Эрт цагаас хойш Египетийн Сфинкс олон нууцыг хадгалсаар ирсэн ч, түүний нууцыг хэн ч тайлж чадалгүй өдий хүрсэн билээ. Энэ аварга баримлыг хэн, хэзээ, ямар зорилгоор босгосон юм бол?
Алга болдог Сфинкс
Хефрений пирамидыг барих үеэр Сфинксийг босгосон гэж үздэг. Гэтэл Их пирамидуудыг барьсанталаар бичсэн эртний папирусан дээр Сфинксийн тухай огт дурдаагүй байдаг. Эртний египетчүүд дээрх нүсэр барилгуудыг барихад гарсан зардал зэргийг нэгд нэгдгүй бичиж тэмдэглэсэн атлааСфинксийн талаар нэг ч үг дурсаагүй байх нь байж боломгүй хэрэг. МЭӨ 5-р зуунд Геродот өөрөө (Түүхийн эцэг хэмээн алдаршсан, эртний Грекийн түүхч) Гизийн пирамид дээр ирж барилгын явц болон бусад жижиг сажиг зүйлсийн талаар маш тодорхой тэмдэглэл хөтөлсөн байдаг.
Тэрээр «Египтед үзэж харсан, сонссон болгоноо» бичиж үлдээсэн ч, Сфинксийн талаар аанай л юу ч дурссангүй. Геродотоос өмнө Египтед Гекатей Милетский, дараа нь Страбон нар ирсэн юм. Тэдний тэмдэглэл бичээс үнэхээр агуу ч, Сфинксийн тухай ганц ч мөр байхгүй. 20 метрийн өндөртэй, 57 метрийн өргөнтэй энэ аварга байгууламжийг грекчүүд харахгүй өнгөрнө гэж байх уу? Энэ асуултын хариуг Ромын байгаль судлаач Плинийн (том) «Дэлхийн түүх» номноос олж болох юм. Түүний амьдарч байсан цаг үед (МЭ I зуун) Сфинксийг баруун зүгийн цөлөөс хийсэн ирдэг элснээс байнга цэвэрлэдэг байсан тухай тэр дурдан бичсэн байдаг. Үнэхээр Сфинксийг 20-р зуунд ч гэсэн элснээс ухан гаргаж байжээ.
Пирамидаас ч урт настай
Сүүлийн үед Сфинкс маш ихээр эвдэрч, нурж байгаа тул сэргээн засварлах ажил гарцаагүй шаардлагатай болоод байна. Уг ажлын явцад Сфинкс бидний боддогоос хамаагүй урт настай байх гэсэн таамаглал эрдэмтдэд төржээ. Профессор Сакужи Иошимура тэргүүтэй Японы археологчид эхо локатороор Хеопсын пирамидийг дурандаад, дараа нь мөн энэ аргаар Сфинксийг судалжээ. Ингэтэл Сфинксийн чулуунууд пирамидийнхаас эртнийх гэсэн дүгнэлт гарч тэднийг гайхашруулсан байна. Энд яг чулууны нас биш, харин тэдгээрийг боловсруулсан хугацаа яригдаж байгааг анхаараарай.
Япончуудын дараагаар гидрологчдын баг ажиллаж, бүр ч гайхалтай мэдэгдэл хийсэн байна. Сфинксийн чулуун гадаргуу дээрээс усны хүчтэй урсгалын улмаас үүссэн элэгдлийн ул мөр олджээ. Эхлээд Нил мөрөн эрт цагт шал өөр газраар урсаж, Сфинксийг сийлсэн хад чулууг угааж байсан байх гэж таамаглаж байв.
Гэтэл гидрологчид «Энэ элэгдэл нь Нил мөрний уснаас биш, харин бүр эртний усан галвын ширүүн урсгалаас болж үүссэн» гэсэн санаанд оромгүй зоригтой дүгнэлт хийжээ. Судлаачид энэ гамшгийг МЭӨ 8 мянганд болж, усны урсгал умраас өмнө зүгт чиглэсэн гэж тогтоожээ. Харин чулууг үргэлжлүүлэн судалсан Их Британы эрдэмтэд галав юүлсэн хугацааг цаашлуулж, МЭӨ 12 мянган гэж тогтоожээ. Ихэнх эрдэмтэд МЭӨ 8-10 мянганд дэлхий дээр Их галав юүлэлт болсон гэж үздэг нь дээрх дүгнэлттэй тохирч байгаа юм.
Сфинкс яагаад өвдчихөв өө?
Сфинксийн сүр жавхланг биширсэн араб мэргэд “Энэ аварга цаг хугацаанд ялагдашгүй” гэж хэлж байсан удаатай. Гэвч өнгөрсөн хэдэн мянган жилд энэ хөшөө нилээд зовлон үзсэнд юуны өмнө хүмүүс бид буруутай. Эхлээд мамлюкууд Сфинкс руу нум сумаар харваж сургууль хийдэг байж, дараа нь наполеоны цэргүүд ч үүнийг дуурайж байжээ.
