Маргааш улирах 2011 оныг ингэж тодотгож байна. Учир нь дэлхийн эдийн засаг хямралын салхинд нүд нүүргүй балбуулж байхад, хүчирхэгээр сөрж зогссон Хятадын эдийн засгийн өсөлтийг Монгол Улсын эдийн засаг гүйцэж түрүүлэх суурь тавигдчихаад байгааг Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны судалгаа нотлов. Манай улсын эдийн засгийн өсөлт 2013 онд 23 хувьд хүрнэ гэсэн прогнозыг ОУВС хийгээд буй бөгөөд энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтөөс хоёр дахин илүү өснө гэсэн үг. Гэхдээ эдийн засгийн “галзуу” өсөлт төрөөс ухаалаг менежментийг нэхэж байгааг тодотгох нь зөв болов уу. Эерэг өсөлтийн мэдээнээс гадна инфляцийн өсөлтийн тухай саарал мэдээ он дамнан монголчуудыг дарамталлаа. Ингээд 2011 оны монголын эдийн засгийн өнгийг хамтдаа харъя.
Fitch-д бас Standard & Poor”s-д баярлалаа
Биднийг үнэлсэнд баярлалаа гэж тэдэнд хэлье. Олон улсын рейтингийн байгууллагуудаас сайн дүн авсан үйл явдал нь цаг хугацааны хувьд оны сүүлийн саруудынх ч гэлээ Оны тойм түрүүлж онцолж байна. Учир нь Монголын эдийн засаг энэ оны хоёр, гуравдугаар улиралд дараалан огцом өсөлтийг үзүүлсэний араас Fitch, Standard & Poor”s үнэлгээний байгууллагуудын Монголыг үнэлсэн шийдвэрүүд гарсан юм. Арваннэгдүгээр сарын сүүлээр Фитч Монгол Улсын урт хугацааны гадаад болон дотоод валютын зээлжих зэрэглэлийг тогтвортой төлөвтэй буюу В+ гэж мэдэгдсэн юм. Харин богино хугацааны зээлжих зэрэглэлийг В, боломжит дээд түвшин нь В+ гэж дүгнэсэн. Тэгвэл Standard & Poor”s энэ сарын 19-ний өдөр гаргасан тайландаа манай улсын бие даасан рейтингийн зэрэглэлийг ахиулж, тогтвортойгоос эерэг рүү шилжүүлсэн тухайгаа мэдэгдлээ. Тэд Монгол Улсын удаан хугацааны бие даасан байдлыг BB рейтингээр үнэлсэн бол богино хугацааны байдлыг B хэмээн үнэлсэн юм. Мөн Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлт 2011 онд 2973 ам доллар байсан бол 2014 онд хоёр дахин нэмэгдэж 6560 ам.доллар хүртэл өснө гэсэн таамаглалыг дэвшүүлж буйгаа тайлангаараа уламжилсан. Мэдээж энэ өсөлтөд хүргэх гол тулгуур нь уул уурхайн салбар гэдгийг онцолж байгаа юм. Тэрдундаа нийт экспортын 45.1 хувийг бүрдүүлж байгаа нүүрсний салбарын ач тус байв. Энэ оны долдугаар сард манай улсын Хятад улс руу гаргасан коксжих нүүрсний нийлүүлэлт Австрали улсыг гүйцсэн юм. Энэ нь эдийн засгийн эерэг үзүүлэлттэй гарахад чухал нөлөөлсөн хүчин зүйл гэдгийг S&P тайландаа онцолсон байгаа юм.
Эдийн засгийн бас Инфляцийн өсөлтүүд
Нэгхэн жилийн өмнөх 2010 онд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 6.4 хувьтай гарч байв. Харин 6 сарын дараа буюу 2011 оны хоёрдугаар улирлын төгсгөлд 17.3 хувьд, дахиад гурван сарын дараа 20.8 хувьд хүрсэнийг Оны тойм онцлохоос өөр аргагүй байна. Өмнөтгөлд өгүүлсэнчлэн ОУВС Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2013 онд 23 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь нарийн тооцоолол дээр суурилж гаргасан тоо. Прогноз биеллээ олвол ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтийн хурд нь саарч хоёр оронтой тооноос 9 хувь руу унаж, цаашлаад 6-7 хувьд барих тухай яригдаж буй Хятадын эдийн засгийг Монголын эдийн засаг хэд дахин нугалж өснө гэсэн үг. Бид зах зээлийн багтаамжаараа Дорнын хүчирхэг энэ улстай өөрсдийгөө зүйрлэхэд хол зөрүү гарах ч гэлээ, нэгэнтээ Монгол Улсыг ОХУ-тай өрсөлдөж азийн томоохон нийлүүлэгч болж чадна хэмээн олон улсын хөрөнгө оруулагчид тодотгон ярих болж. Энэ нь бидэнд асар их боломж байна гэсэн үг.
