antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2015 Comments are off

Дэлхийн анхны автомашиныг германчууд бус харин австрийн жүүд хүн бүтээжээ

нийтлэсэн Admin

Дотоод шаталтын хөдөлгүүр бий болсноор автомашин үйлдвэрлэл хөгжих өргөн боломжууд нээгдсэн нь тодорхой зүйл билээ. Энэ хөдөлгүүрийг 1876 онд Николаус Отто гэдэг хүн бүтээж, зохиогчийн эрхийн гэрчилгээг нь авсан аж. Тэгвэл хэн, хэзээ жинхэнэ утгаар нь автомашин гэдэг зүйлийг бүтээсэн байж таарах вэ?
Анхны машиныг бүтээсэн хэмээн Германы зохион бүтээгчид болох Карл Бенц, Готтлиб Даймлер нар удаан хугацаанд яригдсан билээ. Тэрхүү анхны машиныг 1886 оны нэгдүгээр сарын 29-нд бүтээгдсэн хэмээн үзсэн бөгөөд анхны автомашин мэндэлсэн өдрийг чухамхүү нэгдүгээр сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Тэгвэл автомашин үйлдвэрлэлийн эцэг бол Зигфрид Маркус гэдэг хүн байжээ. Тэрбээр Бенц, Даймлер нараас хамаагүй эрт буюу аль 1875 онд өөрийн автомашиныг бүтээсэн аж. Харин автомашин үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал үүргийг Германы зохион бүтээгчид болох Николаус Отто, Готтлиб Даймлер, Карл Бенц, Вильгельм Майбах нар гүйцэтгэсэн гэдэг нь хэнд ч тодорхой зүйл билээ.

Готтлиб Даймлер ба Вильгельм Майбах
Германы нэрт инженер, зохион бүтээгч Готтлиб Даймлер 1834 онд Штутгарт хотоос зүүн тийшээ 30 километр зайд орших Шорндорф сууринд мэндэлжээ. Тэрбээр талх баригч Йоханнес Даймлерын дөрвөн хүүхдийн удаахь нь байсан юм. 1847 онд дунд сургуулиа төгсгөөд мань хүн галт зэвсэг урлаачийн туслахаар ажилд орсон бол яг 10 жилийн дараа Штутгарт хотын Политехникийн дээд сургуульд элсэн суралцав. Сургуулиа дүүргээд тэрбээр Европын Франц, Англи, Бельги зэрэг улсуудад очиж ажилласан байна.

1863 онд Даймлер өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ядууст ажил олгодог байсан Ройтлинген хотын Bruderhaus үйлдвэрт ажилд оржээ. Тэнд мань хүн Вильгельм Майбах гэдэг өнчин өрөөсөн хүнтэй танилцсан аж. Тэгэхэд энэ авьяаслаг инженер залуу жирийн нэг шугам зургийн ажилтнаар хөдөлмөрлөж байсан бөгөөд Даймлер түүний ур чадварыг үнэлээд өөрийн туслах болгожээ. 1869 онд Даймлер Карлсруэ хотод очиж суурьшсан бөгөөд тэндхийн үйлдвэрт ажиллах болов. Зургаан сарын дараа түүн дээр Майбах ирж нэгдсэн байна.
1879 онд Даймлер Кёльн хот дахь дотоод шаталтын хөдөлгүүр үйлдвэрлэдэг үйлдвэрийн техникийн асуудал хариуцсан захирлаар ажилд орсон бөгөөд тэрхүү үйлдвэрийн захирал нь анхны дөрвөн цилиндр бүхий дотоод шаталтын хөдөлгүүрийг бүтээгч Николаус Отто ажиллаж байлаа. Харин Майбах тэрхүү үйлдвэрийн ерөнхий зохион бүтээгчээр хөдөлмөрлөв.

