“Үндэсний Өгөх Өдөр”-ийг санаачлан тэмдэгдэж эхэлснээс хойш таван жил өнгөрчээ. Жилээс жилд хүрээгээ тэлж буй сайн үйлс маань нэгээхэн хэсгийн бус нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа болон өргөжин, тэлж байгааг нүдээр үзээд бидний хамт олон ихэд баяртай, урам зоригоор дүүрэн байгаагаа юун түрүүнд илэрхийлье. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүмүүнлэгийн “Үндэсний Өгөх Өдөр” болгох хөдөлгөөн өрнөсөөр 6 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. “Өгөх Өдөр” хөдөлгөөнийг санаачлагаар анх хүнд өвчинд нэрвэгдсэн Э.Удвал охинд “ТОМ БОЛООРОЙ УДВАЛ” төслийг хэрэгжүүлэн Э.Удвал охины хагалгаанд шаардлагатай 25 сая төгрөгийг хэдхэн хоногт цуглуулж чадсан билээ. Мөн “Үндэсний Өгөх Өдөр” хөдөлгөөн таван жилийнхээ ойг тохиолдуулан баярлаад өнгөрөх бус бусдад урам зориг хайрлах, хүссэн үедээ сонсч болох, хэн бүхний аманд аялагдах, хэзээ ч хуучрашгүй сайхан дууг бүтээхээр шийдэж, чин сэтгэлт олон уран бүтээлчдийн хамтын хүчээр Тоомойн Очирхүү агсны тэртээ 35 жилийн өмнө зохиож байсан “Урам хайрла” шүлгийг аялгуулаг сайхан дуу болгон олны хүртээл болгосон билээ.Мөн нэг өдрийг хорих 407 дугаар ангид хүмүүжиж буй ээжүүд, эмэгтэйчүүдтэй хамтдаа өнгөрүүлж, хандивын үйл ажиллагааг зохион байгуулж, хүмүүжигч ээжүүд болоод тэдгий бяцхан үрсэд чин сэтгэлийг бэлэг гардуулсан. Бидний энэхүү үйл ажиллагаанд сайхан сэтгэлт олон хүмүүс сайн дураараа нэгдэж халуун дулаан үгтэй захидал, ном сонин, хувцас хэрэглэл гээд өөрт байгаа бүхнээ хуваалцсаныг бидний хамт олон уламжилсанаа дуулгая. “Өгөх Өдөр” ТББ-ын зүгээс энэ өдрийг Монгол түмэн нэг нэгэндээ хайр энэрэл, ухам зориг, сэтгэлийн дэм өгөх, мөн нийгэмд тэр дундаа хүүхэд залуучуудад бие биедээ туслаж дэмжиж, зөвхөн эд материалийн бус чин сэтгэлийн сайхан үгс, урам зоригийн өглөгийг өдөр бүр түгээж үүнийгээ дадал зуршил болгоосой гэсэн зорилготой өрнүүлсээр байна. Үндэсний Өгөх Өдөр урд өмнөхөөсөө ч илүү өргөн цар хүрээг хамарч, бүх нийтийн баяр болж чадсаныг хувь хүн болоод аж ахэй нэгж, албан байгууллагуудын сайн үйлсээс илхэн харж болно. Өдөр бүрийг өгөх өдөр болгон тэмдэглэх болсон олны сайхан сэтгэлийн үйл ажиллагаа дан ганц арваннэгдүгээр сарын 1-нээр хязгаарлагдахгүйгээр, одоо ч зогсолтгүй үргэлжилсээр байна. Энэ жилийн “Үндэсний Өгөх Өдөр”-өөр бидний хийж буй ажилуудаас дурьдвал Сэргээн Засах Эмчилгээний “Таны инээмсэглэл төв”-тэй хамтран саажилттай хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд “Digital Dental Clinic” эмнэлэг нь бүх саажилттай хүүхдүүдэд үнэ төлбөргүй угааж, цэрлэж үйлчилгээ үзүүлнэ. Мөн Америк улсын “Spider Page” тоног төхөөрөмж, 1 тэргэнцэр, том хүний памперс зэрэг хандивлагдах аянг эхлүүлээд байна. Түүнчлэн саажилтай хүүхдүүдийн бүтээл, цуглуулгаар “Энэ бол би” нэртэй үзэсгэлэн 2015 оны 10-р сарын 30-ны өдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болох гэж байна.
ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР – 2010
Хүнд өвчинд нэрвэгдсэн бяцхан охин Э.Удвалд зориулан “Том Болоорой Удвал” нэртэй төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн. Урлаг соёлынхон хамгийн түрүүнд уриалгыг дэмжин, UP Music Production бүх оддын шоу тоглолтыг “UB Palace”-т зохион байгуулж, бүх орлогыг Удвал охины эмчилгээнд зориулсан билээ. Түүнчлэн оюутан залуус хөдөлгөөнд идэвхтэй оролцож, гудамжаар болон албан байгууллагуудаар хандивын хайрцаг аялуулж, хэдхэн хоногийн дотор нийтдээ 25 сая төгрөг цуглуулж чадсан юм. Энэ нь Удвал охины замын зардал болон эмчилгээний эхний зардалд хангалттай байсан бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт зургаан сарын турш эмчлүүлэн, бүрэн эдгэрсэн. Түүний аав ээж нь охиныхоо өсөлт бойжилтод урамшин, охиныхоо адил өвчтэй зовлонтой хүүхдүүдэд туслах зорилгоор тусгай цэцэрлэг байгуулахаар хөөцөлдөж байгааг дуулгахад таатай байна. Мөн “Үндэсний Өгөх Өдөр хөдөлгөөн” нь “Шууд” телевизээс зохион явуулсан “Сайн үйлс -2010” төслөөс “Оны онцлох сайн үйлс”-ээр шалгарсан.
ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР – 2011
Улаанбаатар хотын 25-р тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд том оврын автобусыг худалдаж авах аян өрнүүлэн, Hyundai County автобус 20 сая төгрөгөөр худалдан авч өгсөн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульдаа байнга хамрагдах боломжтой болсон. Wisdom Production болон жүжигчин Б. Амарсайхан нар “Бодлын Хулгайч” киноныхоо нээлтийн долоо хоногийн зардлыг энэ үйлсэд хандивласан.
ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР – 2012
Өгөх Өдрийн хүрээнд АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг орчуулан, хүүхэд залуучуудын хүртээл болгосон. Энэхүү ном нь дэлхийн 30 гаруй оронд орчуулагдсан. Үндэсний Боловсролын Холбооны 2007 онд хийсэн онлайн санал асуулгаар “Хүүхдэд зориулсан 100 шилдэг ном”-ын нэгээр нэрлэгдсэн бол 2012 онд Сургуулийн номын сангуудын сэтгүүлээс явуулсан судалгаагаар “Зурагтай шилдэг 100 ном”-ын нэгээр шалгарсан.
Энэхүү сургамжит өгүүллэгээр дамжуулан бага насны хүүхдүүдийг өгөх үйлсэд багаас нь сургах, аав ээжийн ачлал хайрыг мэдрүүлэн, зөв хүн болон төлөвших, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд уриалах зорилготой. “Өглөгч Мод” номыг эхний ээлжинд 10 мянган хувь хэвлэн, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад үнэгүй тараасан билээ. Түүнчлэн Өгөх Өдөр Хөдөлгөөн, Jeans and T Shirt Club-тай хамтран хандив цуглуулах ажиллагаа зохион явуулсан билээ. Энэ аянд Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллага, МИАТ, Монголын залуучуудын холбоо, Хүүхдийн төлөө үндэсний төв, UP Music production, GTs Advocates, Ардын жүжигчин Н.Сувд, СГЗ, зохиолч Л.Одончимэд, дуучин Т.Бат-Оргил зэрэг байгууллага, хувь хүмүүс идэвхтэй оролцсон юм.
ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР – 2013
“Өглөгч Мод ба Би” зохион бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулиудын бүх ангиудын дунд зарлаж, Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллага зохион байгуулагчаар оролцож уралдааны ялагчдад шагнал гардуулсан.
ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР – 2014
Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Урам Хайрла” шүлэгт, МУГЗ, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат ая хийж, “Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарын дуулснаар олны сонсорт хүргэсэн. Түүнчлэн 10 дугаар сарын 26-нд Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх 407-р ангид “Урам Хайрла” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хувь хүн, албан байгууллагуудаас цугларсан хувцас хэрэглэл, хүүхдийн хоол тэжээл, живх зэргийг хүмүүжигчдийн хүүхдүүдэд гардуулан өгч, йогийн багш Б.Дэлгэртуяа эмэгтэйчүүдтэй дасгал хийн, дуучин Р. Номин, хуучир хөгжимчин П. Отгонбаатар нар ая дуугаа өргөн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн. Мөн “Урам Хайрла Challenge” эхлүүлж, хүн бүр хоёр хүртэл хүнд урам хайрласан, сэтгэлийнхээ үгсийг илэрхийлэхийг уриалсан нь бүх нийтийг хамарч чадсан сайхан үйл хэрэг болсон.
Shuurhai.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.