Алсаас очоод үнсүүлэхэд аавын минь үнэр сайхан…
Хүйтэн жавар хацар хайрсан тэсгим өвлийн энэ л өглөө өвгөн буурал аавыгаа зүүдэлж хоносон шөнөө бодохоор өөрийн эрхгүй санаад, өр зүрх минь өмрөөд байна аа. Аав аа! Та минь хөх мөнхийн уул мэт нутгийн цэнхэр уулсын энгэр, Сагдайн голдоо суугаа. Яг одоо та минь /Улаанбаатарт 10:30 цаг/ хэдэн үхрээ бэлчээрт гаргачихаад хатсан хөх гишүүг нуруу зоондоо хөндлөн хавчуулаад, хааяахан энд тэнд гишгээсээр, халуу дүүгсэн гэр лүүгээ гэлдэрч яваа даа.
Хаа холын нутаг, хүний олон бужигнасан Улаанбаатар хотын утаа тортогтой нэгэн дүүргээс охин нь таныгаа санаад хэдхэн үг тэрлэж сууна. Алсад суугаа аавыгаа бодохоор… Таныхаа тухай бодохоор насан багын олон сайхан дурсамжууд сэтгэлд ургаад гоёхон. Тэр дундаа би аавынхаа сэтгэлд нэг л дотно, зөөлөн сайхан үнэрийг санан, санах тусам хамар шархирч, хоолой аргаад байна аа.
Хадлан хадах, түлээ түлш бэлтгэх, /Та минь ургаа мод унагаах биш гишүү, эсвэл аль цагт унаж хатсан хуурай түлээ түүж цуглуулж бэлдэх хэрэгтэй. Нойтон мод сүйтгэх ч тоогүй л хэрэг дээ гэж хэлдэгсэн./ гээд аав минь та ах, дүү, бид гуравт өөрийн биеэр үлгэрлэн ямар ч их ажилд сургаав дээ. Хэзээ хойно танаасаа хол явахдаа л энэ бүхнийхээ хэргийг гаргаж, хэнээр ч хэлүүлэлгүй хийж чадаж байгаадаа баярлаж явдаг юм. Охиныг нь харсан хэн ч “Хумсаа ургуулж, час улаанаар будаад, өндөр өсгийт дээр дэнжигнэсэн энэ хүүхэн ер нь юу л хийж шалив гэж дээ” гэж бодох л байх. Гэхдээ надад аавын минь зааж сурган, үлгэр жишээчээр оюун ухаанд минь суулгаж өгсөн олон сайхан чадвар бий. Би өвс хадаж чадна. Бухал хийж чадна. Түлээ хагалж чадна. Мах эвдэж чадна. За ер нь олон юм чадна даа. /Ер нь хөдөөгийн хүүхдүүд бол энэ зэргийг эр, эмгүй эвлэгхээн хийчихнэ, ганц би ч биш/ Ингээд бодохоор охин нь л лав “Залхуу хүн гэрийнхээ ханын толгойнд өлгөсөн мах хараад “Унжиж байхаар унаад ирдэг ч болоосой” гэж дээшээ харж хэвтсээр өлсөөд үхсэн юм гэнэ лээ” гэдэг шиг алмайрч хэвтээд өлсөж үхэхгүй!!! Үүнийгээ охин нь бардам мэднэ ээ. Энэ бол таны гавъяа аав аа.
Та бидэнд “Алаг нүд эргэлдэж байхад аргыг нь олно. Эрээн нүд эргэлдэж байхад эвийг нь олно” гэдэг уриагаараа маш их зүйлийг ойлгуулсан. Би аав шигээ л “мундаг” хүн болохыг хүсдэг байсан. Одоо бол хэрэндээ л өөртөө мундаг шаардлага тавина. Би “Аливаа зүйлийг хийж бүтээхийн тулд хүсэх хэрэгтэй. Хүсэх юм бол юуг ч бүтээж чадна. Гагцхүү хүсэх, бас жаахан хичээх хэрэгтэй” гээд бодно шүү дээ. Энэ лав л муу бодол биш.
За үүнийг орхиё. Аав аа! Би таныхаа хөлсний үнэрийг их санах юм аа. Зарим хүн бол “Хөлс хир ханхлуулсан хүн юу нь л сайхан байв гэж” ингэж бодох л байх. Гэхдээ таны минь хөлсний үнэр нэг л дотно, ямар ч “духи”-нээс гоё. Энэ бол таны хөдөлмөрчийг гэрчлэх хөлсний үнэр. Та намайг багад сумын сургуулийн сурагчдыг цаначин, тэшүүрчин болгох гээд үүрийн таван жингээр түнэр харанхуйд бэлтгэлд гардаг байв. Эргээд ирэхэд тань драпан пальто, шар тарваган малгайнаас тань хөлсний үнэр ханхалдагсан. Аавтайгаа, ахтайгаа хамт хэдэн үхрийнхээ ам руу хийх өвс хадах их ажилд гар бие оролцож явсан намрын налгар өдрүүдийг ч энд дурсахгүй байхын аргагүй ээ. Тэр үед манайх Цэгэр, Даагайн нутгаар хадланд гардаг байлаа шүү дээ. Намрын нар шарсан аагим халуун өдрүүдэд ч та минь үүр шөнөөр босоод майхныхаа үүдийг нээж орхин, “Өвсний шүүдэрт хадуур сайн явдаг юм. Хэдэн мөр цохичихёо хө” гэж хэлээд ах бид хоёрт дохио өгч, хоолой засаад гараад явдаг гавшгай төрх тань нүдэнд харагдах юм. Нар халсан бага үдийн үед майхандаа эргэж ирээд хүйтэн хар цай залгилан, бор гурилаар хийсэн боорцог, цөцгийтэй талх үмхэж суухад танаас минь бас л миний дуртай танил дотнохон хөлсний үнэр ханхалдагсан. Энэ л танил дотно, анхилам үнэр одоо ч миний сэтгэлд хадгалагдсан хэвээр. Аавдаа очоод золгоно доо гэж бодохоор л таны минь үнэр санагдаад…
Ай! Аав таны минь ажил бүтээл, алдар нэр, алдаа оноо аль альных нь дундуур жим гарган урссан амьдралын амттай хөлс, таны минь үнэр сайхан.
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум
Сагдайн Бэлчирт суугаа хайртай аав Г.Юрадаа
Улаанбаатар хот охин Ю.Шүрэнцэцэгээс
Холбоотой мэдээ
Comments are closed.