Николаус Отто ба Карл Бенц
1832 онд төрсөн Отто өөрийн дөрвөн цилиндр бүхий шатахуунаар ажилладаг дотоод шаталтын хөдөлгүүрийг 1876 онд бүтээжээ. Мань хүн өөрийн дотоод шаталтын хөдөлгүүрийг бүртгүүлж, оюуны эрхээ баталгаажуулснаас хойш олон ч хүн түүнийг нь боловсронгуй болгох ажлыг гүйцэлдүүлдсэн юм. Тэдний нэг нь болох Карл Бенц 1844 онд Карлсруэ хотоос холгүйхэн орших нэгэн жижигхэн сууринд мэндэлжээ. Магадгүй, энэ хүн нэр нь алдаршаагүй олон зуун механик, инженерүүдийн нэгэн жишээ болон үлдэх байсан ч нэгэн тохиолдол түүний хувь заяаг шийдсэн байна.

Мань хүн Отто, Даймлер, Майбах нараас ангид яг тэр цаг мөчид дотоод шаталтын хоёр цилиндр бүхий хөдөлгүүрийг бүтээн патентыг нь авчээ. Дөрвөн цилиндр бүхий хөдөлгүүр илүү үр бүтээлтэй гэдэг нь ойлгомжтой байв. Хоёр цилиндр бүхий хөдөлгүүрийг үйлдвэрлэхэд хялбар, хямд өртөгтэй байдаг ч дөрвөн цилиндр бүхий нь илүү хэмнэлттэй, чимээ шуугиан бага гаргадаг байсан юм. Карл Бенцийн аав түүнийг ердөө хоёрхон настай байхад томуу өвчний улмаас нас барсан галт тэрэгний машинист хүн байжээ.

Ээж нь түүнийг ганцаараа өсгөсөн юм. Карлсруэ хотын дунд сургуулийг дүүргээд Карл 1853 онд техникийн лицей, дараа нь Политехникийн дээд сургуульд элсэн суралцсан гэдэг. Бенц техникийн механикийн тэнхимийг дүүргээд долоон жилийн туршид янз бүрийн үйлдвэрүүдэд ажилласан бөгөөд 1871 онд Мангэйм хотод өөрийн гэсэн механик засварын газрыг нээгээд дотоод шаталтын шинэ хөдөлгүүрүүдийг бүтээх ажилдаа ханцуй шамлан оржээ.
Тэрбээр өөрийн анхны патентыг 1878 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан аж. Байнгын эрэлхийлэлд оршиж байсан Карл Бенц ирээдүйн автомашины хамгийн чухал зүйлүүд болох карбюратор, акселератор, стартер, араа шилжүүлэх кроп, ус хөргөх радиатор зэргийг бүтээн өөрийн нэр дээр патентжуулжээ.

Даймлер уу, Бенц үү?
Даймлер, Майбах нарын хувьд тэд 1882 онд ноён Оттогийн үйлдвэрийг орхин Штутгарт хотод очиж суурьшжээ. Тэд Каннштадтад өөрсдийн лабораторийг байгуулсан аж. Тэр жилдээ Карл Бенц унадаг дугуй үйлдвэрлэдэг газраа Benz & Cie гэдэг компанийг байгуулаад бензинээр ажилладаг хөдөлгүүрүүдийг үйлдвэрлэн худалдаалах болов. Энд тэрбээр хоёр хүний суудал бүхий, 250 килограмм жинтэй анхны гурван дугуйт автомашинаа бүтээсэн байна. Тэрхүү машин нь тун ч бүдүүлэг зүйл байсан бөгөөд нэг цилиндр бүхий дөрвөн такттай бензинэн хөдөлгүүрээр хөдөлгөөнд ордог байжээ. Хөдөлгүүрийн багтаамж нь 954 куб.см байсан бол хүчин чадал нь 0.9 морины хүчтэй байсан аж. Хөдөлгүүрийг арын хоёр дугуйны хооронд суурилуулж өгсөн аж.

