antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2011 Comments are off

М.Бямбажав: Хүмүүс ээ, амьдрах сайхан шүү

нийтлэсэн Admin

Соёлын тэргүүний ажилтан ая зохиогч, дуучин М. Бямбажавтай ярилцлаа.

 

-Шинэ жилийн тоглолтонд их явж байна уу?

 

-Албан байгууллага, хувийн үйлдвэр, компаниудын шинэ жилийн баярт очиж ая дуугаа өргөж ард түмэнтэйгээ уулзаад сайхан байна даа. Ер нь шинэ жилийн захиалга авдаг ресторан, баар зэрэг үйлчилгээний газар баяраа түрүүлж хийдэг. Тиймээс өнгөрсөн сарын 29–нөөс эхэлж тоглолтонд оролцсон.

 

-Та нэг дууг ямар үнэтэй дуулж байна?

 

-Дуучид өөр өөрийн ханшаар дуулдаг байх. Би ч гэсэн ярилцаж тохиролцохоос биш яг ийм мөнгөөр дуулна гэдэггүй. Мэдээж амьдралд мөнгө хэрэгтэй учраас үнэгүй дуулахгүй.

 

-Хайрын дуучин гэж таныг хэлдэг?

 

-Миний дуунууд ихэвчлэн хайрын сэдэвтэй. Анхны уран бүтээл “Оройтсон бороо” дуугаа би 18 настай байхдаа яруу найрагч Туяагийн шүлгэнд ая хийж дуулсан. Тэгээд эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээнд гитартай дуулснаас хойш тун удалгүй Дэнжийн мянгын зах дээр тэр дуу маань явдаг болсон. “Мартагдашгүй хайр”, “Дүүрэн зул”, “Хайрын совин”, “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ” зэрэг хайрын дуунууд минь ард түмний сонсох дуртай бүтээл болсонд баярлаж явдаг.

 

-Жилийн өмнө “Хүлээлгэсэн Хүлээсэн аялгуу-15 жил” тоглолтоо хийсэн. Хамтарч дуулаад 15 жил болсон гэсэн үг үү?

 

-Багш бид хоёр хорь гаруй жил дуулж байна. Харин Мөнхжаргал бид гурав хамтарч дуулаад 15 жил өнгөрчээ. Тэр их сайхан тоглолт болсон. Хоёр өдөр тоглоход бөхийн өргөө дүүрэн хүнтэй байсан шүү.

 

-2011 он таны хувьд уран бүтээлийн олз омог ихтэй байв уу?

 

-Уран бүтээлд минь үр өгөөжөө хайрласан сайхан жил байлаа. 20 гаруй жил дуулсан уран бүтээлээсээ шигшиж, 20 дуутай “Хүмүүсээ амьдрах сайхан” нэртэй анхны цомгоо гаргасан. “Буянаар учирсан амраг”, “Сээтэн зүрхний хээ”, “Хонгор чамдаа” зэрэг 10 гаруй шинэ дуу хийлээ. Мөн дуучин Л.Болдбаатартай хамтарч “Оройтсон борооноор Хүрээ байшинд” нэртэй цомог гаргасан.

 

-Яагаад дуучин Л.Болдбаатартай хамтарч дуулах болов?

 

-Миний нутгийн дүү, сайн дуучин. С.Жавхлан надад “Болдбаатар та хоёр хамтарч уран бүтээл хийвэл яасан юм бэ” гэсэн санал тавьсан. Тиймээс бид хоёр дуугаа сольж дуулаад шинэ цомог хэвлүүлээд ирсэн. Оны дараа хамтарсан тоглолтоо хийнэ. Үнэхээр сайхан тоглолт болох учраас бид хоёрын уран бүтээлийг тэндээс хараарай.

 

-Сүүлийн үед Увсаас олон дуучин төрж гарсан. Таныг булган сүүлтэй дуучин гэж ярьдаг юм билээ?