Ингэж өгүүлэхээр, иргэдийн амьдрал амаргүй байхад цаасан дээрх өсөлтийн тухай ярилаа гэх хандлага нийтийн дунд байж болох ч, бодит мэдээлэл тэр юм. Эдийн засгийн өсөлтийн тухай тоон мэдээллүүд нь зуун зууны турш Монгол нутгийн хөрсөн дор үүцлэгдсэн их баялаг өнөөдрийн монголыг угтах жилүүдэд гялалзуулах хөшүүрэг гэдгийг илтгэж байгааг үгүйсгэж боломгүй байна. Мөн нөгөө талд уул уурхай хэчнээн өгөөжтэй байлаа гээд засгийн бодлого оновчтой бус бол өсөлт гэдэг хөөс гэдгийг энэ онд бид мэдэрч байгаа билээ. Эдийн засгийн өсөлт нь уул уурхай дагасан дэд бүтцийн хөрөнгө оруулалтын идэвхижил болоод уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор нэмэгдэж байгаа ч, ажилгүйдлийн төвшин 9 хувьтай, дийлэнх иргэдийн гар дээр очдог бодит орлогын хэмжээ бага, орлогоороо амьдралынхаа үндсэн хэрэгцээг хангаж дийлэх чадамжтой иргэдийн тоо нийт хүн амын цөөн хувийг эзэлж байгаа гэсэн хариу Дэлхийн банкны судалгааны дүнд гараад байгаа юм. Харин шалтгааныг нь инфляцийн өсөлттэй холбон тайлбарлаж байна. ДНБ-ний хэмжээ нь 20 хувиас хэтэрч өсөөд байгаа хэрнээ иргэдийн олонхи нь орлого багатай, зутарч амьдарч байхад 2012 онд инфляцийн өсөлт 25 хувьд хүрнэ гэсэн бараа мэдээлэл нэмж нэрмэж байгааг дурдахгүй өнгөрч боломгүй.
Эргэн санахад, инфляци 2010 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд 13.0 хувиар өссөн мэдээ ирж байв. Энэ өсөлтийн 94.5 хувийг хүнсний бүлгийн барааны үнийн өсөлт эзлэж байсан юм. Тэгвэл энэ 2011 онд инфляци мөн л өсөлтийг үзүүллээ. Өсөлтөд хүнс, хувцас бөс бараа, түлшний үнийн өсөлт нөлөөлсөн. Гэхдээ арваннэгдүгээр сарын байдлаар мөнгөний ханшийн уналт 13.9 хувьд хүрээд байгаагийн цаана хэрэглээний барааны сагснаас мах, сүү, хүнсний ногоо, эрчим хүчний үнэ зэрэг үнийн хэлбэлзэл ихтэй зарим барааг хасч тооцож гаргадаг суурь инфляци өссөөр байгаа нь нөхцөл байдал сайнгүй байгааг илтгэж байгаа юм. Инфляцийн өсөлтийг хумихад чиглэн Бодлогын хүүг энэ онд гурвантаа нэмсэн Монголбанкны зүгээс зах зээл дэх эрэлтийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаагийн улмаас ийм арга хэмжээ авсан гэж буй бол Дэлхийн банкны зүгээс “эрэлт ихтэй тэгэхдээ гаднаас оруулж ирэхэд төвөгтэй эсвэл өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг нь дотоодын нийлүүлэлт шууд хангаж чадахгүй тэдгээр бараа болон үйлчилгээний инфляци нэмэгдэж байгаа нь” эдийн засаг халж буйг илэрхийлнэ гэж байгаа юм. Эрэлтийн хэмжээ өссөн гэдэг дээр Монголбанк болон Дэлхийн банкны байр суурь ижил байна. Мөн инфляцийн өсөлтөд эрэлтийн өсөлтөөс гадна төсвийн хэт тэлсэн бодлого, амлалтаа ажил болгох гэсэн улстөрчдийн бэлэн мөнгөний тараалт ихээхэн нэрмээс болж байгаа гэдэг дээр ч талууд ижил байр суурьтай байна.