Тэр машин одоогийн бидний хэмжээсээр бол инээд хүргэм бага хурдтай байсан гэдэг. Цагт 16 километр зайг туулах чадвартай байв. Уг машинаа 1885 онд бүтээж дуусгасан бөгөөд “Моторваген” гэдэг нэрийг өгчээ. Сорил, туршилтуудыг давсны эцэст 1887 онд тэр машин Парис хотод зохиогдсон дэлхийн үзэсгэлэн худалдаан дээр толилуулагдсан бөгөөд нэг жилийн дараа худалдаанд гарчээ. Эхний долоон жилийн хугацаанд “Моторваген” загварын 25 орчим машиныг худалдсан бөгөөд тэд бүгд гурван дугуйтай байсан юм.
Ийнхүү Карл Бенц гурван дугуйтай машинаа 1886 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оюуны өмчийн газарт бүртгүүлжээ. Тэрхүү түүхэн үйл явдлыг дурсах үүднээс чухамхүү 01 дүгээр сарын 29-ний өдөр автомашины мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Тэгвэл Готтлиб Даймлер болон түүний туслахаар ажиллаж байсан Вильгельм Майбах нар автомашины дотоод шаталтын хөдөлгүүрийг бүтээсэн патентаа 1885 оны 08 дугаар сард авсан байна. Туршилтын анхны загвар нэг цилиндр бүхий хөдөлгүүртэй байсан бөгөөд хагас морины хүчтэй байжээ. Харин 1885 оны 10 дугаар сард найз зохион бүтээгчид энэхүү хөдөлгүүрээ сайжруулан нэг морины хүчтэй болгосон гэдэг.

Даймлер, Майбах нарын бүтээсэн анхны машин хоёр дугуйтай байсан бөгөөд моторт дугуй гэж нэрлэгддэг байв. Харин тэдний бүтээсэн дараагийн машин бол жинхэнэ утгаараа анхны дөрвөн дугуйт автомашин байсан юм. Тэд тэрхүү машиндаа илүү сайжруулсан хөдөлгүүрийг тавьсан бөгөөд хүчин чадал нь 1.1 морины хүчтэй байв. Тэр машин ч мөн цагт 16 километр замыг туулах чадвартай байсан гэдэг. Уг машиныг 1886 онд бүтээсэн учраас Даймлерын уг загварыг олон хүн практикт ашиглагдаж эхэлсэн дэлхийн анхны автомашинд тооцдог аж.
Тодруулбал, Карл Бенцыг худалдан авагчдад анхны бэлэн, хэрэглэхэд бүрэн боломжтой автомашиныг санал болгосон хүн гэж үздэг байна. Харин Готтлиб Даймлерыг автомашины анхны хөдөлгүүрийг үйлдвэрлэсэн хүнд тооцдог юм. Карл Бенц анхны дөрвөн дугуйт автомашинуудаа гурван жилийн дараа үйлдвэрлэж эхэлжээ. Хурд багатай хэдий ч тэдгээр нь ажиллуулахад хялбар, техникийн үйлчилгээ, засвар, эдэлгээ зэргээрээ ялгарч байв. 1888 онд Карл Бенц анхлан өөрийн автомашинуудыг худалдаалж эхэлсэн аж. Чухамхүү түүний байгуулсан компани 1900 он гэхэд дэлхийн автомашин үйлдвэрлэгч хамгийн том компанид тооцогдсон билээ.

Тэгэхээр хэн түрүүлж автомашиныг зохион бүтээсэн байж таарах вэ! Даймлер уу, Бенц үү? Үнэн хэрэг дээрээ бол тэд бараг нэг ижил хугацаанд хэн хэнээсээ хамааралгүйгээр дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашинуудыг зохион бүтээжээ.
Хамгийн сонирхолтой нь, тэд Германы зүүн өмнөд хэсэгт нэг нэгнээсээ холгүйхэн амьдарч байсан юм. Гэхдээ үл ойлгогдох шалтгааны улмаас Даймлер, Майбах нар Бенцийг таньдаггүй байсан гэдэг. Бенц ч тэдний тухай сонсоогүй байжээ. Амьд сэрүүндээ тэд танилцаж амжаагүй гэдэг. Гэхдээ л өөрсдийн бүтээлүүдээ патентжуулж чадсан аж. Бенц 1886 оны 01 дүгээр сарын 29-нд гурван дугуйт автомашиндаа ¹37435 тоот патентыг авсан бол Даймлер моторт дугуйндаа 1885 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр ¹34926 тоот патентыг, 1886 онд дөрвөн дугуйт машиндаа зохиогчийн эрхийн гэрчилгээг тус тус авчээ.