 

-Тэр үнэн. Увс бол бөхийн өлгий нутаг, олон сайхан бөхчүүдтэй. Энэ жил гэхэд л шинэ аварга төрлөө. 90-ээд онд морины Г. Батбаяр ах бид хоёр дуулж байлаа. Гэтэл дараа нь С.Жавхлан, Л.Болдбаатар, Банзрагч, Ганцогт тэргүүтэй олон сайн дуучин гарч ирсэн. Тэд намайг булган сүүлтэй дуучин гээд хүндэлж явдаг юм. Эд нар маань хүүхэд байхаасаа л “Бямбажав ахын дууг дуулж, энэ дуучин шиг болох юмсан гэж мөрөөддөг байлаа” гэж ярьдагт нь баярлаж явдаг. Л.Болдбаатар миний “Үй зайгүй найзаа үгүйлж явья нэгнийгээ” гэдэг дууг дуулах дуртай. “Энэ дуучинтай уулзаж харах юмсан гэж боддог байсан” гэсэн. Гэтэл одоо харах нь битгий хэл, хамтарч тоглолт хийх гээд байж байна.

 

-Дуугаа хүнд хүргэж дуулдаг дуучин гэж бий. Гэтэл зарим дуучны дуу хүмүүст хүрэхгүй байх шиг ээ?

 

-Дууны утга учир агуулга, үг аяын зохицол гэж бий. Сүүлийн үеийн дуучид үг ая, утга агууламж тааруу дуу дуулж байгаа учраас хүнд хүрэхгүй байгаа талтай. Тэгэхээр дуугаа зөв сонгож дуулах хэрэгтэй. Өөртөө зохихгүй дууг FM, радиогоор мөнгө өгч цацуулаад алдаа гаргаж байх шиг. Миний дуунууд үг, аялгуу нь сайхан. Ихэнхдээ өөрийн болон багшийн аялгуу хийсэн дууг дуулдаг. Ард түмэнд ойрхон сонсголонтой аялгуу хийдэг учир хүнд амархан хүрдэг байх.

 

-Чулуунхүү гавьяат та хоёрыг хошин шогийн жүжигчид их дуурайж элэглэдэг. Үүнийг яаж хүлээж авдаг вэ?

 

-Тэгж их эмзэглээд байдаггүй. Тэд чинь бас л уран бүтээл хийж хүмүүст хүргээд явж байгаа улс. Саяхан багш бид хоёрыг Бооёо, Сөрөлт хоёр “Эр хоёр загал” гээд дуурайж байна лээ. Зарим хүн “Та хоёрыг шоолоод байгаа юм биш үү” гэхээр нь би дургүйцээгүй. Харин ч үүнийг сайхан хүлээж авч байгаа. Ард түмэнд энэ хоёр дуучин байгаа шүү гэдгийг харуулж байна гэж бодож явдаг юм.

 

-Та өөрөө ая зохиогч хүн. Сүүлийн үед дуугаа дагаад ая зохиогч олон болсон. Ая зохиогчийн зиндаа гэвэл?

 

-Энэ бол асар том ялгаатай зүйл. Яагаад гэвэл ая зохиогчдын зарим нь нот муу мэднэ, тэгээд тэр том симфони энэ тэрийг бичиж чадахгүй, мэргэжлийн сургууль соёл төгсөөгүй хүмүүс байдаг. Харин хөгжмийн зохиолчид бол өөр. Агуу том дуурь, симфони гэх мэт том бүтээл хийдэг Мөрдорж, Лувсаншарав, Жанцанноров, Билэгжаргал, Шарав зэрэг мундаг том хөгжмийн зохиолчид бий. Тэрнээс биш, ганц хоёр дуу зохиочихоод “Би хөгжмийн зохиолч” гээд явдаг хүмүүс байдаг юм билээ. Тэгж арай л болохгүй дээ.