Монголбанк оны сүүлчийн сард бодлогын хүүгээ хөдөлгөхгүй хэвээр үлдээж буйгаа лхагва гарагт дуулгасан юм. Өсгөхгүй, гэхдээ буулгахгүй гэсэн энэ шийдвэр нь эдийн засгийг анхааралтай ажиглаж байгааг нь илтгэж буй. Тэрчлэн УИХ-аас батласан төсвийг харахад инфляцийг 1 оронтой тоонд барихад маш хэцүү. Хэрэв төсвийг нэмж тодотговол инфляцийг 1 оронтой тоо руу ойртуулах зорилт бүр хүндрэлтэй болно гэж Төв банк мэдэгдсэн юм. Тэгэхээр ямар эх үүсвэрээс хэрхэн яаж мөнгө босгохоор тооцоолж төсвөө тодотгох вэ, Төв банкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн эдийн засгийн хүчин чадлаас хэтэрсэн мөнгөний нийлүүлэлт нь үнийн өсөлтөөр дамжин хэт халалтыг ширүүсүүлэх юм биш байгаа гэсэн болгоомжлол он дамнан үргэлжлэх нь ээ.
20 сая ам.доллараар “хөлд” орсон Хөгжлийн банк ба Өр
Сураг нь гарсанаас хойш хоёр оны дараа байгуулагдсан Хөгжлийн банкийг “амьд” эсэхэд эргэлзэгсэд өнгөрсөн хугацаанд цөөнгүй байсан. Тэгвэл 2011 оны сүүлээр хөлд орж байна гэхэд болох юм. Энэ оны тавдугаар сард албан ёсоор нээлтээ хийсэн Монгол Улсын Хөгжлийн банк ING, Deutsche, НSBS зэрэг хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь яах аргагүй энэ оны онцлох үйл явдлуудын нэг юм. Евро бондын хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр, “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “ Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл хөтөлбөр” –үүдийг санхүүжүүлэх эхний боломжууд нээгдэнэ, төмөр зам, орон сууц, замын хөтөлбөрүүдийн гарааны мөнгө болно гэдгийг Ерөнхий сайд мэдэгдэж байсан бол энэ сарын 12-ны өдөр 600 сая долларын бондоос эхний 20 сая нь Хөгжлийн банкинд орж ирсэнийг ТУЗ-ийн дарга Б.Батжаргал эрхэм хэлсэн. Эхний ээлжинд Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулагдана гэгдэж буй энэ мөнгийг “ING” олон улсын санхүүгийн байгууллагаас хямд өртөгтэй зээлсэн гэсэн. Монгол Улс Европын холбооны ивээлд орсон Италитай адилхан хүүтэйгээр гаднаас мөнгө зээлж байна хэмээн тэрбээр тодотгосон байгаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэгдэж буй энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа нь таатай юм.
Мөн Хөгжлийн банктай холбоотой онцлох учиртай нэг мэдээлэл нь 2011 онд улсын нийт өр ДНБ-ий 25.3 хувьтай тэнцүү байхаар урьдчилсан тооцоолол гараад байсан бол оны сүүл гэхэд 35 хувьд хүрээд байгаа. Учир нь дээр нэр нь дурдагдсан хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран евро бондын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буй Хөгжлийн банктай холбоотой. Засгийн газар Хөгжлийн банкны 800 тэрбумын бондод баталгаа гаргасан нь нөгөө талд Монгол Улсын өрийн хэмжээг өсгөсөн юм. Нэг ёсондоо Засгийн газрын баталгаатайгаар Монгол Улсыг дэлхийн зах зээлд төлөөлөх үнэт цаасыг Сингапурын бирж дээр гаргаж буй Хөгжлийн банкинд алдах эрх байхгүй гэсэн үг. Тус банк цаашид ч өр тавих болно. Учир нь ТТБТ хуулинд Монгол Улсын өрийн дээд хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гээд заачихсан. Харин 2012, 2013 онуудад өрийн хэмжээ өсч 50-60 хувьд хүрлээ гэхэд, 40-өөс илүү гарч нэмэгдэж байгаа хэсэг нь зөвхөн Хөгжлийн банкинд гаргах Засгийн газрын баталгаа байна гэдгийг хуульчлаад өгчихсөн байгаа юм.