Үгүй ээ! Тэр бол Зигфрид Маркус
Үүгээр асуудал дуусгавар болсон мэт санагдаж магадгүй. Тэгвэл автомашин үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь үндэслэсэн хүнээр өөрийн автомашиныг аль 1875 онд бүтээж эхэлсэн Зигфрид Маркусыг нэрлэж болох талтай. Энэ зохион бүтээгч эр 1831 онд жүүд гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр Германд мэндэлсэн бөгөөд 17 настайдаа Берлин хотод утсан харилцааны шугамыг тавих ажлыг гүйцэтгэж байв. Дараа нь тэр чамгүй хугацааны туршид Берлин хотын цахилгааны Siemens & Halske компанид механикаар ажилласан гэнэ. Тэр үед мань хүн өөрийн гэсэн явдаг сүйх тэргийг бүтээхийг мөрөөдөж байсан аж.

Улмаар Маркус цэргийн албанд мордох аюул тулгарсан тул 1852 онд тэрбээр Австри-Унгарыг зорьжээ. Тэнд мань эр Вена хотын их сургуульд ажилд орсон бөгөөд 1860 онд өөрийн гэсэн лабораторийг байгуулаад дуртай зүйлээ хийж эхэлсэн байна. Төдөлгүй мань хүн утасны реле, микрофон, шумбагч мины цахилгаан гал хамгаалагч зэрэг олон ач тустай зүйлийг бүтээжээ. Нийтдээ тэрбээр 38 бүтээлдээ патент авчээ. Мөн тэрбээр 1864 онд соронзон цахилгаан асаагуурыг сэдэж олсон байна. Гэхдээ тэр нь автомашинд зориулагдаагүй, харин миныг тэслэх зориулалттай байв. Гэвч хожим нь түүнийг дотоод шаталтын хөдөлгүүрүүдэд ашиглаж эхэлжээ. Нэг жилийн дараа тэрбээр карбюраторыг бүтээж, патент авсан бөгөөд түүнийг мөн л агаар хөргөх хөдөлгүүрүүдэд хэрэглэх болов.

1867 онд Парис хотод зохиогдсон үзэсгэлэн худалдаан дээрээс Зигфрид Маркус өөрийн тэр карбюраторын төлөө мөнгөн медаль хүртжээ. Гэвч тэр үед агаар хөргөлттэй хөдөлгүүрүүд хоцрогдсонд тооцогдож байсан юм. Илүү боловсронгуй зүйл сэдэж, бүтээхийн тулд Маркус Польшийн агаарын тээврийн зохион бүтээгч, нисгэгч Якоб Вархаловский болон Моравийн (өдгөө Чех Улсын Адамов хот) Адамсталь хотод байрлах нэгэн пүүстэй хамтарчээ.

Анхны хөдөлгүүр ба Маркусын анхны автомашинууд
Маркусын бүтээсэн 1570 куб.см багтаамжтай нэг цилиндр бүхий хөдөлгүүр нэг морины хүчтэй байжээ. Уг хөдөлгүүр 280 килограмм жинтэй байсан аж. Харин 1870 онд буюу Даймлер, Бенц нараас хамаагүй өмнө Маркус өөрийн анхны өөрөө хөдөлгөөнд ордог тээврийн хэрэгслийг бүтээж, туршсан гэдэг. Үүнийг батлах гар бичвэрүүд, гэрэл зураг ч хүртэл хадгалагдан үлджээ. Уг тээврийн хэрэгсэл дотоод шаталтын хөдөлгүүр бүхий сүйх тэрэг байсан юм. Хөдөлгүүр нь бензинээр ажилладаг байв. Гэрэл зураг дээр зохион бүтээгч эр өөрийн гараар “1870 оны есдүгээр сарын 03-ны өдөр. Вена хот. Зигфрид Маркусын бүтээсэн моторт хөсөг” хэмээн бичжээ. Уг моторт сүйх тэрэг үнэхээр болхи нэгэн байсан юм. Цагт ердөө 3-4 километр замыг туулдаг байлаа. Харамсалтай нь, тэр хадгалагдаж үлдээгүй аж. Таван жилийн дараа Маркус тэрхүү модон сүйх тэргийнхээ илүү боловсронгуй загварыг бүтээсэн бөгөөд нэг цилиндр бүхий хөдөлгүүр нь нэг морины хүчин чадалтай байв.