 

-Монголд гитартай дуулдаг дуучин цөөхөн байдаг. Түүний нэг яах аргагүй та?

 

-Цэрэнчимэд, Төмөрхуяг, Чулуунхүү зэрэг гитартай дуулдаг хүн цөөнгүй. Би сургуульд байхаасаа л гитар тоглож сурсан. Дууныхаа аяыг гитар дээрээ хийнэ. “Оройтсон бороо” дуунаас хойш өнөөг хүртэл гитартай дуулж байна. Харин одоо хөгжмөө бичүүлээд дагаж дуулах нь амар болж. Гитарын сургалт олширч, залуучууд сайн тоглодог болсон. Амьд хөгжимтэй хамтлаг их байгаад баярлаж байдаг. Багш бид хоёр бүх аймаг, сумдаар хоёрхон гитартай явж ард түмэндээ ая дуугаа хүргэдэг байсан. Одоо ч гэсэн энд тэндхийн арга хэмжээнд гитартайгаа дуулж байгаа.

 

-Та дуулахаас гадна магтаал уншдаг байсан. Одоо язгуур урлагт хэр зүтгэж байна?

 

-“Үлгэрийн далай” чуулгад магтаал уншиж байсан. Миний багш гавьяат жүжигчин Явгаан, дуучин С.Цэрэнчимэд гэх мэт мундгууд. Тэр үед гадаадын олон оронд монголынхоо язгуур урлагийг сурталчлан Гран при авчирсан. Мөн Ленинградад дөрвөн метр бурхан бүтээхэд дэргэд нь магтаал уншиж, цам бүжиглэж байлаа. Монголын язгуур урлагийг гадаад оронд сурталчилсан гээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Соёлын яамны сайд байхад нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан болж байлаа. Одоо ч гэсэн магтаал уншиж байгаа. Монголын язгуур урлаг дэлхийд танигдахад миний бага ч болов, хувь нэмэр орсон гэж бахархаж явдаг юм.

 

-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

 

-Би эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Миний хань цэцэрлэгийн арга зүйч, багш хүн. Намайг бодвол өндөр боловсролтой учраас дагаад боловсордог юм байна лээ. “Адгийн тэнэг авгайгаа магтдаг” гэдэг би бол эсрэгээр нь боддог. Харин ч ухаантай хүн бусдыг магтдаг байх. Би эмэгтэй хүн, эх хүнийг дээдэлдэг. Тиймээс ханийгаа үргэлж хүндэлж, хайрлаж, бахархаж явдаг юм. Ханьдаа зориулж олон сайхан дуу хийсэн. Хамгийн сүүлд “Буянаар учирсан амраг” гэж гоё дуу хийлээ. Сайн ханьтай учирна гэдэг их аз шүү. Нэгнийхээ жаахан алдаан дээр нь дөрөөлөөд салж байгаа хүмүүс зөндөө байна шүү дээ. Надад алдаж явсан үе бий. Тэр үед хань минь намайг ухааруулж, ойлгуулж, түшиж тулаагүй бол алдаан дээрээ бүдрээд цаашаа явчих байсан. Одоо сайн ханийн буянаар аз жаргалтай, эрүүл энх сайхан амьдарч байна. Хүүхдүүд маань том болж, бүгд их сургуульд сурч байна. Хүмүүсээ амьдрах сайхан шүү гэж хэлмээр байна даа.

 

-Нийтийн дуучид гээд олон залуу дуулж байна. Эдний ур чадвар ямар түвшинд байна?