Гэхдээ үүнийг эрүүл өнцгөөс нь харъя. Тус банкны Тэргүүн дэд захирал Л.Болормаа хэлэхдээ “бонд гаргах нь олон давуу талтай, шаардлагатай үедээ бондоо төгрөг болон ам.доллараар зах зээлд гаргах, улмаар хүлээлтэнд байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зам шулуудна” гэсэн юм. Хэдийгээр дэлхий дахины эдийн засаг, хөрөнгийн захууд уналттай байгаа ч, монголын ордуудыг сонирхогч хөрөнгө оруулагчдын урсгал хэвээр байна. Ашигт малтмалын үлэмж нөөцтэй Монгол улс баялгийн эрэлд хатагчдын сонирхол татсан халуун цэг болсоор байна. Гол нь үйлдвэрлэл явуулахад өртөг хямд Монгол Улсыг зорих хөрөнгө оруулагчид татрах болоогүй болов уу. Тэрчлэн Монголын Засгийн газрын баталгаатайгаар гарч байгаа үнэт цаас үнэгүйдэхгүй болов уу. Бондын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй ING, Deutsche, НSBS зэрэг хөрөнгө оруулалтын банкуудын зүгээс ч Монгол Улсын Хөгжлийн банк маш сайн нөхцөлтэйгөөр хөтөлбөрөө эхлүүлж, эхний ээлжийн бондоо ижил төстэй зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад бага хүүтэйгээр гаргаж чадсан гэж буй. Тэгэхээр Хөгжлийн банк үр шимээ ирэх жилүүдэд өгнө гэсэн найдлагатайгаар шинэ оноо угтая.
3 биржийг сонгов, Millenium IT-г суурилуулав
Яг нэг жилийн өмнө Монгол Улсын Төрийн өмчийн хороо Лондонгийн хөрөнгийн биржтэй Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах урт хугацааны стратегийн түншлэлийн гэрээг үзэглэж байсан билээ. Тэгвэл энэ 2011 онд үзэглэсэн гэрээг үйл хэрэг болгох ажиллагаанууд явагдлаа. Гэрээгээр ЛХБ нь Монголын хөрөнгийн биржтэй удирдлага зохион байгуулалтын түвшинд хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн салбарт гуч гаруй жил ажилласан, Армен, Украйн, Энэтхэг, Вьетнам, Македони, Египет, Хятад зэрэг дэлхийн дөч гаруй улсад ажиллаж байсан Билл Горман хэмээх эрхэм Монголын Хөрөнгийн Биржийн Ерөнхийлөгч гэсэн албан тушаалд томилогдон ажиллаад хэдхэн хоногийн өмнө нутаг буцлаа. Тэрээр Хөрөнгийн биржид шинэ электрон систем суурилуулах ажлыг хариуцаж ажилласан бөгөөд Millenium IT компанийн технологи буюу арилжаа, төлбөр тооцооны шинэ системийг суурилуулах ажил үндсэндээ явагдаж дууссан гэж байгаа юм. Тэгэхээр Монголын Хөрөнгийн Бирж нь Лондоны металлын бирж, Америкийн АMEX, Бостоны хөрөнгийн бирж гэхчлэн дэлхийн 22 хөрөнгийн биржийн арилжаанд ашиглагддаг, өдөрт дунджаар 300 мянган удаа арилжаа хийж, гурван их наяд ам.доллар босгож байгаа гэх олон улсын стандартад нийцсэн технологийг нэвтрүүлж чадсан нь оны онцлох үйл явдлуудын нэг юм. 21 настай Монголын хөрөнгийн бирж 200 настай Лондонгийн “өвгөн” биржийг түшсэнээр Монголын хөрөнгийн зах зээлд асар том реформын шинжтэй өөрчлөлт явагдах тухай албаны нөхдүүд хэлж байгаа. Цаашлаад манай ашигт малтмалын ордуудыг барьцаалж мөнгө босгож буй компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр давхар арилжаалахын тулд суурь бэлтгэл ажлууд нь энэ жил явагдсан гэж ойлгогдож байгаа. Ер нь бол уул уурхайн салбар эрчимжихийн хэрээр хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх зүй ёсны шаардлага хүчтэй гарч ирж байгаа. Эрдэнэс Тавантолгой компани Тавантолгой ордоор барьцаа хийн 15 тэрбум ширхэг хувьцааныхаа 30 хувийг арилжаанд оруулна. Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасны дагуу Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих учиртай. Харин 19 хувийг нь Монгол, Лондон, Хонконгийн биржүүд дээр гаргахаар Засгийн газраас шийдвэрлээд байна.