Энэ сүйх тэрэгт өнөөгийн автомашинд байдаг гол зүйлүүд буюу бичил хэмжээтэй дотоод шаталтын хөдөлгүүр, араа, жолооны хүрд, жолооч болон зорчигчдын суудал гэх мэт зүйлс байсан гэдэг. Үндсэндээ энэ нь хөллөгөөтэй морь үгүй сүйх тэрэг байлаа. Эсвэл моторт хөсөг ч гэсэн болно. Дөрвөн модон дугуйтай хэрнээ хөдөлгүүртэй хөсөг байсан юм. Жин нь 756 килограмм, урт нь 2905 мм, өргөн нь 1600 мм байжээ. Энэ машиныг тухайн үед Австри-Унгарын бүрэлдэхүүнд багтаж байсан Моравийн нэгэн үйлдвэрт бүтээсэн аж. Дараа нь түүнийг төмөр замаар Вена хот руу аваачсан бөгөөд хотын ард иргэдийг айлгаж, ичээхгүйн тулд шөнийн цагаар анхны туршилтуудыг нь хийж эхэлсэн байна.

Дотоод шаталтын хөдөлгүүртэй анхны тээврийн хэрэгслийг бүтээсэн Маркусын энэ шинэ бүтээл маш их дуу чимээ гаргадаг байснаас гадна утааг суунаглуулах шиг болдог байв. Цагт ердөө 4-8 километр замыг туулдаг байсан учраас хажуугаар нь морин тэрэг, унадаг дугуйнууд сүнгэнээд өнгөрдөг байсан аж. Дээр нь хүмүүс түүнийг хараад үнэхээр айдаг байсныг нуух юун. Сонин хэвлэлүүд ч “Энэ бензинээр ажилладаг сүйх тэрэг эргэн тойрныг аюулд оруулж байна” хэмээн бичиж байлаа.

Даймлер ч гэсэн хожим нь өөрийн автомашинаа шөнийн цагаар, хотын гаднах зам дээр туршихаас өөр аргагүй байсан юм. Харин Бенцыг туршилт болгоныхоо өмнө цагдаа нарт явах маршрутаа мэдээлж байхыг үүрэг болгожээ. Тэгвэл гал сөнөөгчдийг бэлэн байдалд оруулах боломжтой байв. Товчоор өгүүлбэл, хэн ч Зигфрид Маркусын бүтээлийг сонирхоогүй юм. Гэхдээ тэрбээр Карл Бенцын гурван дугуйт машиныг бий болохоос 10 жилийн тэртээ моторт сүйх тэргээ бүтээсэн билээ.

Маркусын цаашдын хувь заяа ба түүний бүтээлүүд
1938 онд Герман орон Австрийг булаан эзлэх үеэр австричууд юмыг яаж мэдэх вэ гээд Германы нэр хүндийг илтэд унагаахуйц байсан машиныг нуухаар шийдвэрлэжээ. Тэд германчууд уг машиныг устгаж орхино гэдгээс айсан нь тодорхой билээ. Тэгээд ч дээр нь Зигфрид Маркус жүүд хүн байсан юм. Маркусын бүтээсэн автомашиныг Вена хотын Техникийн музейн хананд наалдуулаад наагуур нь тоосго өржээ. Үүнийг цаг алдалгүй хийснээр хожсон гэдэг. Фашистууд үнэхээр л Маркусын нэрийг түүхээс арчихыг оролдсон билээ.
Жишээ нь, Вена хотын их сургуулийн ханан дээр хадаатай байсан түүний нэр бүхий дурсгалын пайзыг хага цохисон бөгөөд 1940 онд III Рейхийн Ардын боловсрол, гэгээрлийн яам тэр цагаас хойш бүх нэвтэрхий толинуудад автомашиныг зохион бүтээсэн хүнээр Карл Бенц, Готтлиб Даймлер нарыг бичих ёстой хэмээн үүрэгдэв.

