Энэ долоо хоногт намрын анхны цас орлоо. Ялангуяа газар тариалангийн нутгуудаар нойтон цас, бороо холилдон орж, тариаланчид ургац хураан авахад хүндрэлтэй болоод байна. Иймд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчиддээ зориулан энэ сарын сүүлийн өдрүүд, ирэх сарын эхээр цаг агаар ямар байх талаарх мэдээллийг хүргэе.
-ИРЭХ ӨДРҮҮДЭД ЦАГ АГААР УЛАМ ТОГТВОРГҮЙ БАЙНА-
Өнгөрч буй долоо хоногт ихэнх нутгуудаар нойтон цас орж, таагүй уур амьсгал бүрдлээ. Ирэх өдрүүдэд цаг агаар улам тогтворгүйжиж, хүйтний эрч чангарах төлөвтэй байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Нутгийн зүүн хэсэг, ялангуяа Дорнодын тариалантай нутгаар бороо, нойтон цас холилдон орно. Баян-Өлгий, Ховд, Завхан тэргүүтэй баруун аймгууд, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар хур тунадас харьцангуй багатай, говь талын нутгаар +13-18 хэм, хойд талын бүс нутгаар +7-12 хэмийн дулаан байх аж.
Хөвсгөл, Архангай болон хойд хэсгээр хур тунадастай сэрүүвтэр байх бол Баян-Өлгий, Увс буюу баруун зүгийн нутгийн баруун, Дорнод, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр, маргааш баруун зүгийн нутаг, Төв, Булган, Орхон, Сэлэнгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи өнөөдөр баруун зүгийн нутгаар, 28-29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуурга шуурна.
Уулархаг нутгаар цас орж, шороон болон цасан шуурга шуурч цаг агаар тогтворгүй болох бөгөөд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -5-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
-ТӨӨРӨХ, ОСГОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ-
Ийнхүү хүйтний эрч сарын сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэх төлөвтэй байгаа тул малчид, тариаланчдыг салхи шуурганы хурд ихсэх үеэр төөрөх, малтайгаа уруудах, осгох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, холын замд явж буй жолооч нарыг баталгаатай зам, гүүр гармаар зорчин тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг ханган, бензин, шатахууны нөөцтэй явахыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.