antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2011 4 comments

Монгол Улсын даян аварга А.Сүхбат: Мөнхбат аварга надтай хамт бэлтгэл хийж байгаа

нийтлэсэн Admin

-ГАНТОГТОХЫГОО СОНГУУЛЬД ӨРСӨЛДВӨЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД Л ДЭМЖИНЭ ШҮҮ ДЭЭ-

Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Агваансамдангийн Сүхбаттай ярилцлаа. Даян аваргатай Монголын ТОП-100 залуугийн нэгээр шалгарч шагналаа гардаж аваад байхад нь уулзаж цөөн хором ярилцсан юм аа.

-Юуны өмнө танд Монголын ТОП-100 залуугийн нэгээр шалгарсанд баяр хүргэе. Уг шагналын үнэ цэнийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Баярлалаа. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу насныхаа эрч хүч, цог хийморь, авьяас чадвараа зориулан зүтгэж буй шилдэг залуусын нэгээр шалгарсандаа сэтгэл хангалуун байна. Энэхүү ажлыг санаачилж зохион явуулсан Монголын залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо болоод бусад хүмүүст талархсанаа илэрхийлье. Хийж бүтээсэн зүйлийг маань үнэлсэн үнэлэлт хийгээд эх орныхоо цаашдын ирээдүй, их спортын шилдэг тамирчдыг бэлтгэх ажилд маань улам их амжилт гаргаасай гэсэн итгэл хэмээн ойлгож хүлээн авлаа. Үндсэндээ надад дахиад л өндөр үүрэг хариуцлага оногдож байна даа.

-Та одоо ямар ямар ажил амжуулаад явж байна. Олимп сургууль, газар тариалан, мал аж ахуй гээд олон тийшээ л анхаарлаа хандуулж байгаа нь мэдээж?  

-Бодоод байх нь ээ, би чинь багаасаа л, бөхийн дугуйланд анх орсон цагаасаа хойш огт амралтгүй зүтгэж, хөдөлмөрлөж байна. Бөхийн сургуулиа авч явах, олонд танигдсан нэртэй тамирчид болоод шинэ залуу хүүхдүүдийг бэлдэх, за тэгээд газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын бизнес эрхлэх нь надад үнэхээр сонирхолтой байдаг. Би бол хөдөлмөрлөж, зүтгэж хөлс хүчээ урсгаж байгаа ажлаасаа дандаа л эрч хүч, кайф авдаг хүн. Ажлаа барахгүй, амрах чөлөөгүй явах миний бараг жаргал юм даа.

-Тийм үү, ямар сайхан юм. “Олимп” сургуулиас Монголын ирээдүйн аваргууд төрнө, тив дэлхийд улс орныхоо нэр алдрыг цуурайтуулсан шилдэг тамирчид гарна гэж та ам бардам хэлдэг дээ?

-Сургуулийнхаа бааз суурь, тамирчдыг бэлдэх үйл явц, багш дасгалжуулагчдынхаа чанар чансааг харахаар өөрийн эрхгүй л тийм бодол төрдөг. Ер нь хүн чинь омголон бардам, өөртөө итгэлтэй байж амжилт гаргадаг биз дээ. Тийм болохоор миний бие шавь нартаа ихээхэн итгэл хүлээлгэж, тэд нар маань хэзээ нэг өдөр Монголынхоо нэрийг дэлхий даяар дуурсгана гэдэгт эргэлздэггүй. Улсын харцага Ө.Даваабаатар, аймгийн арслан Б.Батжаргал, аймгийн заан Б.Ганзориг, Л.Цээсүрэн нарын залуучууд үндэсний бөхөөр барилдахын зэрэгцээ чөлөөт, самбо, жүдогоор хичээллэж байна. Манай хүнд жингийн тамирчид. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч З.Чинбат бид хоёр бүх л аймаг, сум, дүүргээс бага насны хүүхдүүдийг шалгаруулж “Олимп” дэвжээнд бэлтгэл сургуулилт хийлгэж байгаа. Үндсэндээ 2016 оны олимпод оролцох тамирчдаа одооноос бэлдэж байна шүү дээ. Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаанд түшиглэсэн, сайн дасгалжуулагчдын бэлтгэл сургуулилтын хүчинд ирээдүйн сайн тамирчид төрөх байх аа.

-Тантай шинэ оны өмнөхөн уулзаж байна. Улиран одох гэж буй хоёр мянга арван нэгэн он олон түүхт ой давхацсан сайхан жил байлаа. Таны хувьд амжилт бүтээл хэр арвин байв даа?