Маркусын зохион бүтээсэн автомашиныг нуувчнаас Герман Улс ялагдал хүлээсний дараа л гаргасан бөгөөд өдгөө тэр сүйх тэрэг Вена хотын Техникийн музейд хадгалагдаж байгаа билээ. Гэхдээ зарим нэг эх сурвалжууд Маркусын бүтээсэн автомашин бол ердөө хий хоосон зүйл бөгөөд музейд тавиастай байгаа зүйлийг 1949 онд үйлдвэрлэсэн эд хэмээн бичжээ. Үнэн хэрэг дээрээ энэ нь тийм биш юм. Маркусын бүтээлийг засварлаж, нөхөн сэргээсэн бөгөөд тэрбээр хөдөлгөөнд орох бүрэн боломжтой гэдгийг 1950 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нотлосон билээ. Тэр өдөр аль 1875 онд мэндэлсэн уг тээврийн хэрэгсэл Вена хотод болсон эртний автомашинуудын сүрт жагсаалыг эхлүүлсэн аж.

Ийнхүү чухам Зигфрид Маркус л дэлхийн анхны автомашин, шингэн түлшээр ажилладаг анхны хөдөлгүүрийг бүтээсэн хүн болж таарч байгаа юм. Нийтдээ энэ авьяаслаг зохион бүтээгч эр 16 улс, оронд 131 патент авч дөнгөжээ. Эдгээрээс 29 нь автомашины бүтээцтэй холбоотой байв. Зигфрид Маркус 1898 оны 06 дугаар сарын 30-ны өдөр таалал төгсчээ. Тэр жилдээ австричууд түүнд зориулж хөшөө босгосон байна. Тэрбээр тус улсын үндэсний баатар болсон юм. Харамсалтай нь, өдгөө түүний нэр бараг мартагджээ. Түүний сүрийг нэлээн хожим боловсронгуй автомашинууд бүтээж, амжилт олсон Даймлер, Бенц зэрэг хүмүүсийн нэр алдар дарж орхисон байна.

Отто, Даймлер, Майбах, Бенц нарын цаашдын хувь заяа
Николаус Отто 1891 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Кёльн хотноо нас баржээ. 1886 онд түүний патентжуулсан герман хөдөлгүүр сүүлдээ шүүхийн хаалга татсан юм. Францын иргэн Альфонс-Эжен Бо де Роша үүнтэй төстэй төхөөрөмжийг 1862 онд бүтээгээд, түүндээ оюуны эрхийн гэрчилгээ авчихсан байлаа. Гэвч франц эрийн бүтээл хэзээ ч худалдаалагдаагүй, мань хүн нэг ч загварыг үйлдвэрлээгүй аж. Гэсэн хэдий ч түүний пүүс мөнгө хийсэн хэвээр байсан бөгөөд зохион бүтээгч эр нэлээн хангалуун байдалтай нас баржээ.

Харин Готтлиб Даймлерт аз дайрсан билээ. Тэрбээр газар, тэнгэр, далайд ашиглагдах зориулалт бүхий бичил хөдөлгүүрүүдийг үйлдвэрлэдэг Daimler Motoren Gesellschaft гэдэг компанийг байгуулжээ. Түүний энэ уриа хожим нь өнөөгийн “Мерседес-Бенц” компанийн бэлгэдэл болох алдарт гурван сүүлт одын үндэс суурь болж өгсөн юм. Тэр үед газрын тосноос тос, керосин, бензин зэргийг нэрж гарган авдаг байв. Бензиныг хувцас цэвэрлэгээнд ашигладаг байсан бөгөөд эмийн санд худалдаалдаг байсан аж. Өөрсдийн хөдөлгүүрийг ажиллагаанд оруулах түлш болгож Даймлер, Майбах нар хамгийн амар галд авалцдаг бензиныг сонгон авчээ. 1885 онд Даймлер анхны мотоциклийг бүтээж, патентжуулсан бол Майбах түүнийг нь унаад цагт 12 километр хурдлан гурван километр зайг туулсан юм.