Египетийн нэг захирагч хөшөөний хамрыг хугалах зарлиг буулгаж байсан бол, англичууд чулуун сахлыг нь хулгайлан авч Британийн музейд аваачжээ. 1988 онд Сфинксээс том гэгч чулуу салан унасан байна. Түүний жин нь 350 кг байсанд хүмүүс айх гайхах зэрэгцсэн гэдэг. Энэ нь ЮНЕСКО-гийн санааг хамгийн ихээр зовоосон явдал болжээ.
Ингээд олон төрлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс байгуулж, Сфинкс чухам юунаас болоод нурах гээд байгааг тогтоох даалгавар өгчээ. Тал бүрийн судалгаа, шинжилгээ хийсний эцэст эрдэмтэд Сфинксийн толгойд далд боловч, маш аюултай ан цав гарсныг илрүүлжээ. Түүнчлэн чанар муутай цементээр өнгөн талд нь тавьсан нөхөөс бас хурдан элэгдэх аюултай байгааг ч тогтоожээ. Сфинксийн савар ч хүнд байдалтай байгаа гэнэ.
Голдуу хүний хүчин зүйл Сфинксийг гэмтээж байгааг эрдэмтэд анхааруулж байна: автомашины хөдөлгүүрээс ялгарсан хорт хий, Кайр хотын үйлдвэрийн утаа зэрэг нь хөшөөний нүх сүвээр орж аажмаар нурааж байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл, Сфинкс хүндээр өвчлөөд байна. Түүнийг сэргээн засварлахад хэдэн зуун сая доллар хэрэгтэй. Гэтэл энэ мөнгө нь алга. Одоохондоо Египетийн эрх баригчид хир чадлаараа аргацааж байгаа аж.
Нууцлаг царай
Сфинксийн нүүр бол IV династийн фараон Хефрений хуулбар гэж ихэнх египет судлаачид үзсээр иржээ. Хефрений өөрийнх нь муми олдоогүй тул Сфинкс, фараон хоёрыг хөшөө баримлын хүчээр л харьцуулж байгаа гэнэ. Үүнийг батлах эсвэл үгүйсгэхийн тулд аман хөрөг хийдэг цагдаагийн мэргэжилтнүүдийг хүртэл дайчилжээ. Хэдэн сарын дараа «Энэ хоёр хөшөө нь 2 өөр хүнийх. Ялангуяа нүүрний өнцөг, хажуугийн төрх нь илт ялгаатай байна. Иймээс Сфинкс бол Хефрен биш» гэсэн дүгнэлт гарчээ.
Айдсын эх
Египетийн археологч Рудван Аш-Шамаа Сфинксэд эм хүйстэй хос бий, тэр нь зузаан элсэн дор дарагдсан байгаа гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Сфинксийг «Айдсын эцэг» гэж нэрлэдэг. Хэрвээ «Айдсын эцэг» байгаа бол «Айдсын эх» ч байх ёстой гэнэ. Эртний египетчүүд тэгш хэмийн зарчмыг ягштал баримталдаг уламжлалыг үндэслэнАш-Шамаа энэ дүгнэлтийг хийгээд байгаа аж. Сфинксийн өнчин ганц дүрс ихээхэн хачирхалтай харагдахаас гадна, 2 дахь хөшөө байгаа гэж эрдэмтний таамаглаж байгаа газар Сфинксээс хэдэн метрийн өндөрт байдаг гэнэ. Сфинксийн урьд 2 саварны хооронд байх гантиган хөшөөн дээр 2 баримал дүрслэгдсэн байдаг, мөн нэг хөшөөн дээр аянга бууж нураасан тухай чулуун бичээс байдгийг эрдэмтэн нотолгоо болгон дурдаж байгаа аж.
Нууц өрөө
Эртний Египетийн нэгэн бичээсэнд Тот бурхан «Осирисийн нууц»-ыг агуулсан ариун номыг нэгэн нууцлаг газар хадгалж, энэхүү суут мэдлэгийг хүртэх азтай хүмүүс Тэнгэрийн орноос төрөх хүртэл далд байлгахаар шившин тарнидсан гэж бичсэн байдаг.
Алдарт зөнч Эдгар Кейси: Египетийн Сфинксийн баруун савар дороос «Түүх бичлэгийн танхим» гэгдэх нууцлаг өрөө олдоно, тэнд байгаа мэдээлэл хүн төрөлхтөнд хэдэн сая жилийн өмнө оршин байсан өндөр хөгжилт соёл иргэншлийн түүхийг өгүүлнэ гэж зөгнөсөн байдаг.
1989 онд японы хэсэг эрдэмтэд Сфинксийн зүүн хөлийн дор Хефрений пирамидийг чиглэсэн нарийнхан хонгил байгааг радиолокацийн аргаар илрүүлжээ. Гэвч Египетийн засгийн газар цааш судлах боломжийг япончуудад олгоогүй байна. Америкийн геофизикч Томас Добецкийн хийсэн судалгаагаар Сфинксийн дор тэгш өнцөгт том өрөө байгаа нь батлагджээ. Гэвч 1993 онд түүний судалгааг гэнэт зогсоожээ. Тэр цагаас хойш Египетийн засгийн газраас Сфинксийн эргэн тойронд геологийн болон сейсмологийн судалгаа хийхийг эрс хориглох болсон билээ.
Холбоотой мэдээ
-
Мөнхбат (October 16, 2015 9:49:13 am )
Миний мөрөөдөл Архелогич болох байсан….
1 Comment