Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Тодруулбал:
· Сумын хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 12, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 14, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 15, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 17, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20, 20001-ээс дээш хүн амтай суманд 22 байхаар тогтоолоо.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны есдүгээр сарын 24-27-нд Нью-Йорк хотноо ажиллаж “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
· УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
· УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гаргахаар тогтлоо.
· УИХ-ын гишүүн Д.Батцогтын санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг дэмжиж, төсөл санаачлагчид зарим саналыг уламжлахаар тогтлоо.
· Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд байгуулах “Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинэ гүүр барих төсөл”, “Гурилын үр тариа хадгалах элеватор барих” төсөл болон “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслүүдийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.
· Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244,5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтож, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Солонгосын талд уламжилж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.
· Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжин тус хэлэлцээр гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
· Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус зөвлөлийг Хүнс, хөдөө ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахална.
· Монгол Улсад 2016 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт дотоодын ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг баталлаа.
· “Эгийн голын усан цахилгаан станц төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажил”-ыг барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээний дагуу Сэлэнгэ мөрөн дээр баригдах шон суурь, тулгуур, ригелийн хэсгийн цутгалтын ажил гүйцэтгэх “Си Жи Жи Си Монголиа” ХХК-ийн 159 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2015 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрлөө.
· 2015 оны төсвийн тодотголын хамт 2015 оны 10 дугаар сарын 30-нд батлагдсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж буй нэр бүхий дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.