1886 онд анхны дөрвөн дугуйт автомашиныг бүтээсэн бөгөөд дараа жилийнх нь гуравдугаар сарын 04-нд олны өмнө анх удаагаа унаж үзүүлсэн байна. Тэгэхэд тэр машин цагт 18 км замыг туулжээ. Даймлер, Майбах нарын хамтын ажиллагааны үр дүнд хоёр цилиндр бүхий хөдөлгүүртэй дөрвөн дугуйт автомашин бүтээгдсэн бөгөөд түүнийг 1889 оны аравдугаар сард Парис хотод зохиогдсон дэлхийн үзэсгэлэн худалдаан дээр толилуулснаар маш их шуугиан дэгдээжээ. 1890 оны 11 дүгээр сард компани нь хувьцаат нийгэмлэг болсон бөгөөд гурван сарын дараа Вильгельм Майбах түүний бүрэлдэхүүнээс гарч бие даан ажиллах болов.

1892-1893 оны өвөл Даймлер цус харвасан бөгөөд эмч нарын зааврын дагуу Италид эмчлүүлэхээр явжээ. Улмаар “Даймлер” брэндийн лицензийг Английн бизнесмэн Фредерик Симмс худалдаж авсан байна. Эхлээд түүний компани Англидаа Германд үйлдвэрлэсэн автомашинуудыг худалдаж байсан бол дараа нь “Даймлер” нэрийн дор өөрсдийн бүтээсэн машинуудыг үйлдвэрлэх болжээ.
1899 онд Daimler Motoren Gesellschaft пүүс компанийн бас нэг эзэн болох Эмиль Еллинекийн цорын ганц охины нэрээр нэрлэгдсэн “Мерседес” гэдэг анхны автомашиныг үйлдвэрлэж гаргав. Тэр бол дөрвөн цилиндрийн хөдөлгүүртэй, 25 морины хүчин чадал, хоёр карбюратортай уралдааны машин байсан билээ. Францын зах зээлд зориулж ийм загварын 36 машиныг захиалж хийлгэжээ. Нэр хүндтэй уралдаануудад эдгээр машинууд удаа дараалан ялалт байгуулснаар “Мерседес” гэдэг нэр 1902 оноос хойш үйлдвэрлэгдсэн Даймлерын бүх загваруудад оноогдох болсон юм.

Готтлиб Даймлер 1900 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Каннштадт хотод амьсгал хураажээ. Түүнийг өөд болсны дараа Вильгельм Майбах 70 морины хүчин чадалтай анхны зургаан цилиндр бүхий хөдөлгүүрийг зохион бүтээв. Харин 1906 онд 120 морины хүчин чадал бүхий уралдааны машины хөдөлгүүрийг бүтээсэн байна. 1909 онд Майбах өөрийн хүү Карлтай хамтарч нэгэн пүүсийг байгуулсан бөгөөд тэр нь хөдөлгүүр, дараа нь люкс ангиллын автомашинуудыг үйлдвэрлэж эхэлжээ.

ХХ зууны 20-иод оны үеэр “Мерседес” автомашинуудын эрин үе эхэлсэн билээ. Хожим нь тэдгээрийг “Мерседес-Бенц” гэж нэрийдэх болсон. Учир нь, 1926 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Benz & Cie болон Daimler Motoren Gesellschaft компаниуд нэгдсэнээр алдарт “Даймлер-Бенц” компанийг үүсгэсэн билээ. Вильгельм Майбах 1929 оны 12 дугаар сарын 29-нд Штутгарт хотод нас барсан бөгөөд түүнийг Готтлиб Даймлерын дэргэд хүндэтгэлтэйгээр оршуулжээ. Тэр жилийн дөрөвдүгээр сарын 04-ний өдөр уушгины өвчнөөр Карл Бенц мөн өөд болжээ. Мань хүн 1895 онд дэлхийн анхны ачааны машин, дараа нь анхны автобусыг зохион бүтээж амжсан юм.

“Даймлер-Бенц” компани 1998 онд Америкийн “Крайслер Корп” компанийг худалдаж аваад “Даймлер-Крайслер АГ” концерныг байгуулсан билээ. Гэвч 2007 оны наймдугаар сард “Крайслер”-ыг худалдсанаар үндсэн компанийн нэр Daimler AG болж өөрчлөгдсөн юм. Өнөөдөр Daimler AG автомашины концерн Германы хамгийн том компанид тооцогддог байна. Түүний борлуулалт өнгөрсөн жил 129 тэрбум еврод хүрсэн бол ажилтнуудынх нь тоо 280 мянган хүнд хүрчээ.

Эх сурвалж: “Совершенно секретно”

Wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car