-Ардын хувьсгалын наян жилийн түүхт ойгоор миний бие арав давж түрүүлж байсан. Энэ онд ерэн жилийн ой тохиосон. 1024 бөхийн барилдаанд манай С.Мөнхбат түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртлээ. С.Мөнхбат бол “Шонхор” сургуулийн төгсөгч. Үндсэндээ манай төгсөгч гэсэн үг. “Шонхор”, “Олимп” хэмээх хоёр сургууль нэгдсэнийг хүмүүс мэдэж байгаа байх. Тэгэхээр нэг сургуулийн хоёр бөх ная, ерэн жилийн түүхт ойнуудад манлайлсан байгаа юм. Энэ бол багшийн маань буян. Х.Баянмөнх багшийн гараас олон шилдэг тамирчид, алдар суутай бөхчүүд төрсний хоёр нь С.Мөнхбат аварга бид хоёр л доо. Үүнийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. 2011 онд манай сургуулийн тамирчид улс эх орондоо болсон, мөн олон улсын чанартай тэмцээнүүдэд багагүй амжилт үзүүллээ. Зарим нэг нь Ази тивийн аварга болсон гээд гаргасан амжилтаасаа дурдвал олон бий.

-Өнгөрсөн хавар байна уу даа, Сүхбат аваргын ингэ ихэрлэж гэнэ ээ гээд л баахан шуугисан. Тэр тухай асуумаар санагдлаа. Танай мал хуй Булган аймгийн урд талын сумдаар нутагладаг дуулдсан?

-Таван хошуу малыг тэгш сайхан өсгөхсөн гэж өөрийнхөө хэмжээнд л зүтгэж байна. Ер нь мал аж ахуй, газар тариалан монголчуудын эрт дээр үеэс л хийж ирсэн, цаашдаа ч хийсээр явах ажил гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Яалт ч үгүй хамгийн чухал салбаруудын нэг. Өнөөдөр бид уул уурхайн тухай л яриад байгаа. Мэдээж уул уурхайгаа ярьж, түүнийгээ түшиглэж улс орон хөгжилгүй яахав. Гэхдээ уул уурхай бол шавхагддаг зүйл. Харин мал сүрэг минь жилийн жилд өсч үржинэ. Манайхан дэлэнт мал дээшээ гэж ярьдаг. Газар тариалан ч ялгаагүй арвижаад бид бүхэнд үр өгөөжөө өгөөд л байна. Мал сүрэг маань Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Дашинчилэн гэх гурван сумын заагт нутаглаж байна. Ус ундтай, өвс ургамал сайтай сайхан нутаг. Бэлчээрийн даац сайтай нутгаа төр засаг тусгай бодлого явуулж отрын бүс нутаг гэх нэрээр малчдадаа тэгш сайхан хуваарилж байна. Мал хуй тогтоход бэрх гантай, зудтай нутагт малчдыг гүрийтэл нь суулгахгүй байгаа нь зөв зүйтэй юм аа.

-Мал сүргийн талаар тийм байдаг байж. Таныг чинь Монголын ТОП-100 залуугийн нэгээр тодрохыг хараад “Сүхбат аварга улс төрд орж байна даа” гэж олон хүн хардаж байгаа. Шуудхан асуухад, та улс төрд орох уу. Сонгуульд нэр дэвших үү?

-Манай бөхчүүдээс улс төрд хүч үзэж байгаа эрхмүүд олон байна ш дээ. Х.Баттулга ах нэг томоохон яам толгойлоод ажиллаж байна. За Б.Бат-Эрдэнэ аварга байна. Д.Кёкүшюүзан Батбаяр найз минь байна. Тэд бол арай өөр одонд төрсөн гэдэг шиг улс төр хийгээд явах чадвар чадалтай, зангарагтай, авьяастай хүмүүс. Миний хувьд бол өөр. Ухаандаа би Баттулга ах шиг байж чадахгүй л байхгүй юу. Тийм болохоор улс төрөөр оролдоод яахав. Хувийн ажлаа амжуулаад, түмэн олныхоо хүндэтгэлийг хүлээгээд, итгэлийг нь даагаад явж байвал болох нь тэр дээ.

-Б.Гантогтох гарьд бол улс төрийн зам мөрийг сонгоод байгаа. Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшинэ гэсэн таамаг хүмүүст байгаа. Тэр нь ч үнэн болов уу. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Б.Гантогтох  сонгуульд өрсөлдөх эсэх нь тухайн хүний өөрийнх нь л эрх шүү дээ. Хүний өмнөөс би юугаа хэлэх билээ. Увс аймагт манай хүний нэр хүнд их өндөр байгаа юм билээ. Сонгуульд өрсөлдвөл мэдээж би дэмжинэ. Сонгуулийнх нь кампанит ажилд чин үнэнч сэтгэлээр зүтгэнэ дээ.

-Маргааш буюу 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын зуун жилийн ой болно. Уг ойг тохиолдуулан бөхийн барилдаанд амжилт гаргасан хүчтэнүүдэд цол чимэг өгөх тухай ч төр засгийн хүрээнд яриад авсан. Түүнд та ямар санаа бодолтой байсан бол?

-Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойг хувьдаа маш хүндэтгэлтэй хүлээн авч байгаа. 1911 оны Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг ярихгүй, өндөр хэмжээнд авч үзэхгүйгээр хорин нэгэн оны хувьсгалыг авч үзэх боломжгүй шүү дээ. Тийм болохоор тусгаар тогтнолын  эл өдрийг монголчууд гүн хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байх учиртай. Бүх нийтээрээ амардаг ч юм уу, ямар ч гэсэн ёс төртэй тэмдэглэх хэрэгтэй юм аа. Үндэсний бөхөө барилдуулж цэнгэх нь зөв. Цол олгох тухай ярьсан ярианы цаана улс төр яваад байна уу даа гэж би харсан. Хэн нэгэн улстөрч бөхөд цол олгоно, олгохгүй гэж ярих нь утгагүй.

-Танаас хоёр жилийн өмнө ярилцаж байхад үндэсний бөхийн ирээдүйн аваргын тухай хөндөгдөж байлаа. “Ирээдүйн аваргыг би мэдэж байна. Гэхдээ одоо зарламааргүй байна. Ер нь зарлаад байдаг ч юм биш. Тухайн бөхдөө сэтгэлзүйн хувьд маш хүнд тусдаг” гэж та хэлж байсан. Гэтэл С.Мөнхбат гэсэн хүн гарч ирээд аварга болчихлоо. Олон түмэн Ч.Санжаадамбыг дараагийн аварга, ер нь хэдэн жилдээ ноёрхох болов уу гэх итгэл хүлээлгээд байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-С.Мөнхбат аварга надтай бэлтгэл сургуулилт хамт базааж байгаа. Түүний хувьд өнөө жилийн наадамд түрүүлснээрээ бусдаасаа тасарсан гэж хэлж болно. Өнөөдөр Г.Өсөхбаяр аварга барилдахгүй л бол С.Мөнхбат аварга зүүний магнайд гарах болж байна. Эрэмбээрээ хамгийн түрүүнд ам авна. Энэ бол маш том давуу тал. Дээр нь аварга цолтой бөхийн сэтгэлзүй гэж нэг юм байна. Бүгдийг ялж дийлнэ гэсэн бодол нь өөртөө итгэлтэй зоримог барилдахад нь нөлөөлдөг. Гэхдээ залуу аваргад дутагдал их бий.

-Тухайлбал…?

-Мэхний маш олон хувилбарыг сурах ёстой. Мань хүн мэх муутай байна. Би бол хүнд ойлгогдохгүй байхыг хичээж барилддаг байсан. Барилдаан маань хэн хүнд ойлгогдоод ирэх л юм бол биш болно шүү дээ. Бусдад унах магадлал өндөр болоод ирэх юм. Тиймээс С.Мөнхбат аваргад хүнд ойлгогдохгүй олон мэх сурах ёстойг захиж байгаа. Шавь нартаа ч би хэлдэг, бөх гэдэг чинь мэх гэсэн үг шүү дээ гэж. Байлдагчдын зэвсэг буу, сэлэм байдаг бол бөхчүүдийн зэвсэг мэх юм. Мэхний олон хувилбарыг сурмаг эзэмшиж байж монгол үндэсний бөхийг урлагийн хэмжээнд аваачна, үзэгч олныг ч баясгана. Монгол бөхөд ирлэсэн тонгорог шиг хэдэн залуучууд байна. Тэдний нэг Санжаадамба л даа. Даваабаатар ч ялгаагүй. Бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байгаа. Залуучуудын тухай одоо юу хэлэх вэ дээ. Нэг үе зургаан залуу заан гэж яригдаж байсан даа. Түүн шиг бөхийн нэг үе гараад ирлээ, шуугиулж л байна ш дээ. Хэнийг нь хэн гэхэв. Монгол бөхийн ирээдүй, залгамж халаа мундаг байна л гэж хэлье.

-Танаас бас нэг зүйлийг асуулгүй орхиж болохгүй нь. Сүүлийн үед тантай холбоотой мэдээлэл гарах болсон. Та бол ямар ч үед олны анхааралд байдаг хүн л дээ. Ямар мэдээлэл гараад байгааг өөрөө гадарлаж л байгаа байх. “Аваргын залуу эхнэр амаржиж гэнэ. Даян аваргад дахиад үрийн зулай   үнэрлүүлсэн байна” гээд л цуурч байгаа. Энэ үнэн үү. Олон нийт ихэд сонирхож байгаа учир асууж байгаа юм шүү?

-Гал тогоогоо бусдад дэлгээд байхыг хэн хүсэх билээ. Тийм болохоор таны энэ асуултад тийм ийм гэж хариулмааргүй байна. Нэг зүйлийг хэлэхэд, би чинь олон сайхан үртэй болж үр хүүхдүүдээрээ бахархан, аз жаргалтай амьдарна л гэж бусдын адил боддог шүү дээ.

Н.ГАНТУЛГА

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 28, 2011 12:35:21 pm )

    shn yriltslaga bn.

  • Anonymous (December 28, 2011 1:32:26 pm )

    saihan yriltslaga bna, avargadaa amjilt husey.

  • Anonymous (December 28, 2011 4:02:55 pm )

    TIIM BNA

  • Anonymous (December 29, 2011 2:10:34 am )

    taalagdlaa iluu iluu amjilt husie avargaa

antalya rent a car