 

-Яахав, олон сайхан залуу дуучид гарч ирж байна. Ингээд хөдөлмөрлөж зүтгээд байх хэрэгтэй, тэгж байж амжилтад хүрнэ шүү дээ. Залуучууд дуундаа их анхаарал тавьж, нэг дуугаа ч гэсэн хүнд хүргэх гээд гүйдэг нь их зөв. Ур чадварын хувьд янз бүр, өөрийн гэсэн өнгө төрхтэй дуучид цөөнгүй байна. Ер нь хүмүүс хүлээж авч байвал аль нь ч гэсэн ялгаагүй шүү дээ. Гол нь үг аяыг нь сайн харж, ойлгож дуулбал хүнд хүрэхэд дөхөм байдаг юм. Нэг харамсаж явдаг зүйл бол дуурийн театрын хоор, бүх цэргийн чуулгын хоорт олон сайхан чадварлаг дуучин зэвэрч, бүтээлээ ч хүргэж чадахгүй байна. Хүмүүст танигдахгүй ч юмуу зөвхөн тэндээ л дуулаад явж байгаа залуус олон байна. Тэгэхэд чөлөөт уран бүтээл хийгээд амжилт гаргаж байгаа нь цөөнгүй. Тэр хоорт зогсож байгаа залуус уран бүтээлээ сайн хийж ард түмэнд ил гарах хэрэгтэй.

 

-Энэ өнгө мөнгөний хорвоод амьдрал тань ямар байна даа?

 

-Нийгэм өнгө мөнгөөр хэмжигдэж байна. Гэхдээ нэг сайхан тал нь “Чи чаддаг л бол юуг ч хийх боломж нээлттэй байна. Авьяастай бол өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж бий. Өнөөдрийн минь амьдрал надад хангалттай. Хаана ч очоод дуугаа дуулж, олсон мөнгө маань надад амттай бас хангалттай хүрэлцдэг. Түүнээс биш би дуучин М.Бямбажав байна гээд залилан хийж болохгүй шүү дээ. Хэн нэгэнд атаархаж амьдрах хамгийн муухай.

 

-Залуу дуучдаа хэр дэмжиж байна?

 

-Зохих зөвлөгөөнүүдийг өгдөг. Мөн залуу дуучид надаас дуу авдаг. Мөнхбат, Намсрайноров, Ганцогт, Анхбаяр зэрэг дуучдад дуу өгсөн. Тэднийг бүх талаар дэмжихийг хичээдэг. Сэтгэл санаа, биеэ яаж авч явах зэргээс эхлээд сургамж хэлж өгдөг юм. Залуучууд маань их соёл, боловсролтой ухаантай болсон байна. Ахмад дуучдаа хүндэлдэг бахархдаг, үлгэрлэн дуурайдаг болсон байна лээ.

 

-Багштайгаа хамтарч ямар шинэ бүтээл хийж байна вэ?

 

-Шинэ дуу олон хийсэн. “Баярлана даа” дуу маань радиогоор их явж байгаа. Мөн “Давчдана даа” гэж маш гоё дуу бий. Багш, Мөнхжаргал бид гурав хамтарсан цомог гаргах гээд бэлтгэлдээ орчихсон. 90- ээд онд дуулагдаж байсан сайхан дуунууд шиг чанартай бүтээл олон хийсэн, удахгүй ард түмэн маань сонсох болно.

 

-Дуучид маань дууны үг авахдаа хэр анхаардаг вэ, та яаж сонгож авдаг бол?

 

-Дууны үгийг их голж шилдэг. “Үлгэрийн далай” чуулгад байхад бид зохиолчдын хороонд байрладаг байсан. Тэр агуу том яруу найрагчдын дэргэд байсан учраас ямар үг сайн, ямар нь муу гэдгийг мэддэг болсон. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч, Ц.Чимэддорж гэсэн аваргуудын шүлгээр бүтсэн олон дууг нь дуулсан. Гэхдээ бас авьяаслаг сайн яруу найрагчид байна л даа. “Соёолонгийн тоос” дууны яруу найрагч Батсайхан болон Н.Сайннямбуу гэх мэт олон сайхан дуутай яруу найрагч бий. Тэдэнтэй хамтарч уран бүтээлээ хийж байна.

 

Ж.Баярцэнгэл

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car