдсан бус сонгуульд нэр дэвших нэрийдлээр чөлөөлөгдсөн болж жүжиглэе гэж Ерөнхий сайдаас гуйсан гэх мэдээлэл бий.
Харин Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Улсын бүртгэлийн, ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар нар хаана байгаа нь тодорхойгүй байна. Ажлаа хүлээлгэж өгснөөсөө хойш тэд олны өмнө гарсангүй. Холбоо барих ч боломжгүй байгаа юм.
Ингээд Мэдээлэл шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат, “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Ж.Батзандан нараас авсан тодруулгаа хүргэе.
Мэдээлэл шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат:
-Засгийн газрын хурлаас УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчдыг саяхан ажлаас нь чөлөөллөө?
-Засгийн газрын хурлаар шийдвэрлэгдсэн гэх ч юу байхав. Хуулиа хүндэтгэж ажлаа өгөхөө мэдэгдлээ. Ер нь хууль ямар байна, түүгээр л болох ёстой. Одоо бол би сул чөлөөтэй иргэн болсон. Ажлаа ч өгчихлөө.
-Тэгэхээр та ирэх сонгуульд хүч үзэх юм байна. Хаана нэр дэвших бол?
-Өвөрхангай аймагт нэр дэвших хамгийн их магадлалтай байгаа. Учир нь миний өсч торнисон нутаг Өвөрхангай аймаг юм. Гэхдээ заавал нутагтаа дэвшинэ гэх юу байх вэ өөр олон хувилбар бий. Нам залуусаа яаж дэмжихийг л харна даа.
-Сонгуульд нэр дэвших болсноо та хамгийн түрүүнд зориглож мэдэгдсэн гэх үү дээ. Үүний ард бас эрсдэл бий?
-Тэгж хуульчилсан болохоор түүнийг дагах л ёстой. Энэ бол эр зориг гэхээсээ улс төрийн соёл юм. Энэ соёлыг би эхлүүлж миний араас хүмүүс цуварсан даа. Харин эрсдэлийг бол тооцолгүй яах вэ.
“Эрдэнэс таван толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Ж.Батзандан:
-Засгийн газрын хурлаас сонгуульд нэр дэвших гэж буй төрийн албан хаагчдын хүсэлтийг шийдвэрлэж ажлаас чөлөөллөө?
-Ирэх сонгуулиар мөрдөх хуулинд нэр дэвшигч төрийн албан хаагч, төрийн өмчит компанийн ажилтан ажлаасаа чөлөөлөгдөж тэгш гараанаас сонгуульд оролцох ёстой гэж заасан байгаа. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдэж хуулиа мөрдсөн гэх үү дээ. Ажлаа хүлээлгэж өгчихөөд л байж байна.
-Ажлаа өгчихөөд байдаг. Хэрвээ сонгуульд нэр дэвшээд УИХ-д сууж чадахгүй бол гэсэн айдас зарим хүмүүс тээж яваа байх?
-Ер нь улстөрч хүн эрсдэлийг тооцож үзэх хэрэгтэй. Тэгээд ч эрсдэл гаргалгүй амжилтанд хүрнэ гэж байхгүй. Тэр дундаа улстөрчид.
-Тэгэхээр хаана дэвших вэ. Энэ асуудлаар намынхаа удирдлагуудтай уулзаж зөвлөв үү?
-Энэ асуудал тодорхой бус байгаа. Саяын хийсэн алхам бол ирэх сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байгаа хэлбэр. Түүнээс биш хаана, хэрхэн нэр дэвших вэ гэдгээ тодорхойлсон юм биш. Хуулийн дагуу ээлж дараатай ажиллаж тодорхой болгоно.
-Засгийн газар хуралдаж хэд хэдэн хүнийг сонгуультай холбоотой ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Харин ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс дунд суудлаас нь буулгахаар төлөвлөж байсан хүмүүс шахагдаж орсон гэх мэдээлэл гараад байгаа?
-Үүнийг хүмүүс өөр өөрсдийнхөө өнцгөөс л харах байх. Миний хувьд өөрийн хүсэлтээр, ирэх сонгуульд нэр дэвших зорилго агуулж ажлаа өгч байгаа юм.
Л.Мөнх
“ӨДРИЙН СОНИН”
Холбоотой мэдээ
Comments are closed.