Иргэн бүрийг хувьцаажуулах шийдвэр гарав
Энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн ордоос иргэн бүрт эзэмшүүлэх хувьцааны талаар тогтоол гаргасан юм. Тогтоолд зааснаар 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө мэндэлсэн Монгол Улсын нийт иргэнд Тавантолгойн хувьцааг эзэмшүүлэхээр болсон бөгөөд 1.5 тэрбум ширхэг хувьцааг нарийвчилсан тоогоор 2 сая 796 мянган иргэнд тэгш хуваахад нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ногдож байгааг Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар анх мэдээлсэн нь энэ оны онцлох үйл явдлуудын нэг байв. Өнөөдрийн тухайд, аж ахуй нэгжүүдэд 10 хувийг эзэмшүүлэхээ больж, иргэн бүр иргэн бүрт 1072 хувьцаа өгөхөөр байна. Монгол Улсын 2012 оны Улсын төсөвт “…Нийт иргэдэд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ны нэг бүрийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК хувьцаагаа олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхэлсэн эхний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын иргэн өөрийн эзэмшиж буй хувьцааг зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах бололцоогоор хангах зорилгоор 334.2 тэрбум төгрөг тусгалаа” хэмээн хуульчлаад заагаад өгчихсөн байна. Дашрамд дуулгахад, “Иргэн та хувьцаагаа авахгүй гэвэл Төр чамд нэг сая төгрөг өгнө” хэмээн С.Баярцогт сайд хэлсэн билээ.
Тогтворжуулалтын санд 218.9 тэрбум төгрөг төвлөрүүллээ
Уг нь энэ санд 183.1 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцооллыг хийгээд байсан юм. Хари оны эхний 7 сарын дунджаар нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ дэлхийн зах зээл дээр 9,418.7 ам.долларт, мөн нэг тонн боловсруулсан нүүрсний үнэ 186.5 ам.долларт хүрч, төсөвт тооцож батласан зах зээлийн үнэ нь өссөн учраас, төсвийн тодотголыг хийхэд Тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тооцсон орлогын хэмжээ нэмэгдэн нийт 218.9 тэрбум төгрөгт хүрэх боломж бүрдсэнийг Сангийн яамнаас тайлбарласан. Нэг талаас үнийн хэлбэлзэл бидэнд илүү хуримтлуулах боломж олгож байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаас Монгол Улс ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангахаар 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, хуулиараа Тогтворжуулалтын санг байгуулсан нь тун зөв шийдвэр гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Хуульд тухайн жилийн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг олон жилийн дундаж үнээр тооцож, төсөвт тусгахаар заасан. Тэр дагуу 2011 оны улсын төсөвт гурваас илүү хувийн орлогыг оруулсан зэс, нүүрсний үнийг олон жилийн дунджаар, тэнцвэржүүлэн тооцож, тэнцвэржүүлсэн үнээс илүү гарсан орлогыг Тогтворжуулалтын санд хуримтлуулсан байгаа. Харин 2012 онд тус санд 322.4 тэрбумыг төвлөрүүлэхээр төсөвтөө тусгаад байна.
Дэлхий дахины эдийн засгийн төлөв тааламжтай бус, эрдэс баялгийн үнэ ханш өсөлтийг үзүүлэхгүй байх магадлалтай байгаа энэ үед Тогтворжуулалтын сангийн хуримтлалдаа чамбай хандах хэрэгтэй юм.
“Дутуу” төсөв
Улстөрчдийн үзэглэсэн 2012 оны төсөв “дутуу” байж. Уг нь 740.9 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувьтай тэнцүү хэмжээний алдагдалтай төсвийн төсөл Чуулганы танхимыг анх зүглэсэн юм. Тэгээд чамгүй шүүмжлэл сонссон гишүүд танаж багасгаад алдагдлыг 483.8 тэрбум болгосон. Өнгөрөгч 2011 оныхтой харьцуулахад 5.8 хувиар буулгасан үзүүлэлт ч гэлээ, 2012 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 6,309.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувь, харин 2011 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг. Тэгэхээр алдагдлын хэмжээг багасгасан нь таатай үзэгдэвч, нийт зарлагыг 2 их наяд гаруйгаар тэлсэн төсөв батлагдсан нь яах аргагүй оны онцлох шийдвэрүүдийн нэг.Улирч буй 2011 оны төсөвт тодотгол хийж, 615.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн гээд тооцохоор энд нэлээд зөрүү гарч ирэх юм. Эцсийн дүндээ төсвийн хэт тэлсэн бодлогыг улстөрчид хэрэгжүүлж байгаа нь л харагдаж байна.
“Дутуу” төсөв гэж тодотгосны учрыг өгүүлэхэд, төсвийн байгууллагын албан хаагчдыг төлөөлөн багш нар жагсаад, цалингаа нэмэхийг шаардсан. Шаардлага үр дүн дагуулж Төсвийн байгууллагын 150 мянга шахам ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 1 болон 5 дугаар сарын 1-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг судлан үзэж, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулахыг үүргийг өгсөн Засгийн газраас Сангийн яаманд өгчихөөд байгаа юм. Тэгэхээр их том төсвийн дутууг нөхсөн шийдвэр 2012 онд гарч магад байна.
Э.Болор
Холбоотой мэдээ
Comments are closed.